Ах дүүс шиг эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн буруугаас үүдэн нэгнийхээ амийг харамсалтайгаар алдаад, тэдний өөдөөс эцсээ хүртэл тэмцэж чадаж байгаа бил үү, бид өнөөдөр. Гэрэлмаа мөрдөгч шиг гэмт хэрэг хийсэн дарга нарыг хуультай оронд байдгаа гэдгийг мэдрүүлэхийн төлөө шаргуу ажиллаж чадаж байгаа бил үү цагдаа, хуулийн байгууллагынхан. Тулга шиг эцсээ хүртэл нөхөрлөлдөө үнэнч, аливааг нуруутай үүрээд гарах зориг тэвчээртэй хүн өнөөд хэд байгаа бол. Буянтогтох, түүний хүү Содбаяр нар шиг арга нь л буруу болохоос эх орондоо юм хийх хүсэлтэй томоохон компани, группүүд бий бил үү, энэ цагт. “Гарц” киног өнөөдрийн нийгэм, өөрсдөдтэйгээ ойртуулж бодохоор эсрэг болоод зорилгогүй дүр нэг ч байхгүй шиг. Их, багагүй л үнэт зүйл, хайртай бүхнийхээ төлөө чадах чинээгээрээ хичээж, хүсэлдээ хүрэхийн тулд “хүн алах” даалгаврыг ч ёсоор болгож байна. Бид ч мөн тийм биш гэж үү. Энэ кино биднийг дэлгэцээр харуулж байна. Киноны талаар зохиолыг нь хамтран бичсэн жүжигчин, найруулагч А.Нямцэрэнтэй ярилцлаа.
-НАЙРУУЛАГЧ, МӨН БИДНИЙ ХҮСЭЖ БАЙСАН ДҮРИЙГ ТОДОО ГАРГАЖ ЧАДСАН-
-Киногоо амжилттай бүтээсэн та бүхэнд баяр хүргэе. Киноны зохиолыг хэзээнээс бичиж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Манай киноны зохиолыг найруулагч Б.Саруулбуян бид хоёр бичсэн. Үндсэндээ таван сарын хугацаанд киноныхоо зохиол дээр сууж, дүрүүдийн хөгжүүлэлт хийлээ. Анх надад киноны гүйцэтгэх продюсер, найруулагч хоёр санал тавьснаар зохиолыг нь бичиж эхэлсэн. Зохиолыг нь бичсэн анхны олон ангит уран сайхны кино болж байна.

-Таныг яагаад зохиолын багтаа сонгосон гэж бодож байна вэ. “Таныг л чадна” гэсэн итгэл юунаас төрсөн бол?
-Миний өмнө нь зохиолыг нь бичиж байсан контент, кино бүтээлээс магадгүй харсан байж мэдэх юм. Нөгөө талаар найруулагч Б.Саруулбуян бид хоёр нэг сургуулийнх. Манай доод курсийн уран бүтээлч л дээ. Сурч байх хугацаандаа илүү ойр байж, үзэл бодол, санал нийлдэг болохоор хамтран ажиллахад амар байдаг байх.
-Авлигад “идэгдэж", албан тушаалын төлөө улайран зүтгэж байгаа эрх мэдэлтнүүдийг, тэдний буруугаас энгийн ард иргэд хохирч байдгийг, хууль хяналтын байгууллага бас ч гэж ялзраагүй, ажлаа хийдэг шүү гэдгийг та бүхэн уран бүтээлээрээ илэрхийлсэн гэж харсан?
-Уран бүтээлчид нийгмээ шүүмжилж, нийгмийн болохгүй байгаа хэсгийг уран бүтээлээрээ үзүүлж байдаг. Энэ ч утгаар жаахан дуугаръя гэж бодсон. Манай кино том багтай, олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтсэн. Мөн дүрд сонгосон уран бүтээлчдээ өмнөх дүрүүдээс нь илүү шинэлэг, өөр байлгахыг найруулагч зорьж ажилласан. Уран бүтээлчээ хэдийнэ сонгож бодчихоод, түүнд зориулан дүрээ бичсэн нь ч бий.

-Дүрүүдийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө харж байгаа. Зохиолыг нь бичсэн хүний хувьд аль дүрээ та өмөөрөх бол, мөн өмнөөс нь харамсаж, хайрласан дүр бий юү?
-Үзэгчдийн зүгээс чатаар “Тулгыг яагаад үхүүлчихвээ” гэж орж ирсэн. Гэхдээ Тулга үхээгүй шүү дээ. Бид Уяралыг Содоотой хамт гэр рүү нь явдаг хэсэг дээр их удаан бодож, ярилцсан л даа. Уяралыг гэрт нь хонуулах уу, эсвэл ах нар нь аврах уу гээд л. Гэсэн ч эцсийн дүндээ киног сонирхолтой болгох, цааш өрнүүлэх үүднээс аварч чадаагүй.
-Буянтогтох ялаа авч, Тулга түүний гэрч болж, ах дүүс, Гэрэлмаа мөрдөгч зорьсондоо хүрч чадсан. Содоог харин ухаарч, зөөлөрч, Уяралтай хайр сэтгэлийн холбоотой болох байх гэсэн үзэгчдийн хүлээлт ч байсан. Гэтэл Содоог тэр чигт нь муу хүн болгоод дуусгаж байгаа нь жаахан гонсоолгосон. Содоогийн бичлэгээр нь сүрдүүлж байсан дарга нарын үйлдэл ч гэсэн буруу шүү дээ?
-Миний хувьд зохиол бичихэд оролцсон ч дүрийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Гэхдээ эсрэг дүрд хэн тоглох бол, киноны ихэнх хувийг нуруун дээрээ үүрэх энэ дүрд хэн ажиллах бол гэж бодож байсан. Харин ангийн залуу жүжигчин Э.Тодгэрэл тоглох болсныг дуулаад баярласан. Тодоо ч найруулагч, бидний бодсон шиг дүрдээ чадварлаг, сайн ажилласан. Уг нь манай Содбаярын дүрийн зорилго нь зөв. Гагцхүү хүрэх арга нь буруу. Нийгэмдээ тустай юм хийх гээд, ааваараа туслуулж биш, өөрөө бие дааж юм хийх, эрийн цээнд хүрсэн гэдгээ батлах гээд байгаа дүр. Манай кинонд ингээд үзэхээр эсрэг талын дүр байхгүй. Буянтогтох ч тэр арга нь буруу болохоос зөв зүйлийн төлөө явж байгаа. Төгсгөлийн тухайд найруулагчаас асуувал илүү онох байх. Зохиолыг найруулагч зураг авалтын үеэр өөрчлөх тал бий.
-Та киноны аль дүрүүдийг бичсэн юм бэ?
-11 ангийг бид сууж байгаад бүгдийг нь эхний ээлжид бичээд, дараа нь тав, таван ангиар нь хувааж аваад бичсэн. Тэгэхээр бүх дүрийг хамтдаа гаргаж ирсэн, хамт хөгжүүлсэн гэсэн үг. Харин би давуу эрхээ ашиглаад найруулагчдаа “Би нэг дүрд чинь тоглоё” гээд Филлипин Улсаас ирдэг хоёр алуурчны нэгд нь тоглосон.
-Алуурчны дүр танд яагаад сонирхолтой санагдсан бэ?
-Айхтар урт гарч, текст хэлэхгүй дүр шүү дээ. Гэхдээ харцны тоглолттой нь гоё ч юм шиг санагдаад, “Надад энэ дүрээ өгчих” гэсэн л дээ. Тэгсэн “Үгүй ээ, та биш ээ. Ийм зөөлөн нүдтэй ямар алуурчин байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь “Ажиллана аа” гэсээр байгаад л авсан.
-Та бүхний зүгээс эрх мэдэл, албан тушаалтны буруугаас хохирсон хүний ч юм уу, эсвэл бодит түүх дээр тулгуурлан зохиолоо бичсэн үү?
-Цэвэр уран сэтгэмж, ургуулан бодолтоор л гарч ирсэн дүр, үйл явдлууд. Зохиол бичих үед өөрсдөд тохиолдсон сонирхолтой яриа өрнөдөг л дөө. Магадгүй тийм ярианаасаа санаа авсан юм байж магадгүй. Гэхдээ яг “Энэ бодит үйл явдлыг л кинондоо оруулъя” гэсэн юм бол бараг байхгүй.

-“Гарц киноны үзэгчид" гээд групп нээгдэж, хүмүүс сэтгэгдлээ янз бүрээр илэрхийлсэн байна лээ. Нөгөө талаас шүүмжлэл ч ирж байх?
-Үзэгчдээс ирж байгаа сэтгэгдлийг уншихад, эерэг сэтгэгдэл ихэнх хувийг эзэлж байна лээ. Шүүмжлэлийг ч ялгаагүй хүлээн авч байгаа. Харин хуулбарласан хэсэг байна гэдэг тухайд бол магадгүй өөр нэг киног давтсан байж мэдэх юм. Түүнээс ямар ч кино тухайн үед үзээгүй. Өөрсдийнхөө бодол, уран сэтгэмжээр л бичсэн.
-“Гарц II” гарах уу?
-Долоо хоногийн өмнө найруулагчтай уулзаад тэр талаар асуусан л даа. Бидний хувьд одоохондоо хоёрдугаар бүлгийг бичээгүй, бүр бодоо ч үгүй байна. Одоогоор хэлж мэдэхгүй байна. Харин багаараа биш ч энд ажилласан уран бүтээлч, арын албаныхантай дараагийн кино төсөл яригдаад эхэлсэн, удахгүй ажил эхлэх байх.
-“КЛЕОПАТРА” ЖҮЖГИЙН ТУСЛАХ НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАХЫН ХАЖУУГААР АХИЛЛ ЖАНЖНЫ ДҮРД ТОГЛОСОН-
-“Клеопатра” жүжигт та туслах найруулагчаар нь ажиллахаас гадна Ахилл жанжны дүрд тоглосон байна лээ. Танд тайзны том жүжигт орж ажиллахад ямар байсан бэ?
