Өндөр өсгийт дээр цэх сайхан алхсан, нуруулаг, гунхсан сайхан эмэгтэй Сүрэнг ирэхэд сумын төвийнхний сонжсон харц угтана. Аавыгаа хажуудаа суулгачихаад, мотоциклтой сүнгэнэх хэрсүү жаахан охин, нэгэнтээ өөрөөс нь холдсон ч сэтгэлдээ үргэлж хэвээр, магадгүй хүлээж ч байсан байж мэдэх хайр дурлал нь гэнэт буцаад ирсэнд гайхсан ч дуу үл гарах Пунцаг, ботгоо голсон ингээ хөөслөх Норжмаа гуай, түүний сайхан сэтгэлт хүүгийн гээд цөөн дүртэй ч хүн хүнээ хайрлахын, хүн чанар, нинжин сэтгэлийн тухай часхийтэл хэлж, товхийтэл "эвхсэн" кино юм, "Хувь заяа".
"Хувьсал" продакшны бүтээлийг хэн зохиолыг нь бичиж, найруулсан байна вэ гэж би хэзээнээс зорьж үздэг. Тэр дундаа "Зүрхээр наадагч" киноноос хойш нэгдүгээр найруулагч, арын албанд ажиллахаас нь эхлээд өнөөдрийн энэ зочноо чимээгүйхэн "ажиглаж" яваа юм. Тэр бол өдгөө "Хувьсал"-ын кино театрын дэлгэцнээ нээж буй найм дахь бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан "Хувьсал" продакшны залуу уран бүтээлч Г.Бямбасүрэн. Хоёр жилийн өмнө "Тэнгэрээс буусан од" киног нээхэд зохиолыг нь бичсэн анхны бүтээл гэж бид уулзан яриа дэлгэж байсан бол энэ удаад ерөнхий найруулагчаар нь ажилласан анхны кино гэж уулзсан нь энэ.
Тэрбээр "Эгч нь суралцаж байна, улам ч хичээх болно" гэж даруухан өгүүлсэн хэвээрээ л байна лээ. Гэхдээ "Хувь заяа" киног үзсэн үзэгчийн хувьд өмнөөс нь онгирмоор, хөөрмөөр мэдрэмж төрсөн шүү. Ингээд түүнд болон баг хамт олонд нь шинэ бүтээлээ нээсэнд баяр хүргэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Таны зохиолыг нь бичсэн дөрөв дэх кино болж байгаа юм байна. Харин ерөнхий найруулагчаар нь ажилласан анхны бүтээл нь. Анх хамт олон нь ерөнхий найруулагчаар ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
-"Тэнгэрээс буусан од", "Ноён эмэгтэй" киноны зохиолыг бичээд, энэ удаагийн "Хувь заяа" киноны зургийн найруулагчаар ажилласан Б.Баатарын найруулсан “Этгээд” киноны зохиолд мөн оролцсон, энэ удаагийн бүтээлтэйгээ нийлээд нээрээ дөрөв болж байгаа юм байна шүү. Манай продакшн продюсерийн зарчимтай ажилладаг. Энэ ч үүднээс ерөнхий захирал, МУГЖ У.Уранчимэг эгч, продюсер Ц.Анударь дүү гээд баг хамт олны зүгээс ярилцаад, надад найруулагчаар ажиллах санал тавьсан. Миний хувьд ч продакшндаа хэдийнэ 10 жил болж, энэ хугацаанд бүтээсэн кинонуудын нэгдүгээр найруулагч, арын албанд нь ажилласан болохоор “Нээрээ яагаад болохгүй гэж, өөрийгөө сориод үзье" гэж зориглосон. Кинонд найруулагчаар ажиллалаа гээд найруулагч боллоо гэсэн үг биш шүү дээ. Залуу уран бүтээлчийн хувьд суралцаж л байгаа. Нөгөө талаар кино бол хамтын бүтээл. Тэр ч үүднээс бүхий л уран бүтээлчдийн хөлс хүч, сэтгэлээ шингээсэн бидний хамтын хичээл зүтгэл, хамтдаа нэгдэж ард нь гарсан.
-Таныг чадна гэж итгэл хүлээлгэсэн хамт олон нь том ажлын ард гарсны дараа танд урмын үг хэлсэн болов уу?
-Урмын үг гэхээс илүү дараагийн уран бүтээлд дахин ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон. Энэ миний хувьд том урам. Тодорхой хэмжээнд болох юм байна гэж үзсэн учраас дахин итгэж байгаа болов уу гэж бодон, улам илүү хичээх хүсэл төрж байгаа.

-Киноны зураг авалтыг хаана, хэдий хугацаанд хийсэн бэ. Үзэсгэлэнтэй сайхан газар байна лээ?
-2022 онд "Хувь заяа" киноны зохиолоо бичиж дуусаад, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт хоёр сар гаруйн хугацаанд кино натур байрлаад, зургаа авсан. Хүний хөл барагтаа бол хүрдэггүй онгон дагшин газар гэж зургийн дарга, кино багийнхан маань явж үзэж байгаад сонгосон.
-Зохиолын санаагаа хамтран ярилцсан байх. Өмнөх бүтээлүүдээсээ илүү зөөлөн, уянгын өнгө аястай болсон шиг мэдрэгдлээ.
-Мэдээж бид баг хамт олноороо санаагаа ярьж байгаад, түүнийгээ баяжуулж зохиолынхоо ажилд ордог. Анх надад ингэ хөөслөх монгол ёсны талаар жүжигчин У.Уранчимэг эгч хэлж байсан л даа. Ингэ ботголохдоо өөрийнхөө ботгыг голдог, харин ботгыг өөр ингэд амлуулдаг ёс бий. Энэ байдлыг хүний зан, харилцаатай уялдуулбал ямар вэ гээд. Гол утга санаа эндээс үүдэлтэй. Манай гол дүрийн охин "Би зөвхөн адгуус л үрээ голдог гэж бодсон" гэж хэлдэг нь ч ийм учиртай. Энэ санааг, хүн зөвхөн өөрийн гэснээ л хайрладаг биш, өрөөлийг, өрөөлийн юмыг ч мөн хайрлаж болдог гэсэн санаатай нэгтгэн киногоороо илэрхийлэхийг зорьсон. Мөн хойт ээж, аав гэхээр хүний санаанд шууд нэг сөрөг мэдрэмж төрдөг. Хүний хүүхдийг хүнийх гэхгүй, өөрийн үрээс илүү хайрладаг аав, ээж бий шүү дээ. Хамгийн гол нь хүний, миний гэхгүй бид нэгнээ хүний ёсоор хайрлах л чухал гэдгийг хэлэхийг зорьсон. Бид чинь амьтан биш, хүн шүү дээ.
-Та киноныхоо зохиолыг бичихдээ ямар онцлогтой бол. Ихэнхдээ хүмүүс чимээгүй газар бүгж байгаад бичдэг юм билээ?
-Тийм ээ, ихэнхдээ ганцаараа өрөөнд суухыг бодно. Гэхдээ багийнхаа хүмүүстэй хамт сууж санаа бодлоо солилцож бичих нь зөв юм байна гэдгийг мэдсэн. Ер нь тэгээд уйлж, дуулж, өөртэйгээ ярьж, дүрүүдийнхээ өмнөөс санаа зовж, шаналж, догдлон баярлаж, уйтгарлах гээд зохиол төрөхийн өмнө олон ч зүйл өрнөдөг дөө.
-Киноны шилжилт, уялдаа холбоонд нарийн, нямбай хандаж, үзэгдэл бүрд сэтгэлээ шингээсэн нь таатай байлаа. Мөн дүрийн сонголт тун сайхан зохицжээ гэж харлаа. Гол дүрийн охиныг хэрхэн сонгосон нь сонирхолтой байна?
-Тийм ээ, бид зохиолоо бичихдээ л киноныхоо нарийн деталь бүхнийг бодож, нэг бүрчлэн цаасан дээр буулгасан. Тэр бүхнийг зургийн баг маань дэлгэцнээ буулгаж, бид хамтдаа нягт ажиллаж байж өнөөх цаасан дээр илэрхийлснээ бүрэн гүйцэтгэн гаргаж чадсан болов уу. Тэр дундаа кинонд гарч буй ахуй байдалд илэрхийлэх гэж байгаа санаагаа тусгахыг зорьсон. Тухайлбал, ээж нь байхгүй аав, охин хоёрын гэр ахуйн тэр ундуй сундуй, замбараагүй байдал, эмэгтэй хүн ороод ирэхээр цэвэр цэмцгэр, цэгцтэй байдлаар хэрхэн өөрчлөгдөж, өнгөжиж байгааг үзэгчид харсан байх. Харин дүр сонголтын хувьд анх зохиолоо бичихдээ би Сүрэн гэх эмэгтэйн дүрд Урнаа эгчийг хэдийнэ сонгосон байсан. МУГЖ П.Эрдэнэзаан ахыг харин баг хамт олноороо ярилцаж сонгосон. Гол дүрийн охин Хувь заяа болон хоёр хүүгийн дүрдээ харин сонгон шалгаруулалт зарлаж, бараг 1000 гаруй хүүхдээс сонгосон. Нартай маань их содон шар үстэй, хариугүй турьхан, туранхай охин ирсэн. Гэхдээ бидний хувьд хөдөө өссөн, хэрсүү охины дүр учир монголжуу хүүхэд хайж байсан болохоор эргэлзээд хаалгаар гардагийн даваан дээр дуудаж, нүүрийг нь будаж, үсний өнгийг нь өөрчилж үзэж байгаад сонгосон. Хөдөөний монгол хүүхэд гэхээс илүү бүр сонирхолтой дүр болохоор, мөн хүний хэлж байгаа үгийг хүлээж авч байгаа байдал, төрөлх өгөгдөл нь "Хувь заяа"-д яг цав таарч байсан учир тэнцүүлсэн. Үнэхээр ч авьяас, мэдрэмжтэй нь зураг авалтын үеэр улам батжиж, бид ч гол дүрдээ сэтгэл хангалуун байгаа. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Ч.Ганбаатар, Б.Баярмаа, Н.Бадарч, хоёр хүү гээд бусад уран бүтээлчийн хувьд үнэхээр сайхан дүрдээ зохицож чадсан.
Хувь заяа. Надад яагаад ч юм "Эргэж ирэхгүй намар" киноны Түнтүүлэйг санагдуулж байлаа. Ерөөс ийм хэрсүү хүүхдүүд л хүн чанартай, хүнлэг, бусдын сайхныг олж хардаг хүн болж өсдөг шиг. Тэдний инээд, хайр, хүсэл мөрөөдөл, тэмцэл, хүч чадал хүртэл чин үнэн, ариунаараа байдаг шиг. Үзэх дуртай дүрийн нэг Хувь заяагаар нэгээр нэмэгдлээ. Гэрт нь ирсэн үл таних ч үзэсгэлэнтэй гэж анх харсан эмэгтэйд дургүйгээ илэрхийлэхдээ хувцсыг нь тээлгүүрт өлгөж, цай чанах гэж буй тогоонд нь гүрвэл хийж айлгасан, зөрүүдлэн гүйхдээ юу ч идэхгүй хээр хонож, өлсөхийн даваан дээр аавдаа худлаа хэлж, өнөөх эмэгтэйг явуулах гэсэн дэггүй охин эцэстээ тэр эмэгтэйгээ хэрхэн ойлгож, хайрлаж, аргадаж, үгэнд нь орж үр нь болдгийг хамтдаа мэдэрсэн шүү. Тэд одоо хамгийн жаргалтай ээж, охин болж, ингэ хөөслөх зан үйлийг чин сэтгэлээсээ хийж, олон өнчин ботгыг эхтэй болгож, эх дэлхийг бүтэн болгож суугаа.
-Нэгэнтээ дүр ярьж байгаагийнх, таниас асууя гэж бодож байна. Продакшныхаа кино бүрийн гол дүрд У.Уранчимэг жүжигчинг өөрөө тоглочих юм гэх шүүмжлэл мөн гардаг. Гэхдээ Сүрэнгийн дүрд үнэхээр л өөр хүн санаанд буухгүйгээр тоглосон байна. Өөрөө ч их сайхан эмэгтэй юм. Найруулагчийн хувьд та уран бүтээлчийн зүгээс нь тодотгож хэлэх зүйл бий байх?
-Манай продакшны гол нүүр царай бол Урнаа эгч. Тэгэхээр бид бүтээлдээ гол хүнээ тоглуулах нь зүйн хэрэг. Үзэгчид сайн ажвал бүх киноныхоо гол дүрд тоглоогүй шүү дээ. Залуучуудаа үргэлж дэмждэг, түлхдэг, зааж зөвлөдөг. Надад ч гэсэн өнөөдөр өөрийгөө сориод үзэх том боломж олгож байна шүү дээ.
-"Хувь заяа" киног үзсэн үзэгчид эхнээсээ сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Олон сайхан урмын үгээр цэнэглэгдсэн өдрүүд өнгөрч байгаа болов уу?
-Тийм ээ, үзсэн хүмүүс урмын сайхан сэтгэгдлээ бичиж байна. Нөгөө талаар багагүй шүүмжлэл ч бий. Мэдээж бид аль алиныг нь авч, дараагийн бүтээлдээ тусгана. Бидний бүтээлийг шимтэн үзэж, сэтгэгдэл илэрхийлж, алдаа дутагдлыг минь хэлж өгдөг үзэгчдэдээ мөн баярлалаа гэдгээ хэлье. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж бид улам ч хичээх болно оо.
-Нээрээ гэрийнхэн нь олон ч бүтээлийнх нь нээлтэд ирж байсан байх. Энэ удаагийн бүтээл таны ерөнхий найруулагчаар ажилласан анхны кино учир бүр ч онцлог, онцгой байсан байх. Дэмжиж, хайрладаг хүмүүстээ бүтээлээ үзүүлэх хамгийн сайхан нь байсан байх?
-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Шинээр кино нээх бүрд гэр бүлийнхэн маань дандаа баяртай байдаг. Гэхдээ энэхүү бүтээлийн нээлтэд аав минь хамт байж чадсангүй. Тайзан дээр зогсож байхдаа "Аав минь тэнгэрээс охиноо хараад баярлаж байгаа байх" гэж дотроо бодож байлаа.
-Хоёр жилийн өмнө үзэгчдэд хүрсэн "Ноён эмэгтэй" киноны тухай асуух нь зүйтэй байх. "Би эр хүнд хайртай" жүжгийн агуулгатай их төстэй санагдсан. Мэдээж олон уран бүтээлчид хамарсан, эмэгтэйчүүдийн эрхийн чухал асуудлыг хөндсөн шүү дээ?
-"Хувьсал" продакшн маань дэлгэцийн олон сайхан бүтээлтэй. Бүгд л үзэгчдийн сэтгэлд ойрхон, дуу клипүүд нь хэдийнэ хит болсон шүү дээ. Тэр ч утгаараа зарим бүтээлээсээ санаа авч дэлгэцийн бүтээл болгоё гэсэн төлөвлөгөөний нэг нь "Ноён эмэгтэй". Өдгөө нийгэмд эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа шүү дээ. Мэдээж нийгэм ийм бараан байхад нэмж шорон, хүчирхийлэл гээд хэт хард зүйл үзүүллээ гэх шүүмжлэл бий. Тэр ч саналыг бид энэ удаагийн бүтээлдээ тусган авч, хүн хүнээ хайрлахыг, хүн чанар, хүнлэг сэтгэлийн тухай, аль ч насныхан үзэж болох гэгээлэг бүтээл дэлгэхийг зорьсон.
-Та бүхэн дараагийн уран бүтээлдээ хэдийнэ орчихсон уу?
-Бид 2025 оны гуравдугаар сард дараагийн уран бүтээлээ нээхээр бэлдэж байгаа. Ямар уран бүтээл гэдгийг нь харин одоохондоо нууцалъя. Киногоо удахгүй үзэхээрээ мэдэх байх.
-Та цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Цаашдаа илүү суралцаж, өөрийгөө хөгжүүлж, сайн уран бүтээлч болох, намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаа олон хүнд хүлээн зөвшөөрөгдөх, тэр хүртэл хичээсээр байх болно оо.
Тийм ээ, түүний найруулсан "Хувь заяа" өөрийнх нь хэлсэн шиг олон хүний хөдөлмөр шингэсний сацуу энгийн, элдэв чимэггүй монгол ахуй, хүн ёсны харилцааг гаргах гэсэн зорилгодоо хүрсэн байна лээ. Тийм ч болохоор "Нэгнээ хайрладаг байя” гэж ярианы төгсгөлд хэлсэн. Хүнийг хайрлах жаахан зүйлээс эхэлдгийг Хувь заяа, Сүрэн хоёрын харилцаан дээрээс олж харсан. Тэр Сүрэнгийн сэтгэл тавгүй байгааг мэдээд, өөрт байгаа амттанаа өгч "Сэтгэл тавгүй үед амттай зүйл идвэл зүгээр болдог" гэх, сандраад хамаг хөлс нь чийхарсан Сүрэнг анзаарахдаа сэмхэн гарт нь алчуур атгуулсан. Харин Сүрэн хэрсүү жаахан охинд олон зүйл зааж, тэд нэгнээ хайраар услан торниулж, тэтгэн тэнхрүүлсэн.
ТҮҮНИЙ НАЙРУУЛСАН "ХУВЬ ЗАЯА" |
|