
-“Хувь заяаны хүлээс” уянгын драмын жүжгээс нь хоёулаа яриагаа эхэлье. Өмнө нь орон нутгийн үзэгчдэд хүргэж байсан шүү дээ. Одоо харин хотдоо тоглох гэж байгаа юм байна?
-Тийм ээ. Анх нөхөр бид хоёр “Хувь заяаны хүлээс” жүжгийг 2019 онд тоглож байлаа. Тус жүжгийг бид Оросын нэрт жүжгийн зохиолч Валентин Красногоровын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, О.Итгэлийнхээ найруулснаар үзэгчдэд хүргэж байгаа. Анх Солонгос Улсад хоёр хүний жүжгийн фестивалд энэ бүтээлээрээ амжилттай оролцож, “Special performance” шагнал хүртснээр гараа маань эхэлсэн. Дараа жил нь энэхүү жүжгээрээ мөн “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн. Ингэж явсаар “Хөх дөл” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн зарим сумдын үзэгчдэд хүргэсэн. Харин одоо л хайрын баярыг тохиолдуулаад хотынхоо үзэгчдэд хүргэх гэж байна. Хүмүүс биднийг гэр бүлийн уран бүтээлчид гэдгээр сайн мэддэг. Сүүлийн үед бүр “Хөдөөний хоёр” гэж яриад байгаа. Гэтэл бид чинь мэргэжлийн сургуулийг нь төгсөөд, УДЭТ-д ажиллаж байгаад, “Хөх дөл” төслийн хүрээнд хөдөө явсан улс шүү дээ.
Бидний бүтээсэн “Хувь заяаны хүлээс” жүжгийг үзээд уран бүтээлчийнх нь зүгээс харах болов уу гэж бодож байна. Тэр дундаа өмнө тоглосон дүрүүдээс огт өөр Аагий, Номууныг энэ жүжгийн дүрүүдээр харна гэдэгт итгэлтэй байна. Энэ жүжиг маань өөрөө хайрын тухай өгүүлнэ. Хайр бол хүнээс олон төрлийн өнгө шаарддаг, өнгө болгон энэ жүжгэнд гарч байгаа. Магадгүй та өөрөө ирж үзвэл “Өдөр тутамдаа нээрээ л ингэдэг дээ” гэж бодох зүйл хүртэл гарах байх.

-“Хувь заяаны хүлээс” гэдэг нэрийг та анх сонсоод юу гэж бодогдсон бэ. Яагаад ер нь энэ жүжгийг тавихаар шийдсэн бэ?
-“Хувь заяаны хүлээс” гэхээр шууд л гүн гүнзгий утга илэрхийлэгдэж байгаа биз. Энэ үгийн олон талаас нь харж болно. Хувь заяагаараа холбогдоод хүлэгдэх юм уу аль эсвэл салах гээд байгаа хүмүүс холбогдох гэдэг ч юм уу. Миний хувьд хүн болгонд хувь заяа гэж байдаг, хүн тэрхүү хувь заяатайгаа хэзээ ч учирч болно гэж боддог. Тэр тусмаа зөв хүнтэйгээ учирсан үедээ илүүтэй хүлэгддэг болов уу.
-Хайрыг та хувьдаа юу гэж боддог вэ?
-Хайр гэдэг бол манай нөхрийн хэлдгээр “Заяаныхаа хүнтэй учирвал амьдралынхаа 80 хувийг хийсэнтэй тэнцдэг” гэдэг шиг зүйл байх аа. Амьдралд ханьтай байна гэдэг амьдралын бүх зүйл байгаад байна шүү дээ. Мэдээж аав, ээж чухал ч гэсэн хүн өсөж өндийгөөд, гэр бүл зохиож, үргэлжлээд амьдрахад хань ижил хамгаас чухал учраас хувь тавилан, хувь заяагаар хүмүүс нэгнээ олдог байх.

-Таны дүрийн онцлог юу вэ?
-“Хувь заяаны хүлээс” жүжигт миний бүтээж буй дүр нийгмийн нэгэн төлөөлөл болсон эмэгтэй. Миний харж байгаагаар эмэгтэйчүүд их хүчирхэг болсон. Гэхдээ эмэгтэй хүнд эрэгтэй хүний орон зай үргэлж дутагдаж, үгүйлэгдэж байдаг. Эхнэрээ бурхан байлгах уу, чөтгөр байлгах уу гэдгийг нөхөр шийддэг гэдэг шиг эр хүний яаж хандах хандлагаас эмэгтэй хүн ямар байдлаар оршин байх нь тодорхойлогддог юм шиг санагддаг. Үүнийг миний дүрээс үзэгчид харах байх.
-Энэ дүр танд анх зохиолоо уншихад ямар мэдрэмж төрүүлж байсан бэ. Зохиол дээр бичигдсэн дүрийг уран бүтээлч хүн үзэгчдэд амилуулна гэдэг сонирхолтой бөгөөд их ур чадвар шаарддаг шүү дээ. Энэ ч утгаар та дүрдээ хэрхэн ажилласан бэ?
-Анх зохиолоо уншаад, дүрээ өрөвдөхийн зэрэгцээ “Эмэгтэй хүн гэгч өөрөөсөө илүү хайртай хүнээ бодож, хайрлаж, түүний төлөө бүхнээ зориулдаг ямар мундаг хүмүүс юм бэ” гэж бодож байлаа. Нэг ёсондоо асар сэтгэлзүйн тэнхээтэй байдаг юм байна даа гэж.
-Жүжгийн бэлтгэлийн үеэр танд хамгийн мартагддаггүй мөч юу вэ?
-Бэлтгэл болгон жүжигчин хүний хувьд чухал байдаг. Бэлдэх тусмаа дүрээ илүү сайн ойлгож, дүрийнхээ хэлэх гэж буй санааг олж авдаг. Одоо шинэчилсэн тавилт учраас нэмэлтээр бүжгийн хөдөлгөөн орж ирж байгаа. Хөдөлгөөнтэйгээр дүрээ гаргана гэдэг сонирхолтойгоос гадна амаргүй.
-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр байдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Ер нь жүжигчин хүн үргэлж л шинийг эрэлхийлж, өөрийгөө дахиад нэг өөр өнцгөөс сорихыг боддог. Эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл Жульетта байдаг. Тэр ч утгаар бид мөрөөдлийнхөө дүр болох Жульеттад тоглосондоо баярлаж явдаг. Монгол хүн болсныхоо хувьд цаашдаа монгол хатны дүрд тогловол ямар байх бол оо гэсэн бодол байдаг. Нөгөө талаас эсрэг дүрд тогловол сонирхолтой байх. Хүмүүс ихэвчлэн намайг зөөлөн, эерэг дүрээр хардаг. Тийм болохоор эсрэг талаас нь харвал өөрийгөө өөр өнцгөөр илэрхийлэх болов уу.
.jpg)
-Та хоёрын хийж хэрэгжүүлсэн, хүмүүст үлгэр дуурайлалтай том нэг ажил бол “Хөх дөл” төсөл нь байсан. Үзсэн үзэгчид ч их сэтгэл дүүрэн байна лээ?
-Энэ төслийг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Хөдөө амьдраад нэг жил таван сар болсон. Монголын үндэсний олон нийтийн телевизийн гурван сувгаар, UBS, “Өлзий” телевизээр үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэсэн. “Хөх дөл” төслийн хүрээнд “Мөнхөө” баримтат киногоо хийсэн. Энэхүү кино Солонгос Улсад анх нээлтээ хийгээд, Монголдоо “Хөх дөл” төслийнхөө нээлтийн үеэр үзэгчдэд хүргэсэн. Энэ бүтээлээрээ бид хүмүүсийг монгол өв соёлоо дээдлэх, суралцахад уриалахаас гадна үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж, эргүүлээд түгээн дэлгэрүүлэх нь чухал юм гэдгийг харуулахыг зорьсон. Үзсэн хүмүүс сэтгэл өндөр байхаас гадна “Амьдралд маш ойр байлаа, бага насаа саналаа, нээрээ л бидний үед үхэр тэргээр нүүдэг байсан шүү дээ, өвөө эмээтэйгээ ингэж явдаг байсан” гэх сэтгэгдэл их ирсэн. Гэхдээ нэг талаасаа төдийлөн олон хүнд хүрч чадаагүй болов уу гэж боддог юм. Олон хүн үзэх тусмаа л бидний хувьд баяртай байна шүү дээ. Өв соёл маань өдрөөс өдөрт бүдгэрч байгаа энэ цаг үед бидний хийсэн 20 ангит баримтат киноны үнэ цэн нь өдрөөс өдөрт өсөх байх гэж боддог.
-Монгол хүн байгальтайгаа салшгүй холбоотой гэдэг. Үүнийг танай гэр бүл илүүтэй мэдэрч, ойлгосон байх. Энэ ч үүднээс хүмүүст юуг хэлэх бол?
-Манайх гэр бүлээрээ Баянхонгор аймгийн сайн малчин н.Ганбаатар гэдэг айлыг түшиж очсон. Тэгээд л Ганбаатар ахыгаа нүүвэл нүүгээд л, малаа хэрхэн маллаж байна, бүх зүйлийг нь хараад дагаад л явж байсан. Жил таван сарын хугацаанд бүх зүйлийг сураад төгс болно гэж байдаггүй юм байна лээ, ерөнхийдөө зах зухаас нь мэдэрсэн. Хүүхдүүддээ ахуй соёлыг мэдрүүлсэн, оюун санааны дархлаа гэдэг зүйлийг багахан хэмжээнд хөрөнгө оруулсан гэж бодож байгаа.
-Бусад уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаж болох уу. Киноны саналууд ирж байгаа байх?
-Энэ жүжиг нь дахин тоглогдох уу. Дахиад өөр жүжиг тавихаар бодсон байгаа юу?
-Тоглогдоно гэж бодож байна. Гуравдугаар сард дахин тоглох санаатай байгаа.
- Жүжгийг нь үзэхээр ирж байгаа үзэгчдэдээ хандаж юу хэлэх вэ?
-Амьд мэдрэмж, хайр, догдлол, хүлээлтийг биеэрээ ирж мэдрээсэй гэж хүсэж байна. Бүх зүйл цахим болж, амьд харилцаа багассан энэ үед бидний хүргэх хайр, үнсэлт, сэтгэл догдлуулсан, инээлгэж, уйлуулж чадах аз жаргалтай тэр мөчүүдийг та бүхэнд мэдрүүлэхийг зорьсон. 16 наснаас дээш бүх хүнд тохиромжтой энэхүү жүжгийг та бүхэн ирж үзээрэй. Үнэхээр уйдах зав өгөхгүй шүү.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан М.Жаргалмаа
| ЖҮЖИГЧИН Г.НОМУУН: Хайр хүнээс олон төрлийн өнгө шаарддаг |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |