• Өнөөдөр 2024-04-26

Дэлхийн шилдэг гэрэл зурагчин Ч.ГАНБАТ: Монгол тамирчдынхаа түүхийг гэрэл зурагт үлдээдгээрээ бахархдаг

2021-02-05,   1357

-МОНГОЛЫН СПОРТЫН ТҮҮХИЙГ ГЭРЭЛ ЗУРГААР МӨНХЛӨГЧ-

Монголын гэрэл зурагчин дэлхийд үнэлэгдсэн. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д манай гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл өнгөрсөн жил шилдгээр шалгарсан юм. Бүтэн жилийн турш шилдгүүдээ шалгаруулдаг тус уралдааны “Спортын гайхамшигт агшин” төрөлд дэлхийн 125 улсын гэрэл зурагчин 1700 гаруй уран бүтээлээ сойжээ. Харин манай гэрэл зурагчин Ч.Ганбатын “Уурга шүүрэх мөчид” бүтээл шилдэг 30-д шалгарсан хэмээх мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдаж, монгол хүн бүрийн ярианы сэдэв, омогших бахархал болж байлаа. Төд удалгүй шилдэг 10-т, тэгээд гуравт тунасан сайхан мэдээ ар араасаа ундарсан. Улмаар өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болсон Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Их хурлын үеэр гуравдугаар байрт шалгарсан нь тодорхой болж, тэрбээр өөрийн биеэр шагналаа гардан авч байсан юм. Тэгвэл энэ жил ч мөн түүний бүтээл нэр дэвшжээ. Нийт 1871 бүтээлийг дэлхийн 129 орны  гэрэл зурагчин ирүүлснээс  эхний шатанд шалгарсан 130 бүтээлийг цахим сайтад байршуулснаас түүний зураг шалгараад байгаа аж.

 Түүн шиг дөрвөн олимпыг очиж сурвалжилсан гэрэл зурагчин Монголд байхгүй. Монголын спортын сүүлийн 20 жилийн түүхийг гэрэл зурагт буулгасан тэрбээр “Спортын төрөлд мэргэжлийн гэрэл зурагчин болчихсон гэж би хааяа боддог” хэмээн даруухан гэгч нь өгүүлсэн. Монголын гэрэл зурагчдын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Ч.Ганбаттай өнгөрсөн жил шагналаа аваад удаагүй байхад нь ярилцсанаа сэргээн хүргэж байна.

-Юуны өмнө танд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ бол дэлхийн шилдэг гэрэл зурагчид бүтээлээрээ өрсөлддөг том тэмцээн. Энд гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Шилдэг 10 гэрэл зураг шалгарахад Азиас Хятадын гэрэл зурагчин бид хоёр, бусад нь өөр тивийнх байсан. Сүүлийн шатанд Колумб, Хятад, Монгол үлдсэн. Надтай сүүлийн шатанд шалгарсан хүмүүс бол мэргэжлийн түвшний гэрэл зурагчид. Хятадынх л гэхэд “Синьхуа” агентлагт маш олон жил ажилласан туршлагатай уран бүтээлч залуу, нөгөө нь Францын гэрэл зургийн агентлагийн гэрэл зурагчин, Колумбын иргэн. Тэдэнтэй өрсөлдөж, ийм амжилт гаргасандаа баяртай байна. Дэлхийн олон улсын гэрэл зурагчидтай өрсөлдөж, амжилт гаргаж байгаа нь асар том шагнал, нэр хүнд.

-Та энэ уралдаанд хэчнээн зураг өгсөн бэ?

-Нэг л зураг явуулах боломжтой юм билээ. Анх би гурван зураг явуулсан юм. Гэтэл “Энэ гурван зурагнаас та алийгаа өгөх вэ” гэж хариу ирсэн. Ингээд хоёр зургаа хасаж, “Уурга шүүрэх мөчид” зургаа үлдээсэн. Энэ бол Монголд байдаг л нэг спортын арга хэмжээний үеэр авсан зураг. Гэхдээ үүнийг дэлхийд бол гайхаж хүлээж авч байгаа. Маш их эрсдэлтэй, адууны яг хажуунаас, хоёр төө хүрэхгүй газраас авсан зураг. Гэтэл гаднынхан бол аппаратаа тэгж эрсдэлд оруулахгүй. Морьтой хүн 40 км цагийн хурдтай давхиж ирээд, нэг удаагийн  үйлдлээр уурга шүүрдэг. “Зөвхөн бэлчээрийн монгол адуунд л байх чадварыг олж харсан байна” гэж шүүгчид намайг дүгнэсэн байна лээ. Учир нь манай адуу чулуу, тарваганы нүхэнд хэзээ ч унадаггүй, дандаа тойрч, давхих явцдаа газрын бартааг харж явдаг. Хэрэв бэлчээрийн адуу биш бол намайг өшиглөх магадлалтай. Тийм ойроос, өргөн өнцгийн дурангаар авсан учраас гадныханд маш өвөрмөц, сонин, содон харагдсан. Мөн адуучны уурга шүүрч байгаа эмоци, хөх тэнгэр гээд бүх зүйлийг шүүлтэнд харсан гэсэн.

-Ийм зураг авах бодол яагаад төрсөн бэ. Зураг төрсөн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Энэ зургийг Төв аймгийн Лүн суманд болсон адуучдын баяр дээр дарсан. Монгол зурагчдад адуучин уурга шүүрч байгааг холоос авсан зураг олон бий. Надад ч тийм зураг байгаа. Тэгээд өргөн өнцгийн дурангаа ингэж ашиглаж үзье гэж бодож, зургаа авсан. Хоккейн хаалганд аппаратаа углаж, сагсны шийдэн дээрээс авсан спортын төрөл бүрийн гэрэл зураг байдаг. Тэрийг л монгол адуун дээр туршиж үзсэн юм.

-Энэ тэмцээнд урьд өмнө нь монгол гэрэл зурагчид оролцож байв уу?

-Оролцож байсан. Гэхдээ ийм амжилт гаргасан түүх бол байхгүй. Манай ахмад үеийн гэрэл зурагчдаас спортын гэрэл зургаар шагнал авсан тохиолдол бий. 1980 оны Москвагийн олимпод социалист орнууд оролцож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваасамбуу гуай спортын гэрэл зургаа явуулж, цагаар шагнуулж байсан сайхан түүх байдаг. Мөн Цэрэнжамц гуай олимпын гэрэл зургийн уралдаанд оролцож, шагнал байрт шалгарч байлаа.

-Та олон уралдаан, тэмцээнд шагналт байранд шалгарч байсан. Ер нь уралдаан, тэмцээнд шилдгээр шалгарах ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Олон улсын уралдаанд бол анх удаа л байр эзэлж байна. Монголд бол бүгд л хоорондоо өрсөлдөнө. Гран при, тэргүүн байр хүртэж байсан нь цөөнгүй. Дэлхийн хэмжээний уралдаанд анх удаа шагналт байр эзлээд өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ олон улсын уран бүтээлчдийн өмнө эх  орноо сурталчилсан нь л юу юунаас эрхэм байна. Шилдэг 30-д шалгарснаас хойш л олны анхааралд өртсөн. Ганбат гэхээсээ илүү монгол хүн шилдэгт үлдлээ гэж ярьж байсан.

-Ч.Ганбат гэх хүн яаж яваад гэрэл зурагт дурлав. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Арван  жилээс эхлэлтэй. Ингээд бодохоор гэрэл зураг аваад, 30 гаруй жил болж. Эрчимтэй зураг авсан нь сүүлийн 20 жил, тэр дундаа спортын гэрэл зураг дарсан. Тухайлбал, 2009 оноос хойш спортын томоохон арга хэмжээний зургуудыг тасралтгүй авчээ. Энэ хугацаанд олимпын наадмыг дөрвөн удаа сурвалжилж, одоо тав дахь буюу Токиогийн олимпын наадмаа сурвалжлах гэж байна. Спортын зураг авдаг хүний оргил үе бол олимпын торгон агшнуудыг гэрэл зурагт буулгах. Монгол Улсаа төлөөлж тэмцээн, уралдаанд оролцож байгаа Монголынхоо тамирчдын түүхийг гэрэл зурагт үлдээсэндээ бахархдаг. Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг сүүлийн 10 орчим жил авч байна.

-Гэрэл зургийн тэр олон төрөл дундаас яагаад заавал спортыг сонгосон юм бэ?

-Спорт бол миний хобби. Үндэсний бөхийн гэрэл зураг авахаас эхлээд л энэ төрлөөр дагнасан. Сүүлдээ дэлхийн аварга, олимпод явж, тамирчдынхаа зургийг аль болох үлдээхгүй байхыг хичээж, бүх төрлийн спортын гэрэл зургийг авах болсон. Зураг авахад хэн нэгэн гэхээсээ илүү үндэсний спорт надад нөлөөлсөн. Хүүхэд байхын наадмаар үндэсний бөх, морь уралдах, сум харвахыг үзэж, огшдог байлаа. Энэ бол Монголын ард түмний олон жил уламжлагдсан, асар их түүх. Бөхийг ойроос үзэх хүслээс энэ бүхэн эхэлж, цаашлаад тэмцээн, уралдаанд явж зураг дарах болсон. Тэр үед олимпод явах хамгийн том мөрөөдөл байлаа. Мөрөөдлөө шат шатаар биелүүлсэн.

Энэ бол өртөг өндөртэй хобби. Спортын гэрэл зураг бусад төрлийг бодвол сайн үзүүлэлттэй дуран, техник хэрэгсэл, аппараттай байхыг шаарддаг. Мөн тамирчдынхаа зардлыг яая гэж байгаа улсад байнга хувийнхаа зардлаар явах хэрэгтэй болно.

-Тэгэхээр та ямар нэгэн сургалтад сууж, эсвэл энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаагүй байх нь ээ?

-Тийм ээ, энэ бол миний цэвэр сонирхол. Сургууль соёлд сурч байгаагүй. Сүүлийн үед Монголд мэргэжлийн гэрэл зургийн чиглэлээр сурсан залуучууд олширч байгаа. Дээхнэ үед их ховор байлаа. Москва, Германд төгссөн цөөхөн мэргэжлийн гэрэл зурагчин байсан, бусад нь сонирхлоороо сурч, хоббигоо хөгжүүлж мэргэжлийн түвшинд очсон.

-Та хамгийн анх ямар аппарат барьж байв?

-Анх хүн хүний аппарат гуйж, зураг авдаг байлаа. Сүүлд Орост нэгдүгээр курсэд сурч байхдаа тэтгэлгээ цуглуулж, зенит гэж аппарат худалдаж авсан. Тухайн үедээ машин аваад уначихсан юм шиг л санагдаж байсан.

-Та монголчуудын омогшиж, бахархахаар спортын олон зургийг түүхэнд мөнхөлсөн. Гэхдээ тэр дундаас таны хамгийн хайртай зураг аль нь вэ?

-Сэтгэлд хоногшсон олон зураг байгаа. Гэхдээ спортын бүх зургандаа хайртай. Дэлхийн хэмжээний уралдаанд анх удаа байр эзлүүлсэн энэ бүтээл маань мэдээж миний амьдралын хамгийн дурсгалтай зураг.

-Ийм л агшныг буулгачих юм сан гэж шатдаг зүйл бий юү?

