• Өнөөдөр 2025-05-29

ИТГЭЛ НАЙДВАР, ЗОРИГ ТЭВЧЭЭРИЙГ ҮЛГЭРЛЭГЧ Ё.АЛТАНГЭРЭЛ

2025-05-28,   516

                Түүнийг бид "ТВ караоке” нэвтрүүлгийн хөгжилтэй, хошин, эвсэлтэй, эвлэгхэн хөтлөгчөөр нь мэдэх билээ. Энгийн нэгэн дууны нэвтрүүлгийг ард түмний сэтгэлд хүртэл хоногшуулж чадсан. Тэр бол жүжигчин, хөтлөгч  Ё.Алтангэрэл. Урлагт 40 гаруй жил зүтгэж, олон сайхан дүрийг бүтээхийн сацуу 1998-2015 он хүртэл "ТВ караоке" нэвтрүүлгийг хөтөлсөн байдаг. Харин сүүлийн жилүүд түүний хувьд бэрхшээл, түүнийг даван туулах арга ухаан, тэвчээр, аливаад хандах хандлагыг нь шалган сорьсон цаг хугацаа болж өнгөрчээ.  Тэр ч шалгалтаа спорт гэх том төрөлд хүчин зүтгэж, эдгэрч, эрүүлжинэ гэсэн чин халуун сэтгэлээр амжилттай даван туулсныг хэдхэн хоногийн өмнөх амжилтаар нь бид харж, бахархлаа.

Энэ бол хэн бүхэн зориглон ороод байдаггүй Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж, бүр улсын аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр зогссон түүний амжилт. Сахарын өвчнөөс үүдэн хагас харвалт өгч, тэргэнцэр дээр суух хэмжээнд хүрсэн ч өөрөө өөрийгөө ялан дийлж, ийнхүү босож ирсэн нь олон хүнд итгэл найдвар, зориг тэвчээрийг үлгэрлэсэн зүйл боллоо.

 
      Ё.Алтангэрэл уран бүтээлч өвдчихлөө, суучихлаа гэж санаагаар унаж, шантарсангүй. Харин ч босох, тэнхрэх, хөл дээрээ босох ямар арга байгааг эрэлхийлэхдээ фитнессийн хаалгыг татаж, өөрөө өөрийгөө ялан дийлж, 
өвдөж, өвчинтэйгээ тэмцэж буй олон хүнд урам, дэм, гэрэл өгч, гайхамшгийг хүн өөрөө бүтээдгийг харууллаа. Тиймдээ ч медаль авч, баяраа хуваалцан зогсохдоо "Чихрийн шижинтэй 350 мянган хүн эрүүл болоод энэ тайзан дээр зогсож байх болтугай" гэж хүсэн ерөөсөн.

Тэгвэл дасгал хөдөлгөөн, спорт хүнийг өөрчилж, эрүүл амьдралын хэв маягт дадуулан хөтөлж, олон муу зуршил, өвчин ужгаас гэтэлгэдэг гэдгийг биеэрээ үлгэрлэж, сэтгэлээрээ даван туулж, түмний өмнө бардамхан зогссон түүнд ч бас баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсье.

      Чадварлаг ажиллагаа, чанартай дүрүүдээрээ бидний сэтгэлд үргэлж ойр, инээд, хөгжил, эерэг сайхан бүхнийг түгээж байдаг тэрбээр Багшийн дээдийн кино драмын ангийг 1987 онд төгссөн байдаг. Энэ тухай "Тухайн үед хүүхдүүд дипломоо авч, ромбоо зүүгээд автобусанд суугаад төгсөлтийн баяраа тэмдэглэх гээд явсан. Гэтэл би ганцаараа өөр автобусанд суусан. Яагаад гэхээр Ж.Бунтар найруулагчийн “Тод магнай” кинонд туслах дүрд тоглохоор явж буй минь тэр л дээ" гэж хөгжилтэй нь аргагүй инээмсэглэн хүүрнэх нь өнөө л цоглог, хошин эрхэм. Тэгж ангийнхнаасаа өөр атобусанд сууснаар тэр "Тод магнай" кинонд дүрээ үлдээж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж чаджээ. Ингээд алтан үеийн томчуудын тогоонд багтан, киноны нэгэн хэсэгт дүрээ үлдээж, давхар мундаг уран бүтээлчдийн уур амьсгалыг нь мэдэрч, дүрээ хэрхэн бүтээдгийг нь дэргэдээс нь харж амжсан залуу Архангай аймгийн Хөгжимт драмын театрт ажиллах хуваарь авчээ. Ингээд гурван жилийн хугацааг орон нутгийн театрт зарцуулснаар хотод ирсэн байдаг.
 
   Хотод ирээд тухайн үед юу хийсэн талаараа "Хот, хөдөөгүй л хэцүү байсан үе л дээ. Театр төсөв муу, хэдэн уран бүтээлч, ажилчдаа яая гэж байж намайг ажилд авна гэж байхгүй. Тэгээд СУИС-д тайзны хөдөлгөөний багшаар хоёр жил хүрэхтэй, үгүйтэй хугацаанд ажиллаад гарсан. Яагаад гарсан гэхээр би өөрөө дөнгөж сургуулиа төгсөөд цагаан цаас шиг л амьтан байсан шүү дээ. Тийм байж хүний хүүхдүүдэд эрдэм заана гэж юу байх вэ дээ. Тэгж бодоод өөрөөсөө ичээд гэх үү, санаа зовоод ажлаасаа гарсан. Ер нь том мөрөөдөл тээж яваа хүүхдүүдэд “Урлаг бол” гээд худлаа том том юм яриад байж болохгүй шүү дээ. Тиймээс өөр чаддаг, мэддэг хүн нь заах ёстой гэж бодсон. Тэгээд ажилгүй хэсэг явсан даа. Тэгтэл үзэгч түмэндээ Салхи Дамбий нэрээр алдаршсан Д.Бямбацогт нэг жүжгийн зохиол бариад ирсэн. Тухайн жүжиг хоёрхон хүний дүртэй модерн жүжгийг бид 1995 онд Соёлын төв өргөөний тайзнаа амилуулж байлаа" гэж ярьсан байдаг. Урлагийн хүн болох мөрөөдлийг түүний сэтгэлд ургуулсан уран бүтээл Оросын алдарт "Зүүдэнд оромгүй явдал" кино гэсэн.
Жаахан хүүгийн сэтгэлд жүжигчин, уран бүтээлч байхын сайхныг мэдрүүлж, ид шид бүтээсэн эл киноны ачаар бид авьяас билиг, итгэл, зориг дүүрэн эрхэмтэй уулзаж, олон сайхан дүрийг нь шимтэн үзэж, одоо ч бодох төдийд сэтгэлд эгшиглэн буй "ТВ караоке" нэвтрүүлгийн цор ганц давтагдашгүй хөтлөлтийг харахгүй байх байсан болов уу. Гэсэн ч хувь тавилан түүнд дууны нэвтрүүлгийн донжтой цоглог хөтлөгч байх хувь хайрлажээ.
 
       "ТВ караоке" нэвтрүүлэг биднийг хүүхэд байхад ид гардаг байлаа. Шар хүрэм юм уу аль нэг өнгийн хослол өмсчихдөг нүдний шилтэй хөгжилтэй төрх нь одоо ч хэвээр. Эргэлдэн бүжиглэж, инээдэмтэй яриа өрнүүлж, байгууллага хамт олон, баттай авьяас билигтнүүд гээд цөмийг нь шавайг нь ханатал дуулуулж, үзэгчдэд жаргал бэлэглэдэг, оролцогчид нь ч жаргаж дуулдаг нэвтрүүлэг байсан. Анх "Телевизийн найруулагчаар ажиллаач" гэх саналыг түүнд МҮОНРТ-ээс тавьж байсан юм билээ. Тэгээд жил хэрдээ цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн найруулагчаар ажилласны дараа "ТВ караоке" нэвтрүүлэг хийх гэж байгаа. Хөтлөөд үзээч" гэснээр монголчуудын үзэх тэр гоё нэвтрүүлэг эхэлж байсан түүхтэй.
 
      Тэр он цаг хэдийн арав гаруй жилээр улирч, энэ хугацаанд тэр жүжигчин мэргэжлээ ч орхихгүй уран бүтээлүүддээ ч орж, аль алиныг нь хослуулан "дөрөө жийсээр" өнөөдөрт иржээ. Уран бүтээлчид үзэгч бидэнд сайхныг, нийгмийн үнэн төрх, хүний мөн чанар гээд бүгдийг л урлагаар дамжуулан тайз, дэлгэцнээ дэлгэх гэж шаргуу хөдөлмөрлөж, завгүй ажилладаг. Зураг авалтаас зураг авалтын хооронд нойр, хоолны дэглэм алдаж, хүнд өвчний "олз" болох тохиолдол бишгүй. Гэсэн ч даван туулж, ард нь гарч, тэднээсээ бусад нь суралцан урагшилсаар байгаа. Үүний нэг үлгэрлэл, тууштай нь Ё.Алтангэрэл жүжигчин байлаа. 

ИТГЭЛ НАЙДВАР, ЗОРИГ ТЭВЧЭЭРИЙГ ҮЛГЭРЛЭГЧ Ё.АЛТАНГЭРЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188