Шүүхээр шийдвэрлэсэн бодит хэргүүдийг уран сайханжуулан дэлгэцнээ бүтээгээд буй “Хавтаст хэрэг” киног үзэгчид хэдийнэ мэдэх билээ. Тэгвэл “Хавтаст хэрэг-2” киноны 16 анги үзэгчдэд хүрч буй эдгээр өдрүүдэд бид энэхүү киноны найруулагчаар ажилласан “Хүлэгү” пикчерсийн уран бүтээлч Ч.Баярсайханыг урьж, ярилцлаа. Түүний хувьд тус пикчерст 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд “Хавтаст хэрэг-2” кино ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүтээл нь байна.
-“Хавтаст хэрэг-2” киноны найруулагчаар анх хэрхэн ажиллах болов?
-“Хавтаст хэрэг-1” киног найруулагч Б.Дамдинсүрэн ах найруулсан. Бид их дотно нөхөрлөдөг л дөө. Миний хувьд эхний бүлгийн хоёр анги дээр туслаад, ерөнхий найруулагчаар ажилласан юм. Хоёрдугаар бүлгийн тухайд “Хүлэгү” пикчерсээс ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан.
-Киноныхоо зураг авах обьектуудаа хэрхэн сонгосон бэ?
-Жанрын хувьд гэмт хэргийн, анги бүрдээ өөр өөр үйл явдал гардаг болохоор олон газар сонгож киноныхоо зургийг авсан. Тухайлбал, киноны орон нутагт өрнөх хэсгийг Дархан, Сэлэнгэ, Шарын гол гэх газруудад авсан бол хотод мөн олон газар обьект сонгож зураг авалтаа хийсэн. Мэдээж гүйцэтгэх продюсер болон кино багийнхан зургийн даргаар ажилласан С.Өлзийхүү эгчтэй ярилцаж газраа сонгосон.
-Үзэгчдийн зүгээс “Хавтас хэрэг” киноны эхний бүлэг дээр дүр бүтээсэн уран бүтээлчид яагаад хоёр дахь бүлэгт нь тоглоогүй юм гэж байсан. Ерөнхий найруулагчийн хувьд та дүрээ сонгосон байх?
-Хоёрдугаар бүлгийн хувьд продюсер болон миний зүгээс аль болох шинэ дүрийг эрэлхийлэхийг зорьсон. Өмнөх бүлгийн хувьд гол дүр олон байхаас гадна шинжээч нь хамт байсан бол энэ удаад бид тэднийг тус тусдаа үүргээ гүйцэтгэн ажилладаг гэдгийг илүүтэй харуулахыг зорьсон. Үзэгчид анзаарсан бол шинжээчид дотроо мөн чиглэлээсээ хамаараад ангилагдаж байгаа. Үндсэн хоёр гол дүр дээр эмэгтэй дүр шинээр орж ирсэн.
-Ангиудад гарч буй дүрүүдийн хувьд хэрхэн сонголт хийсэн бэ?
-Дүрийн хувьд аль болох кинонд төдийлөн гараад байдаггүй дүрүүдийг сонгохыг хичээсэн. Гэхдээ Монголын нөхцөлд олон ангит кинонд 100 хувийн бэлтгэлтэй ажиллахад хүндрэлтэй. Анги бүрдээ өөр уран бүтээлчид тоглож буй учир туслах дүрүүд олонтой байсан.
-Киноныхоо зургийг хэдий хугацаанд авсан бэ?
-Зургаан сар орчмын хугацаанд авсан. Үндсэндээ бэлтгэл ажилтайгаа нийлээд 10 сар гаруйн хугацааны ажил болсон.
-Шүүхээр шийдвэрлэгдсэн бодит хэргүүдтэй танилцаж байхад танд ямар санагдаж байсан бэ. Бодит хэргүүдийг үзэгчдэд хэрхэн сонирхолтойгоор хүргэх вэ гэдэгт илүүтэй анхаарч ажилласан болов уу?
-“Хавтаст хэрэг” кино бодит хэргүүдийг уран сайханжуулж хүргэсэн. Хамгийн гол нь Монголд болсон онцгой бодит хэргүүд шүү дээ. Эдгээр сэдвүүдээс Цагдаагийн ерөнхий газар болон “Nomadia”, “Хүлэгү” пикчерын уран бүтээлчид хамтран ярилцаж байгаад алиныг нь үзэгчдэд хүргэх вэ гэж сонгосон. Мэдээж гэмт хэргийн төрлийн гадаадын олон кино бий. Тэдгээрээс бидний хийгээд буй “Хавтаст хэрэг” кино Монголд болсон хэргийг Монголын цагдаа нар хэрхэн илрүүлж, хэрхэн ажилладгийг харуулж буйгаараа онцлогтой. Миний хувьд энэхүү киног аль болох энгийн, бодитойгоор найруулахыг хичээсэн. Нөгөө талаар тус киног үзсэн хүмүүст гэмт хэргээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сануулахад чиглэсэн. Тухайлбал, “Хавтаст хэрэг-2” киноны зургадугаар ангид гарч байгаа цахим охидын хэргийг үзээд, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ цахим орчин дахь харилцаанд хяналт тавихгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож авч байгаа. Энэ л бидний бүтээлээрээ дамжуулан хүргэж буй гол санаа шүү дээ.
-Танд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хэрэг аль нь байв?
-“Хавтаст хэрэг-2” киноны нэгдүгээр ангийн зохиол байна. Зохиол дээр нь би кино зохиолчтойгоо хамтран гар бие оролцож ажилласан. Хэдий уран сайхан нэмж байгаа ч үндсэн суурь хэрэг нь өөрөө аймар санагдаж байсан. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэгч хүн их эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Хэдий гэмт хэргийн төрлийн кино ч бидний хувьд аль болох сэрэмжлүүлэг байдлаар, ийм гэмт хэрэг гардаг ч энэ бүхний төлөө тэмцдэг хүмүүс, цагдаа нар байдаг гэдгийг мөн хэлэхийг хүссэн.
-“Хавтаст хэрэг-2” киноны эхний ангиуд дарааллаад эмэгтэйчүүд рүү чиглэсэн байна гэх сэтгэгдэл ч үзэгчдээс гарч байсан. Энэ тухайд та найруулагчийн хувьд ямар тайлбар өгөх бол?
-Мэдээж яг тэгж сонгоод, чиглэсэн зүйл байхгүй. Магадгүй эхний ангиудад дандаа эмэгтэйчүүдийн тухай гарахаар үзэгчид тэгж ойлгоод байж мэдэх юм. Тохиолдол нь тэгээд таарсан болохоос бидний хувьд зориудаар ангиудаа тэгж сонгоогүй юм. Энэ бол шүүхээр шийдвэрлэсэн бодит хэргүүд гэж буй боловч уран сайхан орсон гэдгийг үзэгчид сайн ойлгох нь чухал. Манай киноны зохиолыг кино зохиолч Сумъяа, найруулагч, жүжигчин С.Баттулга ах хоёр ангиар нь хуваан авч бичсэн.
-800 хятадтай ангийг үзэхэд, гол буруутан нь УИХ-ын гишүүн хүн байгаа юм. Кинон дээрээ яагаад гишүүнээ барихгүйгээр дуусаж байна вэ?
-Ерөнхий найруулагчийн хувьд тухайн хүнийг барих нь цаг хугацааны асуудал гэж бодсон. Түүнийг заавал барьж байгааг үзэгчдэд харуулахыг хүсээгүй.
-Тулга хошуучийг чадварлаг мөрдөгч гэдгээс гадна сайн аав гэдгийг хамтад нь харуулахыг зорьсон юм байна гэж харсан?
-Тийм ээ. Уг нь хоёр дахь бүлэг дээрээ мөрдөгчдийнхөө ар гэрийг илүүтэй харуулж, цагдаа ч гэсэн ардаа амьдралтай гэдгийг үзүүлэхийг зорьсон ч цаг хугацааны хувьд төдийлөн болоогүй. Тэгээд л үгүй ядаж Тулга хошуучийг охинтой нь ойр байлгахаар бодсон юм.
“Мөрдөгч” киноны Гарьд мөрдөгчийг “Хавтаст хэрэг-2” кинонд хурандаа цолтойгоор гаргаад ирсэн нь сонирхолтой байсан?
-“Мөрдөгч” “Хүлэгү” пикчерсээс хийсэн байсан 40 ангит кино. Тухайн үед би эвлүүлэгчээр ажиллаж байсан. “Хавтаст хэрэг-2” киног хийхээр бэлтгэл ажил болж байхад зөвлөх зураач маань “Мөрдөгч” киноны Гарьдыг оруулж ирэхийг санал болгосон. Тэгээд л Тулгын дарга, тэгсэн хэр нь найзын дүрээр Гарьд хурандаагийн дүрийг оруулж ирсэн. Жүжигчин Ч.Болд ах ч энэ саналыг сайхнаар хүлээж авсан. Өөрөө ч Гарьдынхаа дүрд их хайртай юм билээ.
Энэ хүрээд бид "Хавтаст хэрэг-2" киноны тухай яриагаа өндөрлөсөн юм. Тэрбээр "Би аялал жуулчлал, зочид буудлын менежментээр төгссөн. Багаасаа кинонд дуртай, дуу хөгжим сонсдог байсан. Тэгээд л сонирхлоороо кино урлаг руу орсон. Дуртай учраас өдгөө хүртэл кинонд ажиллаж байна" гэж байв.
НАЙРУУЛАГЧ Ч.БАЯРСАЙХАН: “ХАВТАСТ ХЭРЭГ” КИНО ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН БОДИТ ХЭРГҮҮД ГЭЖ БУЙ Ч УРАН САЙХАН ОРСОН ГЭДГИЙГ ҮЗЭГЧИД ИЛҮҮ ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ |
|