• Өнөөдөр 2025-07-07

Ж.ЖАМЪЯНСҮРЭН: ДЭЛХИЙН КИНО УРЛАГИЙН ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ БАЙГАА ЭРХМҮҮДЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ, САНАА БОДЛОО СОЛИЛЦОХ БОЛОМЖИЙГ ОЛГОДГООРОО “КИНОНЫ НҮҮДЭЛ” ХӨТӨЛБӨР ТОМ ЦАР ХҮРЭЭТЭЙ

2025-07-07,   103

       Найруулагч Ж.Жамъянсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр энэ жил  "Киноны нүүдэл” олон улсын хөтөлбөрт "In the Beginning” богино хэмжээний кино болон зохиолч Д.Энхболдын зохиол "Шар хөвийн зэрэглээ" кино төслөөрөө оролцож шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан юм. 

    -Та “Кино нүүдэл” хөтөлбөрт анх удаагаа оролцож байна уу. Энэ төслийг хийх санаа анх хэрхэн төрсөн бэ?
 
      -Би хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа "Film nomad" олон улсын хөтөлбөрт энэ жил анх удаагаа оролцож байна.  Ингэхдээ "In the beginning” богино хэмжээний кино болон Д.Энхболдын зохиол "Шар хөвийн зэрэглээ" бүрэн хэмжээний киногоор оролцож, шилдэг 10 төслийн нэгээр шалгарлаа. Д.Энхболд бол Монголын утга зохиолд “Шар хөвийн зэрэглээ” богино өгүүллэгээрээ гарч ирж, том үзэгдэл болж байсан зохиолч. Уншигч бид "Паанан" зохиолоор нь илүүтэй мэдэх байх. Түүнийг зохиол, бүтээлээрээ ид гарч ирж байхад тухайн үеийн утга зохиолын мэргэжилтнүүд "Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой зохиолч. Тэр дундаа "Шар хөвийн зэрэглээ" бол утга зохиолын түүхэн дэх сод үзэгдэл" гэж үнэлж байсан байдаг. Үнэхээр ч энгийн мөртлөө уран яруу, торгон мэдрэмжтэй уран бүтээлч. "Шар хөвийн зэрэглээ" зохиолыг уншихад, өгүүллэгт гарч буй хүмүүсийн сэтгэл зүрх, хүний мөс чанарын үзэгдэл сэтгэл зүрхийг минь чангааж, төгсгөл хэсэгт өөрийн эрхгүй эхэр татаж уйлж байсан.  Тэгээд л энэ түүхээр кино хийвэл гэдэг сэдэл төрж, 2015 онд цаасан дээр буулгаж, хоёр жил гаруй хугацаанд кино зохиол болгон бичсэн. Одоо харин ийнхүү олон улсын хөтөлбөрт хамрагдаад, том уран бүтээлчдээс зөвлөгөө, мэдээлэл авч байгаадаа баяртай байна.
-Продюсераа танилцуулаач?
 
      -Төсөлд маань "Лотус" пикчирсийн продюсер, кино хариуцсан захирал Ч.Гэрэлээ гэж залуу эмэгтэй хамтран ажиллаж байгаа. Бид төслөө Каннын наадамд танилцуулахад, продюсер маань төлөөлж явсан.
 
-Олон улсын продюсер, киноны мэргэжилтнүүд та хоёрын бүтээлд онцлон юуг зөвлөж байна вэ?
 
     -Манай төсөлд олон улсын мэргэжилтнүүд продюсер, найруулагч хоёрын ойлголцол, нэгдэл их чухал гэдгийг онцлон хэллээ. Нэг ёсондоо энэ хоёр хүн бол тухайн төслийн суурь байдаг. Тиймээс нэг хүн шиг ойлголцож байж бүтээлийнхээ ард гардаг гэх зөвлөгөө өгсөн нь гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хоёрдугаарт, миний хийх гээд байгаа энэхүү бүтээл олон улсын үзэгчдийн хүсэл сонирхлыг агуулж чадсан, мэргэжлийн байлаа гэдгийг хэлсэн. Эдгээр сэтгэгдэл бидэнд их урам өгсөн.
 
-"Киноны нүүдэл"  хөтөлбөрийн ач холбогдолыг та хэрхэн харж байна вэ?
 
       -Олон улсын өндөр чансааны А зэрэглэлийн Венец, Берлин, Канн, Сандэнс зэрэг фестивалийн нөлөө бүхий продюсер, мэргэжилтэнгүүд ирсэн нь “Film nomad” хөтөлбөрийн чанар чансаа ямар байгааг илтгэж байгаа болов уу. Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн кино урлагийн ертөнцөд амьдарч, амьсгалж байгаа хүмүүсийн үзэл санаа, бодол, мэдрэмжид миний хийх гэж байгаа бүтээл ямар сэтгэгдэл төрүүлж байгааг сонсож, тэднээс үнэт зөвлөгөө авч, санал бодлоо солилцож байгаа нь уран бүтээлчийн хувьд өөр мэдрэмж, том урам зориг өгч байна. Монголын кино урлагийг хөгжихөд үндсэн тулгуур шалтгааны нэг болсон үйл ажиллагааны суурь тавигдаад, энэ нь гайхалтай явж байгаад үнэхээр сайхан байна. Ялангуяа, манай залуу уран бүтээлчид энэхүү хөтөлбөрт хамрагдаж, хийхээр зорьж байгаа бүтээлдээ зөвлөгөө, мэдээлэл авч, өөрсдийнхөө үзэл санааг илэрхийлнэ гэдэг бид бас дэлхийн кино урлагтай хөл нийлж гишгэхийн нэгэн том суурь, үе залгамж гарч ирж байгаа нь надад их сайхан санагдаж байна.
 
-Бид таныг тоглосон уран бүтээлээр тань илүүтэй мэддэг. Мэдээж найруулсан олон сайхан бүтээл нь бий. Хэзээнээс та найруулагчаар ажиллаж эхэлсэн юм бэ?
 
      -Урлагийн гэр бүлд өссөн болохоор хүүхэд байхаасаа урлагт сэтгэл татагдсан. Тэр дундаа найруулагч мэргэжилд бага залуугаасаа шамдаж, энэ төрөлд илүүтэй өөрийгөө хөгжүүлэхийг хичээж ирсэн. Жүжигчний хувьд бол залуу насанд дүр төрх таарах юм уу аав маань жүжигчин байсныг хэлэх үү, би ч бас урлагийн сургуульд жүжигчнээр ажиллаж байсны хувьд ганц хоёр бүтээлд тоглосон. Тэр маань хүмүүст хүрсэн байдаг. Түүнээс жүжигчнээрээ тухайлан идэвхтэй яваагүй. Анхнаасаа л кино хийх хүсэл тэмүүлэлтэй байсан. Хамгийн гол нь кино бол мөнгөтэй шууд холбоотой учир надад боломж төдийлөн бага байж байгаад нэлээд оройхон эхлүүлсэн байх. Харин өмнө нь бол орж ирсэн санаа оноогоо цаасан дээр буулгах ч гэдэг юм уу зохиолын ажилд илүү цаг зарцуулдаг байсан. 
 
-Таны дүү Ж.Сэнгэдорж найруулагчийн олон сайхан бүтээл мөн л гадны фестивалиудад амжилттай оролцож буй. Дүүгээ уран бүтээлчийнх нь хувьд хэрхэн хардаг вэ?
 
     -Ж.Сэнгэдоржийг би маш сайн уран бүтээлч, дээрээс нь өөрийн гэсэн онцлогтой гайхалтай найруулагч гэдгийг нь хэлмээр байна. Мань эр бол Монголын кино урлагийн нэгэн өнгө болж, өдий хүртэл явж ирж байгаа найруулагч. Дүүгийнхээ хийсэн кинонуудыг үзэх дуртай, түүний дотоод ертөнцөөс гарч байгаа гайхалтай шийдлүүдийг биширдэг.
 
-Аавынхаа тухай та олон сайхан яриа дэлгэсэн байдаг учир энэ удаад асуухгүй өнгөрмөөр байна. Харин уран бүтээлчдийн хувьд та хоёрт аавынхаа нэрийг өндөрт өргөж явах үүрэг байдаг болов уу. Тийм мундаг уран бүтээлчийн хүүхдүүд учир сайн бүтээл хийхгүй бол болохгүй гэдэг ч юм уу?
 
               -Аав бид хоёрыг урлагийн хүн бол гэж нэг удаа ч хэлж байгаагүй. "Харин чи юу чаддаг юм. Чамаас түүргүйгээр урсан гарч буй зүйл чиний юм. Тиймээс та хоёр өөрсдөө сонголтоо хий" гэх зүйлийг бидний шилжилтийн насны үед хэлж, ярьдаг байсан. Тэгээд л аав минь театрын жүжигчин байсан учир дүү бид театрт өссөн. Энэ бүхэн бидний мэргэжлээ сонгоход нөлөөлсөн. Аав минь сургууль соёлд сурахаас илүү байгалиас өгөгдсөн өөрийн гэсэн авьяас билигтэй уран бүтээлч байсан.
 
-Кино форумын үеэр тантай таарсан учир энэ хүрээд яриагаа өндөрлөе. Төгсгөлд та залуу байх үеийнхээс нь өнөөдрийн кино урлаг хэрхэн хөгжиж, юугаараа өөрчлөгдсөн талаар сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
       -Кино урлагийн хөгжил техник технологийн хувьд л өмнө нь ямар байсан, одоо хэрхэн байгаа тухай яригдах байх. Түүнээс бүтээлийн амин сүнс, хүнд өгөх өгөөж, ухаарал, амьдралын жаргал, зовлон, сэтгэл зүрхний асуудлын тухай ярьвал аль ч цаг үед хэвээр байдаг асуудал. Харин хэн гэдэг авьяастан тэр бүхнийг илүү сайн мэдэрч гаргаж ирэх вэ гэдэг л чухал.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Баярлалаа.

Ж.ЖАМЪЯНСҮРЭН: ДЭЛХИЙН КИНО УРЛАГИЙН ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ БАЙГАА ЭРХМҮҮДЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ, САНАА БОДЛОО СОЛИЛЦОХ БОЛОМЖИЙГ ОЛГОДГООРОО “КИНОНЫ НҮҮДЭЛ” ХӨТӨЛБӨР ТОМ ЦАР ХҮРЭЭТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188