Савлуур, дүүжин даажин, эргэдэг тоглоом, гулсуур. Энэ бол бидний хүүхэд насны дурсамжид хамгийн тод үлдсэн "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлэг. Нэвтрүүлэг эхлэхэд Ц.Ариунаа хөтлөгч цоглог гоё хоолойгоор зочныхоо нас, жил, орд, дуртай амьтан, хоол, өнгийг үзэгчдэд танилцуулаад, Үл мэдэх "Сайн байцгаана уу" гэснээр тэдний хөгжилтэй, хөөрхөн, гэнэтийн, гэрэлтэй яриа хөвөрдөг. Хүүхэд байхдаа сонирхон үздэг, бүр хүлээдэг байж билээ. Тэгвэл хэсэгтээ завсарлаад байсан энэ нэвтрүүлэг эргэн иржээ. Бид нэвтрүүлгийг санаачлан, хөтлөгч Ц.Ариунаа эгчтэй уулзахаар 13-р хороололд байрлах 107.5 радиогийн байранд очлоо.
Сонин юм шүү, энэ нэвтрүүлгийн санаа анх төрж "мэндэлснээс" хойш хэдийнэ 26 жил өнгөрсөн атал хэзээний сониуч, хөгжилтэй, нүдээ томруулж ирээд л гайхдаг, хүүхдүүдийг чин сэтгэлээсээ сонсдог эгч тэр хэвээрээ л угтана. Ингээд бид хүүхэд багачуудын хамгийн хайртай нэвтрүүлгээс нь яриагаа эхлэв.

-БИДЭНТЭЙ ЧАЦУУ "ҮЛ МЭДЭХ ЦЭЦЭГХЭН ХОТХОН"-
"1998 онд анх "Үл мэдэх цэцэгхэн хотхон" нэвтрүүлгийн санааг гарган, радиогоороо явуулж байсан. 2000 онд UBS телевизийн хөтөлбөртэй хамтраад 2012 он хүртэл идэвхтэйгээр долоо хоногт хоёроос гурван удаа нэвтрүүлгээ гаргадаг байлаа. Түүнээс хойш завсарлаад 2018 оноос нэвтрүүлгээ жаахан өөрөөр хиймээр санагдаж, эрэл хайгуул хийж байх ид үед гадаадад байгаа Монгол хүүхдүүдтэй ярилцах боломж тохиосон. Тухайн үед олон хүүхдийн аав, ээж Солонгост ажилладаг байсан. Тэгээд л аав, ээжийгээ дагаж гадаадад амьдардаг хүүхдүүдийг судалж байгаад Америкад 20 хүүхдийн бичлэг хийсэн. Тэндээсээ их урам авч, гадаадад амьдарч байгаа аав, ээжүүдээр бахархах сэтгэл их төрж байлаа. Учир нь өөр оронд байгаа хүүхдүүд төрөлх хэлээ сурахгүй хоцорчих гээд байдаг талтай юм билээ. Харин аав, ээж нь ажлынхаа хажуугаар тэр бүгдэд нь анзаарч, хүүхдүүдээ монгол хэл, соёлтой ойр байлгаж, эзэмшүүлэхийг хичээж байгаа нь сайхан санагдсан.

Дараа нь Монголдоо ирээд Өмнөговь аймгийн хүүхдүүдтэйгээ ярилцаад, Япон Улсад очиж мөн хүүхдүүдээс яриа авья гэж байтал цар тахал гараад завсарласан. Ингээд 2023 онд манай радиогийн нэгэн том төсөл дуусаад, дан хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хийхээр зорьсон. "Үл мэдэх цэцэгхэн хотхон" бол энэ санааны гол цөм нь" гэсэн юм.
ТҮҮНЭЭС ӨМНӨ Ч ОЛОН НЭВТРҮҮЛЭГ БИЙ...
Ц.Ариунаа эгч үргэлжлүүлэн бусад нэвтрүүлгийнхээ талаар ч сонин өгүүлсэн. Мэдээж тухайн үед ганц "Үл мэдэх цэцэгхэн хотхон" яваад байхгүй шүү дээ. Тэр үеийн радиогийн нэвтрүүлэг бүхэн бидэнд ойр дотно. Энэ талаар "Бид янз бүрийн нэвтрүүлгийн санаа ярилцана. МУГЖ Ш.Өлзийхүүгийн "12 давхарт" алдартай телевизийн нэвтрүүлгийн суурь нь манай радиод тавигдсан. Мөн "Жолооны ард", буддын гүн ухааныг шинжлэх ухаан талаас нь тайлбарладаг "Эрдэнийн хорол" нэвтрүүлэг, "Лавайн эгшиг" радио гээд олон гоё нэвтрүүлгийн эхийг бид тавьж байлаа. Ийн чиглэл чиглэлийн нэвтрүүлэг хийж байхдаа л хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хийе гэж зорьсон нь "Үл мэдэх цэцэгхэн хотхон". Аав минь тухайн үед аливаа зүйлийн нялх гэдэг хүнийг их тайвшруулдаг, ээлтэй гэж ярьдаг, түүгээрээ ч хүүхдийн нэвтрүүлэг хийх санааг их дэмжиж, зөвлөж байсан. Тэгээд л нэвтрүүлэгтээ эхлээд хүчээр шахам цэцэрлэгийн хүүхдүүдийг оруулдаг байсан бол дараа нь үзэгчидтэй болж, гавьяат Хүрэлбаатар ахын хүү Батхишиг тухайн үед UBS-д дадлага хийж байгаад радиогоор хүрдэг байсан хүүхдийн нэвтрүүлгийг телевизээр гардаг болгох санал хэлснээр анх ажил хэрэг болгож байлаа. Ингээд энэхүү телевизтэйгээ арав гаруй жил хамтарч ажилласан. Энэ үедээ өвөө, эмээ нарыгаа мөн яриулья гэж бодоод "Сүүтэй цаг" гэж нэвтрүүлэг хийж байлаа" гэж үл мэдэхээ тойрсон, тухайн үед хамт төрөн гарч байсан олон сайхан нэвтрүүлгийн тухай яриа дэлгэсэн юм.

РАДИОД АЖИЛЛАХАД ӨГЛӨӨ УНТЧИХ ВИЙ ГЭХДЭЭ ШӨНӨ Ч НОЙР ХҮРДЭГГҮЙ БАЙЛАА....
Хорь гаруйхан настай тэр МҮОНРТ-д хөл тавьжээ. Инженер мэргэжил сонгохоор сургуульд орсон ч хэзээний хамтлагт дуулж, бүжиглэдэг урлагт дуртай охинд тэс өөр ертөнц байв. Ингээд л инженерийн ангиа болиод байж байхдаа сэтгүүл зүй гэсэн нэр нь гоё санагдаад л энэ мэргэжлийн анги руу нь орж суралцсан гэдэг. Тэр "Намайг амьдрал өөрөө хөтлөөд сэтгүүлч болгосон. Энэ хувь заяандаа би талархдаг. Сэтгүүл зүйн ангид ороод би үеийн болон өөрөөсөө ах олон мундаг хүнтэй хамт сурч, их ч зүйл сурсан. Нэн түрүүнд монгол хэлээр ярих дөртэй болж байлаа. Учир нь би орос сургууль төгссөн болохоор монголоор их тааруу ярьдаг байв. Ингээд хамт сурч байсан нэг ах Монголын радиод ажилладаг байгаад, "Ариунаа чиний хоолой чинь радиод тохирох юм байна, чи очоод шалгуулаач" гээд очиж байлаа. Тэгсэн харин "Хоолой болж байна, төгсөөд хүрээд ир, нэвтрүүлэгчээр авна" гэдэг юм байна. Би нэвтрүүлэгч ч гэж мэдэхгүй анх Монголын радио гэх тэр том айлд орж ярих урлагт суралцаж, өөртөө шинэ ертөнцийг анх нээж байлаа. Намайг анх Монголын радиод ороход алтан үеийн ахмад нэвтрүүлэгчид ид шижигнэн ажиллаж байсан түүхэн цаг хугацаа байсан. Нэвтрүүлэгч гэдэг бол цаг, хоромтой уралдана. Ямар сайндаа өглөө эрт радио нээхэд бэлэн байх ёстой, унтаад хоцорчих вий гэж айхдаа шөнө унтаж чаддаггүй байлаа” гэнэ.

Ц.Ариунаа эгч аав, өвөө нарынхаа хоолойг өвлөн авсан гэнэ. Аавынх нь аав их том номтой ч хүн байж. Харин дүр төрхийн хувьд аав, ээжийгээ тэнцүү дуурайсан байна. Тэд түүний ажил, мэргэжлийг нь дэмжиж, анх бие даасан радиотой болоход нь байраа зарж хүртэл дэмжиж байсан" гэнэ. Ингэж 1987 оноос хойш өдгөө хүртэл телевиз, радиогийн салбарт тасралтгүй ажиллаж, олон арван нэвтрүүлгийг хүргэж, хүүхдэд ч мэдсэн сурснаасаа хуваалцаж, өнөөдөр ч 107.5 радиодоо 13 хөтлөгч хүүхэдтэй нэвтрүүлгээ хүргэн явуулж байна. Хүүхэдтэй ажиллаж, хүүхдийн нэвтрүүлэгт сэтгэл зүрхээ зориулсан хүний хувьд хүүхэдтэй холбоотой бүх л асуудалд сэтгэл зовж, сэтгүүлчийнхээ зүгээс юу хийж болохыг эрж суудгаа ч илэрхийлж байв.
-ХАНЬТАЙГАА ХӨТЛӨГЧ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХИЙЖ БАЙГАА
НЭВТРҮҮЛГҮҮДИЙГ ҮЗЭЭД ЖАРГАЛТАЙ СУУНА-

Оюутны ширээнээс тэр ханьтайгаа танилцсан байна. Хэдийгээр хань нь сонинд ажиллаж байсан, бичдэг сэтгүүлч ч түүний радиогийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үйлсэд дэм тус болж, хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэхээр шийдэж, Москва явахад нь ажлаа орхиод явсан байна. Монголдоо ирээд тэд радиогоо байгуулж, хамтран өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Ц.Ариунаа эгч "Радиогийнхаа бүх л ар тал, ахуйг даадаг. Би мөрөөдөх дуртай, үргэлж л гоё сайхан зүйл бодож явахыг хичээдэг. Гэхдээ түүнийгээ хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох талдаа маруухан. Манай хүн харин ажил хэрэг болгож чаддаг. Хамгийн гол нь бид энэ ажилдаа дуртай, үүнээсээ аз жаргалыг мэдэрч суудаг. Хүүхдүүд маань ч ялгаагүй. Том хүү видео фото талдаа ажиллаж радиогийн бүх л богино бичлэгийг хийдэг, дунд хүү харин бид хоёрын эзгүйд радиогийн ажлаа хариуцаад сурсан. Бага хүүхдээ харин "Одоо ёстой бол оо, одоо чи л өөр юм хий" гээд хэлж байна. Манай бага гэхдээ ажилладаггүй ч нэвтрүүлгийн эхлэл, төгсгөл шторк хийх ч гэдэг юм уу дур сонирхол нь бас байна" гэсэн юм. Тэдний эрхлэн явуулдаг 107.5 радиод одоо идэвхтэй ажиллаж буй 13 хөтлөгч хүүхэд байгаа гэнэ. Цөм өөр өөрсдийн ертөнцөөр сонирхолтой, танин мэдэхүйн, шинэлэг нэвтрүүлгүүд хийж, түүнийг нь үзээд баяр төрж, аз жаргалтай суугаагаа тэр онцолж байв.
Ц.АРИУНАА: ХАЙР, ТАЛАРХАЛ, ХАРИУЦЛАГЫГ МЭДРҮҮЛДЭГ "ҮЛ МЭДЭХ ЦЭЦЭГХЭН ХОТХОН" НЭВТРҮҮЛЭГТЭЭ ИХ ХАЙРТАЙ |
|