• Өнөөдөр 2025-04-19

NENE: ГИТАРАА БАРИАД СУУХААРАА ХАМГИЙН САЙН ДУУГАА ЗОХИОДОГ

2025-04-18,   8051

Блиц: 
 
Жинхэнэ нэр: Б.Батдэлгэр
 
Дуртай өнгө: Хар
 
Дуртай хамтлаг: BigBang 
 
Сонсох дуртай дуу: Майкл Жэксоны дуунууд 
 
Дуртай тоо: 11
 
Анхны цалин: Ээжийнхээ ажилд тусалж, юм оёод 1500 төгрөгийн цалин авсан.
 
Сүүлд үзсэн олон ангит кино: Mask girl
 
Хэд ч үзсэн уйддаггүй кино: Хуучны орос кино, тэр дундаа “Служебный роман”
 
Сонсож байсан хамгийн гоё үг: Ахлах сургуулийн нэгэн охин надаас урам зориг, эрч хүч авдаг гэсэн утгатай мессэж ирүүлж байсан. Мөн дүү минь саяхан надад захиа бичиж өгсөн. Хамгийн нандин, сайхан үгс гэвэл дээрх хоёрыг хэлнэ.

    2020 онд ногоон үс, өндөр туранхай бие, хурц үгтэй эмэгтэй реппер цахиур хаглан гарч ирсэн юм. Анхны уран бүтээл нь хэдий ч чадварлаг үглэж, дуулж, бүжиглэж байсан нь тэр хэмжээний авьяастай гэдгийг нь харуулж байв. Шинэ уран бүтээл бүр нь огт өөр Nene-г харуулж байлаа. 18 настай залуу уран бүтээлч Nene-г сонсогчид нь ингэж таньдаг болсон. Одоо тэр өөрийн гэсэн студитэй, хоёр цомогтой, бие даасан хоёр тоглолтоо заал дүүрэн сонсогчидтойгоо хийсэн, гаргасан дуу бүр нь амжилттай байдаг уран бүтээлч болжээ. Nene хийсэн л бол тэр дуу хит болдог нь “Халуун маруужин”, “Гоолингоо”, “Бацаанаа”, “Үнэндээ” зэрэг дуунаас нь харагдана. Тэр хүн бүрийг тайзны голд бүжиглүүлэхээр цоглог, эсвэл өрөөний буланд шигдээд өнгөрснөө эргэцүүлэх хайрын дуунуудыг зохиодог. Даруухан инээмсэглээд “Мэдрэмжээ дуугаараа хамгийн сайн илэрхийлдэг” хэмээн ярих Монголын хип хоп урлагийн нэгэн тод өнгө Nene-тэй ийн ярилцсан юм. 

 

-Дуучин болно гэж бодож, төсөөлж байгаагүй гэсэн. Бодлыг нь юу өөрчилсөн юм бэ? 
 
           -“Урлагийн хүн л болохгүй юм шүү” гэж боддог байлаа, өмнө нь. Би найзтайгаа нэг зүйл дээр санал зөрөлдөөд “Хэрэв миний зөв байх юм бол чи надад гитараа зараарай” гэж байсан юм. Миний зөв болж таараад гитарыг нь авсан ч би тоглож чаддаггүй байсан л даа. Тэгээд интернэтээс гитарын барилт сурч, тоглож эхэлсэн. Би нот мэдэхгүй, сонсголоороо л сурсан.  Ахлах сургуульд байхдаа гитар дээр дуу дуулдаг болсон. Тэр мэдрэмж таалагдсан л даа. Нэг өдөр сайн    найз маань “Уран бүтээлч шалгаруулж авна” гэсэн зар явуулсан. Ямар нэгэн найдлага тээхгүйгээр зохиосон дуунуудаасаа явуулсан чинь тэнцчихсэн. Продюсер маань эмэгтэй реппер цөөхөн байдаг учраас энэ чиглэлээр дуу хийхийг санал болгосон. Тэгж анх  удаа хип хоп дуу бичиж үзсэн. Олон хүний анхааралд байх дургүй, урлагийн хүн л болохгүй гэсэн бодол тэгж л өөрчлөгдсөн дөө.
 
-Хоёр дахь цомгоо саяхан гаргалаа шүү дээ. Энэ удаагийн цомгийнх нь онцлог юу байв?
 
     -Арваннэгдүгээр сарын 4-нд шинэ цомгоо гаргалаа. Энэ удаагийн цомогтоо 100 хувь өөрөө ажилласан. Нүүр зургийг нь хүртэл ямар байдлаар ямар хувцаслалттайгаар авахуулахаа шийдэж, төлөвлөсөн. Дуунууд нь өмнөх цомгийг бодвол миний хувь хүнийг илүү илэрхийлсэн байгаа. Энэ удаагийн цомгоо биетээр цөөн тоогоор үйлдвэрлэж, үнэ цэнтэй байлгахыг зорьж байна. Нийт 15 дуутай. Уран бүтээл хийж эхэлснээсээ хойш нийт 30 гаруй дуу хийсэн байна. “B” продакшнаас гараад “Afterland” студид байгуулсан. Студид маань залуу дуучин Ahuna харьяалагдан, хамтран ажиллаж байгаа. Жилийн хугацаанд хоёулаа цомгоо гаргасан байна, том амжилт шүү дээ. Зэрэг цомгоо гаргаад, хамтдаа тоглолтоо хийх гэж байна. 
 
-”Халуун маруужин” цомгийнхоо талаар ярихгүй юу? 
   -Анхны цомгоо цацагдсаныг нь мэдсэн ч гартаа барьж үзэлгүй жаахан удсан. Нүүр зургаа харчихаад “Хөөх, би ийм биетэй бил үү” гэж бодсон доо.
-Байгуулсан студидээ уран бүтээл хийх ямар байгаа вэ?  
 
        -Юм бүр хоёр талтай байдаг шүү дээ. “B” продакшнд байхдаа дөнгөж 18 настай залуу уран бүтээлчээс гадна студид харьяалагддаг байсан учраас өөрийгөө нэлээн барьдаг байсан. Одоо бол өөрийгөө задалж, дуугаа өөрөөхийж байна. Гэхдээ анх гарч ирж байсан Nene өөрчлөгдөөгүй. Өөрөө студи байгуулсан учраас хариуцлага хүлээх ёстой. Тиймээс жаахан хүүхэд шиг зангаа хойш тавьж, илүү бизнес сэтгэлгээтэй болж, төлөвшиж байна. Гадаад улсууд руу хандсан уран бүтээл хийе гэж бодож байна. Гэхдээ энэ бол хэдэн жилийн дараа биелүүлэх зорилго. “B” продакшнд байхдаа одоо санаа зовж байгаа зүйлүүдийн талаар боддоггүй, хүүхэд юм чинь энэ цаг мөчөө сайхан өнгөрүүлье гэж боддог байлаа. 
 
-Анхны зүйл бүр хүний амьдралд мартагдахгүй дурсамж болдог шүү дээ. Анхны бие даасан тоглолтынхоо талаар дурсвал?
 
    -Тайзан дээр гараад дуулж байгаа дуунаас эхлээд бүгд огт өөр мэдрэмж өгсөн. Надаас өөр хэн ч ийм цаг мөчийг өнгөрүүлж байгаагүй юм шиг оргилуун мэдрэмж авсан. Хүмүүс миний дууг алгасалгүй дагаж дуулна гэдэг гайхалтай юм билээ. Энэ удаагийн тоглолтынхоо бүх дууг амьд хөгжимтэй дуулна.  
 
-Ямар мэдрэмжээр өөрийгөө хөглөж, дуугаа зохиодог вэ?
 
      -Дуу бүр өөр, өөр мэдрэмжээр бий болдог. Би тийм ч их уурлаад байдаг хүн биш, ер нь тогтуун. Уурласан ч гадагшаа гаргахгүй байхаар хүн бөглөрнө шүү дээ. Тийм тохиолдолд хип хоп төрлийн дуу бичнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл өндөр үед дуу зохиох нь илүү онодог юм болов уу. Тухтай орчинд гитараа бариад суухаар хамгийн сайн дуугаа зохиодог доо.
 
-Уран бүтээлүүдээсээ нэг дуу онцолбол ямар түүхтэй, дурсамжтай дууг онцлох вэ?
 
        -Нийтэд цацаагүй зөвхөн өөрөө сонсдог 10 гаруй дуу бий. Тухайн үеийнхээ мэдрэмжийг гаргаж бичсэн учраас надад илүү үнэ цэнтэй, дурсамжтай. Оноосон нэргүй, бүгдийг нь дууных нь утгатай эможигоор илэрхийлсэн. Миний Д.Болд ахтай хамтарсан “One shot” гэсэн дуу бий. Би дууных нь үгийг бүтэн бичсэн юм. Угтаа “Хамтдаа бага зэрэг согтууруулах ундаа хэрэглээд хамтдаа гоё байя” гэсэн утгатай шүү дээ. Гэхдээ тэр дууны үгийг бичиж байхдаа согтууруулах ундаа огт хэрэглэж үзээгүй байсан учраас бүгдийг нь төсөөллөөрөө бичсэн. “Халуун маруужин” дуу бол миний хамгийн анх  бичиж байсан дуунуудын нэг. “Chas tas” дууны дүрс бичлэг дээр үеэл эгч маань найз залуутайгаа тоглосон. Залуу уран бүтээлч учраас тоглох жүжигчин олддоггүй байлаа. Хамгийн сонирхолтой нь, тэр дууны дүрс бичлэгийн үеэр өмссөн миний хувцас орой нь бүгд урагдаад дахиж өмсөхөөргүй болсон. Тэгж их хөөрөлтэй, хөдөлгөөнтэйгөөр зураг авалтаа хийсэн байсан. 
 
-Уран бүтээлүүдээсээ сонсогчдодоо санал болговол ямар дууг нэрлэх вэ? 
 
    -Шинэ цомгийнхоо бүх дууг санал болгоно. Тэр дундаа “Хэзээ ч” болон “Один” гэх хоёр дууг онцолно. Сонсоход сонирхолтой, зарим тохиолдолд “Нээрээ ч ийм байдаг шүү” гэсэн бодол төрж магад.
 
-Та амжилттай яваа уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог шүү дээ. Урлагийн хүн болох сонголтыг нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ? 
 
     -Ахлах ангиасаа биеэ даасан учраас гэр бүлийнхэн маань миний асуудалд төдийлөн оролцдоггүй ээ. “Чи ийм үгтэй дуу бичсэн байна болохгүй” гэж хэлдэггүй. “Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрэй” гэдэг халуун дулаан хүмүүс. Юу ч хийсэн надад итгэдэг учраас би илүү өөртөө итгэлтэй байдаг. 
 
-Таны дараагийн зорилго ?
 
-Гадаад уран бүтээлчтэй хамтрах эсвэл гадаадын зах зээлд шинэ уран бүтээл гаргахыг хүсэж байна. Энэ гэхдээ ойрын хугацаанд биелэх зүйл биш. Миний “Заавал хийнэ дээ” гэж тавьсан зорилгын нэг.  

NENE: ГИТАРАА БАРИАД СУУХААРАА ХАМГИЙН САЙН ДУУГАА ЗОХИОДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188