• Өнөөдөр 2024-05-11

П.БАТХУЯГ: Миний анхны хайр уран зохиол

2021-01-16,   3035

Зохиолч, яруу найрагч, профессор П.Батхуяг эсээ, өгүүллэг, тууж, яруу найраг, жүжгийн жинтэйхэн дөрвөн номоо хэвлэх гэж буй сургаар түүнтэй холбогдон, ярилцлага авахаар тохирсон билээ. Их сургуулийн ширээний ард шавилан П.Батхуяг багшийнхаа хичээлийг сонсож байсан би багшаасаа ярилцлага авна гэхээр догдлох, басхүү гэрийн даалгавраа шалгуулах гэж буй мэт сандрах жигтэйхэн мэдрэмжид автав. Ийн шинэхэн дөрвөн бүтээл хийгээд уран бүтээлч байхуйн талаар хөөрөлдсөн яриагаа хүргэж байна.

-Та уран бүтээлийн хувьд хэсэг чимээгүй байсан нь шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байжээ. Дөрвөн номоо нээж байгаад тань баяр хүргэе?

-Заа, баярлалаа. Чимээгүй байсан гэдгийг ном хэвлүүлээгүй гэсэн утгаар хэлж байна гэж ойлголоо. Учир нь, энэ хугацаанд хэр чадлаараа л уран зохиолын ертөнцөд хэл чимээтэй байлаа. Таван ч жүжиг, голдуу орон нутгийн театруудад тоглогдлоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Хүйтэн хотын романс” роман, “Очирбатын Дашбалбар” хөрөг эсээ, нийтлэлийн ном, “Цаг хугацаа, орон зайн хэл” гээд театр, киноны шүүмжийн түүвэр хэвлүүлсэн. Харин энэ шинээр хэвлэж байгаа дөрвөн номын тухайд бол 2018 оноос хойш бичсэн яруу найраг, богино өгүүллэг, тууж, эсээ, жүжгийн зохиолуудаа л хэвлүүлж байгаа юм. Яруу найргийн “Намар гэрэлтэх үгс”, өгүүллэг туужийн “Нохой далайн-зомгол”, жүжгийн “Чулуун бөмбөрийн нүргээн”, эсээний “Эсээ оршил буюу элдэв эсээс” нэртэй ном хэвлэгдэж байна. Бас сүүлийн үед бичсэн цөөвтөр шүлгүүд багтсан  “Цэннн...” гэсэн түүвэр хэвлэгдэх болов уу. Яруу найрагч Т.Амар-Амгалан бид хоёр багш, шавийн хувьд, бас үзэл санаа нийлдгийн эрхээр тэр “Жиннн...” гэсэн, би “Цэннн...” гэсэн хамтын ном хэвлүүлж байгаа юм. Мөн ойрын үед  алдартай зохиолчдын уран зохиол, өөрийн туурвил зүйн талаар бичсэн эсээ, тэмдэглэлүүдээс сорчлоод орчуулж эхэлсэн сонинтой. Чадвал энэ ондоо багтаагаад хэвлүүлэх бодолтой байна. “Баяр хүргэе” гэснээс зохиолч хүн номоо хэвлүүлэх нь баяртай сайхан явдал гэдэг нь тодорхой. 

Гэхдээ өмнөхтэйгөө зууралдаагүй, өөрийгөө давтаагүй байх л хамгаас чухал биз дээ. Би тийм л бодлоор энэ номнуудаа бичсэн. Алдаа оноо байгаа л байлгүй. Харин намайг анзаарч уншдаг нь адгийн муу, элдэв юм биччихэж гэж бодохооргүй, үзэхээргүй л бүтээлүүд энэ дөрвөн номонд багтсан гэдгийг л бардам хэлж чадна.

-Таны өмнөх бүтээлүүдэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Энэ дөрвөн ном таны ямар эрэл хайгуулын үндсэнд бүтэв?

