• Өнөөдөр 2025-04-03

ЖҮЖИГЧИН Г.ЭРХЭМБАЯР: “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР” ГЭХ АЙЛЫГ АЛГАН ДЭЭРЭЭ БАРИАД, БҮХНЭЭС ЭНХРИЙЛЖ “БОСГОСОН” БОЛОХООР БУЦАХГҮЙГЭЭР ӨДИЙГ ХҮРСЭН

2024-10-05,   648

-“ӨМНӨДИЙГ ЗОРИХ ЗАМД” КИНО НАМАЙГ СОРЬСОН, ШАЛГАЛТ АВСАН УРАН БҮТЭЭЛ БОЛСОН-

Өөрийн гэсэн өнгө төрхтэй, оногдсон дүрээ үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж чаддаг жүжигчдийн нэг бол Г.Эрхэмбаяр билээ. Түүнийг бид “Намрын синдром”, “Амьдралд тавтай морил”, “Бүтэн амьдрал” зэрэг дэлгэцийн бүтээлээс гадна тайзны “Атга нөж”, “Солиотой жүжиг”, “Надад өгөөгүй хайр” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээснээр нь мэднэ. Хамгийн сүүлд “Хүлэгү пикчерс”, “Тулгатан пикчерс”, БНСУ-ын “Kortop media”-гийн хамтын бүтээл болох “Өмнөдийг зорих замд” кинонд гол дүр бүтээгээд буй түүнтэй ярилцлаа.


-Юун түрүүнд танд киногоо нээсэнд баяр хүргэе. 

-Баярлалаа.  

-Та ойролцоогоор 30 гаруй уран бүтээлд дүр бүтээжээ. Кино, жүжиг нээх бүрд анхны мэт цоо шинэ мэдрэмж төрдөг байх даа? 

-Би тоглосон уран бүтээлүүдээ тоолж огт үзээгүй юм байна. Бас олон бүтээл байна шүү. Анхны мэдрэмж гэдэг хамгийн сайхан. Анхны хайр, анхны үнсэлт, анх аав болох гээд анхны гэсэн бүхэн хэзээ ч мартагдахааргүй, үнэтэй дурсамж болон үлддэг. Анх драмын театрт бүтээсэн дүрээ, дэлгэцийн бүтээлд тоглох үеийн мэдрэмжээ би одоо ч санадаг. Анхны зүйлсийн дараа шинэ гэж байдаг байх. Тэр нь анхны гэсэн зүйлсийг орлож, нөхөж, үргэлжилж явдаг болов уу гэж би боддог. Миний хувьд энэ намрын анхны, мөн хамгийн сүүлд тоглосон уран бүтээл бол “Өмнөдийг зорих замд” кино байлаа. Энэ киноны нээлтийн үеийн мэдрэмж бол бараг л анх гэдэгтэй ижилхэн байсан. Яагаад гэвэл, тус кино миний жүжигчний уран чадварыг сорьсон, надаас шалгалт авсан уран бүтээл болсон гэж боддог.

-Энэхүү кино нь монгол хүний нинжин сэтгэл, холч ухааны тухай өгүүлж буй талаар уран бүтээлчид нь тодотгосон байсан. Таны хувьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс юугаараа онцлог байсан бэ? 

-Гуравдугаар сард киноны уран бүтээлчид санал тавиад, гуравдугаар сарын сүүлээр зохиолтойгоо танилцсан. Харин наймдугаар сарын сүүлээр зураг авалт эхэлсэн юм. Миний хувьд таван сарын турш дүрийн судалгаа хийж, цэрэг хүний алхаа гишгээ ямар байдаг, тэр дагуу бүхнийг сурсан. Би Улаанхуаранд өссөн л дөө. Аав минь цэргийн даргын жолооч хийдэг байлаа. Тиймдээ ч багаасаа л ах захаа хүндэлдэг, хүмүүжилтэй, эрэмбэ дараагаа сайн мэддэг, үг даах чадвартай болж өссөн. Тиймээс ч энэ дүрийг бүтээхэд ойр байсан болов уу гэж бодож байна. Мөн багадаа үзэж өссөн жүжигчидтэйгээ хамтран кинонд тоглосон болохоор их сайхан байлаа.

-“Өмнөдийг зорих замд” кино Солонгост мөн нээлтээ хийсэн шүү дээ.

-Энэ бол Монгол Улсын кино урлагийн түүхэнд болж буй том үйл явдал. Монгол, Солонгос Улсын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл гэдгээрээ онцлог. Өмнө нь Солонгосоос жүжигчид манайд ирж кинонд тоглох, эсвэл бид Солонгос, Японы кинонд тоглох тохиолдол байсан. Мөн өмнө нь бид Солонгост хийсэн киногоо гаргах гэж очдог байсан бол энэ удаад киногоо нээлээ. Солонгосын кино театруудаар албан ёсны эрхтэйгээр кино маань гарахаар болсон. Энэ бол том үйл явдал.

-Та бол тайз, дэлгэцийн уран бүтээлч. Энэ хоёр төрлийн аль нь илүү хэцүү вэ?

-Хоёулаа л Эрхэмбаяр гэдэг хүний л бие, сэтгэл, үг, харцаар илэрч, хоёуланд нь дотоод ур чадвар шаарддаг. Тиймээс надад тэр нь хэцүү, энэ нь амархан гэж хэлэх хэцүү.

ХҮН АЛДАЖ БОЛНО, УНАЖ БОЛНО. ТЭНДЭЭСЭЭ БОСООД УРАГШЛАХ ЁСТОЙ

-Драмын театраас өрх тусгаарлаж, уран бүтээлч найзуудтайгаа хамтран  “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Мэдээж энэ хугацаанд тулгарах бэрхшээл олон байсан байх?

-Асуудал зөндөө байсан. Драмын театраас өрх тусгаарлаад 14 жил болох гэж байна. Энэ 14 жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ дээ. Хэцүү үе олон байсан. Гэхдээ тэр үеүдэд Шагай, Сөрөлт болон бид огтхон ч шантарч байгаагүй. Уран бүтээлдээ хайртай, “Мөрөөдлийн театр” гэх айлыг алган дээрээ бариад, бүхнээс энхрийлж “босгосон” болохоор буцахгүйгээр, болихгүйгээр өдийг хүрсэн. Яах вэ, хүн алдаж болно, унаж болно. Тэндээсээ босоод урагшлах ёстой гэсэн бодлоор шантарсан, хэцүү үеүдээ давсан.

-Мөрөөдлийн театрын уран бүтээлчид сүүлийн жилүүдэд “Тод хувцастай эмэгтэй”, “Шөнө буусан аадар” бүтээлүүдийг тайзнаа тавьсан. Өмнө нь үзэгчдэд хоногшсон бүтээлүүдийг сонгоно гэдэг зоригтой үйлдэл шүү дээ?

-Тийм ээ, аль болох монгол зохиолчдынхоо бүтээлийг тайзнаа тавихыг зорьдог. Нэг хэсэг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар болон Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн гайхалтай зохиолуудыг УДЭТ-ын тайзнаа амилуулсан. Яг одоо бол жүжиг, киноны зохиолч гэж цойлж гарч ирсэн хүн алга. Өмнө нь “Илүү сартай шөнө”, “Би чамд хайртай” гэх мэт гайхалтай бүтээлүүд гарч байсан. Тиймээс бид уран бүтээлчдээ таниулахын тулд Д.Мэндсайханы зохиол “Тод хувцастай эмэгтэй”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж гуайн зохиол “Шөнө буусан аадар” зохиолуудыг сонгож тоглосон. Монгол зохиолчийн бүтээлийг монгол найруулагч найруулж, монгол жүжигчнээр дамжуулж монгол үзэгчдэд хүргэх нь бидний зорилго. Үзэгчдэд “Монгол зохиолчид ямар гайхалтай зохиол бичдэг юм бэ, ямар их потенциалтай юм бэ” гэдгийг мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн. Цаашдаа мэдээж гаднын зохиолуудыг тоглоно.

-Энэхүү зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу? 

-Тийм ээ, хүрэлгүй яах вэ. Бид өмнө нь “Хайртай бол эргэж хараарай”, “Цаг өөр болжээ”, “Амьдрал өөрөө бэлэг”, “Хайрыг гэрчил” гэх мэт олон драмын жүжиг тавьсан. Сүүлийн хоёр том  уран бүтээл болох “Шөнө буусан аадар”, “Тод хувцастай эмэгтэй” бол хүлээлтээс давсан. Үзэгчид ч сайнаар хүлээж авсан гэж боддог.

-Танай хамтлагийн цаашдын уран бүтээл, намрын тоглолтуудын төлөвлөгөө гарсан уу?

-Манай “Мөрөөдлийн театр” Монгол Улсад анх удаа шоу драм гэдэг жанр, урсгалыг гаргаж ирж тоглосон. Үүнийг би дахин дахин хэлмээр санагддаг юм. Одоо ч энэ жанраа барьж яваа. Бид олон сайхан драмын жүжиг тавих төлөвлөгөөтэй байгаа. 

 -Танд тайз, дэлгэцнээ бүтээхийг хүсдэг дүр бий юү?

-Ингээд ярихаар хүмүүс намайг хүсэл тэмүүлэл, эрмэлзэлгүй юм гэж бодох байх. Гэхдээ миний хувьд найруулагч надад ямар дүр өгнө, тэрийг л сайн бүтээх юм сан гэж бодож, зорьж явдаг. Магадгүй цаашид тийм дүр гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Та нэгэн ярилцлагадаа “Өөрийгөө жүжигчин гэхээс ичдэг” гэсэн байна лээ. Олон уран бүтээлийн ард гарсны дараа тэр мэдрэмж арилсан болов уу?

-Би олон гайхалтай, авьяастай, билиг танхай уран бүтээлчидтэй ажилласан. Тэр хүмүүсийн бүтээсэн дүрүүдийг үзэж өссөн учраас “Энэ хүмүүсийн хаана нь ч хүрэхгүй юм байна даа” гэж их боддог байсан. Тэдгээр уран бүтээлчийг хүндэлж энэ үгийг хэлсэн. Би одоо ч өөрийгөө жүжигчин гэж хэлэхээс ичдэг. Гэхдээ шууд утгаараа жүжигчин мэргэжлээсээ ичдэг гэсэн үг бол биш.

-Таны эхнэр бас тантай мэргэжил нэгтэй шүү дээ. Эхнэрээ уран бүтээлчийнх нь хувьд юу гэж боддог вэ?

-“To be or not to be” шоунд “Харамчийхны дууль”-ийг тоглохыг нь анх харсан. Тэр үеэс л “Их авьяастай юм байна даа” гэж бодож, “Төгсөөд хэрвээ сонирхвол манай хамтлагт ирээрэй” гэсэн юм. Манай хамтлагт ирээд дөрвөн жил ажиллахдаа эмэгтэй гол дүрүүдийг маш чадварлаг бүтээж, авьяастай гэдгээ харуулж чадсан. Харин бид гэр бүл болсноор хань маань мэргэжлээ хойш тавьж, хүүхдүүдээ  өсгөж хүмүүжүүлэн, миний арыг найман жил бат даасан. Хоёр, гурван жилийн өмнөөс  л “Бурхны аварлаар чи ирлээ”, “Яг түүн шиг” зэрэг нэвтрүүлгийн уран бүтээлчээр ажиллаж эхэлсэн. Удахгүй Намуунаагийн тоглосон олон сайхан уран бүтээл, кинонууд гарах байх.

-Намарт хүмүүсийн сэтгэл хоосроод, нэг тийм гэгэлгэн болдог шүү дээ. Таны хувьд намар ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Манай мэргэжил их хэцүү, ачаалалтай шүү дээ. Саяхан л гэхэд ах нь онцгой байдлынхны тухай нэг киноны зураг авалтаас ирлээ. Тэсрэлт, нуранга, галаас хүн аврах зэрэг олон хүнд зураг авалтад оролцсон. Ядарсан үедээ би гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх юмуу, агаар салхинд гарах дуртай. Хүмүүс намар гэгэлзээд, сэтгэл нь үймэрдэг бол миний хувьд намрын улирал үнэхээр гайхалтай. Хамгийн сайхан намар гэвэл хөдөө агаарт амарч байсан үеүд л бодогдож байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа.

Б. Сэржмядаг
 

ЖҮЖИГЧИН Г.ЭРХЭМБАЯР: “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР” ГЭХ АЙЛЫГ АЛГАН ДЭЭРЭЭ БАРИАД, БҮХНЭЭС ЭНХРИЙЛЖ “БОСГОСОН” БОЛОХООР БУЦАХГҮЙГЭЭР ӨДИЙГ ХҮРСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188