• Өнөөдөр 2024-03-28

Найруулагч Д.БЯМБАСҮРЭН: Камерын өмнө биш, ард нь зогсож үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн

2021-02-06,   2792

Д.Бямбасүрэн хэмээх нэрийг "Ингэний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн эр хоёр загал" зэрэг бүтээл нь тодорхойлж, кино урлагийнхан түүнийг андахгүй ч хувь хүн нь хэн бэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр 2015 онд "Ингэний нулимс" киногоороо Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан бол өдгөө 16 жилийн дараа Оскарт "Алтан судал" бүтээлээ сойх гэж байна. Уран бүтээл нь үргэлж түүний өмнөөс "ярьдаг" ч өөрөө хэр барагтаа ам нээж байгаагүй түүнийг жаахан ч гэсэн таних үүднээс эхэлсэн ярилцлагаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн анх хэрхэн кино урлагт дурлаж байсан түүхээс тань асуултаа эхэлье?

-Би 220 мянгатад төрж, өссөн минь кино урлагт дурлахад их нөлөөлсөн гэж боддог. Учир нь би Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр, Ард кино театртай ойрхон өссөн.

Аав, ээжийн захисан сүү, талхны мөнгөний хариултыг кинонд л зарцуулдаг байлаа.

-Монголд суралцаж, ажиллаж байгаад ХБНГУ-ын Мюнхен хот руу суралцахаар явсан шүү дээ. Хэзээнээс кино найруулагч болохоор эргэлт буцалтгүй шийдэв?

-Үндэсний телевизэд ажиллаж байхдаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Гэвч удалгүй бид зах зээлийн нийгэмд шилжиж, хүмүүст зах зээлийн тухай ойлголт өгөх зорилгоор UNDP-ийн захиалгаар цуврал баримтат кино бүтээлд хөтлөгчөөр оролцож байв. Анхны ардчилсан ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцож явлаа.

Энэ үед камерын өмнө зогсоод өөрийнхөө үгийг хэлэх боломжгүй, дандаа бусдын зааварчилгаагаар ажиллаж байсан учраас камерын өмнө биш, ард зогсож, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн юм. 

 


-“Алтан судал” бүтээлийнхээ нээлтийг хийх гэж байтал хөл хорио тогтоочихлооТийм хэдий ч гадаадын кино наадмуудад амжилттай оролцож, Оскарт хүртэл нэр дэвших гэж буй нь бахархам мэдээ байлаа. Энэ киноны санаа хэрхэн бүтсэн бэ?

-Герман, Францын хамтарсан телевизийн захиалгаар "Азийн нууцууд" хэмээх цувралын Монгол дахь найруулагчаар ажиллаж байгаад нэгэн залуухан багийн даргатай танилцсан юм. Тэр залуу эхнэртэйгээ хоёулаа хуулийн мэргэжилтэй хэдий ч хөдөө орон нутагт ажиллаж байгаа нь миний анхаарлыг татсан билээ. Бид юуны ч тухай ярилцсан алтны уурхайн талаарх сэдэв хөндөгдөж байсан. Энэхүү сэдэв нь "Монголын эмгэнэл" болсон юм байна гэдгийг ойлгож "Алтан судал" киногоо хийх санаа төрсөн дөө.

-Та киноныхоо дүрд мэргэжлийн жүжигчин тоглуулахаас илүү тухайн орчинтой илүү ойр хүнийг сонгодог. Ингэснээр кино бүтээл тань илүү бодитой, амьтай болдог юм шиг санагддаг. Харин “Алтан судал” бүтээлдээ мэргэжлийн жүжигчид тоглуулжээ?

-Энэ бол миний анхны уран сайхны кино. Гэхдээ хуучны зангаа тавилгүй нинжа нарын дотор жинхэнэ "нинжа" хольсон нь тэднээс суралцах зүйл их байсных гэж хэлнэ.

-“Чингисийн эр хоёр загал” кинонд Өвөрмонголын дуучин Урнаа Цахар дүр бүтээсэн шүү дээ. Та хоёр хэрхэн танилцаж, нэгнээ ойлголцож, кинонд дүр бүтээх болсон бэ?

-Урнаатай Мюнхен хотын ойролцоо амьдарч байхдаа танилцсан юм. Тухайн үед тус хотод монгол барааны нэгэн дэлгүүр ажилладаг байсан юм. Тэр дэлгүүрийн эзэгтэй бид хоёрыг танилцуулснаар хамтран кинонд ажиллахаар болсон доо.

-Кино урлагт дуртай, шимтэгч хүний хувьд асуухад, та уран бүтээлээ хэрхэн туурвидаг вэ?

 -Ерөнхийдөө өөрийн сурсан мэргэжлийн дагуу киногоо бүтээдэг гэж хэлж болно.

-Таны хувьд уран бүтээлч, тэр дундаа кино уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх бол. Эсвэл ямар нэгэн тогтсон ойлголт, тодорхойлолт байхгүй юу? 

-Кино найруулагч гэдгийг "хамгаалагдаагүй" мэргэжил гэж боддог. Жишээлбэл, хэн дуртай нэгэн нь өөрийгөө эмч гэж нэрлэн, бусдыг эмчилж болохгүй бол ямар ч хүн өөрийгөө кино найруулагч гэж хэлж болдог. Тэгэхээр тогтсон зүйл байхгүй гэсэн үг.

-Та Монгол соёл, уламжлалыг сэдвээ болгодог шүү дээ. Энэ нь таны бага настай холбоотой юу?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Хөдөө нутгийг ердөө зурагтаас л хардаг байлаа. Хүүхэд нас минь 220 мянгатад өнгөрсөн. Өвөл болохоор паркийн мөсөн гулгуурт тоглож , зундаа Энхтайвны гүүрний хажууд бидний хэлж заншсанаар "ногоон зүлэг" гэдэг газар тоглож өссөн. Арай том болоод Хүүхдийн пионерын ордны жүжгийн дугуйланд орж суралцсанаар миний амьдрал урлагтай холбогдсон юм.

-Таны кино бүтээлүүд монгол дуутай шууд холбогддог. "Ингэний нулимс", “Чингисийн эр хоёр загал”, “Алтан судал” бүтээлүүд ч мөн адил. Дуу таны хувьд чухал нөлөөтэй мэт санагдлаа?

- Ямар ч киног дуугүйгээр төсөөлөхийн аргагүй дээ. Ганцхан миний ч кино биш, бүхий л киног дуугүй төсөөлшгүй шүү дээ.

БИ ДАРУУ БИШ, УРДАХ АЖИЛДАА Л ТӨВЛӨРДӨГ ХҮН

-Хүмүүст таныг Герман Улсад уран бүтээлээ туурвидаг гэдгээр илүү мэддэг. Тийм хэдий ч таны уран бүтээлүүдийг Монголоос салгах боломжгүй. Гадаадад уран бүтээлээ туурвидаг монгол уран бүтээлч байх ямар байдаг вэ?

-Сайхан, муухай хоёулаа л бий. Энд тэндхийн кино наадмуудад оролцоход Ази болон Европ тивийг хоёуланг нь төлөөлдөг нь сайхан. Нөгөө талаар нэг жишээ хэлэхэд, "Алтан судал" киноноос өмнө Германы хүүхдийн кино зохиолын уралдаанд миний зохиол шалгарлаа. Гэтэл төгсгөлийн шатны шалгаруулалтад биеэр оролц гэсэн юм. Продюсертойгоо хоёулаа ярилцлагад ороход надаас ганцхан асуулт асуусан нь "Та манай Германы ард түмнийг яагаад ийм мангар хүмүүс болгоод биччих вэ" гэсэн. Би "Надад герман хүн байх, монгол хүн байх нь чухал биш ээ. Хүүхдийн өнцгөөс харвал том хүмүүс бүгд мангар харагддаг" гэж л хариулсан. Хоёр соёлын ялгаа нь энэ. Хүүхдийн кинонд зөрчил нь ихэвчлэн том хүн, хүүхэд хоёрын хооронд явагддаг учраас энэ асуултыг герман найруулагчид хэзээ ч тавихгүй байсан гэж боддог.

-Ингэж асуусных гаднынхан таны бүтээлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Дэлхийн 70 гаруй оронд миний уран бүтээл гарсан гэж бодохоор хүмүүс сайхнаар хүлээж авсан гэж ойлгодог шүү.

 

-Таны бүтээлүүд алдартай хэдий ч та өөрөө хэтэрхий даруухан хүн мэт санагдлаа?

 -Би даруу хүн биш ээ. Урдах ажилдаа л төвлөрдөг хүн дээ.

-Танд уран бүтээлчийн хувьд эмзэглэж явдаг зүйл бий юү?

-Монголын ирээдүй л миний эмзэглэж явдаг зүйл. Миний уран бүтээл ч мөн үүн дээр л амьдарч байна.

-Таны бүтээлүүд зөөлөнэнгийн мэт боловч маш бодитой байдаг. Ингэж гаргана гэдэг найруулагчийн хувьд том чадвар гэж боддог юм.

-Би баримтат киноны найруулагч. Тиймээс эдгээр шинж миний уран бүтээлд тодорхой хэмжээгээр тусгалаа олдог байх.-Кино зохиолоо хэрхэн гаргаж, төлөвлөдөг вэ. Тэр тусмаа “Ингэний нулимс” кинонд 100 хувь төлөвлөгөөтэй явах боломжгүй санагдсан?

-Үүнд л баримтат кино, уран сайхны киноны ялгаа оршино. Баримтат кинонд 100 хувийн төлөвлөгөө гаргах боломжгүй.

-Монголын өнөөгийн кино урлагийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

 -Миний хувьд монгол кино урлаг хөгжиж л байна гэж хардаг.

-Та кино бүтээлээрээ л өөрийгөө илэрхийлж иржээ. Харин таны дотоод хүний тухай бид тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Жаахан хүүхэд шиг сониуч байдлаар асуухад та ямар хүн бэ?

-Намайг ойлгоё гэвэл миний кинонуудыг үзээрэй л гэж зөвлөе дөө.

-Таны дараагийн бүтээл ямар бүтээл байх бол. Та дараагийн бүтээлдээ орсон уу?

-Дараагийн зохиолоо бичсэн. Хэрвээ энэ зохиол бүтээл болбол уран сайхны кино байх болно.

Найруулагч Д.БЯМБАСҮРЭН: Камерын өмнө биш, ард нь зогсож үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-17 20:13:00
    Эрхэм: Мөнхийн бүтээл үлдээгээгэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-03 07:16:28
    йыбө: Чатаар ярилцсан юм уу? Ямар богинохон хариулт өгдөг юм бэ дээ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 23:14:51
    G.Alimaa: Naiziinhaa uran buteeld undoroos undor amjilt husiye.ALTAN SUDAL kinogooroo OSKAR avahiin eruul devshuulye.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 11:59:34
    Д.Тэгшбаяр : Уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулсан мундаг найруулагч бүсгүй шүү урлагын Янжинлхам бурхан нь өнө мөнхөд ивээж байх болтугай танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье Алтан судал кино нь их юм дуулгах байхаа амжилт хүсье ээ .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 10:30:30
    В.Хасбаатар: Уран бүтээлдээ чин сэтгэл зүрхээ зориулсан,чадварлаг маш зарчимч найруулагч..Алтан судал киногоороо Оскар авахын ерөөл дэвшүүлье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 08:18:30
    Ганзаа: Найруулагч Бямбасүрэндээ оскар аваарай гэж ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-02 08:18:20
    Ганзаа: Найруулагч Бямбасүрэндээ оскар аваарай гэж ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-01 13:35:09
    bilegsaihan: Mongol tur ene hvniig neg anzaaraad haraasai l gej hvsej bndaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-01 09:48:26
    Zochin: Bayarlalaa, anh udaa l rne hunii yariltslagiig unshij bn
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188