• Өнөөдөр 2025-02-05

Г.ЖАНЧИВ: ХҮМҮҮСТ “ЯМАР НҮДЭНД ХҮЙТЭН, МУУХАЙ ХҮН БЭ” ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ДҮРД АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ

2024-11-22,   240

“Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг сонсголонтой дуу, хөгжилтэй клипээрээ сонсогчдын хайрыг татсан Мааз хамтлагийн дуучин, “Хоёр шөнө”, “Ээж ээ”, “For you” тэргүүтэй уран бүтээлийн найруулагч Г.Жанчивтай бид энэ удаа жүжигчнийх нь хувиар уулзлаа. Үргэлж гэгээлэг, хөгжилтэй, бүтэлгүй, гэгээхэн инээсэн дүрээр нь уулздаг байсан түүнтэй бид энэ удаа “Эрдэнэсийн арал” киноны эсрэг дүрээр дахин танилцаад байгаа билээ. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эрдэнэсийн арал” киноны нэгэн чимэг болсон эсрэг дүрийг та бүтээсэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-“Эрдэнэсийн арал” кинонд ажилласнаар миний хувьд хоёр дахь эсрэг дүрээ бүтээлээ. Өмнө нь “Төлөөс” уран сайхны кинонд эсрэг дүрд ажиллаж байсан. Тухайн үед хоёрдугаар найруулагчаар ажиллаж байхад найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ ах надад эсрэг дүр санал болгосон. Тэр үед жүжигчин Д.Хүрэлхүү ах “Жанчивыг хүмүүс хараад инээнэ, тохирохгүй” гэж байсан. Гэхдээ найруулагчид маань надаас харсан зүйл байсан байж магадгүй, ямар ч байсан эсрэг дүрдээ тоглосон. Найруулагчийнхаа санааг гүйцээх, итгэсэн итгэлийг унагахгүй гэж хичээж ажилласан. Ер нь л “Ямар нүдэнд хүйтэн, муухай хүн бэ” гэж хэлүүлэх дүрд ажиллахыг хүсдэг болоод байгаа. 

-Тус дүрд ажиллахад таниас юу шаардсан бэ?

-Манай киноны найруулагч О.Цэгмэд өнгөрсөн гуравдугаар сард “Найз нь нэг кино хийх гэж байна” гээд, надад зохиолынхоо ерөнхий санааг хэлж өгөөд, миний дүрийг санал болгосон. Тэгээд "Сахал, үсээ авахгүй хүлээж байгаарай" гэсэн. Зохиолыг нь сонсож байхад миний сонирхлыг татах олон үзэгдэл байсан. Жишээ нь, амьдаараа булуулна гэдэг хэдий эрсдэлтэй ч уран бүтээлчийн хувьд сонирхолтой зүйл шүү дээ. Дүрдээ зориулж чихээ цоолсон. Киноны зураг авалт эхлэхээс өмнө уулзах бүрдээ кино, дүрийнхээ тухай ярилцаж, баяжуулсаар, бага багаар дүрдээ орсоор байсан.

-Тэгж баяжуулсан дүрдээ тоглочихоод дэлгэцээр харах ямар байв?

-Би энэ дүрээрээ хэсэг өвчилсөн. Машиндаа ч зүгээр явахгүй цамцныхаа малгайг өмсчихөөд эвгүй царай гаргаж, түгшүүртэй ая сонсоод, яаж харагдаж байгаагаа толиндоо хараад л. О.Цэгмид миний дүрийг байнга нэг үйлдэл хийдэг байхаар ярилцсан. Тэрийгээ олохын тулд олон зүйл ярилцаж, өнгөрсөн түүхтэй, одоо хийж байгаа зүйл нь шалтгаантай тийм дүр бүтээхийг хичээсэн. Гэхдээ ингэж ажилласан ч киногоо үзсэний дараа дутуу санагдсан. "Өшөө илүү гаргах байж" гэж өөрийгөө зэмлэсэн. Хэдийгээр хичээсэн минь үнэн ч надад бол чамлагдаж байгаа. 

-“Эрдэнэсийн арал” киноны уран бүтээлчид таны дүрээр юу илэрхийлэхийг хүссэн юм бол?

-Миний дүр шиг хүмүүс амьдралд олон бий, бүх салбарт байгаа. Хөдлөхөд л хөлс нэхдэг, гар хөдлөх төдийд ашиг хардаг хүмүүс хаа сайгүй байгааг л харуулахыг хичээсэн.

-Жүжигчний бүрэлдэхүүний талаар яривал?

-Найруулагчтайгаа эхнээсээ холбоотой байсан учраас ажлаар нь орох бүрд бусад дүрийн жүжигчид тодорхой болчихсон байдаг байсан. Өмнө нь ажиллаж үзээгүй уран бүтээлчидтэйгээ нэг кинонд ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Миний хувьд “Эрдэнэсийн арал” киноны жүжигчдийн бүрэлдэхүүн үнэхээр сайн баг байсан. 

-Таныг хамгийн их  сорьсон уран бүтээл аль нь вэ?

-Бүх дүр дээрээ сайн ажиллахыг хичээж байна. Биднийг оюутан байхад багш “Та нар дүр голох болоогүй” гэдэг байсан юм. Одоо харахад гол дүр, хэдхэн хэсэгтэй туслах дүр, сурталчилгаа байсан ч оноогдсон үүргээ сайн биелүүлж, дүрээ гаргах юм бол тус уран бүтээл илүү чанартай сайхан болдгийг ойлгосон. Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү, МУГЖ Амгаланбаатар багш нартаа баярлаж явдаг даа. 

-"Мааз" хамтлагийнхан шинэ уран бүтээл гаргах уу?

-Бусад хамтлагийн шинэ уран бүтээлийг сонссоны дараа багахан шар хөдөлж байгаа юм. “Яах вэ дээ, хамтлагаараа уулзаад нэг дуу хийчихэд болно доо” гэдэг бодол төрнө. Бидэнд хийчихсэн, арай бэлэн болгож амжаагүй цөөхөн дуу бий. Гэхдээ хамтлагийнхан маань цугларч чадахгүй байна, бүгд л тус тусдаа ажилтай, амьдралтай. Одоохондоо түүндээ анхаараад завгүй амьдарцгааж байна даа.  

-Та хүмүүст юу үзүүлдэг найруулагч байхыг эрмэлздэг вэ?

-Би найруулагчаар түлхүү ажиллахыг хүсдэг, энэ ажилдаа ч дуртай. Гэхдээ яг ийм найруулагч болно гэсэн бодол байхгүй. Шаардлагатай үед нийгэмд болохгүй байгаа зүйлсийг дуугарч чаддаг, өөрийнхөө үзэл бодол, сэтгэснээ уран бүтээл болгоод үзэгчдэд хүргэдэг байхад л хангалттай.

-Эсрэг дүрээс өөр танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?

-Амьдрал дээр байдаг бүх л дүрд ажиллаж үзэхийг хүсдэг. Учир нь, манай мэргэжил үнэхээр баялаг. Өнөөдөр би архичин, биеэ үнэлэгч, сайн аав, хань, хамгийн новшийн эр хүний дүрээр амьдарч болно. Энэ бүхнийг биеэрээ болон дотоод сэтгэлээрээ мэдэрч гаргадаг учраас би мэргэжилдээ хайртай. Дүр бүрдээ тохирох хэрэгтэй. Ганцхан хэсэг гараад өнгөрөх дүр байсан ч сэтгэлээсээ ажиллаж, дүрээ мэдрүүлэхийг хичээдэг.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би багадаа Монголын хүүхдийн ордонд сурахыг их хүсдэг байлаа. Гэхдээ яагаад ч юм явж үзээгүй. Урлагийн үзлэг болох үед ангийн багш “Манай Жанчив нийгмийн идэвх сайтай, санаачилгатай. Чи жүжигчин болооч” гэнэ. Тэр үед жүжигчин биш, цагдаа, одон орон судлаач болно гэж боддог байлаа. Гэхдээ нэг мэдэхэд СУИС-д тэнцээгүй, дараа жил дахиж шалгалт өгнө гэчихсэн явж байсан.

-Тэнцээгүй гэсэн хариулт авчихаад шантраагүй юу?

-Шантраагүй, гэхдээ 18 настай хүүхдэд бол гол зурсан мэдрэмж байсан. Гэрийнхэндээ тэнцээгүй гэдгээ хэлэх л хамгийн хэцүү байсан. Хамтлагийнхаа Р.Сүхболд, Ч.Төмөрхуяг хоёртой хамт СУИС-д шалгалт өгөөд бүгд зэрэг хариугаа харсан. Тэгсэн Р.Сүхболд бид хоёр тэнцээгүй, Ч.Төмөрхуяг тэнцсэн байсан. Р.Сүхболдтойгоо хамт жил ажил хийж, дараа жилийнхээ шалгалтад бэлдсэн дээ.

-Гэр бүлийнхэн нь тэгэхээр жүжигчин болохыг  нь дэмжиж байж ээ?

-Гэрийнхэн маань намайг үргэлж дэмждэг. Цаашид ч дэмжих байх. Үргэлж арыг минь дааж, урамшуулдаг хадам ээждээ баярлалаа, хайртай шүү.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Чанартай уран бүтээл олныг хийж үзэгчдэд хүргэхийг хүсэж байна. Бас нэг ойрын зорилго нь уран бүтээлээ гадаад зах зээлд гаргахыг хүсэж байна.

Г.Жанчивыг огт өөрөөр “танилцуулах” ирээдүйд ажиллах дүрүүдээр нь, хэн бүхний үзэхийг хүссэн киног найруулсан тэр шинэ содон уран бүтээлүүдээр нь, залуусын сэтгэлд хоногшсон дуунууд шигээ сайхан дуугаараа үзэгч, сонсогчидтойгоо дахин уулзах өдрийг нь тэсэн ядан хүлээж байя.

 


Г.ЖАНЧИВ: ХҮМҮҮСТ “ЯМАР НҮДЭНД ХҮЙТЭН, МУУХАЙ ХҮН БЭ” ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ДҮРД АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188