• Өнөөдөр 2024-10-06

YOUNG MO’G: НАМАЙГ БОСГОДОГ, ӨДИЙГ ХҮРТЭЛ АВЧ ЯВДАГ ЗҮЙЛ НЬ МИНИЙ ГЭР БҮЛ, НАЙЗУУД, ХАЙР, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ

2024-09-14,   282

       Түүний дуунаас монгол хүний омогшил, бахархал мэдрэгдэнэ, таныг огшооно. Босоод бүжиглэмээр, эсвэл түүний дуун дээр өгүүлэх түүхийг судалмаар санагдана. Тэр хип хопыг эх орныхоо түүх, уламжлалтай холбож “Наадъя” хэмээн уриалан, монгол хэв маяг, донжийг “Mongol swag”-аар мандуулж, буруу зүйлсэд бурхан нүдтэй гэдгийг “Түүх”-ээрээ өгүүлнэ. Ингэж огшуулчихаад хайртай хүнээ дурсаарай хэмээгээд “Mercury”, “Bessonnitsa”-г уянгалуулна.

       Уншигч та хэдийн дээр өгүүлэх энэ хүн хэн болохыг мэдсэн байх. Тэр бол үндэсний их баяр наадмын нээлтийг хип хоп уран бүтээлээрээ нээсэн Э.Мөнх-Эрдэнэ буюу Young Mo’g. Өнөөдрийг хүртэл олон ажил хийж үзсэн түүний хамгийн тууштайгаар хийсэн хобби нь дууны үг бичих байж. Удирдлага бариад толиныхоо өмнө реп үглэдэг байсан хүү өнөөдөр тайзан дээрээс сонсогчидтойгоо мэндэлдэг, тэднийг доргиодог уран бүтээлч залуу болжээ. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тоглолтынхоо найруулагчаар уран бүтээлч нь ажилласан тохиолдол цөөхөн байх. Яагаад өөрөө найруулагчаар нь ажиллахаар болов?

-Тоглолтынхаа найруулагчаар ажиллах сайхан байлаа. Би ер нь багаасаа л нэг зүйлээр дагнаж байгаагүй. Багаасаа олон зүйл оролдож ирсэн ч бүтэлгүйтсэн тохиолдол цөөнгүй. Миний хамгийн тууштай хийсэн зүйл бол дууны үг бичих байх. Найруулгын ажилд дуртай, дууныхаа дүрс бичлэгийн найруулгад байнга биш ч оролцохыг хичээдэг. Ер нь аливаа зүйлийн зөв байрлалыг олж хийх дуртай. Ирээдүйд кино найруулагч болох мөрөөдөлтэй, мөрөөдөл минь одоо зорилго болсон. Би уран бүтээлчээр ажилласан энэ хугацаандаа цомог гаргаж, тоглолт хийгээгүй байсан. Гэхдээ намайг дэмждэг, дууг минь сонсох дуртай хүмүүс байгаа гэж бодсон учраас тоглолтоо хийхээр болсон. Өмнө нь Монголд огт хийж байгаагүй найруулгаар тоглолтоо хийхийг хичээсэн.

-Яагаад Youngsub-тай хамтарч тоглолт хийхээр шийдсэн бэ?

-Би хүмүүстэй мэндтэй, сайхан нөхөрлөж явахыг хичээдэг. Youngsub сайн үг бичдэг, мундаг реппер. “Цомогт маань багтах “Tugarin” дуунд хамтран дуулах бадаг явуулаарай” гэж хэлээд удаагүй байтал бадгаа явуулсан. Тэгээд “Хамтарч хип хоп шоу хийе” гэсэн санааг гаргасан. Бидний хамтрал ганцхан энэ тоглолтоор дуусахгүй. Цаашид энэ төсөл үргэлжилнэ. Тоглолтын “Young kings” нэр нь бид өөрсдийгөө хэлж байгаа юм биш. “Монгол залуучууд бүгд хаад, хатад шиг өөртөө итгэлтэй байгаарай” гэж уриалж байгаа хэрэг. Залууст дэмжлэг хамгийн их хэрэгтэй.

-Уран бүтээлч болохоор хэзээнээс шийдсэн бэ?

-Хэзээ ч тайзан дээр гарч дуулна гэж бодоогүй. Дотроо дуучин болно, болохгүй гэж тэмцэлдэж байсан байх. Гэхдээ үргэлж дууны үг бичдэг байлаа. Дунд ангидаа толины өмнө удирдлага барьчихаад олон үзэгчтэй тайзан дээрээс реп үглэж байна гэж төсөөлдөг байсан. Одоо төсөөлөл минь бодит болж байна. 2015 онд кино театрт кино эхлэхийн өмнөх 30 минутад багтаж найз охинтойгоо уралдаж дууны үг зохиохоор болсон юм. Тэр дууныхаа үгээр R&B дууг хийсэн л дээ. Тус дууг хийхээс өмнө дуулаачийн сургалтад сууж, гаам уншиж сурсан. Оруулсан дуу минь тухайн үедээ нэлээн сайн хандалт авсан. Ингэж л бага багаар дуу хийж эхэлсэн. Дуунуудаа продюсерлана, мэдээж жаахан тааруу. Гэхдээ Монголын шилдэг продюсер болох том мөрөөдлийг дотроо тээж, хичээдэг байсан.

-Реппер Young Mo’g-ийн “Наадъя” дуу нь хит болж, олонд таниулсан шүү дээ. Тус дууг тэгж хандалт авна гэж төсөөлсөн үү, дуугаараа юу илэрхийлэхийг хүсэж байв?

-Хүмүүс сонсох байх гэж бодож байсан ч тийм сайн хандалт авна гэж бодоогүй ээ. “Наадъя” дууны үг миний бодол, дотоод мэдрэмжээс ургасан байх. Монгол залуус өөртөө итгэлтэй, задгай сэтгэдэг, инээдэг байх хэрэгтэй. Хар бараан, эмо зүйлсээс өөрийгөө чөлөөлдөг, итгэл үнэмшилдээ бат зогсдог байгаасай гэсэн бодлоор хийсэн дуу юм болов уу.

-Залуу уран уран бүтээлч, тэр дундаа хип хоп артист наадмын нээлтэд дуулж байгаа нь сонирхолтой, нөгөө талаараа бахархмаар санагдсан. 2023 оны наадмын нээлтэд оролцсон үеэ дурсахгүй юу?

-Наадмын нээлтэд оролцсон нь сайхан тохиол байсан. Миний үеийн зарим залуус наадмын нээлт тийм ч анхаарал хандуулах, ач холбогдолтой зүйл биш. Би энэнд үнэхээр эмзэглэдэг. Монгол үндэсний өв соёл, Монголын бахархал гэдэг бидний ирээдүйн баталгаа. Бид өв соёл, эх хэлээ мартаж болохгүй. Тиймээс наадмын нээлтэд залуус минь анхаарал хандуулдаг, омогшдог байгаасай гэж боддог. Big Gee ахтай хамт наадмын нээлтэд оролцсоноороо энэ зүйлд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан байх. Гэр бүлийнхний минь хувьд наадмын нээлт үнэхээр чухал шүү дээ. Намайг наадмын нээлтэд оролцож байгааг хараад уйлж, баярлаж байгааг харах үед омогшиж, өөрөөрөө багахан бахархсан.

-Та дуунуудынхаа дүрс бичлэгт их анхаарал хандуулдаг юм шиг санагддаг. Дүрс бичлэгээ хэрхэн хийдэг талаараа ярихгүй юу?

-Үнэхээр чухал. Боломжтой бол өөрөө эвлүүлчихмээр санагддаг. Видео багийнхан минь үнэхээр чанарын өндөр түвшинд хийдэг. Анхны дүрс бичлэгийг минь манай найз Кито хийж эхэлсэн. Тэр үед салбар, салбартаа шинэхэн залуус, Кито үнэхээр сэтгэлтэй, нэлээн ач холбогдол өгч дүрсээ авна. Анхны дууны үеэр “Дүрсээ өөрөө тасалж, эвлүүл” гээд зааж өгчихөөд гараад явчихсан. Тэгж л видео эвлүүлэг, найруулагад дурласан байх. Цаашид ч дүрс бичлэгтээ анхаарал хандуулах болно.

-Дууны үгээ өөрөө бичдэг учраас дуу бүр нь таны сэтгэл хөдлөл, мэдрэмж байх. Тэр дундаас  Mo’g-г бүрэн илэрхийлэх дуу аль нь вэ?

-“Mongol swag”. Монгол хэв маяг, монгол донж, залуу хүний өөртөө итгэлтэй байдлын ааг омгийг агуулсан дуу. Би олон зүйл алдаж, хүнд ашиглуулж үзсэн. Гэхдээ намайг босгодог, өдийг хүртэл авч явдаг зүйл нь миний гэр бүл, найзууд, хайр, үндэсний бахархал. Тэдний төлөө би ялах ёстой. “Mongol swag” бол ялалтын мэдрэмж, энэ мэдрэмжийг олон  хүнд түгээхийг хүссэн. Монголчууд хар бараан зүйлийг дэндүү их ярьдаг. Энэ байдлаасаа салж, сайхан зүйлсийг ч хардаг байгаасай. Залуус өөрийгөө ялж, амьдралыг гэгээлгээр хараад “Би хэдийн чадсан” гээд зогсох хэрэгтэй. Бид одоо байгаагаасаа ч илүү ч хийж чадах хүмүүс.

-Таны хувьд уран бүтээлч ямар байх ёстой вэ?

-Онгод хамаарахгүйгээр үг бичиж, уран бүтээлээ туурвиж чаддаг хүмүүсийг хэлнэ. “Би өнөөдөр энэ дууг дуусгах ёстой” гэж бодож байгаа л бол гадаад хүчин зүйлгүйгээр хийж чаддаг, өөрийгөө зөв авч явдаг, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, урлагт хайртай, хайртай шигээ хариуцлагатай ханддаг нэгнийг уран бүтээлч гэж бодож байна.

-Цомог гаргаж байгаагүй талаараа дурдсан. Тэгвэл хэзээ цомгоо гаргаж сонсогчдодоо бэлэг барих гэж байна?

-Есдүгээр сардаа багтааж гаргахаар төлөвлөж байна. Хамгийн хурднаараа хийхийг хичээнэ ээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Сүүлийн жилүүдэд өөртэйгөө "тулалдаж" амьдарлаа. Өөртөө амралт өгч, хайртай хүнтэйгээ тайван, халуун дулаан орчинд амьдармаар байна. Мэдээж уран бүтээлээ орхихгүй, үргэлжлүүлнэ. Гадаадын зах зээлд танигдсан реппер болохыг, илүү шунавал Греммид уригдсан уран бүтээлч болохыг хүснэ.

 


YOUNG MO’G: НАМАЙГ БОСГОДОГ, ӨДИЙГ ХҮРТЭЛ АВЧ ЯВДАГ ЗҮЙЛ НЬ МИНИЙ ГЭР БҮЛ, НАЙЗУУД, ХАЙР, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188