• Өнөөдөр 2025-05-30

Б.ЭРДЭНЭДУЛАМ: "ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ" ШОУНЫ ОРОЛЦОГЧИД ЭНЭ ТЭНЦҮҮ ЧАДВАРТАЙ, АВЬЯАСЛАГ ЗАЛУУС БАЙЛАА

2025-05-29,   657

Долоо хоног бүрийн амралтын өдрийг сонирхолтой бүжиг, үзүүлбэрүүдээ уярааж, баярлуулж, догдлуулж байсан “Ододтой бүжиглэе” шоу амжилттай өндөрлөлөө. Шоуны хагас финалд шалгарч шилдэг дөрвөн хосын нэгээр шалгарсан оролцогчид бол R&B артист Davaidasha болон бүжигчин Б.Эрдэнэдулам нар билээ. 12 үзүүлбэрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хайрыг татсан бүжигчин Б.Эрдэнэдуламтай ярилцлаа.

Тэрбээр "Mongolia entertainment" хамтлагийн бүжигчин, Shangrilla Sport club-ийн Hiit, zumba багш, Иого RVT 200 болон агаарын иогын багш, спиннинг, фитнессийн тамирчин багш, дасгалжуулагч билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ододтой бүжиглэе” шоуны аялал анх хэрхэн эхэлж байв?

                -Английн BBC телевизийн "Dancing with the Stars" шоуг хийх албан ёсны эрхийг 2021 онд “Монгол HD” телевиз авч “Ододтой бүжиглэе” шоуны анхны улирлыг хийж байлаа. Энэ жил хоёрдахь улирлаараа эргэн ирж үзэгчдэд бүжгийн урлагийн гоо сайхныг харуулсан шоу болж өндөрлөлөө.  Дахин гайхалтай шоуны нэг хэсэг болсондоо баяртай байна. 

-Амралтын өдөр бүр үзэгчидтэйгээ шинэ үзүүлбэрээр уулзах ямар байв. Өдөр бүр тун шахуу бэлтгэлтэй байсан уу?

                -Долоо хоног бүрийн үзүүлбэрүүдээ сонирхолтой, гайхамшигтай байлгахыг бүжигчид, оролцогчид бид хүсэж байсан. Бүжиг бүр өөр онцлог, уур амьсгалыг өгөхөөс гадна олон төрлийн хөдөлгөөний ур чадваруудыг шаарддаг учраас өөр өөр мэдрэмж өгсөн. Тэр олон мэдрэмжүүдийг үзэгчдэдээ хүргэнэ гэдэг бидний хувьд хамгийн сайхан нь байлаа. Өдөр бүр шахуу хуваариар бэлтгэл хийж байж долоо хоногт шинэ бүжиг сурч, үзүүлбэрээ үзүүлнэ. Ер нь бүжигчид мэргэжлийн тэмцээнд орохдоо гурван сараас жилийн хугацаанд бэлддэг. Гэтэл шоу маань оролцогчдыг долоо хоногт шинэ бүжиг сурч, түүнийгээ үзүүлбэрийн түвшинд бэлдэж гаргах даалгавар өгдөг байсан нь шахуу, шаргуу бэлтгэл хийхээс өөр аргагүйд хүргэж байлаа.

-Davaidasha дуучинтай хамтран бүжиглэх ямар байв. Анх хамтрагч болоход юу бодогдсон бэ?

                -“Ододтой бүжиглэе” шоуны хоёрдугаар улиралд шинэ залуу уран бүтээлч Davaidasha-тай хамтрагч болсондоо баяртай байсан. Хамтрагч маань өмнө нь найман жил гаруй хип хоп бүжгээр хичээллэсэн туршлагатай учраас бүжгийн талаар ойлголттой, хөдөлгөөн хурдан сурах чадвар нь давуу тал байлаа. Түүнчлэн өөрөө урлагийн, тэр дундаа тайзан дээр үзүүлбэр үзүүлдэг торгон мэдрэмжтэй хүн байсан учраас хамтарч ажиллахад таатай байсан.

 

-Үзүүлбэр бүр тань гайхалтай сэтгэл хөдөлгөсөн байсан. Тэр дундаас таны хамгийн дуртай шилдэг гэж бодсон үзүүлбэр аль вэ, яагаад?

                -Бүх үзүүлбэр гайхалтай байлаа. Бүжиг бүрийн зохиол, тайз, дэглэлт, сэдэв нь өөр өөр байсан учраас бүгд л таалагдсан. Солонгыг яг л өөр өөр өнгө нэгдэж бүтээдэг шиг өнгө өнгөөр алагласан гайхамшигтай 12 үзүүлбэр байлаа. Миний хувьд үзүүлбэр бүр минь шилдэг байсан, хамгийн сайнаараа хичээсэн. Тэр дундаа  онцол гэвэл би дараах гурван бүжгийг сонгоно. Хамгийн street dance, хамтрагч маань өмнө хичээллэж байсан учраас тухайн долоо хоногийг аз жаргалтай, баяр хөөртэйгөөр өнгөрүүлсэн. Дараа нь, foxtrot бүжиг, ая, зохиолоос гадна хамтрагчийн маань дурсамжтай холбоотой байсан учраас нандин байлаа. Эцэст нь, хагас финал бүжиглэсэн бүжиг маань юм байна. Алдарт Queen хамтлагийн Фрэдди Мэркүригийн дүрээр хамтрагчаа гаргаж ирэх хүсэл маань биелсэн. Миний хувьд энэ гурван үзүүлбэрийг онцолж байна.

-Тэгвэл сурахад, бүжиглэхэд хамгийн хэцүү байсан бүжиг аль нь вэ. Юу нь бэрхшээл болж байв?

                -Өмнө нь хэлсэнчлэн бүжиг бүр өөр уур амьсгал өгдөг учраас өөрсдийн гэсэн онцлог бэрхшээлтэй байсан. Тэр дундаас бидний хувьд бэрхшээлтэй байсныг нь сонго гэвэл чарлестон бүжгийг нэрлэнэ. Өмнө нь бүжиглэсэн бүжгүүдээсээ арай илүү сонирхолтой энтертайнмент зүйл үзүүлэхийн тулд олон тайзны жижиг хэрэглэл ашигласан. Энэ нь бэлтгэлийн заал гэхээс илүү тайзан дээр олон цагийн бэлтгэл хийх шаардлагатай байлаа. Зарим тохиолдолд тухайн жижиг хэрэглэл бидний нөлөөгүйгээр бага зэрэг өөрчлөгдөх эрсдэлтэй байсан нь бэрхшээлтэй байсан. Гэсэн ч адал явдалтай, хөгжилтэй хөөрхөн үзүүлбэр болсон.

-Davaidasha та хоёрын хувьд бусад оролцогчдоос илүү эрч хүчтэй, хэгжилтэйгээр оролцсон юм шиг санагдсан. Шоуг дуусгаж, харамсалтайгаар хасагдсан үеийг дурсвал?

                -Davaidasha-г сонсдог хүмүүс түүнийг уран бүтээлээр нь дүгнэдэг байсан бол “Ододтой бүжиглэе” шоу хамтрагчийн маань өөр, хөгжилтэй талыг нь хүмүүст харуулсан. Бидний яриа, хэлсэн үг хүмүүст хүрч, эергээр хүрч, сайхнаар хүлээж авсанд баяртай байгаа. Олон бүжгийн ард амжилттай гарч шилдэг дөрвөн хосын нэг болж, хагас финалд хүрсэн маань хүртэл маш том амжилт, дурсамжийг бий  болгосон. Харамсахаасаа илүү хамтрагчаараа бахархсан. байлаа. 

-Аливаа зүйл эхэлсэн шигээ дуусдаг шүү дээ. Тэмцээн өндөрлөөд долоо хонох гэж байна. Шоуны төгсгөлийг үзэх ямар байсан бэ. Нийт багийнхныхаа талаар яривал?

