Түүний зохиолыг нь бичиж, найруулсан кинонуудыг үзэхэд үнэн, худлын мөн чанарыг тодотгосон, дүрүүддээ зовлон, жаргалыг тэнцүү амсуулж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн, нэгнээ хайрлан хүндлэх, түшин нөхөрлөхийн тухай энгийн сайхан илэрхийлсэн байдаг. Гэхдээ бусад найруулагчдаас ялгарах нэг онцлог нь этгээд. Уншигч таныг “Хоёулаа дуулъя” ээлжит бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж буй кино зохиолч, найруулагч Л.Таванбаяртай уулзуулж байна.
Түүнийг бид “Тэнгэрийн андгай”, “Буруу эргэлт”, “Мөрөөдлийн зүгт”, “Үнэнээс хол”, “Эзэнгүй бөгж”, “Цасан охин”, “Нэг хоёрын гурав аа”, "Долоон бурхан харвадаггүй”, “Улаан дөрвөлжин”, “Хүдэн”, “Ноход”, “Тайга”, “Мөрдөгч”, "Шүүдэр дундуур", “Цор ганц” зэрэг бүтээлийн киноны зохиолыг бичиж, найруулснаар нь мэдэх билээ. Энэ бүхэн цөм түүний ертөнцөөс төрөн гарсан.
Яриа руугаа орохоос урьд түүний шүлгээр бүтсэн цөөнгүй дуу байдгийг дурдмаар байна. Тэдгээрээс уншигчийнхаа хувьд би "Шүүдэр дундуур" киноны дууны шүлэгт нь дуртай.
"Шүүдэр дундуур алхах чинь
Шүлэг шиг байсан гэвэл итгэх үү
Үдшийн бүрийд мишээн зогсох чинь
Үлгэрээс ургасан мэт байсныг мэдэх үү..."
-Таны ээлжит бүтээл “Хоёулаа дуулъя” киноны санаа хэзээ төрж, хэдий хэр хугацаанд бүтэв. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтнийг бид өөрсдөө бий болгодог гэсэн өнцгийг тусгасан гэж байсан.?
-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 1981 онд гаргасан, хөгжмийн зохиолч том Жагаа ахын хөгжим, яруу найрагч Б.Төмөрхүүгийн шүлэг, дуучин Б.Нандинцэцэгийн дуулснаар хүмүүс сайн мэдэх “Хоёулаа дуулъя” дуунаас сэдэвлэн зохиолоо бичсэн. 2024 оны хоёрдугаар сараас зохиолоо бичиж эхлээд, тавдугаар сард бэлэн болсон. Жүжигчин М.Аззаяа маань продюсераар нь ажилласан ийм бүтээл. Киноны зураг авалт есдүгээр сарын 5-18-ны хооронд авсан. Зургаа нэлээд шахуу төлөвлөгөөтэй авсан. Богино хугацаанд авч чадсан учир нь өмнө нь их нарийн төлөвлөсөн. Үндсэндээ энэ оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл бэлтгэл ажлаа базааж, дүрүүдээ сонгож, уран бүтээлчид хэдийнэ үгээ суулгасан гээд бүх зүйлээ жин тан болгосны эцэст кино зургаа шаргуу авсан. Үзэгчдийн дунд хурдан хийхээр муу, удаан хийхээр сайн бүтээл төрдөг гэсэн ойлголт байдаг. Одоо бол техник технологи хөгжсөн, хүмүүс ажилдаа дуртай, хариуцлагатай болчихсон үе. Дүрүүдийн хувьд “Жаалхүү” драмын дугуйлангийн эхний сургалтад хамрагдсан гурван залуу, нэг эмэгтэй энэ киноны гол болон туслах дүрд тоглосон. Гэхдээ мэргэжлийн жүжигчидтэй хамтарч тоглосноороо онцлог, цоо шинэ өнгө төрх байх болов уу.
-Кинонд дэвшүүлж буй энэхүү санаагаа та эртнээс бодож, бүтээл болгохыг зорьж байв уу?
-Би 2017 оноос хойш хүүхдийн хүчирхийлэл, хамгаалал, өсвөр үе, залуусын тухай уран бүтээлээрээ дамжуулан дуугарах гэж зорьж байгаа. Сүүлийн үед хүүхдийн эсрэг бие, сэтгэл санааны хүчирхийллийн тухай хүмүүс их ярих боллоо. Тиймдээ ч миний хувьд энэ талаар хөндсөн бүтээл хийх тухай бодож явсан. Хамгийн гол нь энэхүү бүтээлээрээ “Хүчирхийлэгчийг хэн төрүүлдэг вэ” гэх асуултад хариулахыг хичээж байгаа. Эцсийн дүнд хүчирхийлэгчийг бид өөрсдөө л төрүүлдэг юм байна. Хүүхэд байхаас нь эхлээд зааж зааварлаж, эрх чөлөө рүү нь халдаж, өөрсдийн хүсэл зоргоор байлгах гэж шахаж, шаардаад ирэхээр хүүхдүүд өсөж том болоод нийгэмд тэр байр сууриараа ханддаг юм байна. Магадгүй ганцхан эмзэг зүйлтэй таарч, сэтгэл санаа нь гэмтэхэд насан туршдаа эвдрэхийг үгүйсгэхгүй байгаа юм. Үүнийг бид анзаардаггүй. Энэ талаар л энэ бүтээлээрээ дуугарахыг зорьсон.
-Аливаад хэм хэмжээ л хамгийн чухал байх. Хайрлахгүй байж болохгүй. Хайр ихдэхээрээ бас бурууддаг талтай шүү дээ?
-Тийм ээ. Хэт их эрх чөлөөнд халдах, хэт их эрхийг нь дээшээ өргөх хоёр адилхан. Аливаа юмны давс тунг л тааруулж байх ёстой. Гэхдээ хэм хэмжээнд нь байлгана гээд хүчээр хандаж болохгүй. Харин хүүхэдтэйгээ анхнаасаа л ярьмаар юм шиг санагддаг. Тухайлбал, би тийм ч мундаг сайн аав биш. Зарим үед хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, тэднийг хэт өөрсдийнхөөрөө байлгах тохиолдол бий.
-Таны бүтээлийг шимтэн үздэг үзэгчид гэж бий шүү дээ. Тэдний хувьд дараагийн бүтээл нь юу байх бол гэж хүлээдэг байх. Үзэгчдийн хүлээлт танд хэрхэн мэдрэгддэг вэ?
-Өмнөх кинонууд дээрээ ололттой тал байсан бол түүнийгээ улам ахиулья, харин алдаагаа дахин давтахгүй юм шүү гэж хичээдэг. Надад дуртай үзэгч байдаг бол их баярлаж байна. Дургүй үзэгчид ч бий. Гэхдээ тэр бүрийг би айхтар анхаардаггүй. Миний ертөнц бүх хүнд таалагдах албагүй. Би уран бүтээлчийнхээ зүгээс бодож санаж явдаг зүйлсээ л бусадтай хуваалцахыг боддог. Бүтээлээс бүтээлийн хооронд хийж буй зүйлээ сайжруулъя гэж л зорьж явна.
-Таны ертөнц бүтээлээс бүтээлийн хооронд өөрчлөгддөг үү?
-40 гарсан миний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Амьдралыг үзэх үзэл минь төлөвшчихсөн шүү дээ. Тэгэхээр миний ертөнц өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь илэрхийлэмж, хэлбэр хийц нь өөр ондоо болох байх. Түүнээс ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөхгүй. Бүтээлээ аль болох энгийн үзүүлэхийг зорьдог. Айхтар сүржин байхыг хүсдэггүй. “Энэ бол миний бодол шүү. Та бүхэн өөр өөрсдийнхөөрөө харж, мэдрээрэй” л гэж байгаа юм. Тухайлбал, “Хоёулаа дуулъя” кинонд хүчирхийлэгч хаанаас төрдөг вэ гэдэг асуултад би ийм хариулт өгмөөр байна гэж л үзүүлж байна.
-Таны бүтээлүүд бүх л сэдвийг хөндсөн байдаг. Одоо харин танд ямар сэдэв санаа сонирхолтой байна вэ?
-Цаашдаа маргаашдаа санаа зовсон, маргаашдаа гэрэл гэгээ, урам зориг хайрласан, маргаашийнхаа тухай хүмүүс эргэцүүлж бодсон уран бүтээл хиймээр байна. Дараагийн уран бүтээлээ бодчихсон л байгаа. Арваннэгдүгээр сараас зохиолын ажилдаа орно.
-Нэг уран бүтээлийн ард гараад амардаг байх. Тэрхүү цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гэр бүлтэйгээ л сайхан амардаг. Киноны ажил руу ороход гэр бүлээ орхидог. Кино зураг авалттай үед тав, зургаан сар гэртээ ирэхгүй. Тэр хугацаанд гэр бүлийнхэн маань их санасан байдаг. Тэгэхээр гэрээсээ гарахгүй байж, гэр бүлийнхэнтэйгээ хоол иднэ, кино үзнэ, гадуур зугаална. Тэр хоорондоо мөн дараагийн ажлаа бодно, төлөвлөнө.
-Зохиолоо баг хамт олонтойгоо ярилцаж бичих үү. Эсвэл ганцаараа суух уу?
-Ганцаараа. Зохиол бичих үедээ гэртээ бүгчихдэг. Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа бодно.
-Сайн, муу зохиол гэж ярьдаг. Таны хувьд ямар зохиолыг сайн зохиол гэх бол?
-Найруулагч Б.Бадрууган агсан “Хоригдол, гурил хоёрыг л дугаарладаг” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр сайн, муу зохиол гэж хэлэх хэцүү. Миний хувьд нэг анзаардаг зүйл бол сошиал орчинд хүний хийсэн бүтээлийг өөрсдийн үзэл бодлоор шүүж бичээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Тухайн хүний санаанд таалагдахаараа л сайн зохиолтой сайн бүтээл болоод, таалагдахгүй болохоор муу бүтээл гэж ойлгож болохгүй шүү дээ. Гэтэл тэр шүүмжилж байгаа хүн өөрөө хэн юм бэ. Тэр оюун санааны дээд хэмжүүр, хязгаар юм уу. Тэгэхээр хүний хийсэн юм сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол үндсэн сайн зохиол бий. Дүрүүдийн мөн чанар, илэрхийлэмж ойлгомжтой байх хэрэгтэй. Дүр өөрчлөгдөж байх ёстой, логик холбоос нь үнэн байх ёстой гэх шалгуур бий.
-Хүн хийж буй зүйлдээ сэтгэл ханадаггүй шүү дээ. Үргэлж л дутуу оргиж чамлагддаг. Таны хувьд зохиол яг бэлэн боллоо гэх хүртэл мөн л урт хугацаа болдог байх?
-Зохиолоо бичиж байхдаа хийдэг дадал зуршил тань юу вэ?
-Тамхи татна, кофе ууна, хөгжим сонсоно.Залуу байхдаа рок хөгжим түлхүү сонсдог байлаа. Одоо бол бүх л төрлийг сонсож байна. Заримдаа 15 настай хүүгийнхээ сонсдог хөгжмийг хүртэл хамт сонсоно.
-Та тайзны бүтээл найруулах бодол бий юү?
-Анх сургуулиа төгсөөд нэг жүжиг дээр ажиллаж байсан. Саяхан бас "Жаалхүү" драмын сургалтынхаа хүүхдүүдийн дөрвөн ч жүжиг дээр ажилласан. Жүжиг дээр ажиллах бодол бий.
-"Би тийм үзэгчдийг байлдан дагуулсан сайн бүтээл хийж чадаагүй байх гэж боддог" гэж та яриандаа хэллээ. Харин ч үгүй байх. Үзэгчид бүх бүтээлийг нь биш гэхэд цөөнийг нь гарцаагүй үзсэн байгаа. Ер нь нэг их айхтар үзэгчдийг хуйлруулаад, шуугиан тарьсан бүтээл манайд бий юү. Бүгд л адилхан санагддаг?
-Байлгүй яах вэ. Олон сайхан бүтээлтэй уран бүтээлчид бий. Миний хувьд үзэгч гэхээс илүү уран бүтээлч бүтээлээ хийх ёстой л гэж боддог. Цаашдаа ч хийсээр байх болно.
Энэ хүрээд бид яриагаа өндөрлөсөн юм. Түүний маргаашийн тухай хүмүүс эргэцүүлж бодсон бүтээл хийхийг зорьж байгаа нь сайхан санагдсан. Үнэндээ хүмүүс ирээдүйн тухай, тэр цаг хугацаанд амьдрах үр хүүхдүүд, ирэх өдрүүд, хүсэл мөрөөдлийн тухай тун бага боддог болсон шүү дээ. Уран бүтээлчийн хувьд хүмүүсийг сануулж, мэдрүүлж, бодуулна гэдэг сайхан юм аа.
НАЙРУУЛАГЧ Л.ТАВАНБАЯР: “Хоёулаа дуулъя” киногоороо хүчирхийлэгчдийг хэн төрүүлдэг вэ гэх асуултад хариулт өгөхийг хүссэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |