-МИНИЙ ЗҮРХ МОНГОЛ, БИ ҮҮНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ-
Яруу найрагч Л.Өлзийтөгс нэгэнтээ түүнийг “Жинхэнэ уран бүтээлч. Монгол эмэгтэйн бүхий л сайхныг өөртөө шингээсэн, талын салхи шиг эрх чөлөөтэй нэгэн” хэмээн тодорхойлж, царай төрхийг нь шүлэгтэй зүйрлэсэн байдаг. Харин тэр өөрийгөө “Говийн охин” хэмээсэн. Магад, та хэн гэдгийг нь таасан байх. Тийм ээ, тэр бол Германд өссөн монгол найруулагч Б.Үйзэнмаа.
Тэрбээр 2016 онд Баварийн кино наадмаас “Над руу битгий ингэж хар” киногоороо "Шилдэг залуу найруулагч"-ийн шагнал хүртэх үеэрээ “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй” хэмээсэн нь олон хүнийг өөр рүүгээ өнгийхөд хүргэсэн. Энэ үг намайг түүнтэй уулзуулах сэжим болж, найман жилийн дараа хүсэл маань биеллээ оллоо.
Б.Үйзэнмаа ЛГБТ төв болон Гёте институтийн урилгаар "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд зохион байгуулж байгаа “Цэнхэр тэнгэрийн цаана” олон улсын кино наадамд оролцож, өөрийн туршлагаасаа хуваалцахаар Монголд иржээ. Хамраа бага зэрэг үрчийлгэн нүдээрээ инээх нь түүний өмнө нь ярилцлагадаа дурдсан “Би үнэн оршдог. Яагаад гэвэл миний нүд үнэн байдаг” гэснийг нь санагдуулна. Тэрбээр яриандаа монголчуудын өдгөө төдий л ашиглахаа больсон “Мань эр” гэх үгийг хэдэнтээ давтсан нь надад харин ч догь санагдсан юм. Тэр зөөлөн хэрнээ тэрслүү, хатуу хэрнээ зөөлөн хүн шиг... Бид хөгжим намуухан эгшиглэх кофе шопод ярилцсан юм.
-Монголд ирсэн зорилгоо биелүүлж амжив уу?
-Найруулагчийн хувиар монголчуудтай уулзаж, киног хэрхэн бүтээдэг туршлагаа хуваалцлаа. Хоёр цаг гэдэг маш богино хугацаа. Энэ хугацаанд кино урлаг руу бас гүнзгий орж амжсангүй. Гэхдээ маш их сонирхолтой, халуун дулаан яриа өрнөсөнд баяртай байна. Мөн аавтайгаа ээжийнхээ төрсөн нутагт очсон нь гайхалтай байлаа. Ээж маань гурван жилийн өмнө бурхан болж, бидний амьдралд маш том өөрчлөлт гарсан. Би тэрнээс хойш аз жаргал гэж юу вэ гэдгийг жаахан ч болов ойлгосон.
-Аз жаргал гэж таныхаар юу вэ?
-Үнэндээ, аз жаргал гэж байхгүй. Зовлон, жаргал амьдралд адилхан жин дарна. Ээжийгээ алдаад би амьдралыг хэтэрхий хатуугаар хүлээн авах хэрэггүй юм байна гэж бодсон. Амьдрал яг тоглоом шиг... Зовлон, жаргал үргэлж ээлжилж байдаг. Гэхдээ хүн, тэр тусмаа би амьдралыг тайлбарлаж чадахгүй.
-Амьдралд үнэндээ аз жаргал гэж байхгүй, зовлон, жаргалыг хүмүүс бүтээдэг гэх гээд байна уу?
-Зовлонг таних ч бас амьдрал шүү дээ.
-Хэдий хугацааны дараа эх орондоо дахин ирэв?
-Би өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлалаар Монголд ирсэн. Гэхдээ хоёрхон л хоносон. Ковидын өмнө харин “Хар сүү” киногоо хийж байхдаа Монголд хэсэг хугацаанд амьдарсан.
-Монголд ирэхэд танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Улаанбаатар түгжрэл ихтэй хот. Гэтэл Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр замуудыг хааж, ямар ч саадгүй явсан. Мөн настай хүмүүс, хүүхдүүдийг хүйтэнд хүлээлгэж байгааг хараад “Энэ нийгэм буруу зүг рүү явж байна” гэж бодсон. Энэ зам, талбай хаадаг маяг зөвхөн Монголд биш, өөр оронд ч байдаг. Улстөрчид өөрсдийгөө үргэлж шүтүүлэхийг хүсдэг. Үнэн хэрэгтээ, тэд биднийг “шүтэж”, бид тэднийг дээрээс, тэд биднийг доороос харах ёстой хүмүүс шүү дээ. Зарим хүн төрийн айлчлалд оролцсон өөрөөрөө бахархаж магадгүй. Надад бол маш гунигтай, минийх биш санагдсан.
-22 настай найруулагч болохдоо тавьсан зорилгынхоо одоо яг хаана нь яваа бол?
-Би одоо гурав дахь киногоо бүтээхээр зохиолоо бичиж байна. Одоог хүртэл замаасаа ухралгүй зоригтой алхсаар яваа. Уран бүтээлээ, найруулагчаа хийж байгаа маань л надад хамгийн чухал. Болж байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл, дэлхий бол өөр өөр хүмүүсийн нийлбэр учраас.
Мөнгө хүний хэрэгцээг хангадаг ч миний амьдралд төдий л чухал биш. Хэрэв аав, ээж маань маш их хөрөнгөтэй байсан бол аливаа зүйлс хэрхэн эргэхийг би таашгүй. Гэхдээ хэт их мөнгө зарим талаараа муу шүү дээ. Хүн бол жаахан хязгаартай байх ёстой.
-Дараагийн уран бүтээлээрээ юу өгүүлэх вэ?
-Энэ удаа би яарахгүйгээр киноныхоо зохиолыг бичихэд илүү анхаарч, үүндээ илүү цаг хугацаа зарцуулж байгаа. Зохиол бол киноны гол амин сүнс нь байдаг. Би бараг 40 жил Германд амьдарч байна. Германд хэрхэн амьдарч байсан тухайгаа монгол хүний өнцгөөр киногоор гаргахыг зорьж байгаа. Ирэх жил зургаа авч, 2026 онд нээх болов уу. Монтаж бас миний хамгийн дуртай ажил. Энэ хүртэл би кинонд дуртай болохоороо л хийдэг байсан. Мөнгө байхгүй учраас зарим тохиолдолд кинондоо өөрөө тоглож, өөрөө монтажилж байсан. Энэ нь би киногоо хянах зорилготой биш, харин сурах зорилготой байсан. Гэхдээ би сурч дуусаагүй, сурсаар л байна.
-Та кинондоо ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс тоглуулдаг шүү дээ. Магадгүй энэ нь мэргэжлийн бус байх тусмаа үнэнд ойр байдагтай холбоотой юу?
-Найруулагч хүн дүрүүдтэйгээ жүжигчин эсэхээс үл хамаарч ажиллаж чаддаг байх ёстой. Байдаг л нэг кино хийх гэж байгаа бол зөвхөн жүжигчин хүмүүстэй ажиллаж болно. Телевиз асаахад “Чи эндээс тэр хүртэл яв, энэ үгийг хэл” гээд заагаад өгчихсөн кино хэдэн арваараа гарч байгаа шүү дээ. Энэ бол надад тийм ч сонирхолтой биш. Бараг бүх найруулагч үүнийг чадна. Найруулагч жүжигчин эсэхээс үл хамаарч тухайн хүний энерги, онцгой зүйлсийг харж, хайсан зүйлээ олсноор баг болж, сайн кино бүтдэг гэж би боддог. Тэр ид шидтэй мөчийг найруулагч бүр хайдаг. Жүжигчид гэлтгүй энгийн хүмүүс ч энэ мөчийг бүтээж чаддаг. Гол нь мэдрэмж. Заримдаа аз тохионо. Би зохиолдоо бүгдийг тусгасан ч зарим юмс өөрчлөгддөг. Гэхдээ түүнийг ч кинонд тусгах шаардлагатай болно. Яг ус шиг байх хэрэгтэй. Мэдэрдэг байх чухал.
-Таныг хүмүүс хэн гэдгээр нь илүү мэдээсэй гэж боддог вэ?
-Мэдээж, кино наадамд намайг найруулагчаар маань зарладаг. Гэхдээ надад тэр тийм чухал биш. Надад амбиц байхгүй. Хүмүүс “Худлаа хэлж байна” гэх байх. Би юу ч бодолгүй гудамжаар алхаж, кино хийх мэдрэмж төрж байвал түүнийг л хийх ёстой. Үнэндээ надад амбиц дутаж байгааг үгүйсгэхгүй. Зарим хүн “Чи өөшөө илүү амбицтай байх хэрэгтэй” гэдэг. Би бол дуугүй хүн. Магадгүй аав, ээжийн хүмүүжил, эсвэл монгол хүн болохоор, бүр эсвэл Германд өссөн болохоороо ийм болсон байх. Би герман хүн биш учраас намайг үзэн ядах хүмүүс байсан. Тиймээс магадгүй энэ нь би өөрийгөө дарж өссөнтэй ч холбоотой байж болох юм. Гэхдээ хүн гэрлээс нуугдаж болохгүй, заавал ил гарах ёстой.
-Улаанбаатарыг өнгө, үнэр, амтаар зүйрлэвэл?
-Маш их сэтгэл шингэсэн гурилтай халуун шөлөөр зүйрлэмээр байна. Монгол хүний халуун дулаан харилцаа сайхан шүү дээ. Монголчуудтай ярилцах надад яг нэг тийм шинэ санаа, шинэ салхи шиг санагддаг.
-Та Германд “Гаднын хүн” байсан. Харин Монголд, монголчууд дунд танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Монгол төрсөн газар маань учраас надад ямар нэг зүйл өгдөг юм шиг санагддаг. Би дэлхийн хаанаас ч ямар нэг сайхан зүйл мэдэрч чадна. Энэ бол маш чухал. Дэлхий бол бидний гэр. Би зөвхөн нэг газрыг минийх гэж өмчилдөггүй. Мэдээж, ээжийнхээ төрсөн газарт очих, говийг үнэрлэх онцгой. Би бол говийн охин. Говьд би өөрийгөө мэдэрдэг.
-Таны зүрх хэр шархалсан бэ?
-Хүн бүрийн зүрх их, бага хэмжээгээр шархалдаг. Тэр шархаа хүн өөрөө оёх ёстой. Заримдаа цаг хугацаа хэрэгтэй. Хүн өөрийгөө хамгийн сайн ойлгож, мэдэх ёстой.
-Зүрхний шархыг оёход сорвигүй эдгэх үү?
-Үгүй, заавал ул мөр үлдэнэ. Шархаа мартаж болохгүй, заримдаа бүр зорьж харах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн өөрийгөө хайрладаг байх ёстой. Гэхдээ энэ нь амиа бодох тухай ойлголт биш шүү. Өөрийгөө хайрласан хүн өрөөлийг хайрладаг. Монголчууд өөрийгөө хэр хайрладаг вэ?
-Хайрыг гоё байх, эд хөрөнгөтэй байхтай андуураад байдаг юм болов уу?
-Монгол хүмүүс, нийгэм маш хатуу болсон. Барууны орнуудыг, эсвэл аль нэг улсыг дуурайх шаардлагагүй. Монголчууд арай өөр замаар явах ёстой гэж би боддог.
-Өөрийгөө хайрлана гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Хайрлах гэдэг бол өөрийнхөө хамгийн муухай талыг мэдэх юм. Тэр бол жинхэнэ хайр. Ээж чинь чиний хамгийн муухай зан аашийг, авирыг, төрхийг мэдэж байгаа ч хайрласаар л байдаг. Энэ хайр хэзээ ч зогсохгүй. Толь руу хараад өөртэйгээ үнэн ярилцах хэрэгтэй. Бурууг бусдад чихэх биш, өөрийнхөө бурууг олж харж, өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Гэхдээ хүмүүс мөнгөнөөс болоод өөртэйгээ байж чаддаггүй. Мөнгө бол маш их дарамт болдог. Мөнгө чухал, гэхдээ мөнгөний дарамтад орж болохгүй. Хүн хүүхэд зангаа гээх ёсгүй.
Өөрийнхөө юу чаддаг, чаддаггүйг болон онгироо хүн үү, худалч уу гээд өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Ажил хийхийн төлөө биш, өөрийнхөө төлөө ажлыг хийх хэрэгтэй.
-Та нэгэн ярилцлагадаа “Тэвчээр болон уян хатан байдал хүнийг амжилтад хүргэнэ” гэсэн байсан. Гэхдээ тэвчих зарим талаараа зөв ч, зарим талаараа буруу. Таны бага нас тэвчиж өнгөрүүлсэн цаг хугацаа байх. Тэвчих ер нь хэр зөв бэ?
-Тэвчээрийг бас хүн сурах ёстой. Гэхдээ хэмжээгээ мэддэг байх хэрэгтэй. Мөн ямар нэг байдлаар гадагшлуулах ёстой. Зарим хүн урлагаар үүнийгээ гаргадаг. Би бичиж, уйлж гаргадаг. Гэхдээ би хэт тэвчих дургүй. Дуу хоолойгоо бусдад сонсгож, дуртай, дургүй зүйлээ хэлж байх ёстой. Амьдрал богинохон шүү дээ. Ээж маань 67 насандаа, маш залуудаа өнгөрсөн. Дэндүү харамсалтай байсан. Би “Ээжийнхээ төлөө заавал гоё амьдрах ёстой” гэж бодсон. Ээж маань бас миний дотор байгаа. Эмэгтэй хүмүүс ихэнхдээ тэвчсээр байдаг. Тэдэнд би “Одоо тэвчихээ боль” гэж хэлмээр байна.
Миний тэвчсэн цаг хугацаа одоо уран бүтээлд маань тусгалаа олж, эрх чөлөөг илэрхийлдэг. Магадгүй би кино зохиолоороо дамжуулан “хувьсгал” хийдэг. Заримдаа бодолгүйгээр хийдэг. Бодох юм бол “будаа” болно. Заримдаа бодох хэрэггүй.
-Эмэгтэй болохоороо ямар нэгэн байдлаар гадуурхагдаж байсан уу?
-Эмэгтэй гэхээсээ илүү гадаад хүн гэдгээрээ гадуурхагдаж байсан. Үүн дээр эмэгтэй хүн гэдэг нэмэгддэг л дээ. Тэгэхээр заримдаа надад Герман илүү хатуу хандсан юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний амьдрал. Би энэ дэлхийн хаана ч амьдрах эрхтэй. “Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү гэж үү. Битгий дэмий донгос, битгий мангар юм ярь” гэж хэлмээр байна. Урлагийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр дүгнэж болохгүй.
-Таны нэр ямар утгатай вэ?
-Аав маань өөрөө зохиож өгсөн нэр. Ээж, аавыгаа энэрч хайрлах гэсэн утгатай үг.
-Та аавыгаа танилцуулахгүй юу?
-Аав маань Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, зураач Б.Борхүү гэж хүн бий. Политехникийн сургууль төгсөөд ээжтэй маань Германд амьдарч эхэлсэн. Германд зураг зурахынхаа хажуугаар багшилдаг байлаа. Би аавтайгаа хамт Мюнхений “Камерн”-ы театрт өөрийнхөө амьдралын тухай өгүүлэх “Шөнө над дээр гэрэлтсэн нар” хэмээх жүжиг найруулж, тавьсан. Аав жүжиг үргэлжлэх 80 минутын хугацаанд төрсөн мэдрэмжээ зурагт буулгасан юм. Энэ бол бидний хамтын бүтээл, маш сайхан байсан. Энэ жүжиг үргэлж дүүрэн хүнтэй байлаа. Жүжгээ нэг жилийн хугацаанд 50 гаруй удаа тавьж, мөн тооны зураг “төрсөн”. Зарим зургийг хүмүүс худалдаж авсан.
-Яруу найрагч Л.Өлзийтөгс таныг “Жинхэнэ монгол төрхтэй, талын салхи шиг охин” хэмээн тодорхойлсон байсан. Та уншсан уу?
-Тэрийг уншаад надад маш сайхан санагдсан. Салхи бол би, салхиар би хүн болдог.
-Монголчууд таныг Монголын нэрийг дэлхийд таниулж байгаад талархдаг ч нөгөө талаас “Над руу битгий ингэж хар” киног үзээд “Монгол эмэгтэй ийм биш шүү дээ” гэж шүүмжилдэг. Тэгээд монгол найруулагч биш гэх нь ч бий?
-Би үүнийг ойлгож байна. Энэ шүүмжлэл нэг талаас зөв. Би хүүхэд байхдаа л Монголд амьдарч байсан болохоос одоо удаан хугацаагаар амьдраагүй олон жил болж байна. Бас монголчуудын амьдралыг сайн мэдэхгүй. Гэхдээ миний зүрх монгол, би үүнийг өөрчилж чадахгүй. Надад монгол хүний сэтгэл, зүрх байна. Үггүйгээр үүнийг харж болно. Нүдээрээ бас ярьж болно. Намайг хараад хэн ч монгол хүн биш гэхгүй.
-Монголчуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Жаахан тэрслүү бай. Бидний нийгэм маш капиталист болсон байна. Хүмүүс үүнд уусаж байна. Энэ бол буруу. Хайраа битгий март. Зөөлөн, гэхдээ тэрслүү бай. Томчуудад битгий долигонож бай. Тэд бидэнд долигонох учиртай. Бид дээр нь байх ёстойг мартаж болохгүй. Өөрийгөө үргэлж эрэлхийлж, эрх чөлөөтэй байх хэрэгтэй.
Улаанбаатарт байхдаа би үргэлж дуртай. Хэрэв надад боломж байх юм бол Монголд олон удаа ирэх хүсэлтэй. Би монголчуудаас эрх чөлөөг мэдэрдэг.
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Б.ҮЙЗЭНМАА: ЗӨӨЛӨН, ГЭХДЭЭ ТЭРСЛҮҮ БАЙ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |