• Өнөөдөр 2025-10-10

ПРОДЮСЕР, ДУУЧИН Л.ЭНХМАНДАХ: ДУУ ДОТООД ЕРТӨНЦИЙГ МИНЬ НЭЭЖ, ЕР БУСЫН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ

2025-10-09,   226

  “New star студи, хөгжмийн зохиолч, продюсер С.Гантөр, түүний гэргий продюсер, дуучин, дууны үг зохиогч Л.Энхмандах гэхээр Монголын рок поп урлагийнхан цөм андахгүй мэдэх билээ. Алдарт “Айзам-II” хамтлагаас анхны уран бүтээлээ эхэлж, өдгөө олон сайхан дуучдыг төрүүлсэн энэ уран бүтээлчдийн урлагт оруулсан хувь нэмэр хязгааргүй. Тэгвэл энэ сарын 18-нд “New star”-ийн продюсер, дуучин Л.Энхмандах “Намрын бороо” анхны бие даасан тоглолтоо  “Corporate convention centre”-ийн тайзнаа хийхээр товложээ. Бид түүнтэй тоглолт болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

  -Тоглолтоо хийх гэж байгаад нь баяр хүргэе. Анх энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

        -Баярлалаа. Миний хань, манай “New star” студийн хөгжмийн продюсер С.Гантөр энэ жил наадмын өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. Үүнд урлагийн хамт олон маань болон миний хувьд их баярласан. Тэгээд гэр бүлийнхээ хүнд, хамт олондоо баярласан сэтгэлээ илэрхийлж өөрийн дуулах дуртай дуунуудаараа тоглолт хийж, халуун дотно уур амьсгал бий болгож, бэлэг барья гэх үүднээс тоглолтоо хийхээр шийдвэрлэсэн.

-Мэдээж студийн хамт олон тань танд урам зориг өгсөн байх. Нөгөө талаар таныг дэмждэг үзэгч, сонсогчид ч хөглөсөн байх?

           -Тийм ээ. Миний дуулах эрмэлзлэл, хүслийг хөглөсөн өөр нэгэн газар бол манай “Жигүүр гранд групп”-ын дэргэдэх “Баатар ван” амралт, сувиллын газар. Тэгээд бүр “Баатар ван” амралт, сувиллын дуучин Л.Энхмандах гэдэг нэртэй болсон. Энэ газартаа би жилийн дөрвөн улиралд очдог. Очих болгондоо урын сангаа баяжуулж дуулахыг хичээдэг. Ингэж нэг нэгээр нь нэмсээр байгаад миний дууны урын сан 20 гаруй дуутай болчихсон явж байна. Харин өөрийн дууны хувьд Анх 2016 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бэхбат ах “Бороо” гэх сайхан дууг надад өгснөөр, дүрсжүүлэн дуулж байлаа.

 -Дуунаас та ямар мэдрэмж авдаг вэ?

-Дуу дотоод ертөнцийг минь нээж, ер бусын аз жаргалтай болгодог. Дуулах гээд тайзнаа гарахад сандардаг ч дуулж эхлэхэд бүх айдас, сандрал алга болж, тайван, өөрийнхөөрөө сайхан мэдрэмж авдаг. Тэгэхээр хүмүүс болж өгвөл дуулж л байх хэрэгтэй санагддаг. Монголчууд чинь их дуучин ард түмэн шүү дээ.

-Дуу таны нэг жигүүр, нөгөө жигүүр нь продюсер юм байна. Бусдын авьяас билгийг өрдөж, тодруулж гаргана гэдэг хүн бүрийн хийж чаддаг зүйл ч бас биш шүү дээ.

        -Миний хувьд Улс төрийн дээд сургууль төгссөн. Гэхдээ арван жилээсээ л дуулах дуртай, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Тэр ч утгаар урлагт дурласан. Нөгөө талаар нөхөр маань урлагийн хүн болохоор урлагийн менежер, продюсер болсон болов уу гэж боддог. Арван жилээсээ дуулж байгаа. Төгсөөд “Айзам” хамтлагт шалгуулж, дагалдан дуучнаар орсон. Дараа нь эстрадын дууны уралдаанд ороод, тусгай байр ч эзэлдэг юм байна. Мөн “Хөх тэнгэр” хамтлагт ч дагалдан дуучин байлаа. Тэгж явж байгаад надад тайзнаа дуулах жаахан хэцүү санагдсан. Тэр үед л “Айзам-II” хамтлагийн ахлагч С.Гантөртэйгээ танилцаж, гэр бүл болсноор миний урлагт эргэлт буцалтгүйгээр явах зам эхэлсэн. Тэгээд л бид  “Стар” студээ 2004 онд байгуулж, 2007 онд “Нью стар” гэх нэрээр шинэчилж, өргөжөөд өдгөө 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд 2006 онд авьяаслаг, чадварлаг, мэрийлттэй хүүхдийг дэмжиж, студийнхээ дэргэдэх дуучныг гаргахаар зорьж, сургалт явуулсан. Тэр сургалтаасаа бид Монголын анхны арамби дуучин BX-ийг олонд таниулсан. Мөн анх “G” энтертайментийн Д.Ганболд, Рок Р.Мөнхсайхан ах нараасаа зөвлөгөө авч," Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболд ахын тоглолтыг зохион байгуулж байлаа. Миний менежер, продюсерын замнал ингэж эхэлсэн.

-Тэгэхээр таныг уран бүтээлч болоход хамгийн их нөлөөлсөн хүн нь хань нь юм байна. Ямар зан чанартай хүн бэ?

    -Миний хань, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “New star” студийн хөгжмийн продюсер С.Гантөр маань яах аргагүй намайг урлагт хөтөлсөн. Анх “Айзам-II” хамтлагт очиж, дуулдаг байхдаа Төрөөтэй танилцсан. Тэгж нэг уулзахдаа танай “Хос Алтан зул” дууг хэн зохиосон юм” гээд асуутал, “Би зохиосон” гэдэг юм байна. Би ч дотроо  "Ийм гоё дуу зохиочихдог, ямар мундаг юм бэ” гэж бодож байлаа. Түүнээс хойш л авьяас билигтэй энэ сайхан хүнээр бахархаж, ханилсан даа. Хань минь их дуу цөөтэй, дотогшоогоо мөртлөө их авьяастай. Гэр бүлийн хүрээнд шийдвэр гаргах гээд асуухад, тэр дор нь хариулт өгөхгүй, гурван хоногийн дараа хариулах жишээтэй байдаг. Төрөөгийн зохиосон дуунуудаас жишээ дурдвал, BX-ийн “My love”, “Номин талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Буруу эргэлт” киноны дуу гэхчлэн олон гоё дуу бий.

-Таны тоглолтод оролцож байгаа уран бүтээлчид нь “New star” студийн уран бүтээлчид нь үү, эсвэл тоглолтдоо зочноор урьсан юм уу?

         -Миний тоглолтод зочноор оролцож байгаа уран бүтээлчид манай “New star” студээс уран бүтээл нь гарсан хамт олон. Тухайлбал, “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг ах маань оролцож байгаа. Миний хувьд хамтран дуулах хүсэл мөрөөдөлтэй байснаа энэ тоглолт дээрээ биелүүлэхийг зорьж байна. Мөн МУГЖ Ж.Алтанцэцэг маань ирж дуулна. Миний хувьд бас дууны шүлэг бичдэг, С.Гантөрийн ая, Л.Энхмандахын шүлэг гэсэн хэсэг уран бүтээл байгаа. Энэ ч утгаар тоглолтдоо дуулахаас гадна шүлгээр бүтсэн дуунуудыг минь дуулсан уран бүтээлчдээ урьсан. Алтайгийн маань “Чинийхээ хайранд жаргая”, “Хайр, хавар хоёр” гээд хоёр ч дууны үгийг би бичсэн. Мөн "Салхи" хамтлагийнхан маань миний шүлгээр бүтсэн "Би дурласан", "Хар нүдэн", "Хагацал хүсээгүй хайр", "Хайрын тухай ярьмааргүй байна" зэрэг дууг дуулж оролцоно. Цаашлаад дуучин Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, “Ice top” хамтлаг тэргүүтэй олон сайхан дуучид ирнэ.

-Дууны шүлэг хэзээнээс бичиж эхэлсэн бэ. Магадгүй хүмүүс шүлгийг нь хэн бичсэнийг төдийлөн анзаарахгүй мөртлөө дууг нь аль хэдийнэ сонссон байдаг шүү дээ?

     -Тэмдэглэлийн дэвтрүүдээ их хадгалдаг. Анх студи байгуулаад, хүмүүсийн өмнө юм ярих гэхээр нэг л болохгүй. Тэгээд л ярих текстээ редакторлаж, цээжлэх нь холгүй бэлдэж ярьдаг байлаа. Тэр үеэс аян дээр шүлэг бичвэл болох юм шиг санагдсан. Бичих хүсэл маань ааваас минь өвлөгдсөн болов уу гэж боддог. Аав минь миний нэрийг анх өгөхдөө дөрвөн мөртөөр шүлэглэж өгсөн гэдэг. Тэгээд л би хамгийн түрүүнд аав, ээжийнхээ тухай бичиж үзэж байсан. Хөгжим дуугарахад л үг орж ирдэг. Тэгээд л энэ ая иймэрхүү үгтэй байвал болох юм байна гэж боддог, хүн бич гээгүй байхад өөрийн эрхгүй биччихсэн байгаад байдаг байсан. Тэгээд миний шүлгээр бүтсэн “Зүрхний хэмнэл”, “Цасхан”, “Ганцхан чинийх”, “Үүрдийн хайр” гэхчлэн дуунууд бий. Мөн дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Аз жаргал” киноны дуу болох “Жаргалаа олсон” дуу байна.

-Таны тоглолтыг үзэхээр зорьж байгаа үзэгчиддээ та хандаж хэлэх зүйл бий байх?

      -Ингээд эрхэм та бүхнийг миний ертөнцөд саатахыг урьж байна. Халуун дулаан орчныг хамтдаа бүрдүүлж, хамтдаа нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, уярч, жаргаж өнгөрүүлцгээе.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


ПРОДЮСЕР, ДУУЧИН Л.ЭНХМАНДАХ: ДУУ ДОТООД ЕРТӨНЦИЙГ МИНЬ НЭЭЖ, ЕР БУСЫН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-10-10 04:28:42
    DR.UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188