Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлч, намбалаг, дөлгөөн ээжийн дүрээр нь бидний илүүтэй сайн мэдэх жүжигчин Б.Түвшинжаргалтай ярилцлаа. Тэрбээр тун саяхан нээлтээ хийсэн, “Аранжин" пикчерсийн бүтээл болох “Задлаагүй захиа” кинонд мөн л сэтгэлд дотно нэгэн сайхан ээжийн дүрийг бүтээсэн юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Аав, үрийн хайрыг харуулсан “Задлаагүй захиа” кинонд та эгэл жирийн монгол ээжийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд ойр байлаа. Танд ч мөн санал хүлээн аван, ажиллахад сайхан дүр байсан болов уу?
-Тийм ээ. “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” уран сайхны кино маань нээлтээ хийж үзэгч олон түмний сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл болсонд маш их баярлаж, баг хамт олон, залуучуудаараа бахархаж сууна. Анх Б.Батдэлгэр найруулагчаас Сандагийн эхнэрт тоглох саналыг сонсоод, жүжигчин хүний хувьд баяртайгаар хүлээн авч, чадварлаг хамт олон, ахмад уран бүтээлч нартайгаа хамтран бас нэгэн сайхан ээжийн дүр дээр ажиллалаа. Киногоо үзээд, сэтгэл дүүрэн сайхан байна.
-Хэдийгээр та энэ киног бүтээлцсэн уран бүтээлчдийн нэг ч гэсэн үзэгчийн хувьд киноныхоо тухай юуг хэлэх бол. Уран бүтээлч бүр оролцсон бүтээл бүрээсээ нэгийг ухаарч, суралцаж байдаг байх?
-Үнэхээр сайхан сэтгэл хөдөлгөсөн, аавыг минь санагдуулж, бэтгэрсэн сэтгэлийг минь онгойлгож уудалсан бүтээл болсон. Дүрийн сонголтуудаа их сайхан хийсэн гэж хардаг. Түүнээс гадна найруулагчийн жүжигчидтэйгээ ажиллаж буй ажиллагаа, зураглаачийн жүжигчдийнхээ тоглолтыг тодотгон харуулж байгаа агшин, ерөнхий зураачийн тухайн үеийн ахуйг зурагласан байдал, жижиг хэрэглэл гээд бүх юм жин тан, жүжигчдийн ажиллах нөхцөлийг их сайн бүрдүүлж өгч байгааг хараад бахархаж байлаа. Үнэхээр дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг гэгчээр гар нийлж ажиллаад сурчихсан кино багийн хамт олон сайхан байсан.
-Энэ бүтээл тэр чигтээ хүлээлтээр дүүрэн байсан. Хувьдаа та энэ үгийг юу гэж тайлж, ойлгож, тунгаадаг бол?
-Хүлээлт бүхэн өөр өөрийн гэсэн агуулгатай, мөн өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Эх орон, газар шорооныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өгсөн мянга мянган хүү, тэднийг хүлээсэн ар гэр, амраг хань бий. Энэ ч үүднээс Гэндэн гуайн хүлээлт хүүгээ санасан эцгийн сэтгэл, хүү минь ирнэ гэсэн юутай ч зүйрлэмгүй үнэ цэнтэй хүлээлт байлаа.
-Магадгүй Гавьяат жүжигчин С.Балданпүрэв гуай та хоёрын дүрийн хамгийн хүнд хэсэг нь хүүг нь амь эрсэдсэн тухай аавд нь дуулгах байсан байх. Гэсэн ч зүрхэлдэггүй шүү дээ. Тэр үеийн зураг авалтын мэдрэмж танд илүүтэй тод үлдсэн болов уу?
-
Олон жил хаяа хаяагаа бараадан үлдсэн Гэндэн гуай манай хоёрын хувьд их том уй гашуу тохиолдсон. Хэдий Гэндэнгийн хүү боловч төрсөн юм шиг өсгөлцсөн хүүгээ алдахад бид ч мөн өөрийн хүүгээ алдсан мэт сэтгэл зүрх шаналсан. Тийм ч болохоор энэ хүнд мэдээг хүүгээ хүлээж суугаа Гэндэнд хэлэх нь үнэхээр амаргүй байсан. Хэлэх нь битгий гэл бүр нүүрийг нь харахад ч хэцүү байсан. Тиймээс л хэлж чадаагүй. Энэ найруулагчийн маань их зөв шийдэл байсан гэж боддог. С.Балданпүрэв ах маань өндөр настай уран бүтээлч боловч их туршлага, ур чадвараараа надад нөмөр түшиг болсноор энэ хүнд хэсгийг бид давж гарч чадсан.

-Нэгэнтээ тантай аавын тухай сайхан бүтээлээс яриагаа эхэлснийх аав, ээжийнх нь тухай мөн асуумаар санагдаж байна. Та аав, ээжийнхээ тухай бидэнд яриа дэлгээч. Таныг урлагийн хүн болоход тэдний тань нөлөө тусгал бий байх?
-Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын айл. Миний аав Батсүх гэж сайхан хүн байлаа. “Ороо морины ганган толгойд уургынхаа хувийг алдаж үзээгүй” гэж “Миний аав адуучин” дууны үгэнд гардаг шиг их сайхан эрэмгий зоригтой адуучин байсан. Миний ээжийг Санжханд гэдэг. Төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, хүнд тусархуу сайхан монгол эмэгтэй байсан. Бага наснаасаа би хөдөө өсөж торнисон болохоор монгол ахуйтай кинонд юунд ч торохооргүй ажилладаг. Аав, ээжийнхээ ач буянаар үнээ, гүүх саах, мал аж ахуйтай бүх л ажилд дадсан болохоор надад их давуу тал болдог. Энэ ч утгаар “Задлаагүй захиа” киноны Сандагийн эхнэрийн дүр надад ажиллахад их ойрхон байсан. Аав, ээж маань хоёул их сайхан дуулдаг улс. Аав ялангуяа “Хүрэн толгойн сүүдэр”, “Нарийн сайхан хээр”, “Өвгөн шувуу” гээд уртын дууг их сайхан дуулна. Тийм л сайхан дуу хуураар цалгисан малчны гэрт төрж, өссөндөө баяр жаргал дүүрэн явдаг аа.
Мэргэжлийн тухайд багаасаа би жүжигчин болно гэж бодож байгаагүй л дээ. Аравдугаар анги төгссөн жилээ Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид элсэлт авах гээд багш нар ирчихсэн байна гэж сонсоод очсон юм. Тэгэхэд, “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу багш “Гарын таван хуруу” киноны Шагдарийн дүрийг бүтээсэн Л.Лхасүрэн багш хоёр ирчихсэн шалгалт авч байлаа. Тэгээд тухайн үед бүх л мэддэг, чаддаг зүйлээ үзүүлж, тэр агуу хүмүүсийн шалгалтад тэнцэж, урлаг хэмээх босго өндөртэй ертөнцөд анх хөл тавьж байлаа. Ингээд би сургуулиа авчихаад аав, ээждээ дуулгасан юм. Тэгсэн тэд маань гайхах, баярлах нь зэрэгцэн хүлээн авч байсан нь одоо ч тодхон санагддаг. Тэгж л би муу аав, ээжийгээ жаахан ч гэсэн баярлуулсан болов уу гэж боддог юм.
Би Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид 1987 онд элсэж ороод, 1989 онд Соёлын дээд сургууль гэж байгуулагдаад, 1991 онд төгссөн юм. Тэр цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл театрын урлагийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр 35 жил зүтгэж явна даа, эгч нь.
-Одоо өөрөө та бас хүүхдүүдээрээ бахархаж, баярлаж суудаг байх. Амьдрал ингээд л үргэлжлээд байдаг шүү дээ?
-
Тэгэлгүй яах вэ. Би гэдэг хүн тэгээд л сургуулиа төгсөөд, Эрдэнэт хотыг зорьсон юм. Эрдэнэтэд анх ах, дүү хамаатан садан, таньдаг хүн нэг ч байхгүй, чемодантайгаа л бууж байлаа. Шуудхан л театр дээрээ очсон. Тэгээд энэ л сайхан хотод хань ижилтэйгээ учирч, хоёр сайхан охинтой болоод, өдий олон жил сайхан амьдарцгааж байна. Том охин минь нягтлан бодогч мэргэжилтэй, одоо аудит хийдэг. Бага нь харин компьютер, график, дизайн мэргэжлээр суралцаж төгсөөд ажиллаж байгаа. Их өргөн мэдлэгтэй, сайхан охидтой, хүндээ би. Амьдралын утга учир болсон үр хүүхэд минь аз жаргалтай, сайн сайхан, элэг бүтэн явж байвал амьдрал үргэлж сайхнаараа шүү дээ.
-Энэ хэсэгт харин таны бусад уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж болох уу. Эрдэнэтийн Хүүхэд, залуучуудын театр энэ жил ямар ямар уран бүтээлийн төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Манай Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театр хүүхэд, залуус, үзэгч түмнийхээ нас насны онцлогт тааруулж, олон төрөл жанраар уран бүтээлээ туурвиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. Бага насныханд зориулсан хүүхдийн концерт, хүүхэлдэйн драмын жүжиг, дунд ангийнханд зориулсан драмын жүжиг, багт драмын жүжиг, уянгын болон сонгодог жүжиг гэхчлэн бүх л төрөл жанраар бүтээлээ туурвиж байна. Гол нь манай театрын уран бүтээлчид цөм мэргэжлийн байдаг учир ямар ч уран бүтээл хийхэд бэлэн байдаг. Яг одоо бол бага насныханд зориулсан “Хөгжилтэй аялал” хүүхдийн концерт тоглож байна. Миний тухайд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор Соёлын яамнаас зарласан төслийн уралдаанд ороод “Үлгэрийн цаг” явуулын гэр театр гэж байгуулаад, цэцэрлэгүүдээр үйл ажиллагаагаа өрнүүлээд, үлгэрийн баатруудтайгаа хамт үлгэр уншиж өгөөд явж байна. Үлгэрээр хүмүүжих, үлгэрээр зөв монгол хүүхэд болж төлөвшихөд маш ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил шүү. Мөн манай Эрдэнэт хотын 50 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн баярыг тохиолдуулан Эрдэнэтийн хүүхэд, багачууддаа зориулан бид “Эрдэнэсийн эрэлд” драмын жүжиг тоглоно. Дэлгэцийн уран бүтээлийн төлөвлөгөө ч бий.
-Уран бүтээлч хүний цаг хугацаа, амьдрал ахуй арай өөр өрнөдөг шүү дээ. Энэ тухайд та өөрийн жишээн дээр тодотгон ярьж өгч болох уу?
-Уран бүтээлч бидний хувьд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад уран бүтээлийн сургуулилалт, тоглолтоос гадна хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх, киноны зураг авалттай явдаг учир гэртээ байхгүй үе их гарна. Энэ бүх хугацаанд гэр бүлийн маань ноён нуруу болсон сайхан хань минь ард талаа бүрэн дааж, өөрийн ажлын хажуугаар үр хүүхдээ өсгөх зэрэг амьдралын олон ачааг нуруундаа үүрч, их дэм болдог. Миний ханийг Ц.Ганхуяг гэдэг. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат хүн л дээ. Энэ ташрамд ханьдаа их баярлаж явдгаа хэлмээр байна.
-Ихэнхдээ та сайхан, зөөлөн эхнэр, ээжийн дүрээр үзэгчидтэйгээ уулздаг. Энэ магад найруулагчийн сонголт байх. Нөгөө талаар танд эсрэг дүр ч юм уу ер дүрүүдээсээ өөр дүр бүтээх хүсэл байдаг уу. Уран бүтээлчийн дотор дүрийн мөрөөдөл ямагт л явдаг байх гэж бодож байна?
-Тийм ээ. Найруулагчид намайг сайхан монгол ээжийн дүрд сонгон авдаг. Үүндээ ч би их дуртай. Гэхдээ би анх удаагаа нэг эсрэг дүрд тоглосон минь их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгээс сэдэвлэсэн “Аавын хөөрөг” кино контентын Дагдангийн эхнэр Долгорын дүр. Энэ их ур чадвар шаардсан, сонирхолтой ажил байсан. Хүмүүс үзээд, “Чамд эсрэг дүр илүү зохидог юм байна шүү” гэж хэлэх нь ч байсан. Би ч уран бүтээлчийн хувьд өөрийгөө сорьсон тийм дүрд ажиллах илүү дуртай.
Уран бүтээлч хүн ямар ч дүрд ажилласан найруулагч, баг хамт олон, үзэгч түмнийхээ урмыг хугалахгүй, итгэлийг нь алдахгүйгээр мэргэжлийнхээ ур чадварыг гаргаж, мэргэжлийн хэмжээнд л ажиллаж байх ёстой.
-Танд дүр бүтээх хувь уран бүтээлчийн арга гэж бий юү. Магадгүй багш нарынх нь хэлж захисан, сургасан тийм зүйл байдаг байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж яваа минь ачит багш нарын минь ач шүү дээ. Г.Доржсамбуу багш, С.Сугар багш хоёр, хоёрдугаар курсээс дөрөвдүгээр курс төгсөх хүртэл их нөмөр нөөлөг болж, олон зүйл зааж, сургасан. Хүн урлагт байгаа өөрийгөө бус өөрт байгаа урлагийг хөгжүүл, дүр чамайг голно уу гэхээс чи дүрийг голох ёсгүй гэж сургадаг байсан. Энэ бүгдийг уран бүтээл дээрээ хэрэгжүүлж, зарчим болгож өнөөдрийг хүртэл ажиллаж явна. Дүр дээр ажиллахын тухайд харин дүрийнхээ мөн чанар, амьдралыг судалж, “Хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах вэ” гэх асуултыг өөртөө тавьж ажилладаг. Үүнийг багш нар маань ч заадаг байлаа. Мөн тухайн өгөгдсөн нөхцөлдөө амьдарч, дайчлагдсан, анхааралтай байж л ажилладаг даа.
-Одоо залуу үетэйгээ гар нийлэн ажиллаж байна. Тэднээс суралцахаас мөн мэддэг, чаддаг зүйлээ ч хуваалцаж байгаа байх. Залуу уран бүтээлчдийн онцлог их бий байх?
-Хүн амьдралдаа дандаа суралцаж байдаг гэдэг үнэн. Хөгшин, залуу гэлтгүй нэг нэгнээсээ байнга суралцаж байх ёстой. Тэр ч утгаараа би чадахгүй байгаа нэгэнд нь тусалж, чадаж байгаа нэгэнд нь урам хайрлаж, сайхан үгээр мялаахыг хүсдэг. Өглөө бүр театрынхаа залуустай хамт хоолойны дасгал хийж байна. Залуусаас эрч хүч, энерги авч, тэдэнтэйгээ инээлдэн баярлаж, жаргал зовлонгоо ч хуваалцана. Манай залуус ах захаа хүндэлж, биесдээ ч эв найртай сайхан байдаг. Тийм ч болохоор театрын маань уран бүтээл, ажил амжилттай, сайн яваа гэж боддог шүү. Эрдэнэтийн Хүүхэд, залуучуудын театрын даргаар Х.Хишигбаатар маань ажилладаг. Удирдлагын хувьд уран бүтээлчдийнхээ юу хийх хүсэлтэйг, ямар уран бүтээл хийх сонирхолтой байгааг сонсдог учир манай уран бүтээлчид их ур чадвар өндөр, бүгдэд өөрсдийгөө дайчлан ажиллах урам зоригтой байдаг.
-Яг одоо ажиллаж буй, удахгүй үзэгчдэд хүрэх уран бүтээл байгаа юу. Тэр дүрийнх нь тухай яриад хоёул яриагаа өндөрлөе.
-Манай театрын жүжигчин, СТА Эрдэнэхүү Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолоос сэдэвлээд “Аавын хөөрөг” кино контент хийж, үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл уран бүтээлч маань дахиад С.Пүрэвсүрэнгийн “Өвлийн шөнө” зохиолоос сэдэвлээд, “Ах” нэртэй кино хийж байгаа. Энэ бүтээлдээ мөн намайг урьсан. Тэгэхээр тун удахгүй Хажид гэж сайхан эгчийн тухай дүрээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та нартаа мөн амжилт хүсье. Тэгээд эцэг, хүүгийн агуу хайрын тухай өргөн агуулгатай “Задлаагүй захиа” киног хүн бүр үзээсэй гэж хүсэж байна.
| НАМБАЛАГ ДӨЛГӨӨН ЭЭЖИЙН ДҮРТЭЙ ЖҮЖИГЧИН Б.ТҮВШИНЖАРГАЛ |
|