Түүнтэй гурван жилийн өмнө “Хамгийн “аз жаргалтай” яруу найрагч” гэсэн гарчигтай ярилцлага хийж байлаа. Ярилцлагынхаа үеэр тэр “Би Монголд төрсөн зохиолчдыг азгүй амьтад гэж боддог. Яах вэ, азтай, азгүйн шалгуур нь хүн болгонд өөр байх л даа. Надад бол өдөр нь ахуйгаар амьдарч, шөнө нь л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа, зарим нь дан зохиолоороо амьдралаа бүтээх гэж ядарч яваа монгол зохиолчдыг бодохоор харамсмаар, халагламаар санагддаг. Гэхдээ хүн зовлондоо хайртай шүү дээ” хэмээж байв. "Тэр" бол өөрийн гэсэн өвөрмөц бичлэг, өнгө аясаараа танигдсан яруу найрагч, үргэлжилсэн үгийн анхны номоо хэвлүүлээд байгаа “отгон” зохиолч Г.Барсболд.
Тэрбээр “Ялагдал” нэртэй анхны номоо хэвлүүлснээс хойш “Өгөөмөр харцанд тань зориулав”, “Балархай хүмүүс” зэрэг яруу найргийн түүвэр хэвлүүлээд буй бөгөөд саяхан өөрийн анхны үргэлжилсэн ном болох “Хүлцэнгүй арван дүр” номоо уншигчдын хүртээл болгоод буй билээ. Гурван жилийн өмнөх ярилцлагадаа “Үргэлжилсэн үг бичиж, зохиолч болох бол миний мөрөөдөл” хэмээн хэлж байсан, мөрөөдлөө биелүүлсэн ярилцагч, зохиолч, яруу найрагч Г.Барсболдтой Үндэсний номын баяр болж буй энэ л өдрүүдээр эргэн учирч, бичихүйн тухай хүсэл, мөрөөдлийнх нь талаар цөөн хором нэхэн ярилцлаа.
Зохиолч, яруу найрагч Г.Барсболдтой 2021 онд хийж байсан ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
-Гурван жилийн өмнө таны “Өгөөмөр харцанд тань” яруу найргийн түүвэр хэвлэгдэх үеэр “Хамгийн “аз жаргалтай” яруу найрагч” гэсэн гарчигтай ярилцлага хийж байсан даа, хоёулаа. Харин энэ удаад таны үргэлжилсэн үгийн анхны ном болох “Хүлцэнгүй арван дүр”-ээр эргэн “учирч” байна. Гурван жилийн өмнө “Үргэлжилсэн үгийн ном гаргана гэдэг миний мөрөөдөл” гэж ярьж байсан бол өдгөө тэр мөрөөдөлдөө хүрээд түүвэр өгүүллэгийн номоо хэдийнэ уншигчдынхаа гарт хүргэчихлээ. Бичих, бүтээх мөрөөдөлдөө хүрсэн хүнд ямар сайхан мэдрэмж төрдөг юм байна вэ. Та манай уншигчдад сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Заримдаа гурван жилийн өмнө танд өгсөн ярилцлагаасаа “ичих” тал бий (инээв). Олон зүйл бодож, сэхээрсэн хүн шиг ярилцлага өгчихсөн ч одоо бол юуны ч учрыг “олоогүй” суугаадаа эмзэглэх үе байна. Өөртөө их эргэлзэж, үргэлжилсэн үгийн ном хэвлүүлэхээсээ халширсан ч “эхлэл” гэж бодож, зориглоод хэвлүүлсэн маань “Хүлцэнгүй арван дүр” болон уншигчдын гарт очлоо. Өөрийнхөө, өөрийн үргэлжилсэн үгийнхээ “Эхлэл нь юм шүү” хэмээн өгүүллэгийн номоо хэвлүүллээ. Номоо хэвлүүллээ л бол зохиолчийн мэдлийнх биш болчихдог гэдэг дээ. Харин одоо уншигчид, уншсан хүмүүсээс мэдрэмж, сэтгэгдэл хүлээж байна даа.
