• Өнөөдөр 2025-05-09

У.МИНЖИН: ТҮРГЭНИЙ ЭМЧ, ЖОЛООЧ НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ СЕКУНДТЭЙ УРАЛДДАГ ГЭДГИЙГ “АМЬДРАЛЫН ХҮРД” КИНОГООР ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

2024-07-01,   552

             “Х түц” продакшны уран бүтээл, “Ихэр тавилан”, “Нийслэл хүүхнүүд”, “Сайн уу амьдрал минь 2” тэргүүтэй уран бүтээлээр нь мэдэх залуу жүжигчин У.Минжинтэй “Амьдралын хүрд” киноных нь тухай ярилцлаа. Өргөн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болж байгаа тус уран бүтээлд тэрбээр Сэргэлэн гэх яаралтай тусламжийн эмчийн дүрд ажилласан юм.

-Сайн байна уу, шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

                -Ярилцлагыг маань уншиж байгаа бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе. Бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэдээ хүргэж байгаа сайхан өдрүүд өнгөрч байна. Уран бүтээлийнхээ санг арвижуулсандаа, “Амьдралын хүрд” уран сайхны кинонд тоглосондоо баяртай байна. Үзэгчид ч сайхан хүлээж авч байгаа байх.

-“Амьдралын хүрд” кинонд тоглох саналыг хэрхэн авсан бэ. Дүрийнхээ талаар яривал?

                -“X түц” продакшн “Showtime” энтертайнмент шоу тоглолтоо сарын хугацаанд амжилттай тоглож дуусгасан. Шоу дууссаны дараа найруулагч Э.Мөнхбаяр холбогдож кинонд тоглох санал тавьсан. Надад кинонд ажиллах санал тавихаар ирэхдээ л шууд зохиолоо бариад ирсэн. Тэгээд киноныхоо талаар сайн ярилцсан. Би Сэлэнгэ гэх олон жил түргэний эмч хийсэн туршлагатай эмчийн дүрд ажилласан. Ажил дээрээ туршлагатай, хийх зүйлээ ягштал хийдэг бол амьдрал дээр инээх дуртай, хөгжилтэй бүсгүйн дүр байсан. Өмнө нь эмчийн дүрд ажиллаж байгаа учраас дүрийнхээ саналыг тун дуртай хүлээж авсан.

-Дүрдээ ажиллахын тулд анхны тусламж үзүүлж сурсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

                -“Амьдралын хүрд” кино түргэний эмч, жолоочийн амьдралыг харуулсан уран бүтээл. Дүрээ гаргахын тулд анхны тусламж үзүүлж, түргэний машин дотор юу байдаг, ямар амьдрал өрнөдөг талаар судалсан. Кино багаараа эмч нараасаа сургалт авсан. Анхны тусламж үзүүлж сурах нь ганцхан дүрээ сайн гаргахад бус гэнэтийн зүйл тохиолдоход өөртөө болон өрөөлд тусалж чаддаг болно гэсэн үг юм билээ. Бодит жишээ ч тохиолдсон. Эмээ, өвөөтэйгөө нэг хотхонд амьдардаг юм. Тэгсэн нэг өдөр эмээ залгаад “Эмээгийнх нь бие тааруу байна” гэсэн. Намайг ороход биеийн байдал нь нэлээн тааруу байсан учраас түргэн дуудчихаад эмч нарыг ирэх хүртэл сурсан зүйлээрээ эмээгээ асарч байсан. Эмч нар шиг мундаг анхны тусламж үзүүлж чадахгүй ч анхны мэдэгдэхүүн байгаа учраас бага ч гэсэн тусалсан.

-Эмчийн дүр, тэр дундаа яаралтай тусламжийн эмч байх ямар санагдсан бэ?

                -Багаасаа эмч эсвэл бага ангийн багш болно гэж боддог байсан. Жүжигчин болох хүсэл нь илүү айсан учраас энэ мэргэжлийг сонгосон. Мөрөөдөлдөө байсан эмчийнхээ дүрд ажилласандаа баяртай байгаа. Түргэний эмчийн хувцсыг өмсөхөд хүртэл бахархал төрсөн. Яаралтай тусламжийн төвд ажилладаг хүн бүр хариуцлагатай, хүний амь цагаар хэмжигдэх нөхцөлд ажилладгийг нь ойлгож, тэднээрээ бахархсан даа.

-“Амьдралын хүрд” киногоор юу илэрхийлэхийг, ойлгуулахыг хүссэн бол?

                -Яаралтай тусламжийн эмчийн талаар өгүүлдэг кино цөөн байгаа. Энэ талаар хөндөж байгаа нь л онцлог. Мөн яаралтай тусламжийн 103 төвийн ажилчид ямар олон зүйлийг туулж, үүргээ гүйцэтгэдгийг харуулахыг зорьсон. Нэгнийгээ олсон, мэдэрсэн гэгээн хайр ямар байдгийг мэдрүүлэхийг мөн хичээсэн.

-Зураг авалтын үед болсон хөгжилтэй зүйлс олон байхдаа?

                -Эмч нар шиг мэргэжил болгож эзэмшээгүй учраас мэргэжлийн хэллэг, тусламжаа буруу хэлэх үзүүлэх асуудал гарсан. Бидний хийсэн зүйлс эмчийн бидэнд заасан, харуулдсанаас өөр болох тохиолдол олон байсан.

-Түргэн тусламжийн эмч, жолооч хосууд олон байдаг талаар дурдсан байсан. Бодит хосуудтай уулзсан, ярилцсан уу?

                -Түргэний эмч, жолооч хоёр нь салшгүй холбоотой ажилладаг учраас гэр бүл болох тохиолдол цөөнгүй юм билээ. Би хэдий бодитоор тэдэнтэй уулзаагүй ч кино багийнхныхаа тэдэнтэй хийсэн ярилцлагыг үзсэн. Нэгнийгээ ойлгож, хүний эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэнэ гэдэг сайхан санагдсан.

-Киноны явцад “Ийм зүйл болдог юм байна” гэж бодогдсон, эмзэглэсэн зүйл байсан уу?

                -Эмзэглэсэн зүйл олон байлаа. Түргэн тусламжийнханд түгжрэл гэдэг ямар хэцүү зүйл гэдгийг ойлгосон. Тэр машинд үхэл, амьдралтайгаа тэмцэж байгаа өвчтөн, эмч, асран хамгаалагчид ямар мэдрэмж, зовлонг туулдгийг мэдэрсэн. Дууд дохиогоо ажиллуулаад явж байхад зам тавьж өгдөггүй машин олон байгааг хараад эмзэглэсэн. Тэдэнд нэг секунд ч үнэ цэнтэй. Мөн түргэний эмч нар олон зүйлийг хамгийн эхэнд хардаг хүмүүс юм билээ. Дуудлагаар очих газраа, өвчтөнөө тэд сонгохгүй учир зодоон, хүн амины хэрэг, согтуу хүн гээд  яаралтай тусламж хэрэг болсон хүн бүрд гараа сунгадаг. Заримдаа өөрсдөө ч эрсдэлд орно. Тэр бүрд түргэний жолооч туслах эмч, хамгаалагч болдог юм билээ.

-Энэ киноны зорилго үзэгчдэд бага ч гэсэн эрүүл мэндийн боловсрол олгох шүү дээ. Тэгвэл энэ кинонд тоглосны дараа танд ямар өөрчлөлт гарсан бэ?

                -Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг сурах нь хүн бүрд хэрэгтэйг ойлгосон. Киног маань үзээд хүмүүс бага ч гэсэн ойлголтой болох байх. Би ч өмнө нь мэддэггүй, буруу ойлгодог байсан олон зүйлээ ойлгосон.

-Кинон дээр гарсан зүйлсээс бодит жишээн дээрээс үндэслэсэн зүйл бий юү?

                -Амьдрал дээр тохиолдог бодит жишээ дээр бага зэрэг уран сайхны хэсэг нэмсэн. Хүүхэд халуурч таталт өгөхөөс эхлээд осол гээд бүгдийг нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн.

-Хоёулаа “Ихэр тавилан” киноны үеэр ярилцаж байсан шүү дээ. Энэ хугацаанд уран бүтээлийн олз омог их байв уу?

                -Хоёр жилийн өмнө юм байна. Уран бүтээл арвин байгаа. Бие даасан болон хамтарсан олон уран бүтээл байна. “Бидний араншин” киноны продюсероор ажиллаж, шинэ туршлага хуримтлууллаа. Залуу жүжигчний хувьд олон уран бүтээлд ажиллахыг зорьж байгаа.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

                -Одоо байгаагаасаа илүү ихийг хийж бүтээхийг зорьж байгаа. Ах, эгч нарынхаа кинонд тоглохоос гадна өөрөө уран бүтээл хийхийг эрмэлзэж байгаа. Кино багийнхандаа сайхан уран бүтээлийн ард гарсанд баяр хүргэе.

 


У.МИНЖИН: ТҮРГЭНИЙ ЭМЧ, ЖОЛООЧ НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ СЕКУНДТЭЙ УРАЛДДАГ ГЭДГИЙГ “АМЬДРАЛЫН ХҮРД” КИНОГООР ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-07-01 10:01:53
    М.Одсүрэн: Мундаг бүсгүйд ажлийн амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188