-Тийм зүйл байхгүй. Спортын гэрэл зураг авахын тулд тухайн спортоо  мэдрэх хэрэгтэй. Тухайн тамирчнаас ямар эмоци гарах вэ гэдгийг анаж, бодож авна. Шатар тоглож байгаа мэт тамирчны дараагийн үйлдлийг төсөөлнө. Спорт бол маш их хурд шаарддаг. Би агшин бүрийг л алдахгүй байхыг хичээдэг.

-Та олон тамирчны түүхэн мөчийг буулгасан. Талархсан сэтгэлээ мартахааргүйгээр илэрхийлсэн хүн байдаг уу?

-Манай олимп, дэлхийн аваргууд бүгд л дурсгалт мөчийг нь буулгасанд  талархсанаа илэрхийлдэг. Зарим нь уулзаж амжаагүй ч дотроо баярлалаа гэж хэлэхийг хүсдэг. Урьд нь манайхан медалийн тавцанд гарсныхаа дараа гадаадын зурагчдаас зураг гуйж авдаг байсан. Би дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа тамирчдынхаа ачийг өчүүхэн ч гэсэн гэрэл зургаар хариулж байна гэж боддог. Спорт бол залуу насных, зураг л үлдэнэ.

-Олимпын үеэр энэ л агшныг алдчихлаа гэж харамсах үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Одоо л зурагчид олимпод хоёр, гурваараа явах эхлэл тавигдаж байгаа болохоос анх ганцаараа олимпын зураг авна.  Ганцаараа хүн чинь 100 хувь санаснаараа зураг авч чадахгүй. Зарим спорт байраа сэлгэж зураг авах боломжтой байхад зарим нь нэг л цэгээс авахаас өөр аргагүй байдаг. Жишээ нь, Д.Сумъяа аварга Бразилийн олимпод Японы алдартай бөхийг давчихаад цаад талд байгаа монголчууд руу харж орилж, эмоцио гаргасан. Гэтэл  би тэрийг авч чадалгүй, эргэж харахад нь л авсан.

-Гэрэл зураг танд ямар тайтгарал өгдөг вэ?

-Хөл бөмбөг, сагс, жүдог маш үнэтэй тасалбар авч үздэг хүмүүс бий. Гэтэл би аппаратаа үүрээд л хамгийн нүүрийн эгнээнээс, дуртай өнцгөөсөө, дуртай ажлаа хийнгээ үзэж байдаг. Спорт бол дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг. Ямар сайндаа л Дэлхийн II дайны үед тулалдаж байгаа цэргүүд дайн байлдаанаа зогсоож, хөл бөмбөг тоглож, дуусаад эргээд байлдаж байх вэ. Дэлхийн ард түмнийг арьс өнгө, хэл ялгахгүйгээр эвлэрүүлж, гар бариулж чаддаг зүйл бол спорт. Манайд л гэхэд 2008 оны долдугаар сарын 1-ний тэр хэцүү нөхцөл байдалд Н.Түвшинбаяр аварга олимпод алт авснаараа эв нэгдлийг бий болгож байлаа. Энэ бол спортын буян.

-Загасчны морь усгүй гэдэг шиг гэрэл зурагчдад өөрийнх нь зураг байдаггүй. Танд өөрийн тань зураг хэр олон байдаг вэ?

-Анх олимпод явахдаа өөрийнхөө нэг ч зураггүй Монголд ирж байлаа. Харин дараагийн олимпоос аль болох өөрийнхөө зургийг авахуулахад анхаарсан. Дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн талбай Бразилд байдаг. Тэр ногоон дэвжээнд хөл тавьж байж зураг авахуулахгүй бол болохгүй гэж боддог болдог юм билээ. Тэнд анх хөл тавьсан монгол хүн би байх.

 

 

 

 

 

 


Дэлхийн шилдэг гэрэл зурагчин Ч.ГАНБАТ: Монгол тамирчдынхаа түүхийг гэрэл зурагт үлдээдгээрээ бахархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188