                -Шоуны бэлтгэлээс эхлээд адал явдал, дурсамж дүүрэн хагас жил үргэлжилж дууслаа. Олон хүнд бүжгийн гайхамшиг, эрүүл зөв амьдралын хэвшлийг үлгэрлэсэн шоуны маань хоёрдугаар улирал дууслаа. Мэдээж дараагийн улирлаар үргэлжилнэ гэж найдаж байгаа. Аз жаргалтайгаар эхэлсэн шигээ аз жаргалтайгаар шоугаа өндөрлүүлсэн. "Монгол HD" телевиз болон арын албаныхан, оролцогчид минь үнэхээр сэтгэл зүрхээ шингээж ажилласан, бүгдэд нь талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ жилийн оролцогчид энэ тэнцүү чадвартай, авьяаслаг залуус байлаа. Үзэгчид маань “Хүнээ хасахгүйгээр үргэлжлүүлж болдоггүй юм уу” гэж их асуусан байсан. Албан ёсны эрхтэйгээр эрхийг нь аваад зохион байгуулж байгаа учраас тухайн шоуны дүрмийг дагахаас өөр аргагүй гэдгийг ойлгоорой.

-Та яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ, юу нөлөөлөв?

                -Би Дорнод аймагт төрж, өссөн. Цэцэрлэгээсээ цэнгээнт бүжгээр хичээллэж байгаад хүүхдийн чуулгат орж монгол бүжгээр хичээллэсэн. Дөрөвдүгээр ангиасаа Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын гэрээт бүжигчин болж, нийгмийн даатгал төлдөг ажилтан, уран бүтээлч болсон. Өглөө нь хичээлдээ яваад өдөр нь театрт ажиллана. Олон төрлийн бүжгийг яг л мэргэжлийн бүжигчин шиг сурсан. Гэрийнхэн намайг нэлээн хөдөлгөөнтэй, ая явахаар бүжиглээд эхэлдэг хүүхэд байсан учраас төрөл бүрийн бүжгийн дугуйланд хамруулдаг байсан. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр сурсан мөн Боловсрол судлалын менежментийн магистрын зэрэгтэй. Оюутан болсон ч UBS телевизийн шоу, тоглолтуудын гэрээт бүжигчин, мөн "Se" продакшны бүжгийн багш, дэглээчээр ажилласан. Бүжгээ огт орхилгүйгээр олон төрлийн бүжгээр хичээллэсэн учир амьдралын минь салшгүй нэг хэсэг юм. “Mongolia Entertainment” бүжгийн хамтлагтаа 10 гаруй жил болж байна. Багаас минь эхлээд зааж зөвлөсөн багш нартаа их талархдаг.

-“Mongolia Entertainment” бүжгийн хамтлагийнхаа талаар яривал, хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

                -МУСТА Ш.Баасан багшийнхаа удирдлага дор “Mongolia Entertainment” хамтлаг байгуулагдаад 12 жил болж байна. Манай хамтлаг шоу энтертайнмент карнавал, жазз гэх мэт олон төрлийн бүжгийг гадаад, дотоодын арга хэмжээнд үзүүлбэр үзүүлдэг. Мөн гадаад суугаа монголчууддаа зориулсан "Монголын нэг өдөр" аялан тоглолтын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулдаг. Тоглолтыг маань үзсэн үзэгчид гэртээ харьсан мэт мэдрэмж авч баярын нулимстай тоглолтоо дуусгадаг нь уран бүтээлч бидэнд хамгийн сайхан байдаг. 

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу байна?

                -Ухаан орсон цагаасаа хойш бүжиглэсэн учраас энэ урлагт чин сэтгэлээсээ дуртай. Хүн төрөлхтөнд эрүүл амьдрал гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Тийм ч учраас иогийн багшаар сурч төгссөн. Эрүүл амьдрал хөдөлгөөний ач холбогдол, давуу талыг бусдад заах чиглүүлэх багш нь байхыг хүссэн учраас иогын багшаар ажиллаж байна. Тэр дундаа бүжгийн хөдөлгөөн, бүжгээр мэдэрч болох аз жаргалыг хүмүүст хүргэх гүүр нь байхыг зорьдог. Зорилгынхоо дагуу сайн багш, сургагч, эрүүл амьдралын хөтөч нь байхыг чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ хүрээнд олон зүйлийг сурч, мэдэхийг эрхэм зорилгоо болгон явж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

                -Баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье.

 


Б.ЭРДЭНЭДУЛАМ: "ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ" ШОУНЫ ОРОЛЦОГЧИД ЭНЭ ТЭНЦҮҮ ЧАДВАРТАЙ, АВЬЯАСЛАГ ЗАЛУУС БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188