• Өнөөдөр 2025-05-09

Ч.ГАНБАТ: ЗУРГААН ОЛИМПОД ТАСРАЛТГҮЙ ОРОЛЦОЖ, ГЭРЭЛ ЗУРАГЧНААР АЖИЛЛАНА ГЭДЭГ ХОВОР ХУВЬ ТАВИЛАН

2024-08-05,   518

   Түүний зургийн цомогт Монголын тамирчдын түүх бий. Бөхчүүдийн хамгийн уран мэхийг, тэдний хүч хөдөлмөр шингэсэн эцсийн цохилтыг, уралдааны төгсгөлд барианд орох торгон мөчийг, тамирчдын ялалт, ялагдлыг тэр амьсгаа даран харж, нүд цавчилгүй зогссоор гэрэл зургийн хальснаа мөнхөлдөг байх. Монгол Улсын зургаан мастер гэрэл зурагчны нэг бол Ч.Ганбат. Тэрбээр одоо “Парис 2024” олимпын наадмын хамгийн нандин мөчүүдийн зургийг дараад тун завгүй яваа. Энэ түүний оролцож буй зургаа дахь олимпын наадам. Тэр зургаан олимпын наадмаас гадна найман ДАШТ, таван Азийн наадам, үндэсний их баяр наадам болон бусад тэмцээний гэрэл зургийг дарсан.

   Аравдугаар ангиасаа гэрэл зураг сонирхож, найзынхаа камерыг гуйж зураг дардаг байсан тэрбээр анхныхаа цалингаар камер, дараагийнхаа цалингаар гэрэл зургийн өсгөгч авч байжээ. Ч.Ганбат “Парис 2024” олимпод монголчуудын амжилтыг түүчээлж, түүний дарсан гэрэл зураг  “Canon Olympic One Day" тэмцээний шилдгээр шалгарсан билээ. Ингээд гэрэл зурагчин Ч.Ганбаттай ярилцсанаа танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Парис 2024” олимп таны сурвалжилж буй зургаа дахь наадам юм билээ. Гэрэл зурагчнаар ажилласан анхны олимпоо дурсахгүй юу. Хүн төрөлхтний эв нэгдлийн наадмын хамгийн дурсамжтай агшинг буулгах ямар байсан бэ?

-“Парис 2024” олимпын наадам сайхан үргэлжилж байна. Монгол Улс мөнгөн медальтайгаар наадмыг үргэлжлүүлж байна. Олимп дуусах болоогүй, монголчууд оролцсон төрөл бүрдээ хувийн амжилтаа ахиулж байгаа.  “Лондон 2012” бол миний оролцсон анхны олимп. Тухайн үед Монгол Улсын албан ёсны гэрэл зурагчнаар томилогдож, ганцаараа явж байлаа. Хэдийгээр олон улсын томоохон тэмцээнд очиж гэрэл зураг дардаг байсан ч олимп огт өөр санагдаж байсан. Юу ч мэдэхгүй очсон, одоо ч мэдэхгүй, чадахгүй зүйлтэй олон бий. Хүний хүсэл тэмүүлэл, сэтгэл зүрх гэдэг хязгааргүй том ертөнц, хүн байнга суралцаж амьдардаг юм байна. Зургаан олимпод тасралтгүй оролцож, гэрэл зурагчнаар ажиллана гэдэг ховор хувь тавилан.

-Оролцсон олимпын наадам бүр нь дурсамжтай, онцлох зүйлтэй байсан байх, таны хувьд энэ жилийн наадмын онцлох зүйл нь юу байв?

-Энэ удаагийн олимпын зохион байгуулалт жаахан сул байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгүүдийг үзэмжтэй, тамирчид, арын албаныханд тухтайгаар байгуулсан нь таалагдаж байгаа.

-Та Парисын олимпод Монгол Улсынхаа амжилтыг түүчээлж анхных нь шагналыг авчирсан шүү дээ. Тухайн үеийн баярын мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Дарсан гэрэл зургийнхаа талаар яривал?

-Олимпын нандин агшинг буулгах “Canon Olympic One Day" тэмцээн болдог талаар өмнө нь сонсож байсан юм. Олимпын наадамд 45,000 гаруй сайн дурынхан ажиллаж байгаа. Камераа гартаа ил барьж байхдаа сайн дурын ажилтан хос нэгнийгээ үнсэж байхыг хараад сэтгэлд дулаахан санагдсан тул дарсан. Тус зураг маань шилдгээр шалгарсан. Олимп эхлээгүй байхад Монгол Улсынхаа нэрийг дуудуулсан бэлгэшээлтэй мөч байсан.

-ОУХМ Б.Баасанхүүгийн алтан медалийн төлөөх барилдааныг хальсандаа буулгасан шүү дээ. Монголчуудын амьсгаа даран үзсэн барилдааныг яг хажуугаас нь харж, гэрэл зураг дарах мөч ямар байв?

-Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Б.Баасанхүүд “Заавал олимпод оролцоорой, хичээгээрэй” гэж хэлж байсан. Олон улсын тэмцээн бүрд амжилттай сайн барилдсан дүүгээ олимпоос медаль авах нь тодорхой гэж бодсон, гол нь ямар өнгө вэ гэдэг нь л чухал байлаа. Алтан медаль авч, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлээсэй гэж битүүхэн хүссэн. Алтан медалийн төлөөх барилдааныг хажуугаас нь харж суусан. Харамсалтай нь нуруугаар арай л намхан байлаа. Бид чинь Хөвсгөл аймгийн хүүхдүүд, нутгийнхаа бөхийг дэмжиж, омогшиж байлаа.

-Гэрэл зургийн олон төрөл бий шүү дээ. Яагаад спортын гэрэл зурагчны салбарыг сонгосон юм бэ?

-Тийм ээ, олон төрөл байгаа. Би анхнаасаа л үндэсний бөхийн зураг дарж эхэлсэн. Дараа нь жүдо гээд спортын бусад төрлийн зураг дарах болсон. Энэ бүхнийг сонирхлынхоо дагуу хийдэг. Гадаадын тэмцээнд гэрэл зурагчнаар явах үед гэргий маань бизнесээ үргэлжлүүлж, сайн ойлгодог. Спортын гэрэл зурагчин тухайн спортын төрлөө мэддэг, уншиж судалсан байх шаардлагатай юм билээ.

-Тамирчин, дасгалжуулагч шиг л тэдний тэмцээний үеийг мэдэрч гэрэл зургаа дардаг байх. Камерын дурангаар дэлхийн тамирчдыг харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээний гэрэл зураг дарахыг оролдож байгаа. Дэлхийн спортын сэтгүүлчдийн холбоо 100 жилийн түүхтэй. Холбооноос нэр хүнд бүхий гэрэл зургийн уралдааныг зохион байгуулдаг юм. Миний дарсан зураг 126 улсын 1796 бүтээлээс гутгаар болон 30 дугаар байрт шалгарч байсан. Тур уралдаанаас хойш Ч.Ганбат буюу Монголын гэрэл зурагчныг таньдаг хүмүүс нэмэгдсэн.

-Таны дарсан зураг бүр түүх өгүүлдэг. Тэр дундаас хамгийн их түүх өгүүлсэн зургийнхаа талаар ярихгүй юу?

-Тус уралдаанд шалгарсан гэрэл зургууд миний хайртай бүтээл. Ер нь монгол ахуй, уурга шүүрэх мөчийг харуулдаг. Уурга шүүрэх мөчийг дарсан зурагчин олон бий. Минийх онцлог байсан шалтгаан нь тун ойроос дарсан явдал юм. 30 дугаар байрт шалгарсан бүтээл бол Францын жүдо бөхийн тамирчин Кларисс Агбегнену шагнал авах үед нүдэнд нь олимпын таван цагариг туссан мөчийг буулгасан зураг. Миний хайртай бүтээл.

“AIPS SPORT MEDIA AWARDS”-ИЙН ГУТГААР БАЙРЫН ШАГНАЛТ ГЭРЭЛ ЗУРАГ

 “ТОКИО 2020” ОЛИМПЫН ЖҮДО БӨХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД 63 КГ-ИЙН ЖИНД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ФРАНЦЫН ЖҮДОЧ КЛАРИССЕ АГБЕГНЕНУ

СПОРТЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН ХӨДӨЛМӨРЧ, ХУРДТАЙ, МЭДЛЭГТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Хамгийн анхны гэрэл зургийн камерынхаа талаар ярихгүй юу. Гэрэл зургийн хэрэгслийн хажуугаар зүгээр өнгөрдөггүй байх даа?

-Аравдугаар ангиасаа гэрэл зураг сонирхож эхэлсэн. Тэр үед ангийнхаа хүүхдийн камерыг гуйж зураг дардаг байлаа. ОХУ-д оюутан байхдаа үйлдвэрлэлийнхээ дадлагаар цалин аваад “Zenit” гэж камер авсан. Дараагийнхаа цалингаар гэрэл зургийн өсгөгч авсан даа. Тэр камераараа зураг авч сураад Монголд ирээд герман камер авсан юм. Тэр үедээ “Ингээд боллоо, өөр камер авахгүй” гэж бодсон. Гэхдээ камераа сайжруулаад л байсан. Камер авах бүрдээ “Одоо ёстой өөр камер авахгүй” гэж боддог ч сайжирч, шинэчлэгдэх бүрд нь авчихдаг. 

-Гэрэл зурагчид олон түүхийн гэрч гэдэг шүү дээ. Уншигчдад сонирхуулах ямар түүхэн үйл явдлын гэрч болж, зураг дарж байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зурагчнаар арван жил ажилласан. Гадаадын 17 томилолтод нь хамт явж түүхэн мөчүүдийнх нь зургийг дарсан. Хариуцлагатай олон мөчийн зургийг хальснаа буулгасан даа.

-Та өөртөө "Гэрэл зурагчин ийм байх ёстой" гэсэн шаардлага тавьдаг уу?

-Спортын гэрэл зураг тун онцлог, зурагчин нь хөдөлмөрч байх шаардлагатай. Оролцож буй тамирчин бүрийг түүхэн агшинтай нь мөнхлөхийн тулд хичээх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй, хурдтай, спортоо мэдэрдэг байх хэрэгтэй. Миний хувьд дэлхийн хэмжээний зураг дарах хүсэлтэй байгаа учраас өөр төрлийн спортын зураг дарж, гадаадын тамирчдыг судалж байгаа.

-Өөрийнхөө дарсан хуучны гэрэл зургуудыг хэр олон сэргээж үздэг вэ?

-Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Он цаг өнгөрөх тусам хуучны зургуудаа сэргээж үзэх хамгийн сайхан. 2001 оны алдарт 17 начин, дөрвөн заан гээд одоогийн өндөр цолтой бөхчүүдийн залуу үеийг мөнхөлсөн түүх өгүүлэх зургууд бий. Зургийг сайн архивлаж хадгалдаг байх хэрэгтэй юм билээ.

-Тухайн агшинг буулгаж чадаагүй дээ, тэр үйл явдал дээр байгаагүйдээ харамссан үе бий юү?

-Түүхэн мөчийг өнгөрүүлсэн, харамссан үе бий. “Рио 2016” олимпын наадамд ганцаараа явсан юм. Тэр үед МУГТ Д.Сумъяа Японы тамирчныг унгаачихаад баярлаад цаашаа гүйгээд явсан. Хэрэв нөгөө талд нь байрлалаа эзэлсэн бол тамирчныхаа баярын мөчийг гэрэл зургийн хальснаа үлдээх байсан. Би араас нь зургийг нь дараад хоцорсон, тэр агшинг алдсандаа л харамсдаг. Ер нь зурагчид багаар ажиллах хэрэгтэй. Нэг талын л зургийг дарах боломжтой учраас тайз, дэвжээний хоёр талаас зураг дарж, түүхэн агшныг алдахгүй байхыг хүсдэг. Парисын олимпын нэг онцлох зүйл нь таван улсын гэрэл зурагчид нэгдэж, дарсан зургаа хоорондоо хуваалцдаг болсон. Ингэснээр нандин мөчүүдийг алдахгүй гэсэн үг.

-Танд очиж сурвалжлахыг хүсдэг тэмцээн байдаг уу?

-Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар Монгол Улсаас албан ёсоор нэг ч гэрэл зурагчин очиж байгаагүй юм билээ. Энэ удаа эрх авахад багахан асуудал үүсээд чадаагүй. Дараагийн удаа заавал явна аа.


Ч.ГАНБАТ: ЗУРГААН ОЛИМПОД ТАСРАЛТГҮЙ ОРОЛЦОЖ, ГЭРЭЛ ЗУРАГЧНААР АЖИЛЛАНА ГЭДЭГ ХОВОР ХУВЬ ТАВИЛАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-08-05 15:57:39
    зочин: мундаг!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188