-Ийм тийм эрэл, хайгуул хийсэн гэхээсээ илүү өөрийгөө ямар нэг байдлаар давтахгүйг хичээсэн. Давтаагүй гэдэгтээ ч итгэлтэй байна. Тэр тусмаа би моно жүжгүүддээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Би ямар ч байсан зохиолчийн хувьд жүжгийн зохиолын төрлөөр хэн ч анзаарахаар хэдэн жүжиг бичсэн. Онгироо, сагсуу хүний үг биш шүү. Өөрийнхөө хүрсэн түвшинг мэддэг хүний үг. Бас хэдэн хөрөг эсээ бий. “Сахиусан тэнгэрүүд явган гүйлдэх цаг” гээд нэг тууж бий. Хэрэв энэ бүхнийг тогтож уншвал аяндаа миний эрэл хайгуул, эсвэл өөрийгөө давтахгүй үргэлж шинэ шинэлэг байх гэсэн хүслийг минь мэдрэх байх аа. Магадгүй “Үйлийн үрийн байшин,” “Миний сэтгэл-рок”, “Хүрэл зүрх”, “Долоо хоногийн бороо” ч юм уу хүүрнэл зохиолуудыг минь мэдэх хүмүүс намайг ямаршуухан юм бичээд байдгийг гадарлана. Мэдээж тэр хэв шинж “Нохой далайн-зомгол” энэ шинэ номонд орсон өгүүллэг, туужуудаас ч анзаарагдана гэж бодож байна. Ердөө аль 90-ээд оны эхэнд л тунхагласан “Бид шинэ юм биш, хуучин байхыг үл хүснэ” гэсэн үзэл санааныхаа зарчмаар яваа гэдгийг минь  хэлж, зарлаагүй ч хэсэг хүмүүс мэддэг гэдэгт итгэлтэй байна. 

-Энэ хугацаанд дөрвөн ном гаргана гэдэг үргэлж бичиж байдгийн тань илрэл биз ээ. Тэр бүр зохиолчид байнга бичээд байдаггүй шүү дээ?

-Бусад зохиолч чухам яадгийг би сайн мэдэхгүй байна. Янз янз л байдаг биз. Хүн хүн өөр өөр юм чинь. Би цаг наргүй бичдэг зохиолч биш ээ, харин эхнээс нь бичих зүйлүүдээ  бодож, төлөвлөж чаддаг зохиолч. Тэгээд багахан цагт ч боломжийн үр бүтээлтэй ажиллахыг хичээдэг. Дээхэн үед хувийн зохион байгуулалт сайтай гэж хүнийг дүгнэдэг байсан даа. Түүн шиг зохиолч хүн өөрийн гэсэн ажиллах дэг, журамтай байх ёстой гэж л боддог. Түүнийгээ бичиж эхлэхдээ л өөртөө тогтоож, нарийн хэвшүүлэх ёстой гэж үзсэн юм. Лам болох хүн завилж сууж сурахаас эхэлдэг юм гэсэн. Зохиолч болно гэдэг тэгэхээр бодол санаагаа баяжуулж, Намдаг гуайн хэлснээр “Өөр дотроо өнхрүүлж сурахаас эхлэх хэрэгтэй” гэж бодсон юм. Манай нэг зохиолч хэлсэн санагдана. “Надад бичээгүй цаг байсан байх, гэхдээ бодоогүй цаг нэг хором ч байгаагүй” гэж.

-Та зогсолтгүйгээр бичсээр байдаг нь санаагаар үргэлж бялхаж байдаг гэсэн үг үү?

-Чи мэднэ дээ. Би хүмүүстэй ойр дотно, илэн далангүй байхыг хичээдэг. Их, бага гэж ялгадаггүй. Бусдыг ажиглаж, бусдаас суралцаж, өөрийнхөө үнэлдэг зохиолчдын сайн бүтээлүүдийг байнга уншиж, баярлаж догдолдог доо. Зохиолчдоос гадна хэл шинжлэл, түүх, газар зүй, сэтгүүл зүй,  археологи, театр, кино, угсаатны салбарт ажилладаг олон танил найз нөхөдтэй. Тэднийхээ хүчинд чиний хэлснээр шинэ санаагаар үргэлж бялхаж байдаг юм. Эрдэмтэй бол хэний ч ярьсан хэлснийг анхааралтай сонсож, сурч судалж явдаг минь одоохондоо миний давуу тал болчихоод байна. Ихэрхүү ч юм уу, худлаа их дүр босгосон байдал эцэстээ юунд ч хүргэхгүй гэж үздэг минь зогсолтгүй бичих, зорилготой байх, зоригтой байх гуравт минь их тус болдог.

-Яруу найраг, хүүрнэл, эсээ, жүжиг гээд олон төрлөөр бичдэг тань өөрийгөө олон төрлөөр “сорьж”, шинийг туршиж буй хэлбэр үү. Эсвэл...?

-Магадгүй.  Гэхдээ би багш хүн. Манай нэг кинонд “Надад цагаантан нь ч байна, улаантан нь ч байна, хоёулаа байна” гэдэг шиг надад яруу найраг, хүүрнэл зохиол,  жүжиг, эсээ бичдэг ч шавь нар байна. Зүгээр шүлсээ хаядаг нь ч байна. “Зоосоор мэргэлэх чинь  хүмүүсийн зовлонг судлахаас эхэлнэ” гэж хэдэн жилийн өмнө зах дээр нэг ах надад хэлсэн юм. Би чинь голдуу зохиол бичих ур чадварын хичээл заадаг. Тэгэхээр зовлонг нь судлаагүй байж, зоосоор мэргэлэхийг нь заах боломжгүй учраас уран зохиолын бүхий л төрлөөр бичих гэж оролддог ухаантай. Зовлонг нь ч бас заах санаатай. Нөгөө талдаа би анхнаасаа ашиг бодож, уран зохиолд алхаж орсон гүйлгээний зохиолчдын гүехэн үед хамаардаггүй. Хар багаасаа энэ уран зохиолд хайр сэтгэлтэй болсон юм. 

Хүний анхны хайр чинь ариун гэгээн, элдэв наана цаана бодолгүй байдаг гэдэг биз дээ. Миний анхны хайр уран зохиол. Тэгэхээр уран зохиолын бүх төрлөөр бичиж, түүнд өөрийгөө хоёргүй сэтгэлээр чин үнэнч хайртай болохоо батлах гэсэн юм. Ердөө л энэ. Түүнээс биш зам зуур гэнэт тодордог зах зээл мөрөөдөгч би биш.

Маргаашийг өнөөдөр шүүдэггүй юм

-Та “Хүрээ хөвгүүд”-ээс эхлээд өнөөдрийг хүртэл олон ч бүтээл төрүүлсэн. Энэ хүртэл хөгжихөд тань юу хамгийн ихээр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Эхлээд мэдээж “Хүрээ хөвгүүд”-ийн нөхөрлөл. Уран зохиолоос өөр юм бодож яваагүй цаг хугацаа маань. Дараа нь арван жилийн хүүхэд байхаасаа л хүрээлэл дунд нь орж хутгалдсан зохиолчдын алдаа, оноо. Очирбатын Дашбалбар, Дармаа Батбаяр багш нарын минь эрдэм ухаан. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн номууд. Амьдарч байгаа цаг үе минь. Зохиолч болно гэж мөрөөдөөд бичиж суугаа нойртой, нойргүй шөнүүд минь нөлөөлсөн.

-Утга зохиолын шинэ үеийн олон ч залуучуудыг та сургаж байна. Залуу уран бүтээлчдийн тухай таны бодлыг сонирхмоор санагдлаа?

“Хүн бүгдийн багшаа, хүндэт Ленин багшаа” гэдэг шиг л заримдаа надад санагддаг юм. Өөртөө байнга эргэлзэнэ. Бас айна. Хэр чадлаараа хичээнэ. Хэл аманд өртөнө. Багш байх хэцүү шүү дээ. Хүмүүс тэгж хардаггүй шиг байгаа юм. Нэг л их шавь нараа тойруулаад, үлгэрийн муур багш шиг хүн сууж байдаг гэж боддог юм шиг.

Гэтэл багш байх нь наад зах нь гэхэд л Монголын уран зохиолын маргаашийн төлөө хариуцлага хүлээх ёстой болчихсон байх, тийм мэдрэмж төрөх. Баяртай бас айдастай.

Одтой, хийморьтой, онгодтой, авьяастай олон сайхан шавь байна. Тэднийг яагаа ч үгүй байхад нь би ая тал засаж, ийм тийм гэж нэр дурдаж, дэс дугаарлах дургүй. Ийм тийм гэж ямар зөнч биш зөрүү буруу тодорхойлох ч дургүй. Маргаашийг өнөөдөр шүүдэггүй юм. Залуус замаа мань мэтээс сураглаж, асуусан байж болно. Цааш яаж явахаа бол хэзээ ч заалгахгүй. Удахгүй араас минь амбаардаад л гараад ирнэ. Цаг нь болохоор тэгээд л хэн нь хэн бэ гэдэг нь хэлсэн, хэлээгүй тодроод л ирнэ. Ганц зүйл бардам хэлчих үү. Манай уран зохиолын магнайд маргааш миний хүүхдүүд л тодорно. Тэднээс ганцхан зүйл л хүсдэг. Аль болохоор бусдын буурин дээр гэрээ барьж, унь тоонондоо бусдын будгаар өнгө нялж суухгүй байхыг хичээгээрэй.  Залуус шинэ мэдлэгт тэмүүлж, гаднын урлаг, уран зохиолд дурлаж байгаа нь сайхан ч эргээд нэг харвал Монголын уран зохиол, урлаг соёл гэдэг энэ муу эсгий овоохой дотор чинь бас чамгүй юм бий гэдгийг анзаараасай гэж хэлэхийг хүсдэг. Би оройтож ухаарсандаа одоо ч харамсдаг.  “Хүүхдүүд өсөх лүд юмаа” гэдэг шиг шавь нар өсөх ч бас зүгээр юм. Эргээд шавь нартаа эрхлээд байх болжээ. Одоо энэ  номуудыг гэхэд шавь нар маань л зардал мөнгийг нь гаргаад  хэвлүүлж байна шүү дээ. Бас орчин үе их сонин болж байна шүү. Одоо надад онлайн сургалтын шавь нар гэхэд л хэдэн арваараа байна. Энэ бүхэн яах вэ. Хэдэн ном сөхөж амжсаны хэрэг, тус. Хүнд олж мэдсэн өчүүхэн зүйлээ хармын сэтгэлгүй хэлж явсны минь буян гэж боддог.

-Таны “Шинийг эрэлхийлэхээ больсон үед уран бүтээлч байхаа больдог” хэмээн хэлсэн үг надад үргэлж бодогддог юм. Уран бүтээлч хүн ийм байх ёстой гэсэн зүйл бий болов уу?

-Уран бүтээлч ийм, тийм байх ёстой гэсэн олон л үг сургаал уншиж явлаа. Сайн хүн байх ёстой гэдэгтэй бол санаа нийлдэг. Харин зусар бялдуучаас хэзээ ч олигтой бүтээл гарч байгаагүйг бол би сайн мэднэ. Оюун санааны эрх чөлөөгөө нэр алдраар солиод, ордны салбадай болсон олон зохиолчдын гашуун түүх байдаг биз дээ. Бараг л Гётегоос бусад нь.

Шинийг эрэлхийлэгч байна гэдэг оюун санааны эрх чөлөөтэй уран бүтээлчийн хийдэг алхам. Түүнээс биш бусдын нэр нөлөөний гинжинд уяатай байж, бусдын эд баялгийн идүүрийг өнгийн байж чөлөөтэй сэтгэж, шинийг эрэлхийлэх тухай бодоод ч нэмэргүй. 

Уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ гэсэн чиний асуултад  “Өөрийгөө л оюун санааны эрх чөлөөгөөр хахтал хангахын тулд амьдрах” гэж товчхон хариулъя. Амьдрахын тулд эрхэлж байгаа ажил албаа уран бүтээлтэйгээ  бөөр бөгсөөр нь нийлүүлчихээд индрээс хашхирах улс төрийн ухуулга шиг юмаа яруу найраг гэж ярьж явахгүйг мэддэг байх ч бас чухал.

-Багш байх, уран бүтээлч байх хоёр адилгүй ч багшлах нь таны уран бүтээлд дэм болох үе бий юү. Эсвэл энэ хоёр асуудлыг тусдаа ойлгох ёстой болов уу?

-Үнэндээ би хэзээ ч энэ хоёрыг хольж, хутгаж ойлгож байгаагүй. Харшилдаад сүйд болдоггүй юмаа гэхэд хоршилдоод байдаг зүйлүүд гэж ойлгодоггүй. Багшлах бол эхэндээ амьдрахын эрхэнд миний өмнө тулсан сонголт. Эцэстээ л үйл хэрэг болчихсон юм. Зохиол бичих бол дунд сургуулийн тавдугаар ангиас хойш л дурлаж, оролдож, тэмцэж, зорьж ирсэн насан туршийн минь мөрөөдөл. Эсрэгээрээ зохиолч болох хүсэл, мөрөөдөл минь багшлахад дэм болсон байж мэднэ. Заримдаа хичээл зааж суухдаа бичих зохиолынхоо санааг олдог тохиолдол бишгүй л байдаг. Миний л хувьд тус тусад нь ойлгох аргагүй, нэг зүйл гэж бодох боломжгүй болчихсон зүйлүүд гэж хариулмаар юм байна.

-Та бичсээр байх нь ойлгомжтой. Харин таны дараагийн бүтээл ямар эрэл хайгуул байх бол?

-Шинэ роман төлөвлөөд бодож, боловсруулж, бас судалж байна. Хадны сүг зургуудаар роман бичих юм. Манайх шиг эртний хүмүүсийн оюун санааг хадгалж байгаа арвин баялаг үзмэртэй газар хаана ч байхгүй. Хадны сүг зургуудаас л бүх үйл явдал үзэл санаа нь урган босох роман юм. Бас ХХ зууны Монголын урлагийн ертөнцөд уран сайхны нээлт эзэмшигчдийн хөрөг эсээний ном эхлүүлсэн байна. Нэлээд хэдэн хүний тухай бичсэн. Одоо  Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Нацагийн Жанцанноров гээд хөгжмийн зохиолчдоор үргэлжлүүлээд бичихээр судалж сууна даа. 

 


П.БАТХУЯГ: Миний анхны хайр уран зохиол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-15 17:09:19
    О БАТСҮХ .: Маш их баярлалаа их сайхан уран зохиолын хичээлд суугаад гараад ирсэн юм шиг сэтгэл төрлөө би дөрөв дүгээр анги л төгссөн хүн миний хувьд нэгийг бодож хоёрыг тунгааж явах их сайхан ярилцлага байна баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188