-НАДАД ДОТОРХОО ГАРГАЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ШААРДЛАГА БАЙСНААС ЭРЭЭЧСЭНЭЭ ХЭН ХҮНД УНШУУЛАХ ШААРДЛАГА БАЙСАНГҮЙ-
Энэ удаагийн ярилцлагын зочин маань өөрийн бичлэгийн онцлог хэв маяг, өвөрмөц өнгө аясаараа нэгэнт уншигчдын эчнээ танил болсон яруу найрагч Б.Батзаяа юм. Ярилцлага хийх саналыг маань өдийд мартаа биз ээ хэмээн бодсон ч залгатал тэрбээр “Арвист Хангай сургуулийн хажууд ирэх боломжтой юу. Хоёр хүүгийнхээ хичээлээсээ тарахыг хүлээж сууна. Манай хоёрыг хүлээнгээ машинд ярилцвал болох уу” гэлээ. Би ч яаран Нарны гүүр даван алхав аа.
“Өвдөлт шинэ зүйл байхаа больж
заримд нь бууж өгөөд, үс чинь
нэг нэгээрээ унаад л байвал
Чи амьд гэсэн үг...” хэмээн эхэлдэг түүний нэгэн шүлгийг амандаа аялсаар товлосон газраа очив. Номын яармагаар таарснаас хойш Б.Батзаяа ах сонин ихтэй гэнэ. Саяхан эхнэр нь амаржиж, дөрөв дэх хүүхдийг нь тэврүүлжээ. Эхнэртээ хоол цай зөөж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэх, орой авахаас эхлээд ажилтай байгаа бололтой. Энэ мэтийг ярилцан суух нь ээ уншигчдын дунд “Sirus Zaya” хэмээн танигдсан яруу найрагч биш, огт өмнөө нэгэн эрийн “дүр” тодорсныг хэлэхэд буруудах юун.
***
-Анхны “Баяртай гуниг минь” яруу найргийн түүврээ хэвлүүлснээс хойш та гурван түүвэр хэвлүүлжээ. “Догдлолууд”, “Лонхонд байсан шүлгүүд”, “Сэтгэцийн асуудлууд” зэрэг бүтээлтэй танилцаж, уншиж суухад ном бүрээс тань өөр өөр хүн мэдрээд байсан. Яруу найрагч Б.Батзаяа номоос номын хооронд хувьсан өөрчлөгдөж, шинийг эрэлхийлдэг уран бүтээлч бололтой?
-Яруу найраг оролдож, бичиж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ. Анх 2010 онд баруун гараар даллан үдэж байгаа хавтасны зураг бүхий “Баяртай гуниг минь” номоо хэвлүүлсэн. Солонго ахын маань эрхлэн гаргасан ном. “Уй гунигтайгаа салах ёс хийх учиртай байсан юм уу” гэтэл тэр нь миний шүлэг бичих, бичсэнээ хүнд үзүүлэх эхлэл болчихсон. Түүнээс хойш яруу найргийг чинээндээ судалж, сайн бичих хүслээр “Догдлолууд” номоо гаргаж байв. Харин “Лонхонд байсан шүлгүүд” номдоо хотын, урбан өнгө аяс бүхий шүлгүүд, миний бичиж чадах хөгжимлөг мэдрэмжийг “Хүмүүс хэрхэн хүлээж авах нь вэ, үзье” гэж бодсон. Хамгийн олон хувь хэвлэгдсэн ном маань тэр.
Нэг номоос дараагийн ном хүртэл өөрчлөгдөж, ахиж, шинэчлэгдэж, хувирч байх ёстой байх. Тиймээс санасан, хүссэндээ хүрэхийн тулд ном бүрдээ л өөрчлөгдөхийг дотроо хичээсэн. Өөр Заяа, өөр цаг үе, өөр мэдрэмжээр амилсан гэж итгэдэг.
-Таны хэлж байгаагаас үзвэл нэг хүний дотор хэчнээн ч хүн, хэчнээн өөр хувилбар байж болох нь ээ?
-Цаг үеэсээ шалтгаалаад хэн, ямар байхаа өөрөө сонгож, заримдаа өөртөө тулгана шүү дээ. Чарльз Дарвин “Хэн хүчтэй нь биш, хэн хувьсан өөрчлөгдсөн нь үлдэнэ” гэж хэлсэн байдаг. Түүнтэй ижил хүн өдөр өдрөөр биш юм аа гэхэд сар сараар, жил жилээр хувьсан өөрчлөгдөж, үзэл бодол нь хүчирхэгжиж, өмнөх өөрийгөө нухчин дарж, дэвсэлж өндийж байдаг болов уу. Хэрэв хувьсан өөрчлөгдөж чадахгүй бол цаг хугацааны урсгалд тогтож үлдэж чадахгүй л байх аа даа. Яг одоо чиний уулзаад ярилцаж суугаа Заяа жилийн өмнөх Заяагаас тэс өөр хүн. Тэгэхээр таван жилийн өмнө танихын эцэсгүй амьтан байсан байж таарна. Чи бид хоёр тав зургаан жилийн өмнө анх уулзаж байсан байх аа. Үлэмжээгийн өнөөх айхтар абсурд, жүжигчингүй жүжгийн үеэр санагдаж байна. Жилийн дараа уулзвал чинь шал өөр юм ярьчихсан явж байж мэднэ.
-Уншигчид “Лонхонд байсан шүлгүүд”-ийн Б.Батзаяа их мэдрэг байсан гэж дүгнэх юм билээ. Харин “Сэтгэцийн асуудлууд”-аар илүү нээлттэй болж, гадагш чиглэсэн “тэрслүү” шүлгүүд олонтаа сонгосон санагдсан. Энэ хугацаанд уран бүтээлээсээ гадна хувь хүнийхээ талаас хэр их өөрчлөгдсөн бэ?
-“Догдлолууд”, “Лонхонд байсан шүлгүүд”-ийг бичиж байсан шиг яруу найргийн мэдрэмж байсан ч түүнийгээ гаргахыг хүсээгүй. Би “Яруу найраг ийм байх ёстой” гэж тунхаглах хэмжээний хүн биш учир зоригтой, өөрийнхөөрөө бичиж болоод байгаагийн жишээ нь сүүлийн түүвэр маань. Яруу найраг тансаг, нандин, сайхан зүйл гэдэгтэй маргахгүй. Гэхдээ энэ новшийн нийгэмд яруу тансаг, чамин сайхныг хүлээж авах сэхээтэй амьтан байгаа ч юм уу. Би хувьдаа уран бүтээлчид цаг үеийнхээ муу муухайг нь ч нээж харуулдаг байгаасай гэж хүсдэг. Алхаж байгаа хот нь дотор давчдуулж, алаад хайрцаглачихмаар нөхөд бодлого төлөвлөж байхад... Амьдарч байгаа нийгэм маань бохир заваантайгаа холилдож, булай булхайтайгаа илжирч ялзраад, өмхий самхай нь үнэртээд болохгүй байхад хайран сайхан үгсийг тастаж хатаагаад “анхилуун” шүлэг бичиж суух итгэл үнэмшил, хүлцэнгүй сэтгэл надад байсангүй. Өнөөгийн нийгмийг бохир аяга тавгаар дүүрсэн угаалтуур, баас, шээс ханхалсан суултууртай адилтгаж, харьцуулж бичсэн минь үнэн. Тэр аяга тавганд бид хоол хийж гудраагүй. Угаалтуур дахь хоолны хаягдлыг нь шүүж, хамаг муу муухайг нь хамж, шимж амьдарч байгаа сая сая хүнийг сайхан шүлгээр цангаж явдаг гэж бодож байна уу, үгүй. Үгээгүй ардынхаа халаасыг ухаж тансагладаг, амьдаараа үхдэл болчихсон булай новшнуудыг урсгаад өгөх үгэн сум хэрэгтэй шүү дээ. Тэрнээс сайхан шүлэг бичье гэж хүсдэггүй хүн байхгүй ээ. Нийтээр нь тэнэг байлгах, нийтээр нь дуулгавартай байлгах, нийтээр нь дуугүй байлгах гэж үзэж тарж байгаа энэ цаг үед уран бүтээлчид нь хашхирах ёстой л гэж бодсон.
-Тэгэхээр таныхаар яруу найраг ямар нэгэн төрөл, хэлбэргүй зүйл гэж үү?
-Яруу найргийг нэвт шувт судалж, барьсан юм надад байхгүй. Судлаачдын ажил. Миний хувьд асуусан болохоор чинь л өөрийнхөө өчүүхэн бодлыг хуваалцаж байгаа юм шүү. Төрөл хэлбэр байлгүй яах вэ. Ямар нэг бүтээл гэдэг бол мэдрэмжээ илэрхийлэх оролдлого. Хүн мэдрэмжээ шүлэг, зохиол бичиж, дуу дуулж, хөгжим болгож, өнгөөр тоглож, хөдөлгөөнд хувиргаад ч юм уу илэрхийлж болно. Урлаг ийм илэрхийлэл, басхүү хүлээж авч хүртэж буй хүмүүсийн мэдрэмж, сэрэл дээр л тогтдог болов уу. Гэхдээ хэрэгцээ шаардлага бас тулгарч таарна. Өнөөдөр бид нэгнээ хайрлахаас илүү үзэн ядаж, уучлахаас илүү өширхөж, татаж босгохоосоо илүүтэй түлхэж унагаж байна, тийм биз. Өнөөдрийн хувьд энэ нь зөв, өөр зам харагдахгүй байгаа нь сонирхол татаад байгаа юм. “Яагаад ингээд байна вэ” гэж асуух хэрэгтэй. Жишээ нь, чи улстөрчдийг өрөвдөж энэрдэг үү. Заримдаа ч харахаар өрөвдмөөр юм аа, чааваас. Ард олонтойгоо адилхан эгэл жирийн гэдгээ баталж, нотлох гэж мангуурч өгцгөөх юм. Түмэн амьтны хараал зүхлийг дүүрч явах хүсмээр зүйл биш байлтай. Өдөр бүр өөдгүй тэнэг хүний дүрд тоглож явах ямар өөдтэй байх вэ дээ. Эх орондоо эрх дураараа ч байж болохгүй. Хүний нутагт хүрлийж явах ямар олиг байх вэ дээ. Үр хүүхэд нь хүртэл үргэлж амьтанд адлуулж явна гээд бод доо. Юу нь хүсмээр байх билээ.
Тэгэхээр, ер нь би аль муу муухайг нь түүж бичээд байгаа юм биш шүү дээ. Муу муухай нь харагдаад байхад л “Богд уулын оройгоор манан суугаад, Туулын урсгал дуулаад байна аа, чагна даа” энэ тэр гэчихсэн юм бичээд сууж байх уужуу нь тэнэгдүү санагдаад болохгүй байгаа юм. Өнөөдөр Монголд ялдам эгшиглэнтэй, янаг тансаг үг хэллэгтэй яах аргагүй яруу найргийг нь бичиж байгаа мянган хүн байгаа гэж бодъё. Би тэнд илүүднэ. Харин хүмүүсийн зовлон, нулимсыг дуулж байгаа хүн цөөхөн бол би тэнд хүч болж магад.
-Таныг анхны номоо үеийнхнээсээ хожуу, бараг 30 шүргэж байхдаа гаргасан гэж дуулсан. Анх хэрхэн бичиж байв?