-Номыг тань авсан хүмүүс, ариутган шүүсэн редакторууд эхнээсээ зохиол, бүтээлийн тань тал дээр сэтгэгдлээ хэлсэн болов уу гэж бодлоо. Дээр хэлсэн шиг эргэлзэж, халшран барин байж гаргасан номынхоо тухай сэтгэгдлийг сонсох ямар байв?
-Хүн уншсан зүйлээсээ мэдэрсэн зүйл өөр өөр байх, нэг шүлэг уншсан ч хоёр өөр мэдрэмж авах зүйл яруу найрагт элбэг байдаг гэж боддог. Хэн нэгэн шүлэг уншаад сэтгэгдлээ илэрхийлэхэд нь “Тийм үү, ёстой тэгж бодож байгаагүй юм байна” гэж хүлээж авч байсан үе олон. Харин үргэлжилсэн үгийн тал дээр арай сэтгэл, мэдрэмж нь арай өөр байдаг юм болов уу гэж бодогдлоо. Уншигчдад хүргэхийн хүссэн өгүүллэгүүд маань олон өөр плот төгсгөлтэй болоод ч тэр үү, хэд хэдэн хувилбартай төгсгөлөөс уншигч өөртөө таалагдсан төгсгөлтэй “хуудас”-ыг сонгож төгсгөдөг шиг санагдсан.
-“Хүлцэнгүй арван дүр” номынхоо нэрний тухай яриа дэлгэхгүй юү. Өмнөх ярилцлага дээрээ ч хүлцэх, хүлцэнгүй байх тухай ярилцсан болоод ч тэр үү их сонирхолтой санагдсан шүү?
-“Хүлцэнгүй” гэдэг үгээр номондоо орсон өгүүллэгүүдийнхээ гол баатрыг илэрхийлэхийг хүссэн юм. Гэхдээ бүхэл бүтэн өгүүллэг, номыг өөрөөрөө дүүргэж, бүтээнэ гэж юу байх билээ дээ. Миний юм болохоос би биш. Харин өгүүллэгүүдийнхээ уур амьсгалд тааруулсан нэр өгөхийг хичээсэн маань тэр. Номынхоо нэрнээс эхлээд хэн нэгэнд сургаал, номлол айлдах гээд байгаа хэрэг биш. Гэхдээ уншсаны дараа ард үлдэх, бодогдох зүйл нь хүлцэх, хүлцэнгүй байх болов уу гэж бодсон юм.
-Үргэлжилсэн үгийн зохиол бичихэд маш хүндрэлтэй байдаг талаар олон зохиолч ярьсан байдаг шүү дээ. Санаа нь байвч бичиж, урлаж чадахгүй байхаас эхлээд туурвигчид гардаг асуудал олон гэдэг. Харин таны хувьд хүндрэлтэй, хэцүү санагдсан зүйл нь юу байв. Өөрийгөө бэлдэж, хүнд уншуулах зориг гаргахад хэр хугацаа зарцуулав?
-Оюутан цагаасаа судалгааны өгүүлэл их оролддог байсан. Сүүлд магистрын зэрэг хамгаалахдаа ч уран зохиолоос ангид судалгааны материалууд их “үнгэсэн”. Түүнээс л судалгаа хийх, судалгааны материал бичнэ гэдэг бидний мэдэхээс шал ангид зүйл гэдгийг ухаарсан. Жишээ нь, үлгэрийн судалгаа хийлээ гэхэд нийтэд түгсэн, түгээгүй үлгэрүүд, тэр үлгэрүүдийн өөр өөр хувилбар гээд судалж өгнө. Энэ ч утгаараа судлах, судалгаа хийнэ гэдэг үргэлжилсэн үгээр бичигчийн хамгийн эхний “сорилт” байсан болов уу.
-Харин таны хувьд тэр “сорилт” хэр хүндрэлтэй байсан бэ?
-“Хүлцэнгүй арван дүр” номонд хэвлэгдсэн “Балжи Бамбаев” нэртэй өгүүллэг бий. Өгүүллэгийн нэртэйгээ л адил тэр өгүүллэгийг бичихэд Балжи Бамбаев гэдэг хүн нь их нөлөөлсөн. Гэтэл тэр хүний зүрх зориг, бодит амьдрал дээр ямар байсан талаар бараг судалгаа байхгүй шүү дээ. Нэг удаа эрдэм шинжилгээний хурал дээр сонсож байснаас өөр судалгаагүй гэсэн үг. Тиймээс Балжи Бамбаев гэдэг хүнээс гадна дотроо өөрийн Балжи Бамбаевыг бий болгож байгаа юм. Тэгж явсаар хүн зүгээр бясалгаж суух нь ч судалгаа болох үе байдаг юм билээ.
Харин үргэлжилсэн үг бичих тэсвэр, тэвчээрийн тухайтад сайн хэлж мэдэхгүй юм. Хүмүүс “Хэцүү зүйл”, “Амархан юм” гээд ялгаад байж магад. Харин миний хувьд бичнэ гэдэг миний хийх л ёстой зүйл байсан. Бичээд л байна гэдэг миний хийх зүйл байх. Хүн өглөө болгон босоод нүүрээ угаадагтай адил бичнэ гэдэг надад тийм л энгийн зүйл шиг санагддаг.
-“Хийх ёстой зүйл” гээд өөртөө тулгачихсан нь хэцүү санагддаггүй гэж үү. Өөрөө өөртөө ачаа үүрүүлж, тэр ачаагаа үүр явна гэдэг...
-Өөртөө тулгаагүй юм. Надад “Бичье” гэж бодсон ганц л үе байдаг. Өмнө нь танд ярьсан шиг ШУТИС-аас гараад, МУБИС-д сурах гээд явж байхдаа л “Бичих ёстой” гэж бодож байснаас дахин тэгж бодоогүй. Харин ч бичнэ гэдэг өөрөө миний өдөр тутмын амьдрал, амьсгалахтай ижил болчихсон байж магад.
-Яруу найргийн хүмүүс эмзэглэл, зовиур, гунигаар бичдэг гэдэг. Харин үргэлжилсэн үгийн зохиол бичихэд урлахуйн ялгаа анзаарагдсан уу. Шүлэг бичих, үргэлжилсэн үгийн зохиол туурвиж байгаа хүний бодож, мэдэрч байгаа зүйл нь өөр байдаг болов уу?
-Сэдэл, мэдрэмжийн тухайд сайн ажиглаагүй л байна. Харин бичихээр ч юм уу, дүр бүтээж байгаа гэдэг утгаараа их ажигч болсон шиг санагдсан. Өмнө нь шүлэг бичихдээ хүмүүсийг их мэдэрдэг байсан. Харин одоо бол уулзсан, таарсан, зөрсөн хүнээ илүү ажигладаг болсон байх.
-Хүн гурван жилийн хугацаанд хэр их өөрчлөгддөг вэ. Тантай гурван жилийн өмнө ярилцаж байхдаа олон зүйлийг бодож, сэхээрсэн басхүү тэр хэмжээний их эмзэглэл, гунигтай яваа хүн шиг санагдаж байлаа. Харин одоо хэр өөрчлөгдсөн бол...
-Үнэндээ гурван жилийн хугацаанд юм өөрчлөгдөнө гэж шальдаггүй юм биш үү. Яах вэ, бусдаас нуугаад, ил гаргахаа л больчихдог байх. Нөгөөтээгүүр одоо бол нийгэм тэр даяараа л өвчтэй, солиотой болж байгаа биз дээ. Бүхэл бүтэн нийгэм тийм том асуудал байхад би ганцаараа “Би гунигтай байна” гэж бологүй. Харин ч дуугүй байж, хүлцэнгүй байх нь илүү зөв сонголт байх...
Г.БАРСБОЛД: ХҮН ГУНИГ, ЭМЗЭГЛЭЛГҮЙ БОЛНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БИШ ҮҮ. БУСДААС НУУЖ Л СУРДАГ БАЙХ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |