• Өнөөдөр 2025-02-05

Ж.ХИШИГБАТ: Уран бүтээлчид хамгийн гэгээн ертөнцтэй хүмүүс

2024-11-11,   364

     Нийслэлийн "Улаанбаатар” театрын дуучин, МУСТА Ж.Хишигбатыг "Уран бүтээлчийн цаг” буландаа урилаа. Түүнийг бид "Хүлэг", "Ээждээ би", "Морьтны дуулал", "Нүдэн хээр" тэргүүтэй дуугаар нь мэдэх билээ. Мөн сүүлд “Завхан гол" дууг шинэчлэн дуулахаас гадна МУГЖ У.Далантайтай хамтран “Бүстийн цэнхэр нуур" дуулж, үзэгчдэдээ толилуулсан юм. Энэ сарын 15-нд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж буй түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

 


-Анхны бие даасан тоглолтоо хийхээр товложээ. Догдлол дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа болов уу?
 
     -Мэдээж тэгэлгүй яах вэ. Тоглолт ойртоод догдлол дүүрэн байна. Миний хувьд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай Х.Уртнасан гэж агуу хүний шавь болж төгссөн азтай. Сургуулиа төгсөөд мэргэжлийн байгууллагад найман жил ажилласан байна. Энэ хугацаанд нийт 88 уран бүтээл байдгаас 24 дууг сорчлон тоглолтон дээрээ дуулахаар бэлдэж байна. За мөн сайхан уран бүтээлч ах, эгч нар маань оролцоно.
 
Тэгээд намайг дэмжиж, миний дууг сонсдог хүмүүс болон арай танилцаж амжаагүй үзэгчид ч уран бүтээлүүдийг минь сонсоод тоглолтыг минь зорьж ирж миний ертөнцөөр аялна гэдэгт итгэж байна.
 
-Уран бүтээлчийн хувьд ямар зарчим баримталдаг вэ?
 
    -Аливаа нэгэн дуу уран бүтээлээ чинээнд нь тултал, бүрэн гүйцэт хийхийг зорьдог. Х.Уртнасан багш "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орох үеэрээ "Аливаа зүйлийг хийхдээ чинээнд нь тултал хийгээрэй" гэж хэлдэг.
 
Энэ үгийг л би зарчмаа болгож ажилладаг. Энэ ч үүднээс аль болох чанартай уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийг зорьдог.

-Дуу хуураас та ямар мэдрэмж авдаг вэ?
     -Дуу бол миний бүхий л ертөнц. Энэ амьдралд ирсэн шалтгаан юм болов уу гэж боддог. Миний дуу хоолой хүнд сайхан сэтгэл, баяр, гунигийг ч авчирч болно. Гэхдээ миний дуу хоолойг хүн сонсохыг хүсдэг байна гэдэг л хамгийн сайхан. Тиймээс дуугүйгээр хорвоо ертөнцийг хэзээ ч төсөөлж болохгүй. Би бол дуу хуургүйгээр энэ хорвоо дээр амьдарч чадахгүй байх. Дуу надад тийм л нандин зүйл.
-Танд хэн нэгэнд зориулсан бүтээл бий юү?
 
    -Мэдээж бий. Ээждээ зориулж СГЗ Ш.Гүрбазар гуайгаар үгийг нь бичүүлж, маш авьяаслаг, гайхалтай хөгжмийн зохиолч, сод ч гэж хэлж болох байх, дотроо би их хүндэлж явдаг Цэн.Эрдэнэбат ахаар аялгууг нь хийлгэсэн "Ээждээ би" гэж сайхан дуу хийж байлаа. Тэр дууг минь үүэгч, сонсогчид маань сонсоно байх. Миний ээжийгээ хайрлах сэтгэл бол энэ дуунд бүрэн шингэсэн гэдгийг хэлмээр байна. За мөн ханьдаа зориулж сайхан дуу хийж байна. Тоглолт дээрээ дуулна. Дараа нь охиндоо, хүүдээ гээд чиглэл чиглэлээр хийж, дуулна гэж боддог.
 

Уран бүтээлч хүн хайртай бүхэндээ, хүндлэн хайрлах сэтгэл төрүүлсэн хүндээ, эх орон, эх нутаг, нэгэн сайхан бүсгүйд дурлах юм бол хайрын тухай гээд сэтгэл зүрхэнд ойрхон бүхэндээ зориулж уран бүтээлээ хийдэг. Тэгэхээр уран бүтээлч хүний дотор амьдралын гэгээн ертөнц оршиж, түүгээрээ өөрсдийгөө цэнэглэж, буцаад дуу хуураараа үзэгч, сонсогчдоо тэтгэн тэнхрүүлдэг хүмүүс шүү дээ.
-Та эхнэрээ манай үзэгчдэд танилцуулахгүй юу. Таны хамгийн сайн дэмжигч, сайн ар тал нь болдог байх?
 
       -Уран бүтээлч хүнд ар талыг нь баттай даадаг, сайн хань ижил заяа нь гэдэг үнэхээр их том хувь заяа гэж боддог. Эхнэртэйгээ амьдарч эхлээд арван жил болж байна. Сайхан охин, хүүтэй. Бид хоёр энэ хугацаанд яг л залуучуудын туулдаг бүхнийг л туулаад явж байна. Тэгээд "Ханьдаа их хайртай шүү" гэж хэлье.
 
Эхнэр минь миний алдаа, нугачаан дунд сайн ар тал минь байж, бат дэмжигч болж явдаг хүний сайхан охин байдаг.
     Үргэлжлүүлэн түүнээс "Юунаас эрч хүч авдаг" тухай асуухад, "Үзэгчдийн алга ташилт, урмын үг, чин сэтгэлийн дэмжилт" гэдгийг онцлон хэлж байв. Уншигч та санаж байгаа бол Ж.Хишигбат дуучинтай одоогоос найман жилийн өмнө  “Авьяаслаг монголчуудТа эхнэрээ манай үзэгчдэд танилцуулахгүй юу. Таны хамгийн сайн дэмжигч, сайн ар тал нь болдог байх?" шоугаар бид танилцаж байсан билээ. Түүнээс хойш олон сайхан бүтээлээр нь танилцаж, өдгөө ийнхүү уран бүтээлийн тоглолтыг нь үзэх нь. Аливаа бүхнээс сайхныг олж харах гэж хичээдэг. Дуу хуураараа ч мөн гэгээн гэрэлтэйг дамжуулахыг зорьдог, тэмүүлэл дүүрэн уран бүтээлч гэдэг нь ярилцлагын туршид мэдрэгдэж байсан юм.
 
    -Тоглолтыг нь үзэхээр зорьж буй үзэгчдэд хандаж хэлэх үг бий байх?
 
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Эрхэм үзэгч, сонсогч түмнийгээ  "Ж.Хишигбат" гэж өөрийн нэрээр нэрлэсэн уран бүтээлийн тоглолтондоо хүндэтгэн урьж байна. Тоглолт хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 15-нд "UB palace”-д 19:00 цагт болно.
 
Миний уран бүтээлийн ертөнцөөр аялж, дуу хууранд минь тухлан саатаж, жаргаж сонсоорой гэж хүсэж байна.
 
  -Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
       -Баярлалаа.
 
 
 

Ж.ХИШИГБАТ: Уран бүтээлчид хамгийн гэгээн ертөнцтэй хүмүүс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-11 20:21:36
    amjilt: zuw bodootoi eyreg sain zaluu sanagdlaaa hamgiin gol n daruuhan baij ard irgediinhee itgeliig daaj yawah heregtei shu amjilt husey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-11 19:33:44
    Иргэн: Өөрийн чадах зүйлээр өөрт байгаа бүхнээ хүнд зориулж нэг ч гэсэн сайн уран бүтээл үлдээе гэж зорьж тэмүүлж байгаа залуу үе байна гэдэг сайхан урлагийн хүн байна гэдэг бас ч тийм амар хэрэг биш байх олон хүнд таалагдах бүү нэг хүнд таалагдах уран бүтээл хийх хэцүү амжилт хүсэе сайхан эерэг залуу байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-11 08:16:31
    ИРГЭН: ЖИРИЙН АЖИЛЧИН, МАЛЧИД ЭСВЭЛ БАГШ ГЭХ МЭТ ХҮМҮҮС ЯМАР ЕРТӨНЦТЭЙ ЮМ БОЛ . СҮҮЛИЙН ҮЕД УРАН БҮТЭЭЛЧ НЭРТЭЙ ХҮМҮҮС ГОЛДУУ ХӨНГӨН ЯВДАЛТАЙ, ХАР ТАМХИЧИН , ЭЛДЭВ ЦОЛ ГУНШИНД ДУРТАЙ, ШУНАЛТАЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ......
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188