Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романы Лүн эртэй уншигч таныг жүжиг нээхээс өмнө уулзуулж байна. Үндсэндээ хууран мэхлэгч, зальхай явуургүй түүнийг Фу Гүйг юу ч үгүй сэгсэрч орхихоос өмнө шүү дээ.
Тэр бол одоогоос 20 гаруй жилийн өмнө сургуулиа төгсөж, Улсын драмын эрдмийн театрт жил гаруй ажиллаж, сүүлд мөн “Стиб Жобс” моно жүжигт тоглосноос өөрөөр тайзнаа гараагүй жүжигчин Ө.Мөнгөнтулга. Ийнхүү нэрийг нь дуулахад л уншигч таны санаанд “Чонын Алтан шагай” киноны сайн найзынхаа хүүхдийг эдгээхийн төлөө эцсээ хүртэл бүхнийг хийгч, “Улаан дөрвөлжин”-гийн галзуу номын солиот”, “Нар гарна аа, аз жаргал минь” киноны сайн хань, “Замбуулин дуусах болоогүй”-ийн гярхай дориун Амар мөрдөгч гээд олон дүр нь санаанд орж буй. Түүнээс гадна “Зоорь”, “Эзэгнэгч”, “Уулын намар”, “Монголын сүүлчийн эзэн хаан” зэрэг бүтээлүүдийн дүрийг ч чадварлаг бүтээсэн билээ. Кинонд ийн дүр бүтээхийнхээ хажуугаар цөөнгүй бүтээлд продюсераар ажилласан байна. Түүнтэй ярилцлаа.
Тэрбээр "Үй хуа зохиолчийг уран бүтээлчид, залуучууд мэдэх ч 40-ээс дээш насны уншигч, үзэгчид сайн мэддэггүй юм уу гэж ажиглагддаг. Энэхүү зохиолчийн бүтээлүүд хүний төрөхөөс үхэх хүртэлх хугацааны үйл явц, тэр дундаа эгэл боргил амьдрал, хүний зовлон, жаргалын тухай өгүүлж, хүний дотоод сэтгэлийн утсыг хөндөж чаддагаараа уншигчдын сэтгэлд хүрдэг санагддаг” гэсэн юм.
-“АМЬДРАХУЙ” ЖҮЖГИЙН ДҮР БҮР ӨӨРИЙН ӨГҮҮЛЭМЖ, БАЙР СУУРЬТАЙ-
-Анх “Амьдрахуй” жүжигт тоглох санал танд хэрхэн тавьсан бэ?
-“Амьдрахуй” жүжиг өнгөрсөн жилээс эхлэн тайзнаа тавихаар яригдсан. Миний хувьд өнгөрсөн зургадугаар сард анх М.Батболд найруулагч, Т.Ариунчимэг продюсертай уулзаж, энэхүү жүжигт орохоо мэдсэн ч чухам яг аль дүрд нь тоглохоо мэдээгүй байсан. Тухайн үед романыг жүжгийн зохиол болгох ажил л ид өрнөж байлаа. Түүнээс өмнө би “Амьдрахуй” романыг эх хэлнээ орчуулсан яруу найрагч, зохиолч Мө.Батбаяртай их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай киноны зохиолчоор ажиллахад нь танилцаж байсан юм. Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийж буй бүтээл л дээ. Ирэх сард мөн нээлтээ хийнэ. Миний хувьд гүйцэтгэх продюсераар нь ажилласан. Тус уран бүтээлд "Хамба фильм" студийн уран бүтээлчид болон найруулагч Б.Ганболд ажилласан юм. Тэгэхэд энэ жүжгийг анх тоглогдох гэж байгааг дуулж байсан. Миний хувьд аль хэдийнэ зохиолыг нь уншсан байсан болохоор "Романаас нь сэдэвлээд жүжгийнхээ зохиолыг гоё гаргаад сайн хийж чадах юм бол үнэхээр үзэгчдэд хүлээлттэй, өргөнөөр үзэхээр бүтээл болох байх" гэж бодоод өнгөрсөн. Дараа нь харин энэ бүтээлд оролцох болсон доо. Бид наймдугаар сараас жүжгийнхээ зохиолын анхны уншилтыг хийж эхлээд, дүрээ аваад ажиллаж эхэлсэн. Зохиолын ерөнхий үйл явдал нэг хүний залуу, идэр, өтөл насны үйл явцыг харуулна. Тэр хугацаанд олон хүн түүнтэй таарах бөгөөд цөм өөр өөр араншин, байр суурьтай. Үүгээрээ жүжиг олон дүртэй, дүр бүр өгүүлэмжтэй.
-М.Батболд найруулагчийг та уран бүтээлчийн хувьд хэрхэн мэдэх вэ. "Фауст", "Гэм зэм", "Опал", "Шөнө дундын бүжиг", "1984" зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулснаар нь бид танилцаж байна шүү дээ. Таныг энэ удаагийн бүтээлийнхээ нэгэн дүрд сонгосон тухайд ямар бодолтой байна вэ. Найруулагчийн зүгээс танд хэлсэн зүйл бий юү?
-М.Батболд найруулагчийн бүтээлийг нь би шимтэн үзсэн. Анагаахын их сургуулийг сэтгэцийн эмч мэргэжлээр төгсөөд, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Тиймдээ ч М.Батболд найруулагчийн жүжиг, хүний сэтгэл рүү өнгийсөн, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг гэж боддог. Тэр хүн ямар үед уйлдаг, яахаараа инээдэг, омогшдог, гуньж гутардгийг нарийн мэдэрч бүтээлээ туурвидаг юм билээ. Мөн жүжигчидтэйгээ сайн ажилладаг. М.Батболд найруулагч жүжиг бүрдээ шинэ хүмүүстэй ажиллаж үздэг онцлогтой санагдсан. Тэр ч үүднээс намайг сонгосон болов уу. Жүжигчин бүр тайзны уран бүтээлд оролцох юм сан, тайзнаа гараад яг тэр үзэгчдийн уур амьсгал амьд харилцаа гэж юу байдгийг мэдрэх битүүхэн хүсэл тээж явдаг байх. Миний хувьд ч ялгаагүй одоо тайзнаа гарвал яах бол гэж бодож байсан. Энэ хүсэл минь биелэж байгаад баяртай байна.
-Жүжигт та Лүн эрийн дүрд ажиллаж буй. Хамгийн сүүлд та хэзээ тайзан дээр гарсан бэ?
-Хамгийн сүүлд гэвэл одоогоос хэдэн жилийн өмнө "Стив Жобс" моно жүжигт тоглосон.Түүнээс хойш тайзнаа гараагүй. Тэгэхээр "Амьдрахуй жүжигт би дөнгөж сургуулиа төгссөн жүжигчин шиг л өөртэйгээ ажиллаж, бүхнийг шинээр харж, сурч байна. Лүн эр дүрийн хувьд гол дүрийн залууг мөрийтэй тоглон хожоод, бүх эд хөрөнгийг нь мөрийндөө авч байгаа эсрэгдүү дүр. Гэхдээ дүр бүр өөрийн гэсэн онцлог, эргэлттэй шүү дээ. Тэр ч утгаар надад энэхүү дүр минь их таалагдаж байгаа.
-"Амьдрахуй" хүнд тохиолдож буй зовлон, түүнийг давах тэнхээ чадлын тухай өгүүлж буй шүү дээ. Та "Хэрвээ би Фуй Гүйн оронд байсан бол" гэж бодож үзсэн үү?
-Анх жүжгийн зохиолоо уншихад хамгийн эхэнд нь "Амьдрахуй бол хүлцэхүй юм" гэсэн зүүлт үг байсан. Тэр үгнээс үүдэн тайлбарлахад, Фуй Гүй хэцүү амьдрал туулж, зовлонг давж байгаа нь өөрөө хүлцэж чадаж байгаа юм. Мэдээж би Фуй Гүйн оронд өөрийгөө тавьж үзэлгүй яах вэ. Одоо би 50 нас руу дөхөж байна шүү дээ. Миний амьдралын он жилүүдэд энэ дүртэй адил үхэл хагацал тохиолдож л байсан, юу ч үгүй хоосон үе ч гарч л байсан. Тийм болохоор амьдралд таарах зовлон зүдгүүр бүхий л зүйл тохиолдож байсан. Тэглээ гээд гутрах нь ч байна. Гэсэн ч архи дарсанд ороод амьдралаа үрсэнгүй, хулгай хийж, худал ярьж, гэмт хэрэгт холбогдсонгүй. Ингээд бодохоор би түүний оронд байсан бол ялгаагүй л давж гарна.
-Театраас гараагүй бол тайзнаа ийм нэг дүрийг яг л бүтээх байсан даа гэх бодол байдаг уу?
-Олон жил кинонд ажилласан болохоор дэлгэцнээ бүтээхийг хүсдэг дүр бий. Харин өнөөдрийн хувьд тайзны дүр бүхэн л надад сонин байна.
-Харин дэлгэцэнд та ямар дүр бүтээе гэж бодсон юм?
-“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан”, “Үхэж үл болно” шиг томоохон төсөл хэрэгжиж, том хэмжээний бүтээл хийгдэхгүй байгаа шүү дээ. Тийм сайхан өргөн бүрэлдэхүүнтэй, үзэгчдийн үеийн үед үзэх дуртай уран бүтээл хийгдээсэй. Тэгвэл тийм нэг бүтээлд гол үйл явдлын гогцоо болсон эсрэг талын дүрд ажиллахыг хүсдэг. Мөн Монголынхоо гэхгүй гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг боддог.
-Та дэлгэцийн 30 гаруй бүтээлд тоглосон юм байна. Тодорхой шалгуур тавьж ажилладаг гэж ярьсан. Бүтээсэн дүрүүдээ эргээд харахад сэтгэл хангалуун байдаг уу?
-Одоог хүртэл тийм тулсан мэдрэмж авсан дүр бараг байхгүй. Учир нь уран бүтээлч хүн ханаж болохгүй. “Миний тэр их аятайхан болсон болов уу" гээд ханаад ирэхээр бурууддаг болов уу гэж боддог юм. Харин аль болох урьдныхаа хийж байснаас илүү юм гаргах юм сан гэж хичээдэг. Бүтээлээс бүтээлийн хооронд арга барилаа олж сайжирдаг. Надад бас бусдын дүр амттай санагдах нь бий. Тухайлбал, кинонд тоглож байхад "Энэ дүрд би тоглосон бол энэнээс илүү тоглох байсан", "Энэний маань дүр ямар гоё дүр вэ. Үнэхээр жүжигчин хүний чадал чансааг шавхсан дүр байна" гэж цагаахан атаархал төрөх үе гардаг.
-Тэгвэл та аль нэг найруулагчид "Таны ийм нэг дүрд би тоглоё" гэж сонгож байсан удаа бий юү?
-Жүжигчин өөрөө дүрээ сонгох бараг боломжгүй. Гэхдээ найруулагч надад нэг л удаа дүрээ өөрөө сонгох боломж олгож байсан. Зохиолоо уншсаны дараа “Чи аль дүрд өөрийгөө төсөөлж байна, сонго. Би чамаас юм гарна гэж итгэж байна. Хүссэн дүрдээ ажилла” гэж онцгой эрх олгож байлаа. Тэр нь Б.Ганболд найруулагчийн “Улаан дөрвөлжин” сэтгэхүйн бүтээл. Номын цагаан солиотой Нямын дүрийг би тэгж л өөрөө сонгосон юм шүү дээ.
-Энэ дүрийн юу нь танд сонин, содон байв?
-Ням юунаас болоод галзуурах хэмжээнд хүрэв, яагаад чухам өдөр, шөнөгүй ном уншиж галзуурав гэдэг нь миний сонирхлыг татсан. Ер нь тэгээд хийх юм ихтэй дүр сайхан. Дээрээс нь надад их ойрхон санагдсан. Ням сэтгэлтэй бүсгүйгээ номын санд багштайгаа байхыг хараад шоконд орж, сэтгэл зүйд нь нөлөөлж, ном уншсаар байгаад галзуугийн эмнэлэгт очсон. Энэ мэт ажиллагаа ихтэй дүр учир сонгосон юм.
-Магадгүй 20 гаруй жил ажлаад мэргэжлээ мэдээд, ойлгоод ирэхээр сонирхол татах зүйл бага болдог уу?
-Сонирхол бол хэзээ ч буурахгүй. Харин арай санаа суух нь бий. Тухайлбал, "Энэ бүтээл рүү орьё", “Энийг нь больё" гэдэг ч юм уу. Хүн бүгдийг нь мэддэг юм шиг мөртлөө цагаа тулахаар мэдэхгүй юм шиг санагддаг. Шинэ уран бүтээл тутамд шинэ мэдрэмж төрж байдаг. Жүжигчний хамгийн бахархалтай зүйл бол авсанд ортлоо ажлаа хийдэг, хэзээ ч тэтгэвэрт гардаггүй мэргэжил.
-Тэгвэл үзэгчид харин их уйдамхай шүү дээ. Нэг эсрэг дүрд тоглох жүжигчин гарч ирэхэд сонирхож байгаад давтагдаад ирэхээр сонирхол бага болдог шиг байгаа юм?
-Үзэгчид их уйдамтгай. Уйдамхай байхаас ч аргагүй. Цаг үе, хүний үзэл бодол, нийгмийн амьдрал өөрчлөгдөнө. Нэг уран бүтээлч "моод"-нд байж байгаад тэгээд хэдэн жилийн дараа хоцрогддог. Нэг хэсэг бужигнуулж байгаад байхгүй болдог уран бүтээлч байна. Үнэ цэнээ алдахгүй, хоцрогдохгүйг боддог нь ч байна. Тиймээс удаан оршин тогтнох, үнэ цэнтэй байх, өөрийн гэсэн арга барилаа олох чухал.
-Магтаалын тухайд та ямар бодолтой байдаг вэ. Хэзээний танил магтаал байна. Бүр яг нарийн онож хэлсэн урмын үг ч бий. Танд тухайлбал "Хамгийн сүүлд энэ хүн л яг хэллээ" гэсэн ямар магтаал байна вэ?
-Магтаал байх зүйл. Гэхдээ хоосон магтаал уу, үнэн магтаал уу гэдгийг л ялгах хэрэгтэй. Саяхан гэвэл "Амьдрахуй" жүжгийн дүрийн танилцуулгын дор, "Энэ Лүн эр гэх дүрдээ зөв жүжигчнээ сонгожээ" гэх сэтгэгдэл харсан. Гэхдээ тухайн хүний итгэл хүлээлгэсэн шиг Лүн эр нь байж чадахгүй бол яана аа гэж санаа зовних зүйл ч байсан.
-Эргээд "Амьдрахуй" жүжигтэйгээ холбоотойгоор асуухад, амьдрал утгагүй, төвөгтэй гэх хүмүүс бий. Магадгүй бид гэрэл гэгээг нь олж харах гэж өөрсдийгөө хуурдаг ч юм шиг. Мөн чанартаа амьдрал тийм онцгүй зүйл үү?
-Яагаад хүн амьдралыг үзэн яддаг вэ гэж бодохоор хийх юмгүй, зорилгогүй байдагт байж болох юм. Хүнд туйлын зорилго гэж байна. Бүр нарийвчлан харвал өдөр тутмын зорилго гэж байна. Тэгэхээр зорилгоосоо уйдсан, зорилгодоо хүрч чадахаа больсон хүн л амьдрах итгэлгүй болдог шиг санагддаг. Миний туйлын зорилго гэвэл би үр хүүхдүүддээ сайн нэрийг үлдээх. "Манай аав Мөнгөнтулга гээд ийм жүжигчин байсан" гэхэд, "Аан, тийм, тийм дүрд тоглосон, дажгүй сайн жүжигчин байсан шүү дээ. Тэр хүний хүүхэд юм уу" гээд миний амьдарч байхдаа хийж бүтээсэн зүйл миний үр хүүхдэд жаахан ч гэсэн тус болж чадвал миний амьдарсны зорилго биелэж байгаа юм. Тэгэхээр амьдрал туйлын зорилгодоо хүрэх гэж яваа хүний хувьд сайхан зүйл.
-Амьдралд аав, ээжийнхээ үгийг дагаж явах хүн бий. Таны хувьд мэргэжлээсээ ойлгосон зүйлээ, багш нарынхаа үгийг амьдралдаа илүүтэй мөрддөг юм байна?
-Тийм ээ, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан С.Чинзориг гэж багш нар маань миний мэргэжлийн багш нар. Тэд ганц мэргэжлийн хичээл ч биш хүний амьдрал ч мөн ийм байдаг гэж заасан нь санаанд тод үлдэж, өнөөдөр ч боддог. Тийм болохоор ч хоёрын хооронд гэхээс илүү хийсэн юмтай сайн уран бүтээлч байя л гэж хичээдэг. Аав, ээжийнхээ үгийг мэдээж сонсолгүй яах вэ. Гэхдээ аав, ээж хоёр минь хэлэхээс илүү өөрсдөө үлгэрлэдэг хүмүүс.
-Найз нөхөд, ойр дотны хүмүүс нь таныг ямар зан чанартай гэдэг вэ?
-Муухай ааштай, хөндий хүйтэн, дотуур тамиртай гэх байдлаар анх ойлгодог шиг байгаа юм. Харин ойлголцоод, хамтарч ажиллаад, найзалж нөхөрлөөд явахаараа ёстой тийм хүн биш байсан байна гэдгийг ойлгодог. Мөн би өөрөө тухайн хүнтэй гүйцэт ойлголцсон үедээ их нээлттэй болдог.
-Бид өөрсдөө энэ амьдралдаа бас нэгэн дүр шүү дээ. Бид ер нь найруулагчтай дүр үү, найруулагчгүй юү?
-Найруулагчгүй дүр гэж байхгүй байх аа. Найруулагчгүй бол бид амьдарч чадахгүй байх. Магадгүй найруулагч нь амьдрал байх. Бүр наашлаад нийгмийн амьдрал өөрөө хүний амьдралын найруулагч болж байна. Соёлт нийгмийн харилцаанд орсон хүн болгон тодорхой дүрэм журамд захирагдах ёстой шүү дээ.
-Та ямар зуршилтай уран бүтээлч вэ?
-Ямар нэгэн дүрд ажиллахдаа би хамгийн түрүүнд найруулагчаасаа өмнө зохиолчтойгоо ойлголцохыг боддог зуршилтай. Зохиолч нь тухайн зохиолыг юу бодож бичив, миний ажиллах гэж буй дүрийг хэрхэн бичсэн бэ гэдгийг мэдэж байж ажиллах гэдэг зуршилтай.
-Танд моно жүжгийн санал ирж байна уу?
-Моно жүжгийн санал ирнэ шүү. Хамгийн сүүлд С.Баярсайхан найруулагч нэгэн жүжигт тоглох, "Гэгээн муза" наадамд орох санал тавьсан. Одоогоор "Амьдрахуй" жүжгийн ажилтай байгаа учир амжихгүй байна.
-Танд "Энэ уран бүтээлчийн тоглолт, жүжиглэлт нь янзын шүү" гэж хардаг ямар уран бүтээлч бий бол?
-Миний хамгийн их хүндэлдэг уран бүтээлч бол Ардын жүжигчин Л.Жамсранжав. Түүний "Миний аз жаргал, миний уйтгар гуниг" гэж дурсамжийн номыг ширээний ном болгон харах дуртай.
-Тайз, дэлгэц, дүр, таны зан чанар, зарчим гээд ярилаа. Таны кинонд дуу оруулдаг ажлын тухайд ганцхан асуулт төгсгөлд асууя гэж бодож байна. Магадгүй уран бүтээлчийн зав чөлөөгүй бужигнаантай ахуйгаас өөр ертөнц рүү хөтөлж аваачдаг, амраадаг ажил тань кинонд дуу оруулах ажил тань байх аа. Мөн уран бүтээлчийн хувьд нээж, хөгжүүлдэг төрөл санагддаг?
-Кинонд дуу оруулахад жүжигчнээс асар их мэдрэмж шаарддаг. Өөр дүр бүтээсэн хүний дотоод сэтгэхүйг таваарлах гэж оролдоно. Мөн дуу хоолойны өнгө, зан чанарыг нь гаргах ёстой гэхээр их мэдрэмж шаарддаг. Гэхдээ бахархалтай сайхан, хэзээ ч орхихгүй гэж боддог ажил минь. Тухайлбал, би саяхан хошигноод ярьж байлаа. Rain гээд л ярьж байна. Түүнийг ер нь Монголд хэн мэддэг байсан юм. Надаар дамжиж, би "Миний байшин" гэж кинонд дуу оруулж байж л түүнийг мэддэг болсон шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
ЖҮЖИГЧИН Ө.МӨНГӨНТУЛГА: “АМЬДРАХУЙ” ЖҮЖИГТ БИ ДӨНГӨЖ СУРГУУЛИА ТӨГССӨН ЖҮЖИГЧИН ШИГ ӨӨРТЭЙГЭЭ ШИНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА |
|