• Өнөөдөр 2025-04-30

"БИД "ЭЭЖИЙН ДАЙСАН", "ЭЭЖ ЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ", "МИКРОНЫ БОСС", "ХАЛУУН БОРОО" ГЭЭД "МИЛЛ" КИНО КОМПАНИАС ТӨРСӨН БҮТЭЭЛ БҮХЭНДЭЭ ХАЙРТАЙ"

2025-04-30,   171

 Тэд “Ээжийн дайсан”, “Ээж ээ надтай гэрлээч”, “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” “Шарталт”, “Гангстерууд”, “Баян боол” тэргүүтэй нийт 12 бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагч, пропюсераар нь ажиллаж үзэгчдэдээ хүргэсэн. Тун саяхан нээлтээ хийсэн тэдний ээлжит бүтээл болох гал сөнөөгчдийн эр зориг, ажил, амьдралын тухай харуулсан “Халуун бороо” кино өдгөө кино театруудын дэлгэцнээ гарч буй. Энэ бол “Милл” кино компанийн зохиолч, найруулагч Д.Мөнхбат, түүний гэргий, продюсер С.Эрдэнэчимэг нар юм. Тэдний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Дүнжингаравын галын ослоос үүдэн “Халуун бороо” киног хийх санааг олсон юм билээ. Киногоо хийх явцдаа гал сөнөөгчдийн хүнд албыг бие, сэтгэлээрээ мэдэрч, түүнийгээ үзэгчдэд хүргэхийг зорьсон болов уу?

     -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Тийм ээ. Дүнжингаравын осол болдог өнгөрсөн оны нэгдүгээр сард бид гадаадад байсан юм. Өглөө сэрээд фэйсбүүк орсон чинь хүндхэн дэлбэрэлт болж, гал сөнөөгчид амь эрсэдсэн мэдээ түгсэн байсан. Тэндээс л гал сөнөөгчдийн эр зориг, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө юу золиосолж, яах гэж ажилладаг тухай кино хийх санаа төрсөн. Мэдээж хүн бүр гал сөнөөгчдийн тухай мэдэх байх. Хамгийн гол нь бидний уран бүтээлийг үзээд тэдний юу давж туулдаг, сэтгэл зүй, харилцаа нь ямар бадгийг мэдрээсэй гэж хүссэн. Үзэгчид тэр бүхнийг мэдэрч, уран бүтээлийг минь сайхан хүлээж авч байгаад урамтай байгаа.

-Энэхүү киноны зураг авалтыг хэдий хэр хугацаанд хийсэн бэ?

     -ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Киноны зураг авалт гурван сарын хугацаанд болсон. Анх 45 хоног зураг авна гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч гал гэдэг хүнд, дээрээс нь өмнө нь авч үзээгүй хүнд зургууд байсан учир дундаа сарын завсарлага авч хийсэн. Ерөнхийдөө энэ удаагийн бүтээлийн бүх л зураг хүнд байсан. Гэхдээ манай жүжигчид, уран бүтээлчид бүгд гар нийлж, уран бүтээлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж энэхүү ажлынхаа ард гарсан.

-Дүрүүд үзэгчдэд их сонирхолтой байсан. Уран бүтээлчдээ хэрхэн сонгосон бэ?

    -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Дүрийн хувьд эхний ээлжид залуу уран бүтээлчдээ харчихсан байсан. Хамгийн гол нь хамтрал багатай жүжигчдийг хооронд нь хамтруулбал сонирхолтой юм байна гэж бодож, дүрүүдээ сонгосон. Баатар ахмадын дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрхэмбаяр уран чадвар өндөртэй уран бүтээлч. Тиймдээ ч гол дүрийг сайн бүтээнэ гэдэгт итгэж, санал тавьсан. Бусад уран бүтээлчид маань ч ялгаагүй. Бидний саналыг таатай хүлээж авсан уран бүтээлчиддээ баярлаж байгаа. Залуу эмэгтэй жүжигчний хувьд дүрийн сонгон шалгаруулалт явуулж байгаад, СУИС-ийн III курсийн оюутныг сонгосон.

-“МИЛЛ” КИНО КОМПАНИЙН МААНЬ АНХНЫ БҮТЭЭЛ “ЭЭЖИЙН ДАЙСАН”-

-“Милл” кино компанийн хувьд бусад продакшнуудаас юугаараа онцлог вэ?

      -ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Манай компанийн хувьд өмнө нь МУГЖ Д.Баттөмөр, жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр нартай болон “Хүлэгү” пикчерс кино компанитай хамтарч байсан. Бидэнтэй хамтарсан бүх хүмүүст баярлалаа. Бидний хийж байгаа уран бүтээлийг анзаарвал манай зохиолч, найруулагч маань өөрөө их хөгжилтэй зан чанартай. Тийм ч болохоор инээдмийн кино ихтэй. Харин драм төрлийн “Ээж ээ надтай гэрлээч”, “Халуун бороо” гэж хоёр уран бүтээл байна.

-Бид ихэвчлэн киног ямар хүн найруулсан, продюсер, зураглаач, эвлүүлэгчээр нь хэн ажилласан бэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэгэхээр “Милл” кино компаниа анх хэрхэн байгуулсан талаараа яриа дэлгэж болох уу?

   -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Анх “Милл” кино компаниа 2011 онд найруулагч Б.Лхагважаргал найзтайгаа байгуулж байсан. Тэр үеэс гэр бүлийн хүн маань хамтарсаар өдгөө хүртэл хамтраад явж байна. Миний хувьд 2006 онд Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгсөөд, олон зүйл хийж явсаар байгаад “Милл” киногоо байгуулсан. Бидний анхны кино бол “Ээжийн дайсан”. “Милл” нэрний тухайд бол тархины хурд хэр хол явахыг, тархи хэр хурдан сайн сэтгэж чадах вэ гэдэг утгаар өгсөн нэр л дээ. Хурдан гэдэг нь богино хугацаанд биш аль болох сонирхолтой юм сэтгэж, зөв шийдвэр гаргах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

-ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Миний хувьд багш мэргэжилтэй. Гэсэн ч гэр бүлийнхээ хүнийг дагаад эргэлт буцалтгүй кино урлаг руу орсон. Хүүхэд байхдаа урлагт сонирхолтой байсан минь ч нөлөөлсөн болов уу.

  -Эгэл жирийн амьдралын тухай өгүүлсэн “Микроны босс”, хадам ээж, хүргэн хоёрын хөгжилтэй мөртлөө адал явдалтай харилцааг харуулсан “Ээжийн дайсан”, хүний сэтгэхүйгээр яаж ингэж тоглож чаддаг байна гэмээр “Ээж ээ надтай гэрлээч” гээд таны кинонуудыг үзэхээр сэдэв, жанрын хувьд өөр өөр байгаа нь анзаарагддаг. Магадгүй энгийн өдөр тутмын амьдрал, хүмүүсийн харилцаанаас ургуулдаг ч юм уу гэмээр санагддаг?

      -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Санаагаа мэдээж амьдралаас л олно. Тухайлбал, би микронд кондукторт хийдэг байхдаа “Микроны босс” киноны санааг олсон. Тэгэхэд хүмүүс ид микроор явдаг байсан үе. Энэ мэтчилэн аль болох “Хүний амьдралд ийм зүйл тохиолдвол яах вэ” гэдэг талаас нь харж санаагаа олдог.

-“БИД АР ГЭР, АЖИЛ ТӨРӨЛ, УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ БҮХ ЗҮЙЛЭЭ ХАМТДАА ШИЙДЭХИЙГ ЗОРЬДОГ”-

-Олон сайхан бүтээл хийж үзэгчдэд хүргэж байгаагийн цаана кино урлагт хайртай, энэ урлагийн төлөө бүх авьяас билиг, мэдрэмж, хүч хөдөлмөрөө зориулна гэсэн чин хүсэл, зорилго байгаа болов уу?

   -ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Хүний аливаа зүйлийг хийх хүсэл сонирхол нэн түрүүнд байдаг болов уу гэж бодож байна. Тэр ч үүднээс хажуудах ханиа дэмжих шиг сайхан зүйл байхгүй. Бид ар гэр, ажил төрөл, уран бүтээлийнхээ бүх зүйлийг хамтдаа шийдэхийг зорьдог. Хамгийн гол нь үзэгч бидний бүтээсэн киног үзсэндээ харамсах биш харин нэг ч гэсэн зүйлийг ойлгож, ухаарч, бодсон бол уран бүтээлч бидний зорилго биелж байгаа нь тэр. Манай кино компанийн зохиолч, найруулагч Д.Мөнхбат уран бүтээлээ аргацааж хийхийг боддоггүй. Бүгдийг яг таг, бодитой хийдэг. Продюсерын хувьд найруулагчийнхаа энэхүү зорилго, зорилтыг нь биелүүлэх гэж хичээдэг. Манай хүн киноныхоо ажилд орсон л бол ар гэр, найз нөхдийн асуудлыг орхиж, уран бүтээлдээ бүрэн өөрийгөө дайчилдаг. Зохиолоо бичихдээ тархин дотроо удаан бодож байгаад цаасан дээр буулгадаг. Тэр ч үүднээс мэргэжлийн ур чадвар дээр нь ханиараа бахархдаг.

-НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Миний хувьд киноноос өөр юм хийе гэж нэг ч удаа бодож байгаагүй. Ямар ч байсан киногоороо хоолоо олж идье, ажиллаж, амьдарья гэж зорьдог. Энэ бол миний эзэмшсэн мэргэжил. Анх би жүжигчин болно гэж бодож байснаас найруулагч болно гэж бодож байгаагүй. СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Тэгээд л Кино урлагийн дээд сургуульд шалгалт өгч байхад багш маань надад найруулагчийн ангийг санал болгосон юм. Сурч байх явцдаа найруулагч мэргэжлийн үнэ цэнийг мэдэрсэн. Хүмүүс “Найруулагчийн мэргэжлийг заавал сурах албагүй, мэдрэмжээрээ хийдэг” гэж ярьдаг л даа. Гэхдээ миний хувьд найруулагчийн мэргэжлийг сурсан, эзэмшсэн. Энэ бол тусгайлан заадаг, хүний мэдрэмжийг хөгжүүлдэг мэргэжил.

-Таны хамгийн гол дэмжигч, туслагч нь продюсер хань нь байдаг болов уу?

       -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Мэдээж тэгэлгүй яах вэ. Бидний хувьд киноныхоо ажилд орж, зураг авалт эхэлбэл гэр бүл биш тус тусын үүргийнхээ хүрээнд ажиллана. Нэгнээ ойлгож, дэмждэг хүмүүс нэг зорилгын төлөө явахад их амар байдаг. Тухайлбал, өнөөдөр нэг зүйл ярьж төлөвлөөд, маргааш шинээр өөр санаа төрж өөрчлөгдөхөд түүнийг гүйцэлдүүлж л байдаг. Би яг л алтан загасны эмгэн шиг ийм, тийм зүйл хэрэгтэй байна гэхэд продюсер маань бүгдийг биелүүлж байдаг. Тэгэхээр сэтгэл амар, бүтээмж өндөртэй байдаг. Өөр продюсер, өөр хүнтэй ажилласан бол олон зүйл хүсэж чадахгүй байх гэж боддог.

-Уран бүтээлчидтэй ажиллахдаа баримталдаг зарчим бий юү?

      -ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Би эмээгийнхээ, хань маань өвөөгийнхөө хайранд өсөж, сургаалийг нь сонссон болохоор хүмүүстэй эвтэй байх, бусдад сайхныг санахын чухлыг мэддэг. Энэ л хүмүүжлээрээ бид бусадтай болон гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг, амар амгаланг эрхэмлэдэг улс л даа. Киноны тухайд ч ялгаагүй зураг авалтын үеэр аль болох уран бүтээлчдээ завсар зайгаар нь амрааж, амт шимтэй хоол идүүлж, тух тааваар нь байлгахыг хичээдэг.

-Та бүхэн цаашид юунд зорьж байгаа вэ. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу. Одоо хийснээсээ өөр жанрын кино хийе гэсэн бодол байдаг уу?

    -НАЙРУУЛАГЧ Д.МӨНХБАТ: Миний хувьд олон сар, жилээр төлөвлөгөө гаргадаггүй. Нэг бүтээлийнхээ ард гарсны дараа “Одоо юу хийж болох вэ” гээд боддог. Тухайлбал, “Баян боол” киног дуусчихаад юу хийх вэ гэж бодож байгаад санаандгүй аймшигт галын дэлбэрэлт болоод, түүнээс кино хийх сэдэл төрсөн.

-ПРОДЮСЕР С.ЭРДЭНЭЧИМЭГ: Мэдээж санал нэг байна. Гэхдээ нэгэнт кино урлагт байгаа юм чинь компанийнхаа зохиолч, найруулагчид наадмын нэг,  түүхэн нэг кино хийж үзье гэсэн саналыг тавьж байгаа. Энэ санал маань удахгүй биелэх байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.


"БИД "ЭЭЖИЙН ДАЙСАН", "ЭЭЖ ЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ", "МИКРОНЫ БОСС", "ХАЛУУН БОРОО" ГЭЭД "МИЛЛ" КИНО КОМПАНИАС ТӨРСӨН БҮТЭЭЛ БҮХЭНДЭЭ ХАЙРТАЙ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188