-“Хэлгүй жим-2 Дада” киногоо үзэгчдэдээ хүргэх гэж байгаа “Этик” продакшны уран бүтээлчдэд баяр хүргэе. Хэдхэн хоногийн дараа киногоо нээх гэж байгаа найруулагч, зохиолчийн хувиар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд шинэ уран бүтээл нээнэ гэдэг гэр бүлд хүүхэд мэндэлж байгаатай адил мэдрэмж байдаг. Айна, догдолно бүх мэдрэмжийг мэдэрч, сэтгэл хөөрөл дүүрэн өдрүүд өнгөрдөг.
-Тус уран бүтээлийг хийх санаа хэзээ гарсан юм бэ. “Хэлгүй жим” киноноос өмнөх түүхийг өгүүлнэ шүү дээ?
-Өнгөрсөн жил “Наймаа” киног гаргаж байх үеэр А.Энхжинтэй ярилцаж байгаад гарсан санаа. Тэр даруй шууд бичиж эхэлсэн.
-Тэгэхээр “Хэлгүй жим” киноны үеэр дараагийн анги хийгдэнэ гэсэн бодол байгаагүй байх нь ээ?
-Огт байгаагүй ээ. “Хэлгүй жим” киног 1993 оны бодит түүхээс сэдэвлэсэн. Гол дүрийн гурван цэрэг нь түүх, намтартай бодит хүмүүс. Харин Дада бол киногоо сонирхолтой болгох гэж бидний бүтээсэн дүр. Тэр дүр кинонд голлох үүрэгтэй ажилласан. Түүхэн дүр биш учраас бид Дадагийн өмнөх түүхээр кино хийхээр шийдсэн.
-Дада хэдий зохиомол дүр ч түүний амьдарч байсан он цаг нь түүхэнд бий шүү дээ. Цахим сүлжээнд дүрүүдийн хувцаслалт тухайн он цагтайгаа таарахгүй байна гэсэн шүүмж байсан. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Жүжигчин Р.Отгонбаярын хувцаслалт бага зэргийн шүүмж авсан байсан. Р.Отгонбаяр манай киноны эсрэг дүр. Шүүмжилж байгаа хүмүүсийн буруу гэж хэлэхгүй. Киногоо үзээд илүү ойлгож, илүү сайн харах байх. Тус уран бүтээлийг хийсэн хүний хувиар киногоо өмөөрөхөд 1989 онд тийм үйл явдал болоогүй. Энэ зохиол шүү дээ.
-Уран бүтээлүүд дээрээ найруулагч, жүжигчин, зохиолчоор нь ажилладаг шүү дээ. Бүгдийг нь тэнцүүхэн сайн хийхэд амаргүй байдаг уу?
-“Этик” продакшны арав дахь уран бүтээл нээлтээ хийх гэж байна. Анхны киноноосоо эхлээд зохиолч, найруулагч, жүжигчнээр нь ажиллалаа. Гэхдээ гол дүрд шунадаггүй. Наймаа киноны л гол дүрд тоглосон. Учир нь, найруулагчаа хийгээд гол дүрд ажиллах амаргүй. Би шилдэг, чаддагтаа найруулагч, зохиолчоор нь ажиллаагүй. “Этик” продакшн анх байгуулагдахад найруулагч, зохиолч, жүжигчин гээд бүгдэд нь тус бүр цалин өгөх ёстой болсон. Дөнгөж эхэлж байгаа залууст тийм ч их хөрөнгө байхгүй. Монгол Улсад 300 мянга гаруй үзэлттэй кино топ болж байна. Тэгэхээр гурван сая гаруй хүний 10 хувь нь л кино сонирхож байна гэсэн үг. Тэгэхээр нэг талаараа бид нийт хүмүүсийн 10 хувь нь л сонирхох зах зээлд бизнес хийж байгаа хэрэг. Миний гэр бүл, хамт олон, урилга хүлээн авч тоглож байгаа жүжигчид надад итгэж байгаа учраас тэднийхээ итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Тиймээс надад “чадахгүй байна” гэж хэлэх эрх байхгүй. Би хобби, мөрөөдлөөрөө амьдарч байна.
-Анхныхаа киног найруулж байсан Г.Даваазул, арав дахь киногоо найруулсан Г.Даваазул хоёрын хооронд хэр их ялгаатай байв?
-Жаахан туршлага л сууж байгаа байх. Өөрийгөө сайн болсон гэхгүй ч миний бодлоор бага ч гэсэн чанартай болж байгаа. 100 хувь биш, алдаа гаргасан зүйл болон бий. Өмнөх киноныхоо алдааг дараагийнхаа кинон дээр зассан ч өөр зүйлс дээр алдчихсан байдаг. Анх удаа 02:30 цагийн кино хийлээ. Хүмүүсийг залхаах кино хийсэн байх вий гэж айж байна. Үзэгдэл бүр ойлгож үзэх, ухаарах хэсэгтэй учраас хасаж, танахыг хүсээгүй ээ.
-“Этик” продакшныхан түүхэн сэдэвтэй уран бүтээл түлхүү хийхийг зорьдог юм шиг санагддаг. Тус жанрыг сонгодог шалтгаан бий юу?
-Хувь хүний үзэл бодол, хамтлагийн санааны нийлэмж юм уу даа. Хамгийн чухал нь тусгаар тогтносон Монгол Улсад монгол кино хийхийг л зорьж байгаа юм. Дэлхий дээр 190 гаруй улс оршиж байна, тэд өөрсдийн түүх, хэл, ёс заншил, далбаатай. Эх орныхоо түүх, ёс заншлыг мэдэхгүй хүмүүс олон болсон. Дэлхий даяаршиж, олон зүйл сурч шинэчлэгдэж байгаа, энэ зөв бид дэвших хэрэгтэй. Гэхдээ өөрсдийнхөө ондоошил, ёс заншлыг мартаж болохгүй. “Хэлгүй жим-2 Дада” киногоо эх орныхоо бүх л сайхан байгальд зургийг нь авч, түүний ард эгшиглэх хөгжим нь хүртэл монгол байлгах гэж хичээсэн.
-Аав нь найруулагчаар ажиллаж байсан нь урлагийн чиглэлээр сурахад нөлөөсөн үү?
-Цусандаа байдаг юм болов уу, цэргийн хүүхэд цэрэг, эмчийн хүүхэд эмч болдогтой л адилхан байх. Аав минь урлагийн хүн байсан юм билээ. Би ч багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Надад жүжигчнээс өөр мэргэжил төсөөлж үзсэн тохиолдол нэг ч байхгүй.
-Ажилласан анхны уран бүтээл “Этик” продакшны уран бүтээл байв уу?
-Мөрөөдлийн театрын жүжгүүдээр эхэлсэн дээ. Хамгийн анх жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай ах нартайгаа ”Цаг өөр болжээ” жүжигт ах дүү болж тоглож байлаа. Олон жүжигт ажилласан. Тайзны уран бүтээлд хайртай, 2025 оны намар “Этик” продакшн тайзны уран бүтээл хийхээр төлөвлөсөн. “Би ээж болмоор байна” киноны хоёр ихэр залуугийн дүрд анх ажиллаж байлаа.
-“Хэлгүй жим-2 Дада” киноны жүжигчдийн бүрэлдэхүүний талаар яривал. Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан гэж сонссон?
-Мэргэжлийн уран бүтээлчдэд санал тавьж тоглуулсан. Миний урилгыг хүлээн авсан жүжигчдэдээ баярлалаа. Ардын жүжигчин П.Цэрэндавга, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, МУГЖ А.Цэгмид тэргүүтэй уран бүтээлчид ажилласан. Бүх дүр дээр мэргэжлийн уран бүтээлчдийг тоглуулахыг хичээсэн.
-Таны хувьд “Этик” продакшныг уран бүтээлээс гадна нэгтгэдэг зүйл юу вэ?
-Хамт олны ойлголцол юм болов уу. Санаагаа хэлэхэд гараа өргөөд дэвждэг, “Хийх үү” гэхээр “тэгье” гээд тал бүрд киногоо хийх хичээдэг. Сүүлд хэзээ хамтлагийнхантайгаа муудсанаа санахгүй байна. Нэгнийгээ үргэлж түшдэг, дэмждэг. Сайхан нөхөрлөл энэ продакшныг хамгийн сайн нэгтгэдэг байх. Зорилго нэгтэй учраас бид арав дахь киногоо нээх гэж байна.
-Жүжигчин Г.Даваазулын хувьд мэргэжлийн үнэ цэн нь юунд оршдог вэ?
-Мөнхөд үлдэнэ. Насан туршдаа ажиллана, хэлэн жилийн дараа аав, өвөөгийн дүр тоглож байна. Өөрийнхөө үзэл санааг уран бүтээлээрээ дамжуулж хэлж чаддаг нь энэ мэргэжлийн нэг үнэ цэн. Зөв мэргэжил сонгосноо алхам тутамдаа мэдэрдэг. Кино нээх бүрдээ баярладаг.
Г.ДАВААЗУЛ: БИД ДАЯАРШИЖ, ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ Ч МОНГОЛ ТҮҮХЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙГ КИНОГООРОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |