• Өнөөдөр 2025-12-11

МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна

  Улсын филирмонийн Морин хуур, найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Н.Ашидтай ярилцлаа. Тэрбээр энэ жилийн улс тунхагласны баяраар МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Баяр, жаргалтай өдрүүд өнгөрч байгаа болов уу?
 
      -Баярлалаа. Их баяртай байна. 1998 оноос Улсын филирмонидоо морин хуурч, хөөмийч мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн 50 гаруй орны хамгийн нэр хүндтэй тайзны ихэнхэд нь гоцлон өнгөлж морин хуураа тоглосон. Саяхан гэхэд манайх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Италийн Ром хотод тоглоод ирсэн байгаа. Өнгөрсөн онд гэхэд их олон орноор тоглолоо. Ер нь дэлхийн хамгийн том тайзыг тодотгоод хэлэх юм бол АНУ, НҮБ-ын танхим, ОХУ-ын Большой театр, Кремлийн ордон, Санктпетербург хотын Марийнский театр, Капелла театр,  Берлиний филирмоний танхим, Австрийн Вен хотын алтан танхим, Японы эзэн хааны ордон, Токио хотын танхим, Хятадын Сувдан театр, Австралийн Седней театрын Седней опра хаус, Парис хотын Юнескогийн танхим, Парис хотын хааны ордны дуурийн театр гэх мэт дэлхийн томоохон тайзнуудад тоглосноороо онцлогтой.
-Гавьяат авах болсон мэдээг та хэзээ мэдсэн?
 
       -Би давхар мөн багшаар ажилладаг. Олон улсын оюутнуудад Монголын өв соёлын тухай хичээл ордог. Ингээд оюутнууддаа хичээл орох гээд явж байхад дөрөв, тав хоногийн өмнө надад хэлсэн. Тэгээд санамсаргүй мөртлөө өөртөө мөн их бэлгэшээн хүлээн авсан сайхан үйл явдал болсон.
 
-Гэр бүлийнхэн нь илүүтэй баярласан байх?
 
     -Намайг анх урлагт оруулсан хүн бол манай эмээ Жаргал гэж дуурийн туслах найруулагч хийж байсан буурай байлаа. Эмээ маань намайг анх 1996 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангид оруулж, би хийл хөгжмөөр хичээллэж байгаад сүүлд морин хуураар хичээллэдэг болсон. Тэгэхээр энэ өндөр сайхан цолыг хүртэхийг эмээ маань харсан бол их баярлаж, бахдах байсан байх. Манай гэр бүлийн хүн урлагийн хүн биш ч урлагийн удамтай улс. Эхнэрийн маань аав Монгол Улсын Гавтяат багш Л.Галмандах. Мөн эхнэрийн дүү ОХУ-ын Буриадын Төрийн соёрхолт, ерөнхий удирдаач Г.Баттулга гэж хүн байдаг. Аавын маань бага дүү Морин хуурын чуулгад үлээвэр, лимбэ хөгжимчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан.
 
-Урлагийн олон төрөл дотроос яагаад морин хуур, хөөмийгөөр сонгож хичээллэсэн бэ?
 
       -Анх морин хуур заасан хүн бол Монголын алдарт морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Баатархүү багш маань. Тэгээд морин хуураар хичээллээд явж байхад МУГЖ, Монголын хөөмийний ноён оргилуудын нэг Д.Сундуй гэж хүнд шавь орж, давхар хөөмий суралцсан. Энэ сайхан багш нартаа шавь болж орсон минь гайхамшигтай хувь тохиол гэж талархаж явдаг. Сүүлд Морин хуур чуулгад ороод, Ардын жүжигчин Ц.Батчулуун багшаасаа мөн их зүйл сурсан. Дараа нь алдарт хөөмийч Т.Ганболд гэж алдартай хүнээр Монголын язгуур урлагийн эрдмийг заалгаж, тэр хязгааргүй далайн зах зухаас нь суралцан, мэдэж, түүнийгээ өөрийнхөө шавь нарт түгээн дэлгэрүүлэн сурталчилж, гадаадын олон тайзнаа монгол язгуур урлаг, түүгээр дамжуулан Монголынхоо өв соёл, эх орноо сурталчилж байгаадаа их баярлаж явдаг аа.
 
-Морин хуурч, хөөмийч гэхээр ардын урлагийн их чухал хүмүүс боловч бусад уран бүтээлчийг бодоход хүмүүст төдийлөн танил байх нь бага байдаг шиг санагддаг?
 
        -Харьцангуй хөгжимчин улс дуучдынхаа хойно, багаараа нийлж тоглолт үзүүлдэг улс. Оркестр, найрал хөгжим нийлж байж тэр сайхан ая, аялгууг хөгжмөөр цуурайтуулж эгшиглүүлдэг. Хөгжмөөр илэрхийлж болохгүй зүйл байхгүй. Хөгжим бол бүх зүйл илэрхийлж чадах хүнтөрөлхтний бүтээсэн гайхамшигтай өв соёл. Энэ ч утгаараа хөгжмийн соёлыг ойлгож, мэдэрч сонсох хүнээс их тэвчээр, хөгжмийн боловсрол шаарддаг. Энэ ч утгаараа хүний нүдэнд дуучид шиг хүрэх нь бага. 


-Энэ нэг талаараа хувь уран бүтээлчийн хувьд сул тал биш үү?
 
     -Мэдээж нэг сул тал мөн. Харьцангуй хөгжимчид өөрсдийгөө дөвийлгөх нь дургүй байдаг. Энэ хөгжимчин хүний хүмүүжилтэй их холбоотой. Их урлаг бол хүнийг их хүмүүжүүлдэг. Агуу том урлаг учир хэн ч оргилд нь хүрчихлээ гэж байдаггүй. Байнга суралцаж, хөгжиж байдаг. Шинэ үе гарч ирэхээр шинэ урсгал хөгжинө. Тэгэхээр энд бол би гэх утга байхгүй. Ц.Батчулуун багш маань бидэнд "Их хурдан мандсан юм нурах нь амархан" гэж хэлдэг байсан. Тэгээд биднийг ямар ч байсан ухарч болохгүй. Аливаа юм байнгын ухарч байх ёстой. Ингэж явсан зүйл нурна гэж байхгүй. Нэг ёсондоо суурь сайтай, олон мянган жилийн түүхтэй өв соёлоос үүсэлтэй урлаг. Цаашид ч олон мянган жил өвлөгдөөд явах учир учиргүй хөнгөн шингэн, зарим талаараа бусад урлагаас өөр.

МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188