• Өнөөдөр 2025-06-26

М.АРИУНТУЯА: Богино хугацаанд уран бүтээлчийг олон талаар нь сорьж чаддагаараа бяцхан театрын маань үндэс оршдог

2025-06-26,   136

           Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, МУСТА М.Ариунтуяатай ярилцлаа. Тэрбээр хүүхэлдэйн театрын салбарт 30 гаруй жил төрийн болон олон улсын төслүүдийг манлайлан ажилласан уран бүтээлч юм. 1992 оноос Монголын Хүүхэлдэйн театрт жүжигчнээр, 2012 онд СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгсөж, найруулагчаар ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ үндэсний болон олон улсын сонгодог бүтээлүүдийг хүүхдэд зориулан боловсруулсан байдаг. 

-Соёл урлагийн боловсрол олгох "ОДА" төсөл Монгол Улсын Хүүхэлдэйн театрт гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь юу вэ?

    -Энэ жилийн хувьд нэг хүнд зориулсан жижигхэн театрыг үзэгч хүүхдүүдэд зориулсан мини театрыг уран бүтээлчид маань бүтээсэн. Хувь уран бүтээлчид өөрсдийн гараар өөрийнхөө театрыг бүтээж, хөгжмийг нь бичиж, тоглож, уран бүтээлчийг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаад бяцхан театрын маанв үндэс оршиж байна. "ОДА" төслийн хүрээнд анх 2023 онд гар доорх материалаар хэрхэн хүүхэлдэй урлах талаар, 2024 онд сүүдрэн хүүхэлдэйн чиглэлээр сургалт явагдсан. Энэ жилийн тухайд нэг хүний теартрын сургалт болж байгаагаараа онцлог юм.
 
-БНСУ болон манай улсаас ямар, ямар бүтээлчид оролцож байгаа вэ?
 

   -Энэ жилийн сургалтад Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдээс гадна Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр, МХО, “Muppet theatre”, “Roma theatre”, СУИС-ийг Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн залуу уран бүтээлчид оролцож байгаа.

 

 
-Хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд, багачууд, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр бүхий сургалт шүү дээ. Тэгвэл сүүлийн хоёр жилд гарсан өөрчлөлт бий юу?
 
             -Эхний жилийн сургалтын үр дүнд хүүхэлдэйг заавал нэг бүрчлэн мэргэжлийн зураачид, хүүхэлдэй урлаач хийдэг байсан бол дараагйин сургалтаас уран бүтээлчид өөрсдөө цаасан аяга, гялгар уутаар хүүхэлдэй хийх зэргээр өөрсдийн сэдэл, санаачилга, уран бүтээлийн тал дээр илүү хөгжиж байсан. Харин дараа жилийн сургалтын үр дүнд хийсэн хүүхэлдэйгээ уран бүтээлдээ ашигласнаараа илүү онцлогтой болж ирсэн. Үүний үр дүнд олон амжилт ч бий болсон. Тухайлбал, Монгол Улсын хүүхэлдэйн театрынхан ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулсан “Байкальский Талисман” үндэсний театрын олон улсын III наадамд “Морин хуур” хүүхэлдэйн жүжгээр амжилттай оролцоод ирсэн байдаг. Энэ удаагийн сургалтаас ч гэсэн хүүхэлдэйн чиглэлээр бүтээл туурвидаг нэг ч болов уран бүтээлч энэхүү бяцхан тайзаа өөрийн болгон эзэмшээд, олон улсын тэмцээн, фестивальд оролцох үүд хаалга нээлттэй байгаа. Мөн сургалтын хүрээнд цоо шинэ үлгэрийн ном бүтээж байна. 
 
-Сургалтын хүрээнд Монгол болон гадаадын уран бүтээлчид хоорондоо туршлага солилцож байгаа. Уран бүтээлчид сэтгэгдлээсээ хуваалцсан болов уу?
 
        -Мэдээж нэгнээсээ олон зүйл сурч байгаа. Сургалтын нэг уран бүтээлч хоёр бяцхан театр бүтээж, тоглолтоо хүргэж байгаа. Тус тоглолтод 16 уран бүтээлч оролцох юм. Харин үлдсэн уран бүтээлчид хүүхдүүдэд үлгэрийн ном бүтээхийг зааж өгч байна. Миний хувьд энэ төсөлдөө их дуртай. Яагаад гэвэл энэхүү сургалт уран бүтээлч хүний хувьд шинийг олж нээсэн, уран бүтээлчийнхээ хувьд өссөн сургалт болж байгаагаараа давуу талтай.
-Энэхүү "ОДА" төсөл одоо гурав дах жилдээ өрнөөд, дуусаж байгаа юм байна лээ?
 -Тийм ээ. Уг нь таван жилийн төсөл байсан ч Хүүхэлдэйн театрын зүгээс "Энэ төслөө хэрэгжүүлж дууслаа, уран бүтээлчид маань их сайн шамдан суралцсан" гэж үзээд төслөө хааж байгаа. 
-Ярилцсанд баярлалаа. 
-Баярлалаа.

М.АРИУНТУЯА: Богино хугацаанд уран бүтээлчийг олон талаар нь сорьж чаддагаараа бяцхан театрын маань үндэс оршдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188