Дуучин хүн төрсөн нутгийнхаа хөгийг авч төрдөг гэдэг. Хангай газрын дуучдын хоолой цуурайтах мэт цуцашгүй хүчийг агуулдаг бол тал нутгийн дуучид хэзээ ч дуусашгүй өргөн уудам талаа өөртөө шингээдэг юм шиг надад санагддаг. Уртын дуучин А.Нарандуламыг "Бор борын бялзуухай" дуугаа дуулж байхыг нь сонсоод, түүний хүчирхэг, уянгалаг хоолойнд хангай газар, тал нутаг хоёул уусан шингэсэн мэт санагдаж билээ. Тайзнаас буусных нь дараа би түүнээс "Та тал газрын хүүхэд үү, аль эсвэл хангай газрынх уу" хэмээн асуусан юм. Харин түүний хариулт улам сонирхолтой байсан төдийгүй "Манай төрсөн нутагт хангай ч, тал ч бий" хэмээн хариулж билээ.
Монгол ардын "Заян Наваа", "Бор борын бялзуухай" дууг өөрийн хэв маяг, шинэлэг найруулгаар дуулж олны хүртээл болгоод буй, "Зун" продакшны дуучин А.Нарандуламтай ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Уртын дууны соёлыг тээ, хөгжүүлж буй тань бахархууштай санагдлаа?
-Сайн байна уу, намайг А.Нарандулам гэдэг. "Зун" продакшны уран бүтээлч, уртын дуулаач мэргэжилтэй. Миний бодлоор сүүлийн үед уртын дуу судлаач, уртын дуунд дурлагч, сонсогчид нэмэгдэж байгаа.
Хамгийн гол нь ястан, үндэстний онцлог чанараа алдахгүй, хэт төв халх аялгуунд баригдахгүй байгаасай гэж хүсдэг.
Тэр хүслээ биелүүлэхийн тулд өөрөө Ойрад монгол уртын дуунуудыг судалж, сурахаар хичээж явна.
-Уртын дуучин гэхээр төрсөн нутгийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй санагдлаа. Нэгэнтээ та надад "Манай нутагт хангай ч, тал ч бий" гэсэн шүү дээ. Аль нутгийнх вэ?
-Би хоёр нутагтай. Унасан газар, угаасан ус маань Ховд аймгийн Мянгад сум. Харин угсаа гарвал маань Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хотгойд ястан. Чингүнжавын удмын охин доо.
-Нутгийнхаа талаар яриач. Багаасаа дуулах дуртай охин байв уу?
-Нутаг маань говь, хангай, уул, ус хосолсон сайхан газар бий. Би дуулдаггүй, сонсдог охин байсан. Өвөө маань уртын дуучин хүн байлаа. Би өвөө, эмээ дээрээ өссөн болохоор балчраасаа өвөөгийн өвөр дээр уртын дуу сонсож, өссөн юм. Тэгэхээр ухаан орсон цагаасаа уртын дуунд дурласан гэсэн үг.
-Урлагийн замналаар замнахаар хэзээнээс шийдэв. Энэ шийдвэрийг гаргахад хэн нөлөөлсөн бэ?
-Би багадаа архитектурч болно гэж мөрөөддөг байлаа. Даанч IX ангиас энэ мөрөөдөл маань өөрчлөгдсөн дөө. Харин уртын дуулаач мэргэжлийг сонгоход яах аргагүй миний өвөө нөлөөлсөн. Өвөөгийнхөө удмыг залгамжлах гэхээсээ илүү уртын дуунд дурласан учраас ямар ч "Б" төлөвлөгөөгүйгээр энэ мэргэжлийг сонгосон.
-Уртын дууг өөрийн, мөн орчин үеийн хэв маягт оруулан дуулсан тань олон хүнд хүрчээ. Уртын дууны хувьд их шинэлэг байлаа?
-Олон хүн таашааж байгаад их талархаж байна. Орчин үеийн хөгжимтэй хослуулсан нь залуу үеийнхэндээ зориулсан юм аа. Гэхдээ үе үеийнхэн сайхан сэтгэгдэл үлдээж байгаад баяртай байна. Өөр нэг хэв маяг нь байгалийн дуу чимээтэй уртын дууг хослуулж дуулах нь амар тайвныг эрэлхийлж буй сонсогчдод илүү таалагдана гэж найдаж байна.
Монголчууд бид эрт дээр үеэсээ уртын дуугаа байгальдаа, морин дэлэн дээр, малын бэлчээрт, монгол гэрт, найранд гээд ахуйдаа дуулж ирсэн. Чин сэтгэлээсээ хүсвэл та, би, бид бүгд уртын дуугаа дуулж чадна.
-Уртын дуу цаанаа л уянгалаг, сонсоод л тайвшрал мэдэрдэг. Харин дуулж буй хүнд ямар мэдрэмж төрдөг бол?
-Миний хувьд уртын дууг дуулах бүрдээ дурсамжуудаараа аялдаг. Тухайн дууны түүх, шүлэг, аялгууг төсөөлөөд дуулж болох ч ихэнх нь миний дурсамжтай яагаад ч юм холбогдчихсон байдаг.
Үгээр илэрхийлэмгүй тод дурсамж, гоё мэдрэмж. Өөр нэг гайхалтай зүйл нь уртын дуу яг л бясалгал шиг.
Мэдээж хүний амьдралд стресс, депресс, гомдол, шаналал тохиолдоно. Тэр болгонд ганцаараа байх орчноо бүрдүүлж байгаад л уртын дуугаа аялаад, бясалгал хийчихдэг юм. Үнэхээр үр дүнтэй шүү.
-Хоолойн цар хүрээнээс эхлээд уртын дууг хэн хүссэн нь дуулчихдаггүй. Уртын дууны онцлогийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Уртын дууны онцлог нутаг орон, яс үндэс, байгалийн тогтоц, цаашлаад хувь хүн бүрд байгаа. Энэ талаарх миний судалгаа дөнгөж энүүхэн энд л явж байна. Өв соёлоо судлах чин хүсэл надад маш их бий. Соёлын өвөө судалж, цааш авч явах нь залуус бидний үүрэг гэж боддог.
-“Заян Наваа” хэмээх буриад ардын дуу, “Бор борын бялзуухай” зэрэг дууг дуулсан шүү дээ. Яагаад заавал эдгээр дууг сонгож дуулах болсон юм бэ?
-Монгол туургатны (Халимаг, Тува, Өвөрмонгол, Буриад зэрэг) дуунуудаас судалж байгаад нэг, нэг дууг сонгож аваад, уламжлалт аялгууг нь өөрчлөхгүйгээр орчин үеийн хөгжимтэй хослуулан сонсогчдод хүргэх зорилготойгоор эхний дуугаараа Буриад зон олны “Заян Наваа” дууг сонгосон юм. Харин “Бор борын бялзуухай” дуу зүүдтэй маань холбоотой. Нэгэн шөнө өвөөгөө зүүдэлсэн юм. Бага байхад хэд хоног үргэлжлэн бороо ороход эмээ маань галынхаа өмнө сууж, өвөө хоймортоо суугаад уртын дуу аялдаг байсан, тэр дурсамж зүүдэнд минь орж ирсэн юм. Тэр шөнө зүүдэнд өвөөгийн минь дуулсан дуу "Бор борын бялзуухай" байсан юм. Цаанаа л нэг намайг бүүвэйлээд, аргадаад байгаа юм шиг. Дууны арын чимээ нь шиврээ бороо, галын чимээ байгааг та бүхэн анзаарсан байх.
-Таны цаашдын уран бүтээл, зорилго юу вэ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Цар тахлын энэ үеийг ашиглан соёлын өв болоод өөрийн ажиллахаар сонгосон уран бүтээлийн судалгаандаа илүү цаг зарцуулахаар шийдээд байна. Одоогоор “Нийслэл хүүхэн” киноны дуу болох “Жарган дуулаарай” болон манай продакшны продюсер, "Алтан ураг" хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбатын бүтээл “Бүүвэйн дуу”-н дээр ажиллаад дууслаа. Мөн Халимаг түмний ардын дуу “Самрын гурван толгой”-д судалгаа хийж байна.
А.НАРАНДУЛАМ: Уртын дуу яг л бясалгал шиг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |