Түүнийг "Гитлер" Тука гэдгээр нь урлагийнхан болон ойр дотно нөхөрлөдөг хэн бүхэн андахгүй. Харин үзэгчдийн сонор, мэлмийд дэглэн найруулсан бүтээлүүдээс нь дурдвал хүчирхийллийг нийгэмд хамгийн хатуу, бүр сэтгэл сэмэрч, сэртхийтэл "Орхидос"-оор үзүүлж, "Айл бүрд нэг бөө, урлагийн хүн, архичин, номын цагаан солиот, улс төрч байна, галзуурлын нийгэм боллоо" гэж бачимдахдаа "Улаан дөрвөлжин" киног дэлгэж байв. Мөн хүнд үр хүүхэд нь, эд эрхтэн нь ямар үнэ цэнтэйг донорын талаар өгүүлэх "Хоёр амь", эрэгтэй биеэ үнэлэгчдийн байр байдлыг "Намаг" киногоороо илчлэн хөндсөн. Мөн Тэмүжин, Жамух хоёрын нөхөрлөлийн талаар "Тэнгэрийн андгай" түүхэн киног хүргэж байсныг үзэгчид мэдэх билээ. Мэдээж энд нэр дурдаагүй олон сайхан бүтээл түүнийх. Зоригтой, шулуухан, илэн далангүй дуугарч чаддагт түүний бүтээлийн онцлог оршдог.
Б.Ганболд найруулагчаас "Таны ард нь гараад өөрөөрөө бахархан, онгирох мэдрэмж төрж байсан бүтээл аль нь вэ" гэж асуухад, "2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн найрагчийн зохиолыг нь бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн найруулсан "Атга нөж" жүжгээс сэдэвлэж, "Тэнгэрийн андгай" түүхэн кино хийсэн. Мэдээж кино минь сайн болсон гэж биш, тэр том хоёр хүний бүтээлийг араас нь залгаж хийсэндээ бахархах, онгирох сэтгэл төрж байсан" гэж байв. Тэгвэл түүний найруулсан ээлжит бүтээл болох "Пагмадулам" түүхэн, намтарчилсан уран сайхны кино хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн билээ. Шинэхэн мэндэлсэн бүтээл болон найруулагч мэргэжлийнх нь тухай хөөрөлдсөнөө уншигч танд хүргэж байна.
-Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын амьдрал, түүхээр бүтсэн кино нээлтээ хийлээ. Түүхийн хувьд зарим зүйл нь маргаантай байдаг. Найруулагчийн зүгээс та ямар Д.Пагмадуламыг үзэгчдэд үзүүлэхийг зорьсон бэ?
-Д.Пагмадулам гэхээс илүү эмэгтэй хүний тухай кино хийхийг хичээсэн. Тэр дундаа агуу сод, гоц гойд, юунд ч шантардаггүй, мятрашгүй эмэгтэйн тухай өгүүлэх гэж зорьсон юм. Хүмүүс киног өөр өөрсдийн үзэл бодол, сэтгэхүй, ертөнц, гэр бүлийн хүмүүжлээрээ үзэж, эцсийн дүнд өөрийн оюун тархиар дүн тавьдаг. Үзэгч бүр нэг тархитай биш шүү дээ. Хүн оюун санаа бодол, ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө олсон байдал, зан ааш, мөн чанар, агуулга, хэлбэрийн алиныг чухалчилдгаасаа хамаарч тухайн бүтээлийг ондоогоор үзэж, нээж, ухаарч ойлгодог. Миний хувьд "Пагмадулам" киноноос эмэгтэй хүнийг л олж хараасай гэж хийсэн.
-Үзэгчид түүхэн киног зөвхөн түүхэнд өгүүлснээр нь барьж хийсэн байх ёстой мэтээр хүлээн авдаг талтай. Гэвч кино учир түүхэн баримтаа барих ч уран сайхан гэж зүйл хослон орох нь зүйн хэрэг шүү дээ. Энэ ч үүднээс тус бүтээлд Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрын найз Батын дүрийг шинээр оруулж өгсөн байсан ?
-Тиймээ бид киногоо зөрчилтэй байлгахын тулд оруулж өгсөн уран сайхны дүр бол Бат. Нөгөө талаар тухайн үеийн XIX, XX зууны үеийн түүх ямар будилаантай байсан билээ. Тиймээс бид тухайн үед түүхийг зохиож болно, устгаж, шинээр орлуулан хийж ч болдог талтай байсан байх гэх магадлалын үндсэн дээр киногоо хийсэн. Тухайлбал, Д.Пагмадуламыг хүүхэдтэй, хүүхэдгүй гэх асуудал одоо хүртэл маргаантай байдаг. Түүх будилаантай учир монголчууд алтан дундаж гэж ярьдаг. Бид алтан дунджыг барьж бүтээлээ хийсэн. Түүхийг үгүйсгээгүй, шинээр бий болгоогүй. Аль болох баримт нотолгоотой, ул суурьтай хийхийг хичээсэн. Д.Пагмадулам судлаач Х.Мэндсайханы хар ном бол их сайн судалгаатай бүтээл. Бид энэхүү бүтээлийг судалгааны гол материал, нуруугаа болгож киногоо бүтээсэн. Мэдээж алдаагүй юм гэж байхгүй. Хүн хуруугаа биш хошуугаа хөдөлгөдөг нийгэм болчихсон үе. Бид аль болох бага алдахыг зорьсон.
-"Д.Нацагдорж зохиолчийг согтуу, архичин байдлаар харууллаа" гэх шүүмжлэл ч гарсан. "Ямар Д.Нацагдоржийг үзүүлэх вэ" гэдэг та бүхний шийдэл байсан болов уу?
-Энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн тухай кино биш. Түүний гэргий Д.Пагмадуламын тухай бүтээл гэдгийг онцлон хэлмээр байна. Д.Нацагдоржийн дүр бол найруулагчийн шийдэл. Өнөөдрийг хүртэл түүнийг гурван ч газар үхсэн гэх судалгаа байдаг. Бид хөрсөн дээрээ буух ёстой л доо. Яагаад бид үнэнээс зугтдаг юм. Архи уухаараа хүн муу болдог юм уу. Эсвэл Д.Пагмадуламын тухай кинонд Д.Нацагдорж заавал шүлэг бичиж байх ёстой юм уу. Бид нэг ийм хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй. Мөн аливаа зүйлийн утга учрыг олж, түүний гол сүнс нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ киноны гол амин сүнс бол Д.Пагмадулам. Гэхдээ кинонд Д.Нацагдорж өөрийн бичсэн шүлгээ уншаад явж байгаа, бичгийн ширээнийхээ ард сууж байгаа хэсэг гардаг. Эх орондоо очоод, ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл зорилгыг нь ч бид нийцүүлэн хийсэн. Яах вэ, цөөн хэдэн хүн ярьж л байдаг. Бүх хүнд таалагдах гэж кино хийдэггүй. Хэрэв тэгвэл би уран бүтээлч гэж хэлүүлээд яах вэ. Найруулагч бол өөрийн гэсэн үзэл бодол, баримтлал, мөн чанар, агуулгаас зугтах, хэн нэгний эрхшээлд байх ёсгүй. Хийж байгаа уран бүтээлдээ үнэнч байх ёстой. Уран бүтээл гэдэг бол урлахын шинж. Ямар шийдлээр, хэрхэн, яаж урлах вэ. Энэ олон төөрөгдөлд яваа тэр эмэгтэйн дүр төрхийг яаж сайхан буулгах уу гэж л бодсон. Дахиад хэлье, би Д.Нацагдорж биш, Д.Пагмадуламыг хийсэн шүү. Тэр бол угсаа гарвал сайн, боловсролтой, гоц гойд авьяаслаг эмэгтэй. Шүлэг ч бичдэг, шанз ч дардаг. Мөн тэмцэгч, өнөөгийн нийгмийн эмэгтэйчүүдийн анхны дуу хоолой болсон дарга. Богтлох ёсыг халуулсан. Энэ бол тухайн нийгэмд эмэгтэй хүнд байж боломгүй том зориг. Найруулагч зохиолын дагуу бичигдсэн ролийг дүр болгохын төлөө дотоод сэтгэлдээ ажилладаг. Нөгөө талаар бид Монголын сор болсон түүхэн эмэгтэйн талаар бүтээл хийж байгаагаа мартах ёсгүй.
-Киноны төгсгөл надад яагаад ч юм Д.Нацагдоржийн "Хөдөө талын үзэсгэлэн" өгүүллэгийг санагдуулж байсан. Их сайхан болсон байна лээ?
-Кино хийхийн тулд эхлээд төгсгөлөө сайн харах ёстой байх гэж боддог. Тэр ч утгаар гэгээн дуусаасай гэж хүссэн. Төгсгөлийн "Намайг Пагмадулам гэдэг юм аа" гээд дуусаж байгаа хэсэг бол гурван цаг гаруй үргэлжилсэн киноны дараа "Би бол ийм эмэгтэй" гэсэн тамга болоод тунхаг юм.
-Дүрүүдийн хувьд тун төстэй сонгосон байна лээ. Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Кино бол дэлгэцийн урлаг. Тэр ч үүднээс бид бүтээлд дүр төрх гаргах гэж дүрээ сонгодог. Д.Нацагдорж, Д.Пагмадуламын дүрд сонгосон хоёр жүжигчний хувьд гадаад дүр төрх их төстэй. Бид аль болох ойролцоо, "Иймэрхүү хүн байсан болов уу" гэж гадаад төрхөөс гадна дотоод ертөнцийг нь мөн олж харж дүрүүдээ сонгосон.
-Нэгэнтээ таны дүр сонголтын тухайд ярьж байгаагийнх асуумаар байна. Ажиглаад байхад таны кинонд жүжигчин МУГЖ С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ө.Мөнгөнтулга гээд уран бүтээлчид давтан тоглосон байх юм. Найруулагч жүжигчинг дахин сонгоно гэдэг тухайн уран бүтээлч итгэл, сэтгэлд нь хүрч ажиллажээ гэдгийг нэгэн илрэл болов уу?
-Энэ бол зөвхөн Монголд биш дэлхийн уран бүтээлчдэд ч байдаг зүйл л дээ. Учир нь, миний хувьд тухайн уран бүтээлчийг эхний бүтээлийн дүрээс дараагийн дүр дээр тэс өөрөөр ажиллах, ондоогоор эвдэхийг хичээдэг. Түүнээс гадна хэдийнэ ойлголцчихсон жүжигчин, найруулагч хамтарч уран бүтээл хийхэд их давуу талтай байдаг л даа.
-Та хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Найруулагч бүх хүнд өөрийн сэтгэлээ харуулна гэдэг дааж давшгүй том хариуцлага" гэж ярьсан байдаг. Тэгэхээр найруулагчийн дотоод сэтгэлд өрнөх бүхнийг бид үзэж, тольддог гэсэн үг байх нь ээ?
-Кино бол найруулагчаар овоглогдож явдаг. Кино сайн, муу болох найруулагчаас л шалтгаална. Бүх ялыг найруулагч үүрэх хэрэгтэй. Учир нь, зохиолоо өөрөө сонгоно, жүжигчин дүрдээ тоглуулна, өөр нэгнээр зургаа авахуулна, хөгжмөө бичүүлнэ. Тэгэхээр энэ бол найруулагчийн өөртэйгээ ярьж, дотоод сэтгэлдээ бий болгосны үр дүнд гарч ирж буй эцсийн хариулт байдаг. Кино үзнэ гэдэг ерөөсөө тухайн найруулагчийн ертөнцөөр л аялж байгаа хэрэг шүү дээ.
Найруулагч бол аатай бөгөөд амттай, шимтэй аавын хүүгийн хийдэг ажил.
-Найруулагч мэргэжлийн юу нь таныг татаж, өнөө хэр нь дурлуулсаар байна вэ?
-Ах нь найруулагчаар ажлаад 30 гаруй жил болж байна. Хамгийн гол нь өнөөдөр бид энэ мэргэжилд үнэнч байх ёстой. Үнэнч байсны үр дүнд уран бүтээлч болдог юм байна. Өнөөдөр яг үнэндээ найруулагч мэргэжлийг олон хүн нулимж байна. Ингээд хэлэхээр эрх чөлөө, ардчилал ярих байх. Бид мэргэжлээ хүндлэх хэрэгтэй. Мэргэжилд мэргэшинэ гэж бий л дээ. Мэргэшний дараа амтанд нь орно, уран бүтээл хийнэ. Аль болох арилжааны биш, тодорхой хүсэл зорилготой, өөрийн гэсэн төрөл жанраар, дотоод сэтгэлдээ төрсөн бодол, сэтгэл зүйгээр уран бүтээл дээ хандана. Хийсэн бүтээл нь хүнд хүрнэ гэдэг хамгийн амттай зүйл. Урлаг ариун, урлагийн хүн цагаахан гэдэг. Учир нь, үхэхэд нь хийсэн бүтээлүүд нь үлддэг. Тэгэхээр үүгээр нь л би амттай сайхан гэж байгаа юм. Тэр хүртлээ уран бүтээлч хүн өдөр бүр суралцдаг, цаг тутамд судалгаа хийдэг. Амьдрал өөрөө тэр чигтээ судалгаа. Тэгэхээр би одоо ч сурч явна. Арав гаруй кино хийснийгээ гайхамшигтай юм хийсэн гэж магтан дуулсан нэг ч дүн надад байхгүй.
-Юм бүхэн эхлэлтэй. Анх найруулагч болох очийг танд хэн өгөв?
-Аливаа юманд ген гэж их чухал юм байна. Аав "Баян Монгол" чуулгын бүрээчин, авга ах найруулагч, манай ах, эгч нарын хүүхдүүд уран нугараач, дунд ах маань зураач гээд манайх урлагийн гэр бүл л дээ. Гэр бүлийн хүмүүжил их чухал байдаг. Энэ дунд өөрийгөө олно гэж зүйл бий. Уран бүтээлч бол уйгагүй тэмцэгч, эрэл хайгуулч байх ёстой. Ерөөс авьяас, мэдрэмж бол хамгийн чухал.
-Мэргэжлийн багшийнхаа тухай мэдээж ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Би "Бэрс" кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёр нэг анги. Бид П.Туваанжав гэж том найруулагчийн шавь нар. Бидэнд энэ сайхан мэргэжлийг зааж, сургаж, төлөвшүүлж, мах, цус, тархинд шингээн өгсөнд тэнгэрт байгаа багшдаа мэхийн ёсолдог. Бүтээл хийх бүрдээ аав, багш хоёрынхоо нэрийг гаргахыг хичээдэг.
-Зохиолч болохын тулд магадгүй их уншиж, их бичих үйлийг хийдэг байх. Харин найруулагч бүтээлээ найруулахаас гадна өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ. Өрөөнд тань өрөөтэй номуудыг харахад та их уншдаг бололтой. Уншиж байх явцад кино бүтээе гэсэн зохиол бишгүй дайралддаг байх?
-Бид чинь ном уншдаг байсан үеийн хүмүүс шүү дээ. Миний хувьд ном их уншдаг хүний хажууд уншдаггүйд орох байх, бага уншдаг хүний хажууд харин жаахан ч болов уншдаг байх. Уг нь зав чөлөөгөөрөө уншиж байвал надад хэрэгтэй. Тиймээс аль болох толгойгоо цэнэглэхийг хичээдэг. Сүүлийн үед үнэндээ ийм том түүхийн бүтээл рүү орчихоор уншиж амжихгүй байна. Хүн өөрөө өөртөө зав чөлөө гаргаж, өөрийгөө хөгжүүлэхгүй бол завгүй гээд байвал завгүй л байх юм байна лээ. Ном бүр мэдээж сайн биш учир сонгож унших нь чухал. Тэр ч утгаар хэвлэсэн ном бүрийг уншдаг баатар би биш. Харин кино бүтээл болговол зүгээр юм байна гэж бодсон ном бол Тора Хьерлейвсдоттирийн "Магма" гээд зохиол байна. Мэдээж зохиол бүр кино болохгүй байх. Тухайн зохиолыг эхлээд кино зохиол болгоно. Кино зохиолд хэр дөхөм, дүрслэлийн урлагт хэр ойрхон байж болох зохиол гэдгээсээ хамаардаг. Кино бол мөнгөнөөс хамааралтай хамгийн том урлаг.
-Баяр жаргалтай зүйл хорвоо дээр олон ч хүн бүрийн баярлах, гуних шалтгаан өөр, өөр байдаг. Та ямар үед хамгийн их баярладаг вэ?
-Одоо бол баярлахаасаа илүү аливаад анализ хийдэг болсон байна. Мэдээж би баярлах, бахархах, уйлах, дуулах, унах, босох гээд хүний амьдралын бүхий л замыг ижил туулж яваа. Уран бүтээлч хүн бол бүтээлээс бүтээлийн хооронд хөгжих ёстой.
"Хэрвээ та найруулагч болоогүй байсан бол ямар мэргэжлийн хүн болох байсан бэ" гэхэд, "Эрүүгийн мөрдөн байцаагч л болох байсан даа. Учир нь би анхнаасаа тийм бодолтой байсан. Гэхдээ хүн хувьсан өөрчлөгддөг юм байна. Ингээд бодохоор найруулагч гэдэг мөрдөн байцаагтай л адил шүү дээ" гэсэн юм. Анх уулзахад хүн "явуулдаг", тоглоом наргианч нэгэн угтсан бол ярилцлагын дараа өөрийн гэсэн үзэл бодол, зарчим, басхүү дэглэм, оршихуйтай, бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг, зөөлөн, шударга хүн намайг үдэж өгсөн юм.
"ГИТЛЕР" ТУКА БУЮУ НАЙРУУЛАГЧ Б.ГАНБОЛД |
|