“Good morning wish you have a good day
Халуун кофе уунгаа чиний тухай бодно
Гарч зугаалмаар ямар сайхан өглөө вэ
Өдөр бүрийг ингэж эхлүүлбэл гоёдоо тэ” хэмээн дуулж олны анхаарлыг татсан охин тун удахгүй буюу тавдугаар сарын 2-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “No Way”, “Leomini”, “S.O.S” тэргүүтэй дуугаараа хүмүүсийн сонсох дуртай уран бүтээлч болсон тэрбээр 2020 оноос эхлэн идэвхтэй уран бүтээл хийж байгаа билээ. Ингээд залуу уран бүтээлч Becca-тай ярилцсанаа хүргэж байна.
-Сайн уу, хэдхэн хоногийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анхны бие даасан тоглолт учраас сандрахын зэрэгцээ, тэр өдрийг хэдэн янзаар төсөөлж, догдолж байна. Тоглолтынхоо үеэр бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна. Илүү бодит, сэтгэл хөдөлгөм мэдрэмж өгдөг учраас амьд хөгжимтэй дуу хийх дуртай. Амьд хөгжимтэй дуулж үзээгүй уран бүтээлүүдээ шинэчилж дуулахаар ямар мэдрэмж өгөх бол гэдэг нь сонирхолтой байна. Тоглолт болох өдрөө хоног тоолон хүлээж, бэлдэж байна даа.
-Анхныхаа уран бүтээлээр олонд танигдсан шүү дээ. “Comfy” дууг зохиож байсан үеэ дурсахгүй юу?
-“Comfy” дууны үгийг 16 настайдаа бичээд 18 настайдаа дуулсан. Дууныхаа үгийг бичиж байхдаа кофе ууж үзээгүй байсан ч “Кофе уувал ийм л мэдрэмж төрөх байх” гэж бодож, төсөөлж байснаа буулгасан. Энэ дуунаас бүх зүйл эхэлсэн. Удахгүй тоглолтоо хийх уран бүтээлч, ярилцлага өгөөд суух хүн болгосон дуу бол “Comfy”. Анх дуугаа гаргахдаа 10 мянган хүн сонсоход л хангалттай гэж бодож байтал төсөөлснөөс илүү хандалт авч, гайхшируулсан. Хандалтыг нь хараад их сандарснаа санадаг юм. Дууныхаа клипэнд царайгаа тод гаргаагүй. Учир нь, тэр үед өөрийгөө бондгор, царай муутай гэж боддог байлаа. Гэхдээ одоо бол тэр үеийн өөрийгөө хараад хайр хүрдэг.
-Багаасаа дуулах дуртай байсан талаараа өмнө нь ярилцлага өгөхдөө дурдаж байсан шүү дээ. Тэгвэл дуулах дуртай охин хэзээ “Ocean grey” продакшнд орсон юм бэ?
-Хувь тавилан байсан учраас “Ocean grey” продакшнд орсон гэж боддог. Монголын хүүхдийн ордны дугуйлан явдаг байхдаа продакшны захирал Ариунболд ахтай танилцаж байсан юм билээ, тэр талаараа санаандгүй мэдсэн. “Comfy” дууг гаргачхаад “Ocean grey” продакшны продюсертой уулзахаар явж байхдаа youtube хуудсыг нь үзээд тус продакшны уран бүтээлч дуучин н.Дөлгөөн эгчийн “Baby come on” дууны клипэнд тоглож байсныгаа санасан. Тухайн үед 20 гаруй хүүхэд клипэнд оролцсоноос зөвхөн миний хэсэг бүтнээрээ гардаг юм. Тэгэхээр 12 настай Becca аль хэдийн “Ocean grey” продакшнтай холбогдчихсон байсан гэсэн үг шүү дээ.
-Сэтгүүлч мэргэжлээр сурдаг шүү дээ. Яагаад урлагийн чиглэлээр сураагүй юм бэ?
-Өөрийнхөө дууны шүлгийг илүү сайн бичдэг болохын тулд энэ салбарыг анх сонгосон. Гэхдээ суралцах тусам төсөөлснөөсөө илүү зүйлийг сурч, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч байгаа.
-Ямар мэдрэмжээр өөрийгөө хөглөж, дуугаа зохиодог вэ?
-Эхнээсээ л дууныхаа үгийг өөрөө зохиодог байсан. Дунд нь шантарсан ч продюсер ах “Өөрийнхөө дууны үгийг өөрөө бичиж сурах хэрэгтэй” гэж сургасан учраас өөрийгөө шахаж, илүү сайн үг бичихийн төлөө хичээдэг юм билээ. Тэр хичээл зүтгэл минь намайг хөглөдөг юм болов уу.
-Уран бүтээлүүдээрээ сонсогчдод ямар мэдрэмж өгөхийг зорьж байна?
-Өөрийгөө олон төрлийн сэтгэл хөдлөл шингээсэн уран бүтээл хийж байгаа гэж боддог. Дуу бүрээрээ сонсогчдынхоо чухал үед хамт байхыг хүсдэг. Миний дууг сонсож байх үеийнх нь сэтгэл хөдлөлийг хадгалж, илүү мэдрүүлээсэй гэж боддог. Би бүх уран бүтээлдээ дуртай ч тэр дундаас Leomini дуундаа илүү дуртай. Учир нь, намайг эвдэж, өөрөөр нээсэн уран бүтээл.
-Яаж эвдсэн гэж?
-Би нэлээн зөөлөн хэмнэлтэйгээр эхэлсэн шүү дээ. Leomini дууг бичсэнийхээ дараа хүмүүст сонсгоход “Чи энэ дууг дуулж чадахгүй байх, чамд зохихгүй байх өөр хүнд өгөх хэрэгтэй” гэсэн. Хүмүүсийн сэтгэгдлийг сонсчхоод “Би энэ дууг дуулж чадна” гэж бодсон хэрнээ цаана нь “Нээрээ ч би чадахгүй юм болов уу” гэж эргэлзсэн. Тэр үед продюсер минь “Чи чадна өөрөө дуул” гэж урам өгсөн.
-Аав, ээж нь охиныхоо анхны бие даасан тоглолтыг үзэхээр догдолж суугаа байхдаа. “Ocean grey” продакшны 11 жилийн ойн тоглолтын үеэр ээжийгээ хараад хоолой нь зангирч байсан шүү дээ. Тэр үед ирнэ гэдгийг нь мэдсэн үү?
-Гэрийнхэн минь надад хүссэн бүхнээ хийх эрх чөлөөг олгодог. Хэрэгтэй эрх чөлөөг минь олгосон учраас өөрийгөө нээж, өнөөдөр дуучин гэж нэрлүүлж байгаа байх гэж боддог. Жаахан байхаас минь эхлээд дуулж байхад тайзны хойно хувцас бариад хүлээдэг байсан. Охиныхоо тоглолтыг хоног тоолон хүлээж, “Юу өмсөж явах вэ” гээд ярилцаж байна лээ. Надад мэдэгдэхгүйгээр “Миний охин дуучин” гээд бахархаж ярьдаг гэсэн. Тэр бүрийг нь сонсохоор хайр хүрээд байдаг. “Ocean grey” продакшны 11 жилийн ой тоглолт дээр ээжийг нүүрэн эгнээнд гараа өргөөд охиныгоо дэмжчихсэн зогсож байна гэж төсөөлөөгүй. Ээжийг хараад хоолой зангираад ирсэн.
-Хараахан цомог гаргаж амжаагүй байгаа шүү дээ. Тоглолтын дараа гаргахаар төлөвлөсөн зүйл бий юү?
-Төлөвлөж бэлдсэн зүйл бий. Цомог гаргах хэмжээний уран бүтээлүүдээ бэлдчихсэн байгаа.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Өөрийгөө бүрэн дайчилмаар байна. Надаас хэр хэмжээний уран бүтээл гарч чадахыг мэдэхийг хүсэж байгаа. Бүжиглэж, жүжиглэхээс эхлээд өөрийнхөө хийж чадах бүхнийг хийж, олон төрлийн мэдрэмж өгөх уран бүтээл хиймээр байна.
Тоглолт Corporate Convention Centre Event Hall-д болох бөгөөд тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан авах боломжтой.
BECCA: ДУУ БҮР МИНЬ СОНСОГЧИДТОЙ ХАМТ БАЙЖ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЬ ХАДГАЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |