• Өнөөдөр 2025-02-05

МУГЖ Ц.БАЯСГАЛАН: ЭДИТ ПИАФ НАДААС ТЭС ӨӨР

2024-11-29,   242

  Монгол Эдит Пиаф хатагтай маргааш дахин нэг үдшийг үзэгчидтэйгээ өнгөрөөж, гайхалтай дуунуудаасаа эгшиглүүлэх нь. Тэр бол УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Баясгалан. “Би Эдит Пиаф байна” моно мюзикл жүжгээрээ этгээд, эрх чөлөөт Францын домогт дуучин Эдит Пиафыг бидний дэргэд авчирч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатарын сонирхолтой, содон найруулгаар олон улсын олон ч уралдаан тэмцээнээс шагналын хур буулгасныг уншигч, үзэгч та хэдийнэ мэднэ. Энэхүү жүжгээ  дахин тоглох гэж буйтай нь холбоотойгоор түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Анх хэрхэн “Би Эдит Пиаф байна” жүжигт тоглох болсон тухайгаас нь яриагаа эхэлье?

     -Тийм ээ, “Би Эдит Пиаф байна” жүжгийг 10 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн найруулгаар анх тайзнаа тоглож байлаа. Энэ хугацаанд арав гаруй фестивалиас олон сайхан шагналыг эх орондоо авчирлаа. Гадны улсад жүжгээ тоглохоор очихдоо бусад жүжигчний тоглолтыг харж, өөрийнхөө жүжигт шингээж, тэднээс суралцдаг. Энэхүү жүжгээ энэ оны аравдугаар сарын 8,9-нд тоглосон. Үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр дахин тоглох гэж байна. Одоо хүртэл хүмүүс Эдит Пиафын дуунуудыг сонсох дуртай. Түүний дуунуудаар дэлхийн олон уран бүтээлч хоолоо олж иддэг. Монголд гэхэд би түүний тухай жүжгийг тоглож, 10 жилийн хугацаанд олон сайхан дурсамж бүтээсэн. Холливудад Эдит пиафын тухай кино хийгээд, гол дүрд нь тоглосон Францын жүжигчин Оскарын шагнал хүртэл хүртсэн байх жишээтэй. Үнэхээр ч агуу түүхтэй, гайхалтай дуунуудтай уран бүтээлч. Тэрээр 47-хон наслахдаа 90 хэдтэй хүн шиг жижгэрч, үе мөч нь хавдаж, нас барсан байдаг. Гэсэн ч түүний хоолой эцсээ хүртэл гоё хэвээр байсан. Олон  гайхалтай залуучуудтай амьдарсан. Миний жүжигт Эдит Пиафын дуунууд нь ямар хайрын түүхээс нь сэдэвлэж гарсан тухай нь болон амьдралынх нь түүхийг өгүүлдэг. “Би дуулахгүйгээр, дурлахгүйгээр амьдарч чадахгүй” гэх түүний сайхан үг бий.  Саяхан болсон тоглолтыг Б.Баатар найруулагчийн маань гэргий нь ирж үзсэн. Жүжгийн тухай“Хань минь дэргэд минь байгаа юм шиг, түүний минь сэтгэл зүрх шингэсэн, бүх юм нь нэвт мэдрэгдсэн сайхан бүтээл байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна лээ.

Тухайн үед найруулагчийнхаа хүссэн, би өөрөө мэдрээгүй юмнуудаа би арван жилийн хугацаанд олон улсад жүжгээ тоглох явцдаа, бусад жүжигчдийн тоглолтыг хараад “Найруулагч надаас ийм зүйл хүсэж байсан байна” гэдгийг ойлгосон.

-Таны хувьд анх яагаад энэ уран бүтээлчийг сонгож, тоглоё гэж бодсон  юм бэ?

        -Тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу одоо “Гэгээн муза” академийн 10 жилийн ой тохиож байлаа. Тэгэхэд анх удаа нэг хүний жүжгийн төрөл орж ирсэн. Тэгээд Ардын жүжигчин С.Сарантуяа эгч надад “Баясаа чи дуулдаг юм чинь дуутай ийм гоё жүжиг байна. Энэ жүжигт ажиллаач” гэх санал анх тавьж байсан. Ингээд л би зохиолоо уншиж, ажиллаад, Б.Баатар найруулагчид санал тавьж байсан.

-Таны тоглолтыг үзсэнийхээ дараа Б.Баатар найруулагч танд юу гэж хэлж байсан бэ?

        -Найруулагч маань сэтгэл хангалуун байсан. Нээлтээ хийгээд удаагүй байхдаа олон улсаас гранпри шагнал авчирсан юм. Найруулагч маань баярлаж, бахдаж байсан ганцхан жишээ хэлэхэд, сэтгүүлч Б.Баатар найруулагчаас “Та ер нь хэр онгирдог вэ” гэж асуухад, “Миний бүтээл олон улсад гранпри шагнал аваад байхад би өөрийгөө мундаг гэж магтах шаардлагагүй биз дээ” гэж хэлсэн байдаг.

-Харин үзэгчдийн зүгээс санаанаас тань гардаггүй ямар сэтгэгдэл бий бол?

          -Монгол гэлтгүй гаднын үзэгчид ер нь бол жүжиг дууссаны дараа огт холдож чаддаггүй. Хамт байгаад л байх сонирхолтой байдаг. Мөн нэг сонирхолтой зүйл ярихад, нэг найз маань уулзах бүрдээ “Одоо хүртэл санаанаас гарахгүй байна” гээд миний жүжгийг надад яриад байдаг тохиолдол ч байгаа.

-Нэртэй, домог болсон дуучны дуу хоолойг гаргана гэдэг таниас их ур чадвар шаардсан байх?

   -Тэгэлгүй яах вэ. Тоглолтоосоо өмнө хэдэн өдрөөр хоолойны дасгал хийх, хоолойгоо сэрээх сургуулилалт хийж байж тоглоно.

- “Эдит Пиаф” моно хэлбэрээр дэлхийн өөр улсуудад тавигдсан уу?

      -Хэд хэдэн жүжиг бий. Гэхдээ Ц.Баатар найруулагчийн тавьж өгсөн шиг ийм гоё биш.

-Та энэ эмэгтэйтэй зан чанарын хувьд ижил төстэй юү?

        -Надаас зан чанарын хувьд огт өөр. Миний хувьд хоёр багшийн гэр бүлд төрсөн. Аав, ээж маань сурган хүмүүжүүлэгчид учир “Болохгүй” гэдэг зүйлийг багаас суулгаж өсгөсөн. Тэгэхээр миний суурь хүмүүжил ийм. Харин Эдит Пиафын хувьд эсрэгээрээ. “Болохгүй” гэх зүйл түүнд нэг ч байхгүй, дур зоргоороо амьдарсан. Архичин, хар тамхичин гээд өөртөө хайр гамгүй амьдарсан эмэгтэй. Гэхдээ бие жижиг байдал, өргөн дух, дүр төрхийн хувьд бид төстэй.

-Уран бүтээлч хүнд гэр бүлийнхний сэтгэгдэл хамгийн мартагдашгүй байдаг байх. Нөгөө талаар “Миний охин ямар мундаг уран бүтээлч болоо вэ” гэх аав, ээжийнхээ бахархлыг мэдрэх сайхан байх?

           -Ээж, дүү нар маань сая тоглосон жүжгийг үзсэн. Миний хувьд гэр бүлийнхнээ билетгүй үзүүлсэн л дээ. Гэтэл ээж минь “Ээж нь үнэхээр жаргалаа. Бид тийм гоё юм үзэж, тийм сайхан оройг өнгөрөөчихөөд юу ч өгөхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай байна” гээд мөнгө шилжүүлсэн байсан. Тэгэхээр ээжид минь тэгтэл л их таалагдсан байгаа юм.

-Гэр бүлээсээ та ганцаараа урлагийн хүн үү?

          -Хоёулаа. Бага охин дүү минь зураач.

-Анх жүжигчин мэргэжил сонгоход аав, ээж нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

         -Нэгдүгээр ангиасаа хойш орос дуу дуулж концертод оролцдог байсан. Бага байхад  зурагтаар дандаа орос кино, балет, дуурь гардаг байлаа. Тэгээд л жүжигчдийг нь дуурайгаад, дууг нь дагаж дуулна. Аав “Хэзээ нэг миний охин тайзан дээр ингээд дуулж, бүжиглээд явж байх бол доо” гэдэг байсан. Тийм ч болохоор жүжигчин мэргэжил сонгоход хорих хүн манайд байгаагүй.

-Та бас театртаа үнэнч уран бүтээлчдийн нэг шүү дээ. Магад таны сонголт, зарчимтай холбоотой болов уу?

        -Тийм ээ, хошин урлагийн продакшнууд руу гараад явчих бодол төрж байсан. Тэгэхэд Ардын жүжигчин Ц.Гантөмөр багш маань “Баясаа чи тайзны хүн шүү. Миний охин битгий тийм сонголт хийгээрэй” гэж захиж байсан. Мөн дээрээс нь миний тайзны ярианы багш болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Уртнасан багш маань “Чи яг тайзны жүжигчин шүү” гэж хэлдэг байсан. Тэгээд л багш нарынхаа үгэнд орж, өнөө хүртэл тайзан дээрээ байна.

-Та моно жүжгийг Монголдоо түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Олон сайхан шавьтай болсон байх?

     -“Монголын моно жүжгийн төв” гэж төрийн бус байгууллага байгуулсан. Олон улс руу олон тэмцээн, наадамд явсан болохоор өөрийнхөө үзэж, суралцсан бүхнээсээ хуваалцаж, энэ төрлийг Монголд хөгжүүлэхийн төлөө хичээж байна. Төвөө байгуулснаасаа хойш 10 жилийн ой дээрээ ирсэн байна. Авьяастай олон сайхан шавьтай болж байна.

-Одоо моно жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа юм байна?

         -Ганцаархнаа гадагшаа яваад байлтай биш, моно жүжгээр шавь нараа гэрэтүүлж, уран бүтээлчдээсээ олон улс руу гаргамаар болоод ирэхээр найруулагчаар ажиллахаас өөр аргагүй. Хамгийн гол нь жүжигчнээ зөв тоглуулах нь чухал байгаад байна. Б.Баатар найруулагчийн надаас анх шаардаж байсан шиг энгийн тоглолтыг жүжигчдэдээ суулгаж, өөрөө гардаж найруулахгүй бол хэт хиймэл, хүчтэй тоглолтууд гарах гээд байх талтай.

-Ярилцсанд баярлалаа.

      -Баярлалаа.


МУГЖ Ц.БАЯСГАЛАН: ЭДИТ ПИАФ НАДААС ТЭС ӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-29 18:14:25
    Зочин: Цоо шинэ зам гаргаж, сайхан дүр бүтээж, дүрээрээ амьдарч, араасаа залуусыг дагуулж байгаа нь тун бахархууштай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-29 14:42:57
    ЗОЧИН: ӨӨРИЙГӨӨ АГУА ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭЖ. АГУУ ЮМ НЭГ Л ХУВЬ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-29 13:04:15
    [зочин: Баярлачихсан амьтан бэ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188