• Өнөөдөр 2025-04-03

Е.ДАВААСҮРЭН: “ЗОЛИОС 6/16” КИНО 12 ЖИЛИЙН ӨМНӨХ ГЭМТ ХЭРГИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ

2024-10-13,   855

        “Хүний цаана” уран сайхны киноны бүтэлгүй хэрнээ инээд бэлэглэсэн киноны хамгийн гэгээлэг Бульдокийн дүрээр үзэгчдийн танил болсон “Событ фильм”-ийн найруулагч, жүжигчин Е.Даваасүрэн. Түүний зохиолыг нь бичиж найруулсан дөрөв дэх уран бүтээл “Золиос 6/16” уран сайхны кино наймдугаар сарын 30-нд нээлтээ хийх билээ.

-Шинэ уран бүтээлээ нээх гэж буй “Событ фильм”-ийн хамт олонд баяр хүргэе. Нээлтдээ бэлдсэн завгүй өдрүүд өнгөрч байна уу?

-Сайн байна уу, Эргэлт.мн мэдээллийн сайтын үзэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээл нээх бүрд айдас, догдлол мэдрэгддэг. Дараа, дараагийн уран бүтээл бүрдээ сайжрахыг эрмэлздэг, тэрнийхээ төлөө хичээдэг учраас “Хаана нь алдаж, аль хэсэгт нь оносон бол” гэсэн бодол төрдөг. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэх айдас, догдлол үргэлж бий. Анхны үеэ бодвол бид үг даадаг болж. Сайшаах нэгэн байхад, муулах, шүүмжлэх хүн ч байгаа гэдгийг мэддэг болсон.

-"Золиос 6/16" уран сайхны кино “Событ фильм”-ийн хэд дэх өргөн дэлгэцийн уран бүтээл билээ?

-Өргөн дэлгэцийн тав дахь уран бүтээл. Бид их сургуулиа төгсөөд 2015 онд “Ноход” гэж анхныхаа уран бүтээлийг хийсэн юм. Тухайн үед кино маань бүтэлгүйтэж нэлээн хохирол амссан. Шинэхэн төгсөгч нар киноныхоо зардлыг олох гээд ачигч хүртэл хийж байлаа. Дараа нь “Мам” гэх аймшгийн кино хийсэн.

-“Событ фильм”-ийнхан цаасан дээр кино зохиол байхаас нь бүрэн хэмжээний кино болж үзэгчдэд хүртэл нь өөрсдөө уран бүтээл, арын албанд нь гар бие оролцдог шүү дээ. Ингэж ажиллахын давуу тал юу вэ?

-Бүгд өөр, өөр үүрэгтэй. Би зохиолоо бичиж, найруулж байхад Д.Зоригт продюсероор нь ажилддаг. Б.Пүрэвдорж кинонд ажиллах бүх уран бүтээлчдийг цуглуулдаг. Бусад гишүүд туслахаас нь эхлээд ерөнхий хүртэлх бүх ажилд гар бие оролцож байдаг. Ганцхан манай фильм бус бүх уран бүтээлчид ингэж ажилладаг байх. Энэ цаг үед нэг хүн ганцхан үүрэгтэй байх боломжгүй болсон. Өөрсдийн гэсэн бүх зүйлээ шингээж ажиллаж байгаа юм л даа. Уран бүтээлчидийн хувьд кино бүр нь онцлох  зүйлстэй байдаг. Бидний хувьд “Событ фильм”-ийнхан хийсэн байна” гэж яригдах, манай киноноос л үзэж болох тийм уран бүтээл хийхийг зорьдог. “Золиос 6/16” киног үзээд үзэгчид тийм мэдрэмж аваасай.

-Уран бүтээлүүд дээрээ найруулагч, жүжигчин, зохиолчоор нь ажилладаг шүү дээ. Бүгдийг нь тэнцүүхэн сайн хийхэд амаргүй байдаг уу?

-“Золиос 6/16” бол миний зохиолыг нь бичиж, найруулсан дөрөв дэх уран бүтээл. Уран бүтээлээс уран бүтээлийн хооронд илүү сайжрахыг хүсдэг. Хамт олон маань ч намайг сайн дэмждэг. Ачаалалтайн хувьд ачаалалтай. Гэхдээ хамт олон минь бүгд энэ ачааг үүрч байгаа. Олон үүрэгтэй байсан ч энэ хойшоо суух шалтгаан биш. Харин ч урьд нь гарч үлгэрлэх хэрэгтэй. Хариуцлагатай байхыг хичээдэг. Бид ядарсан нэгнийгээ дэмжиж, урагшаа алхах урам өгч байдаг. Дараагийн уран бүтээлээсээ зохиолч, найруулагчаар ажиллах бодолтой байгаа.

-Яагаад?

-Биднийг дагаж уран бүтээл хийж байгаа дүү нар бий. “Золиос 6/16” кинонд анхныхаа дүрд ажилласан хүүхдүүд байгаа. Тэдэнд боломж олгох хэрэгтэй. Олон жил бидэнтэй хамтарч байгаа дүү нарын минь дотор ч уран бүтээлч болох олон танигдах хүсэл байгаа. Тэднийг байнга арын албанд ажиллуулж болохгүй шүү дээ.

-“Событ фильм”-ийн уран бүтээлчид адал явдалт, тулаантай төрлийн уран бүтээл хийдэг шүү дээ. Энэ жанрыг түлхүү сонгодог шалтгаан бий юү ?

-Залуу байгаа дээрээ л энэ жанрыг хийж үзнэ шүү дээ. Монголд хөгжихөд нь нэмэр болохыг хүсэж байна. Залуусын хамгийн их сонирхдог сэдэв шүү дээ. Бид цаг нь ирэхээр драмын кино хийж эхэлнэ. Гэхдээ бидний уран бүтээлүүдэд адал явдал, хайр дурлал гээд бүгд багтдаг. Хэдий адал явдалт уран сайхны кино ч өгүүлэмж, үзэгчдэд өгөх гэсэн санаа нь бий.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Найруулагчийн ажлыг хэзээнээс сонирхож эхлэв?

-Багаасаа жүжигчин болно гэж боддог байсан. Гэр бүлийнхэн минь ч их дэмждэг.  Тэр дэмжлэг намайг энэ хүртэл явахад нөлөөлсөн байх. Гэхдээ найруулагч болно огт бодож байгаагүй. Кино үзэх дуртай, үзэх бүрдээ “Энэ ийм шийдэл гаргасан байна” гэж их боддог. Найзууддаа “Би энэ киног найруулаад үзвэл яах уу” гэж хэлсэн, багийнхан минь ч дэмжсэн. Тэр цагаас хойш “Событ фильм”-ийн найруулагч болсондоо, өмнө нь захирал гэдэг байлаа.

-Анхныхаа киног нээж байсан үеийн мэдрэмж, догдлол одоо уран бүтээл нээлтээ хийх бүрд бодогддог байхдаа?

-Тийм ээ, сургуулиа төгсөөд удаагүй залуус анхныхаа киног “Тэнгис” кино театрын өмнө нээж байлаа. Тухайн үед тэр улаан хивсээр яаж явж тэр тайзан дээр гарснаа санадаггүй. Нэг мэдэхэд л тайзан дээр зогсож байсан. Харамсалтай нь кино маань хоёр хоног гараад кино театраас буусан даа. Хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж, ухаарал өгсөн мөч байсан. Алдсан гэхдээ бид харамсаагүй, бид болоогүй гэдгээ ойлгосон. Бид илүү нэгнийгээ ойлгож, дотно болсон. Туршлага хуримтлуулж 2017 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Хүмүүс биднийг 10 жил болох гэж байгаа гэхээр гайхдаг. Хүмүүс сайн мэдэхгүй ч “Событ фильм”-ийн залуус олон зүйл туулсан. 2015 оноос хойш зогсолтгүй явсан. Энэ хугацаанд бүдэрсэн, оносон, алдсан зүйл олон бий.

-Таны хувьд Е.Даваасүрэн жүжигчнийг хүмүүст таниулсан дүр нь ямар уран бүтээлийнх вэ?

-“Хүний цаана” уран сайхны киноны Бульдок гэх хөгжилтэй залуугийн дүрээр хүмүүс намайг сайн мэднэ. Бусад дүрүүдээс илүү содон дүр байсан л даа. Гэхдээ тэр дүр надаас тэс өөр хүн.

-Найруулагчын, жүжигчний эсвэл үзэгчийн хувиар “Золиос 6/16” киног үзэх шалтгаан хэлээч гэвэл та ямар шалтгааныг дурдах уу?

-Олон бий. “Золиос 6/16” уран сайхны кино 12 жилийн өмнөх гэмт хэргийн талаар өгүүлнэ. Миний хувьд хүний багадаа авсан шарх заримдаа насан туршийн шарх болж үлддэг гэдгийг бага ч гэсэн харуулна. Үүнээс гадна үзэгчдийн сонирхлыг татах, юм бодуулах олон зүйл бий.

-Таны болон “Событ фильм”-ийн дараагийн зорилго юу вэ?

-Надад оноогдсон дүр бүр үнэ цэнтэй учраас тэр бүрийг хайрлаж тоглоно. “Событ фильм”-ийн хувьд ирэх жил 10 жилийн ойн баяраа тохиолдуулан түүхэн уран бүтээл хийх том зорилготой байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нд анхны трейлерээ хүргэнэ.

 


Е.ДАВААСҮРЭН: “ЗОЛИОС 6/16” КИНО 12 ЖИЛИЙН ӨМНӨХ ГЭМТ ХЭРГИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188