-Энэ жил миний хувьд уран бүтээлийн ургац арвинтай жил байлаа. Өвөл хоёрдугаар сарын 28-нд "Монгол" театрын уран бүтээлчид “Клеопатра” жүжгээ нээгээд, жүжиг дөнгөж дуусаад кино нээсэн. Аль, алинд нь зохиолч, найруулагч, жүжигчнээр нь ажилласан. Энэхүү жүжиг маань нобелийн утга зохиолын шагналт, Оскарын шагналт Бернард Шоугийн "Юлий Цезарь Клеопатра" жүжгийг У.Шекспирийн "Клеопатра Антони” гэх жүжигтэй нэгтгэн тавьснаараа онцлог болсон. Хоёрдугаарт, манай жүжгийн баг хамт олон их өргөн бүрэлдэхүүнтэй, тайзнаа төдийлөн ажлаад байдаггүй, тайзнаа гараагүй удсан хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн. Нийт 40 гаруй тоглолтыг амжилттай тоглосон.

-Жанжны дүрд ажиллахад ямар байсан бэ?
-Түүхэн жүжгийн жанжны дүр сонирхол татсан. Хамгийн гол нь би тэдгээр уран бүтээлчидтэй хэзээ тайзнаа дахин гараа билээ. Боломж олдож байгаа дээр Монголын өмнөө барьдаг мундаг жүжигчидтэй хамт тайзнаа гарчих юм сан гэх хүсэл зориг их байсан. Тэгээд л найруулагчаас гуйсан л даа. Тэгсэн найруулагч “Чи амжих юм уу” гэсэн. “Амжуулна, бүгдийг зохицуулна” гээд л тоглосон доо.
-Таны хувьд театрт ажиллах илүү сонирхолтой байна уу?
-Тийм ээ. Би “Сити” сургуулийг 2012 онд Ц.Батнайрамдал багшийн удирдлагад сурч төгссөн. Түүнээс хойш жүжгүүдэд оролцсон. Жүжигчин Д.Бямбацогт ахын “Нисдэг театр” гээд хувийн театр, аймгийн театруудад мөн ажилласан. Миний хувьд театрын найруулагчаар ажиллах илүү сонирхолтой. Сүүлийн дөрөв, таван жил кино зохиол, контент бичиж эхэлсэн. Одоо бас нэг кино зохиол бичиж байгаа. Хоёр, гурван кино зохиолыг найруулагчид нь бичээд өгсөн, удахгүй зураг авч эхлэх болов уу.
-Уран бүтээлчийнхээ хувьд ямар зарчим баримталдаг вэ?
-Уран бүтээлчийнхээ хувьд эрийн цээнд хүрчих юм сан гэж хичээдэг. “Одоо л би кино найруулахад болно” гэж бодтолоо кино, жүжиг найруулахгүй гэж бодож явсан. Өмнө нь кино найруулах боломж гарч ирж байсан ч арай болоогүй гэж хойш нь тавьдаг байлаа. Харин одоо цаг нь болсон гэж бодож байна.
-Урлагийн хүн болох бодол хэзээнээс төрөв. Магадгүй аав, ээж нь зөвлөсөн үү?
-Манай гэр бүл, хамаатан саданд урлагийн хүн байхгүй. Бидний үеийнхэн хошин шогоор хүмүүжсэн хүмүүс шүү дээ. Биднийг багад Амбий, Бооёо, Хүрэлээ гээд л уран бүтээлчид ид тоглож, тайзнаас их гоё харагддаг байсан. Тэгээд л “Тэд нар шиг жүжигчин болъё” гэсэн бодол төрдөг байсан. Гэхдээ спортод илүү сонирхолтой, хөлбөмбөг тоглодог байлаа. Тэр ч утгаараа спорт юм уу, урлагийн аль нэгээр нь л явах байсан байх. Аав, ээждээ жүжигчин болох саналаа хэлэхэд “Өөрөө болно гэж бодож байгаа бол тэг” л гэсэн. Тэгээд л “Сити”-д орсон. Сургуульд орохоос өмнө Ч.Батнайрамдал багшийгаа таньдаг байсан болохоор анги авахад нь орсон. Багш намайг “Найруулагч болбол илүү амжилт гаргах юм байна. Чиний зан чанарт тохирно” гэж зөвлөж, чиглүүлсэн. Түүнээс хойш их, бага хэмжээгээр урлагаасаа холдохгүйг хичээсээр явна.
-Цаашдын хүсэл мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Өөрийнхөө зорилгыг их л томоор харж байна. Залуучууд одоо дан ганц Монголдоо уран бүтээл хийе гэж бодохоо больсон байна. Дэлхий их ойрхон болсон. Тайзны уран бүтээл хамгийн түрүүнд хийх байх. Гэхдээ урьд хожид Монголд тавьж байгаагүй жүжиг тавих мөрөөдөлтэй. Киноны хувьд би арай болоогүй гэж бодож байгаа. Миний хувьд арт кино сонирхдог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
А.НЯМЦЭРЭН: “ГАРЦ” ОАУСК-НД НЭГ Ч ЭСРЭГ ДҮР БАЙХГҮЙ |
|