-Хаалга үүдийг нь нүдээд ч бил үү, өшиглөөд ч гэдэг бил үү тэгж айхтар оръё, баръя гэж бодсон явдал байсангүй. 2005 оны үед юм уу даа, 20 гаруйхан настайдаа бичиж эхэлсэн. Тэр үед хичээл дээр бичих даалгавар өгдөг байсан юм. Ангийн охид л мэддэг, бичсэн шүлгээ өөр хүнд үзүүлдэггүй, ичдэг байсан. Намайг шүлэг энэ тэр бичээд явдгийг гэрийнхэн маань 30 гарсны дараа, найз нөхөд маань 35 гартал мэдээгүй. Тухайн үед телевизэд ажилладаг шөнө орой бичлэг сэргээж оруулах зуураа эсвэл нэвтрүүлэг хальсанд хуулж суухдаа ч юм уу блог хөтөлдөг байлаа. Тэр үед надад дотор буглаад байгаа зовиураа үгээр шахаж гаргах хэрэгцээ байснаас хүнд уншуулах шаардлага байсангүй.
-Таныг анх үзэг бариулж байсан “Өөрийгөө илэрхийлэх” зорилго тань тэгээд хэрхэн өөрчлөгдсөн бэ. Хүнд үзүүлэхийг хүсдэггүй байсан хүн хэдийнэ дөрвөн яруу найргийн түүвэр гаргаж, өөрийгөө уншигчдад “дэлгэчихсэн” байна шүү дээ. Таны шүлэг бичиж эхэлсэн зорилго, уран бүтээлийн хүсэл хэр өөрчлөгдсөн бэ?
-Могой арьсаа гуужуулж хаях тусам сунаж томордог шиг өөрийгөө илчлэхгүй бол болохгүй, арьсан дотроо багтаж шингэхгүй болоо юм байлгүй дээ. Хүн өөрийгөө голохгүй юм аа чааваас, дур байгаа даа. Хэрэгтэй, хэрэггүй баахан л ном гаргаж. Нэг мэдсэн л бүтээлийн санаа, бодлын хувьд өөрийгөө “гуужуулж” байх ёстой гэж бодчихсон явж байсан юм уу.
-Яруу найргийн “Сэтгэцийн асуудлууд” түүврээс гадна оны эхээр анхны “Тарган муур” нэртэй үргэлжилсэн үгийн зохиолоо уншигчдын хүртээл болгосон. “Тарган муур” зохиол бүтэц, хэлбэрийн хувьд олон уншигчид таалагдсан. Басхүү толгойг нь баахан “эргүүлсэн” ном болсон шиг санагдсан. Ялангуяа зохиолын эмэгтэй гол дүр Маа гэх эмэгтэй онцгой, учир битүүлэг дүр санагдсан. Эрэгтэй дүрийн хувьд бүр нэр ч үгүй. Тэдний түүх зүүд ч юм шиг, хэн нэгний хүсэл ч юм шиг. Өрнөөд ч байгаа юм шиг, өгүүлээд ч байх шиг сонин уншигддаг. Таны зохиолоороо илэрхийлж, хүмүүст хүргэхийг хүссэн санаа юу байсан юм бэ?
-Гол санаа нь их тэнэг. Хэрэв чи хэн нэгний чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг хүн байя гэвэл алга болох хэрэгтэй. Төрсөн газар руугаа буцах ёстой. Үзэл бодол, итгэл үнэмшил, зан араншин, өөрийн гэсэн бүх зүйлээ умартаад зүгээр л залгиулах ёстой. Үнэхээр тэгж чадахгүй бол энэ бүх зөрчил, худал хуурмагтай эвлэрэхээс өөр аргагүй гэсэн санаа. Маа гэх дүр бүх эмэгтэй хүнийг төлөөлж байгаа юм. Эрчүүдийг үгүй хийгч гэм хоргүй, гоо үзэсгэлэнт зэтгэр гэх үү, Дафна гэх үү, тиймэрхүү дүр. Хөгжимчин учир сирен маягийн саад гэж ч бодсон болно. Уншигчийн дур. Нөгөө дүр нь эмэгтэй хүнийг ойлгохыг хүсдэггүй, хайрлаж мэдэхгүй нэг муу затирсан сатир. Бодит эсэх нь ч мэдэгдэхгүй, нэр ус ч үгүй явсаар үгүй болно. Ухна, ямааг ер нь яадаг билээ дээ. Тийм амьтдаар тахил өргөөд тонилгож орхидог шүү дээ. Товчхондоо ийм. Гэхдээ хүн хүн өөрийнхөөрөө ойлгоно доо.
-Анхны номоосоо хойш 10 гаруйхан жилийн дотор дөрвөн түүвэр гаргасан хүн хүүрнэл зохиолын номоо хэвлүүлэх, уншигчдын хүртээл болгоход ямар мэдрэмж төрөв?
-Үнэндээ “Тарган муур” миний бодож, хүссэн шиг төгс болоогүй. Одоо ч засаж, додомдох зүйл байгаа санагддаг. Гэхдээ цаг үе нь оройтчих гээд байсан юм. Гурван жилийн өмнө эхэлсэн, бичээд нэг жил шургуулган дотор минь хэвтсэн зохиол. Эхний хэвлэл нь бараг дууссан. “Тарган муур”-ыг гаргасны дараа өрөө дарчихсан шиг сайхан тайван мэдрэмж төрсөн. Нэг хэсэг юу ч бичээгүй. Бичихээр төлөвлөж байсан зүйл рүүгээ оролгүй их удсан. Тэр үед “Хүмүүс хэрхэн хүлээж авах бол” гэсэн айдас байсан байж магад.
-Уншигчдын мэддэг, яруу найрагч Заяагаас тэс өөр Заяаг хүүрнэл зохиолдоо гаргасандаа айсан хэрэг үү?
-Ахин дахин давтагддаг хүүрнэлүүдээс өөрөөр бичихийг хүссэн. Хүн хувьсан өөрчлөгддөг гэж түрүүн хэлсэн шиг би өөрчлөгдөж, хүүрнэл зохиол бичихийг илүү хүсэж байна. Хүрээ хөвгүүн Д.Дашмөнх ах намайг өгүүллэгт дурлуулсан. Олон юм бичиж шалиагүй болохоор олон долоон юм ярьж чадахгүй нь. Яруу найраг яах вэ, тэрхэн үедээ төрсөн мэдрэмжийг богино хугацаанд илэрхийлж болдог урлаг. Харин одоо өөрийгөө илүү нухацтай илэрхийлэх хүсэл төрөх юм байна шүү дээ.
-Уншигчид яруу найрагч нас ахиж, буйр суухаараа хүүрнэл зохиол бичдэг гэж ярьдаг. Түүнтэй л ижил гэсэн үг үү?
-Би шүлгийг залуу насны урлаг гэдэгтэй огт санал нийлэхгүй. Дэлхийн олон гайхалтай яруу найрагч хамгийн сайн шүлгүүдээ хижээл, бүр өтөл насандаа бичиж л байдаг. Манайхан хэтэрхий хүчлээд, өөрийнхөө дүрд хүчээр орох гээд өөрийгөө зүдрээгээд байдаг байж магад. Яруу найрагч хүн юу хэлж байна, яаж хэлж байна гэдэг л гол болохоос биш, нас хамаагүй байх. Ер нь уран зохиолд нас чухал биш шүү дээ.
-Та хэр сайн уншигч вэ. Таныг утга, уран зохиолд илүү дурлуулж, одоогийн таныг, уран бүтээлүүдийг тань төрөхөд хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?
-Би муу уншигч. Өөрийгөө махалж уншдаг. Таалагдахгүй бол эхлүүлээд, дундаас нь ч юм уу хаячихдаг. Бүгд дурлуулаагүй ч бүгд нөлөөлсөн. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг шиг. Надад хамгийн их нөлөөлсөн яруу найрагчид бол Б.Эрдэнэсолонго, Д.Галсансүх, Г.Аюурзана гурав. Солонго ах хэн болгоны өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн, хөнгөн даруухан үгсээр гайхалтай нандин мэдрэмж бичиж чаддаг. Шүлгүүд нь амь, шидтэй санагддаг. Б.Одгэрэл ахын шүлэг ч бас тийм шүү. Хэмнэл цохилго маш нарийн мэдэрч бичдэг улс. Уншихад тээргүй. Харин Аюур ахын хэл эршүүд, шулуухан, цэгцтэй. Үгийн өрөлт, сонголтууд донжтой. Цаад дэвсгэр нь барууны жазз блюз хөгжим шиг. Шүлгийн орчин сайтай. Галсаа ахын шүлэг болохоор Тай-Чи урлагийн мастер бэлтгэлийн модон хүнээ зай завсаргүй, түчигнэтэл нүдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх эрчим, энерги ихтэй. Адилтгал зүйрлэлийн хувьд монгол яруу найргийг шинэ түвшинд гаргасан хүн. Нөгөөтээгүүр айхтар сайн бичсэн ч багадсан гутал шиг таарахгүй, чихээд ч орохгүй хүмүүс байна. Хэн нэгэнд таалагддаг байлаа гээд, үнэхээр гайхалтай, мэдэрч бичсэн байлаа гээд тэр нь заавал надад таалагдах, би тэднээс суралцах албагүй. Бас Монголын яруу найргийн оргил нь энэ гурав гэж хэлээгүй. Хүн хувьсан өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг. Нэг хүнийг мөнхөд шүтэн бишрээд явна гэдэг зогссон цаг зүүж явахаас өөрцгүй, утгагүй хэлбэр. “Queen” хамтлагийн фен байсан Заяа одоо аль нэг дууг нь санаандгүй сонсвол өмнө нь хайрлаж, дурлаж байсан эмэгтэйгээ зуурхан бодох шиг болно уу гэхээс тухайн үеийнх шиг галзуу мэдрэмж авахгүйтэй адилхан.
-Та ер нь энэ олон цол гуншингийн талаар ямар бодолтой явдаг вэ. Монголд зохиолч, яруу найрагч сэтэртэй улс нэг үеэ бодвол олон болсон шиг?
-Яруу найрагч, зохиолч гэдэг уг нь тэмдэг захиалж авчруулаад зүүж өгөөд байгаа хүмүүсээ оюун санааны хувьд айлгаж, жижгэрүүлж явах учиртай улс. Соц үеийн мунхаг уламжлалд хууртахааргүй сийрэг бодолтой, тархи толгой нь ажилладаг улс мөн баймаар. Гэтэл надад өгсөнгүй гээд уйлах нь холгүй явах юм байна шүү дээ (инээв). Зохиолч, яруу найрагчид нь улс төрд орох гээд унгалдаж явахад юугаа ч ярих вэ. Элдэв гялтгар төмөр зүүгээд, нэрийнхээ урд хойно өөрийнхөө хавьтаж очихооргүй том соён гэгээрүүлэгчийн нэр авчраад залгачихаар яана гэж боддог юм мэдэхгүй. Аавынхаа нэрээр овоглож явах шиг сайхан юм надад бол алга. Үнэндээ Монголд хүнд үзүүлчих шагнал байна уу гээд бодоод үзье л дээ. Андерсений, Акутагавагийн, Франц Кафкагийн нэрэмжит шагнал шиг. Ядаж Азид хүлээн зөвшөөрөгдөх шагнал байгаа бил үү. Парисын, Иерусалимын гэдэг шиг ч юм уу... Саяхан испани хэлний орчуулагч Нямдорж фэйсбүүк хуудастаа “El Planeta” хэвлэлийн газар шилдэг бүтээлд сая евро олгодог” гэж бичсэн байсан юм. Харин манай шагналуудыг Эрээнд ч тоохгүй байх. Энүүхэн жалгандаа ч сүйд болдоггүйг нь уншигчид битгий хэл өөрснөө ч мэдэж байгаа. Тийм юмаар бие биеэ хуурч явах тэнэг ажил.
***
Ийн ярьсаар бид цаг гаруй сууцгаажээ. Хөвгүүдийнх нь хичээл ч тарж ярилцлагаа гэрт нь очиж үргэлжлүүлэхээр Яармаг тийш хөдлөв. Мань эр гэртээ ороод л тогооч болоодхов. “Хэдүүлээ бараг л по шөл хийж ууна аа. Азаа чи мах хэрчинэ шүү” л гэнэ. “Бараг л по шөл” бэлэн болж, Б.Батзаяагийн гэр бүлтэй хамт хооллов. Хоёр хүү, охин нь оройн хоолны үеэр элдвийг асууж, ээжийгээ, саяхан төрсөн дүүгийнхээ талаар ярих. Б.Батзаяа хүүхдүүдийнхээ асуусан асуулт бүрд их сонин байдлаар хариулж байх юм. Тодруулбал, “Энэ чинь тийм”, “Тэр чинь тийм гэх бус “Тийм үү, тэгвэл олж мэдье”, “Миний хүү өөрөө олж мэдээрэй” гэхчлэн харилцан яриа өрнүүлэхийг нь харсан надад яруу найрагч Б.Батзаяа бус өдөр тутмын ахуй амьдралаа дагаж, аавын ажлаа сайн хийж буй аав Батзаяагийн “дүр” харагдсан юм. Цайлж дууссаны дараа дуу хураагуураа зэхлээ. Заяа ах “Туркээс сонинтой ирсэн. Дүүг дайлна аа” гээд “Асина” нэртэй раки гаргаж, гоёмсог хээ хуар бүхий турк хундаганд найруулж барихтай зэрэг бид ярилцлагаа үргэлжлүүллээ.
-Турк яваад ирсэн сонин хачнаасаа манай уншигчдад дуулгана гэж найдаж байна. Станбулд өнөө цагийн шилдэг зохиолчдын нэг Нобелийн шагналт Орхан Памуктай уулзаад ирсэн байх аа?
-Турк руу орчуулагч Энбос найзтайгаа яваад ирсэн. Эндээс явахдаа нисэх дээр Памук руу зурвас бичсэн юм. Гэтэл Памук эфэнди хариу өгч, гэртээ хүлээж авахаар болсон. Энэ тухай аян замын тэмдэглэл бичсэн маань “Тагтаа” сэтгүүлийн өвлийн дугаарт бий.
-Та хоёр тэгээд бүр Орхан Памукын гэрт нь очсон юм уу. Уулзахад ямархуу хүн шиг санагдсан бэ?
-Гэрт нь яваад ортол ах данзан жаахан дүнсгэр сууж байх юм. Тэгж тэгж “Хэдүүлээ ойрхон ресторан орж яриагаа үргэлжлүүлье” гээд хамт гараад сайхан дурсамжтай уулзалт болсон. “Хар судар” романаар нь эчнээ танилцаж, зохиол бүтээлээр нь дотночлон ханддаг уншигчийн хувиар Туркийн ид уншигдаж байгаа зохиолчтой хундага тулгаж сууна гэдэг сайхан байлгүй яах вэ.
-Та чинь байлдан дагуулж, бишрэн шүтсэн хүнтэйгээ хэдэн хундага тулгахад “хэн ч биш” болно гэж бичсэн биз дээ. Харин Орхан Памук юу болов. Бусдын л адил “хэн ч биш” болсон уу?
-Уулзаж үзээгүй, төсөөлж л явсан тэр хүн лав биш болсон. Станбулдаа бол бидэн шиг л бичих гэж адгаж яваа “хэн ч биш” нэгэн байна лээ гэчихвэл бурууддаг юм болов уу.
-Таны хувьд жинхэнэ уран бүтээл, “хэн ч биш” болохооргүй уран бүтээл ямар байх ёстой вэ. Жинхэнэ сор бүтээлийг та юугаар таньдаг вэ?
-Жинхэнэ бүтээл хүнд ямар нэг тодорхойлолт хэлж, үзэл бодлоо тулгаж, зааж зааварладаггүй юм болов уу л гэж боддог. Харин асуулт тавьдаг байх. Нэг сэтгэгч “Туйлын үнэн гэж юу вэ. Байдаг юм уу” гэж асуусан байна. Нэг зохиолч “Орших уу, эс орших уу” гэж асууж. Нэг зураач “Зовлон хаанаас ирэв” хэмээн бодож. Өөр нэг суутан “Хэн нь алуурчин бэ” гэдэг бодлого үлдээж. Тэгвэл чиний асуулт юу байх вэ. Агуу том асуулт заавал агуу их бодлоос төрөх албагүй байх. Суут хүмүүст ямар суурь байсан юм бэ... Таг дүлий Бетховен есдүгээр симфонио яаж туурвисан бэ. Хамгийн оргил бүтээлийг нь сонссон улс нижигнэтэл алга ташихыг тэр сонсож чадсан уу гэдэг л байна. Тэр хэдийнэ сонсголгүй болчихсон байсан шүү дээ.
-Хариултаас тань үзэхэд та далд оюун ухаанд итгэлтэй байдаг хүн юм аа даа?
-Би итгэдэг. Харь ертөнц, оюун санаагаар хүрч болох хязгааргүй, далд ухамсар зэрэгт итгэх итгэл биднийг сармагчнаас онхи өөр болтлоо хувирсныг батлаад байгаа биш гэж үү. Жонатан Ливингстон цахлай амь зуух гэж загас эргүүлдэхээ байгаад өндөрт нисдэг дээ. Дээшлэх тусмаа өөр оршихуй, өөр оюун санаа, өөр ур чадварыг олж нээсэн жигүүртнүүд байдгийг мэдэж авдаг. Бүр дууны хурдаар нисэж чаддаг жигүүртэн дээр очдог. Тэд нар бол зүгээр нэг муу загас жараахай, талх будаахан горьдож суудаг шувуу биш, ёстой жигүүртнүүд байдаг. Гэхдээ л түүнээс дээшээ ахиад өөр оршихуй, өөр оюун ухаан байгааг мэдрээд байдаг даа. Би үүнд л итгэдэг хэрэг.
Зохиолч Пүрэвжавын Баярсайхан энэ цаг үеийг дүгнэхдээ “Сармагчин бол сармагчин” гэж хэлсэн байдаг. Аймар хэлж байгаа биз. Би ч заримдаа өөрийгөө Дэлэг шигээр мэдэрдэг, ганцаарддаг. Бид 150 мянган жилийн өмнөх рүүгээ буцаж байгаа сапиенсууд болж таарах нь уу даа. Байр байдал маань үнэхээр ийм байгаа хойно яалтай. Шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил 500-хан жилийн дотор бидний даль жигүүрийг төсөөлж ч байгаагүй өндөрт хүргэчихээд байхад Ницшегийн зөгнөсөн “Сүүлчийн хүмүүс” өнөө маргаашийнхаа загасны хойноос үхэж хатсан хэвээрээ байж байдаг. “Бурхан үхсээн, одоо чи өөрөө бурхан нь бол, дээд хүн бай” гэж хэлээд байхад манайхан даллагын уутаа барьчихсан “УБ палас”-ын танхимд бөөгнөрөөд сууж байх жишээтэй. Юун бурхнаа алах байтугай намын даргаа ч барахгүй тахиж шүтээд явж байхад аргагүй дээ.
-Оюун санааны түлхэлт өгөх хөшүүрэг, тэсрэлт, энерги нь юу байх ёстой юм. Юу тэгж нөлөөлөх бол?
-Зорилго нь өсөхийн хэрээр хүн өөрөө өсөж байдаг гэж үг бий. Арваад жилийн өмнө би “Багшийг ал, бадралыг ол” гэж бичиж байсан юм. Тухайн үед хүмүүс хүлээж авч чадаагүй. Багшийгаа цааш нь харуулчихаад Бадрал гэж хүнийг хайгаад яваа ухааны юм бодсон байх. Монгол хэлний тайлбар толинд бадрах гэж үгийг гал хөгжин асах, гэрэл цацрах гэж тайлбарласан байгаа. Хүн мундаг, сайхан багштай байж бололгүй яах вэ. Тэр тусам нь л багшийгаа өрлөж “алах” ёстой гэж бодож бичсэн юм. Тэгж байж л бадарна биз дээ. “Багшийгаа алах” гэдэг нь шууд утгаараа хутга барьж очоод багшийгаа бүлээд унагахыг хэлээгүй. Багшийгаа давж, багшаасаа салж, багшийгаа өнгөрсөндөө үлдээж, багшаасаа илүү болохыг хэлсэн ухаантай юм. Багшийгаа “алж” чадвал багш чинь чиний шавь болно оо доо. Дээд хүн болно. Тэр үед манай үеийнхэн гэж багш нартаа түүртсэн баахан улс байлаа.
-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Багадаа ямар хүү байв?
-Би эгч, хоёр дүүгийнхээ хамт өссөн. Одоогийнх шиг гар утас, хаашаа л харна дэлгэц, сошиал гэж байгаагүй тэр он жилүүдийг бид мэдрэл муутай, галзуу хүмүүс шиг л жаргалтай өнгөрөөсөн. Бидний багын явдал бараг кино. Хаа нэг ярихаар өөрсдөөсөө айх ч шиг болдог тийм эвгүй, адармаатай дурсамжууд ч бий. Бид дэндүү эрх чөлөөтэй, цадиггүй байж. Карибын тэнгисийн нэг арал дээр Робинзон Крузо 28 жил ганцаараа амьдардаг даа. Орой дээрээ “Ардчилал” гэсэн лоозонтой хорооллын 43 дугаар байранд бид хэд Дефогийн зохиол шиг л зоргоороо амьдарсан.
-Шүлэг, яруу найргийг тань уншдаг хүмүүс таны амьдралыг бараг гадарладаг болсон болов уу гэж надад санагддаг юм. Өвчний түүхээсээ эхлээд уудаг эм тариа, сэтгэцийн олон асуудалтай тулгарч байсан талаараа та шүлэгтээ ний нуугүй бичсэн байдаг шүү дээ. Хэцүү биш бол тэр тухайгаа ярьж болох уу?
-Сайн анзаарвал номд маань гэрийн хаяг, утасны дугаараас эхлүүлээд янз бүрийн мэдээлэл нуугдаж байгаа. Шүлэгтээ морфин, промедол, опиоид зэрэг эм, тариа бичсэн. Би 20-оодхон насандаа эмнэлгийг үзэн яддаг, эмч нараас маш их айдаг залуу явлаа. Учир нь, 17-тойдоо баруун гараа гэмтээсэн. Хялгасан судаснууд тасарсан. Тухайн үеийн эмнэлгийн боломж, эмч нарын ур чадвараар зарим судсыг залгасан ч мэдрэлийн, хялгасан судаснуудыг дөнгөөгүй. Анхны хагалгааны дараа нүүрийг нь цагаан даавуугаар бүтээчихсэн нэгний дэргэд сэрсэн. Айж цочсон. Судас сэтгэх хагалгаа хэд хэд хийсэн. Эмнэлэгт бүтэн, хагас мэдээ алдуулагчтай дараалсан олон хагалгаанд орсон. Хүнийг донтуулж, сэтгэцэд нөлөөлөх эм, тариа их хэмжээгээр тариулсан гэсэн үг. Дөнгөж дунд сургуулиа төгсдөг жилээ эмнэлэгт хэвтсэн тэр үе надад нийгмээс тусгаарлах гурван сарын хөтөлбөр шиг л нөлөөлсөн. Дөнгөж сургуулиа төгссөн найз охингүй, бэлгийн харилцаанд ч орж үзээгүй хүү эмнэлэгт очоод шинээр төрсөн, эсвэл маш их хуучирсан. Нэг тийм л зүйл болсон. Хиртэж, булингартаж, сэтгэл санаа сэг болсон. Тэр олон эм, тарианы дараа бие физиологи өөрчлөгдсөн. Ресентимент үүссэн. Эрүүл, жаргалтай хүмүүсийг хараад уур хүрдэг, үзэн яддаг болсон. Дорой хор шар өөрийгөө зөвтгөх замаар сэтгэл зүйг эвддэг юм билээ. 17-той хүүхэд тэр болгоныг мэдэхгүй, ойлгохгүй. Яг л мансууруулах бодист донтсон хүн шиг л өөрийгөө татаж чадахаа байна гэсэн үг. Тэвчихээ болиод ирмэгц архи ууна. Этанол хүмүүсийг согтоодог бол би ууж байж л тайвширч, хэвийн түвшинд, бараг эрүүл хүн шиг болдог байсан гэж болно. Ядарч байгаад шөл ууж байгаа аятай хөлрөөд л, сэтгэл санаа тавираад учиргүй дээрдэнэ. Эмнэлэгт хоёрхон зүйл хийдэг байсан нь архи уух, элдвийг бодох, хааяа ном унших. Тэр цагаас хойш алкохол хэрэглэлгүй нэг сар болсон тохиолдол байхгүй. Ингээд бодохоор намайг алсан эсвэл аварсан зүйл нь архи, уран зохиол хоёр. Тиймээс л би дэврүүн, сайхан сэтгэлээр уран зохиол руу шагайгаагүй ээ.
-Тэгэхэд архи, уран зохиолоос өөр хүч тэнхээ өгөх зүйл олдоогүй гэж үү?
-Яах вэ дээ, аль хялбараар нь л аргацааж байхгүй юу. Сэтгэлийн тэнхээтэй хүн тэгэхгүй байх. Өсвөр насан дээрээ байсан. Хүмүүс хүүхдийг өсвөр насандаа хариугүй эмзэг, сул дорой байдаг гэж боддог. Минийхээр хамгийн хүч тэнхээтэй үе шиг санагддаг. Хүүхдийн итгэл үнэмшил, цэвэр ариун бодол сэтгэл нь юуг ч даван туулах хүч өгдөг байх. Одоо надаас тийм хүч гарахгүй. Хүн хуучрах, хөгшрөх тусам бэрхшээлийг даван туулах чадвараа гээдэг байх. Хүүхэд байхад өлсдөггүй, зовдоггүй, ядардаггүй байснаа санадаг. Хүүхэд байхдаа өвдсөн өвчин, эдэлсэн зовлон амархан мартагддаг байх.
-Таныг одоо юу хамгийн их зовоож байна вэ?
-Одоо надад хамгийн хэцүү байгаа зүйл нь биеийн эрүүл мэндээс илүүтэй сэтгэл зүй болоод байна. Өмнө нь би тулгарсан бүх асуудлыг нийгмээс болж байна гэж хардаг, шүүмжилдэг байлаа. “Миний үр хүүхэд ийм нийгэмд амьдарч болохгүй” гэсэн өвдөлт ч байсан. Гэтэл одоо асуудал байвч шийдэл нь өөрт байхгүйд зовж буйгаа ойлгосон. Засрахаасаа өнгөрсөн, зангаа тавих хэцүү байна.
***
Ийн хэлснийхээ дараа ярилцагч маань хэсэг дуугаа хурааж байснаа босоод явчихав. Зочны өрөөний булан дахь номын тавиурынхаа өмнө хэсэг зогсоод “Лонхонд байсан шүлгүүд” түүврээ барьж ирлээ.
“Зовж, шаналж
Зорилго өөртөө тавьж,
Түүндээ хүрэх гэж зүтгэдэг хүмүүсийн буруу гэж би бодох болсон.
Бурханд би ойртож болох хэмжээгээрээ л ойртсон
Бусдын тухай бодол минь л би гэдгийг ойлгосон”
хэмээн уншиж өгөөд, “Би бурханд ойртож чадах хэмжээгээрээ ойртсон. Энд би бурхан гэж Христ, Аллах, Будда, Зевс алийг нь ч хэлсэн юм биш. Харин миний түрүүнд дурдсан дээд хүний тухай юм. Би өөрийнхөөрөө, чадахаараа л сайн байх гэж хичээлээ. Энэнээс илүү байж чадахгүй нь” гэв. Энэ хүрээд бид хоёул бодол болж, хэсэг дуугаа хураан ярилцлагаа завсарласан юм.
***
-Хүн амьдралынхаа дийлэнх цаг хугацааг өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө олоход зориулдаг гэх юм билээ. Та “жинхэнэ” өөрийгөө олж чадсан уу?
-Юу ч үзэж туулаагүй инфлюэнсерүүд гарч ирээд л “Өөрийгөө ол” энэ тэр гээд эхлэхээр ам руу нь эрхийгээ чихчихмээр болдог юм. Би лав өөрийгөө олоогүй. Харин намайг тэр зүйлүүд олоод ирсэн. Өвдөлт, тайвшрал, шаналал, гуниг, баяр, жаргал, хөгжим, кино, ном, хүмүүс гээд л. Би дэвэн дэлхийгээр эрж хайгаад явсан юм ганц ч үгүй. Магад тэд намайг олсны хэрээр, тэднийг би хүлээж авсныхаа, хүлээн зөвшөөрснийхөө хэрээр өөрийгөө цуглуулсан байж болох юм. Хүн өөрийгөө цогцлоодог, шатаадаг, үгүй хийдэг, үрдэг болохоос хайж олдоггүй байх. Сайн хайвал алга болсон нохойгоо ч юм уу, эвтэйхэн ярьчихдаг илтгэгч, аятайхан цалинтай ажил ч юм уу, мөнгөлөг гоё найз, хямдхан нислэг, цагийг аятайхан өнгөрөөчих газар, өрөөсөн оймс, хэсэгхэн хамт байх хүнийг ч юм уу олж болох л байх. Тэрнээс биш цаг хугацаа шиг ч юм уу чухал нандин зүйлийг олно гэдэг юу л бол. Тэгэхээр амьдралдаа нэг их сүрхий зорилго тавиад, учиргүй түүнийгээ эрж хайгаад байх хэрэг надад байхгүй. Цөхрөлтгүй хайвал цөхрөл л олдоно. Шантралгүй хайгаад шантрал л олно.
-Таны хүүхдүүд уран бүтээлийг тань сонирхож уншиж байх юм уу. Шүлэг зохиолын тань талаар асуугаад эхэлбэл ямар мэдрэмж төрөх бол?
-Одоогоор тийм сонирхолтой хүүхэд алга л байна. Гэхдээ сонирхохгүй байна гэдэг муу зүйл биш. Эхнэр маань намайг хамгийн их дэмждэг, бичих боломж олгодог хүн шүү дээ. Шөнө ёлтойгоод суухад унт, барь гэдэггүй. Миний юу бичиж байгааг тоож ч хардаггүй. Тоохгүй, ойшоохгүй байна гэдэг нь миний хувьд том тус. Хэрэв зээ тоогоод “Энэ чинь иймхэн л юм. Үгүй, чи тэрийг тэгчихгүй яав даа. Хүүе, энэ чинь харин дөхсөн байна, овоо шүү дээ” гээд эхэлбэл бараг бичихээ болих байх. Зөвхөн эхнэр ч биш, аав, ээж, эгч, дүү нар, хамаатан садныхан гээд миний бичиж байгааг анзаардаг хүн азаар байхгүй.
-Таныг урин дууддаг, хүсдэг зүйл бий юү. Таны туйлын хүсэл юу вэ?
-Би үргэлж л нэг зүйлд татагдаж, түүнийгээ л хүсэж явдаг хүн дээ. Тэр нь юу вэ гэхээр, надад ирээгүй байгаа тэр зүйл. Одоо надад байхгүй ч гэлээ над дээр ирмэгц нь би хүсэхээ болчих тэр юм. Тэр мэдрэмж, тэр шунал, тэр хүн. Бүх л хүн өөрт байхгүй зүйлийг хүсэж явдаг биз дээ. Тэрнээс биш, ахиад дөрвөн халуун савтай болох сон гэж хэн ч бодохгүй.
-Та хүсээд байгаа “тэр” зүйлээ илүү тодруулбал яг юу юм бэ?
-Хүний хүсэл гэдэг хэзээ ч дуусахгүй ёрын мэдрэмж. Би хэн нэгэнд байгаа зүйлийг хүсэж байхад нөгөөх нь надад байгаа зүйлийг хүсэж явдаг. Энэ дэлхийн долоо, найман тэрбум хүн өөрт байхгүй зүйлийг л хүсэж таарна. Гэсэн мөртөө тэр зүйлээ өөрийн болгочихвол хүсэхээ байчихна. Хүсэл гэдэг үе үе дурлуулах хэрнээ тийм үнэ цэнгүй хачин шунал. Хэний ч хүсдэггүй зүйлийг хүсэж явдаг хүн байгаа л байх. Агуу хүсэл гэдэг агуу хүнд л байхаас адгийн мань мэтэд байхгүй юм даа.
***
Зургаан цаг хэртэй үргэлжилсэн ярилцлагаа бид өндөрлөж ярилцагч маань намайг гаргаж өгөв. Өмнөх хоёр уулзалтаа нийлүүлбэл 10 гаруй цаг түүнтэй хөөрөлдсөн хэрнээ яриагаа төгсгөхийг хүсэхгүй байсаар. Гараад түүнээс “Ингэхэд яруу найрагч Д.Галсансүх танд ‘Постмодерн фронт командлагч’ титмээ гардуулж өгсөн гэж хүнээс дуулсан юм. Үнэхээр тийм зүйл болсон юм уу” гэж асуувал инээмсэглээд толгой дохиж байна. Арваннэгэндүгээр сарын тэнгэрээс цас ганц нэгээрээ хаялна. Хөлсний тэрэг маань цасан дундуур хөвөн жингүйдэх мэт давхих зуур элдвийн бодлууд толгойд эргэлдэх учир ярилцлагаа дуусгаж цөхөлгүй түүн рүү ийн чат бичив.
Ярилцаж суухад “Айдасгүй амьдарч яваа хүн” гэсэн гарчиг төрлөө. Ер нь энэ амьдралд айдасгүй, ямарваа нэгэн зүйлд зовж, түүртэхгүй амьдардаг хүн гэж байдаг болов уу. Таныг хамгийн том айдсаа хэл гэвэл юу хэлэх вэ. Та юунаас айж байна?
Би өмнө нь мэдэхгүй зүйлээсээ айдаг, айдаг зүйлээ нухчин дарахыг эрмэлздэг байлаа. Гэтэл одоо зарим зүйлийг мэдэхээс өөрийгөө таньж мэдэхээс хүртэл хулчийдаг боллоо. Би давчуу орон зайн айдастай, өндрийн айдастай. Өмнө нь ердөө л харанхуйгаас айдаг байсан хүү шүү дээ. Гэтэл хүнээс айдаг болж байна. Ямар нэг зүйлийг хайрлах тусам айдас нэмэгдэх болж. Айдасгүй амьдарна гэдэг магадгүй алдах юмгүй хоосон амьдрахтай ижил зүйл байх. Миний өдөр бүр айж явдаг зүйл ирээдүй байсан. Гэтэл одоо өнгөрсөн минь бага багаар айх зүйл болж хувирсаар байна.
Магад шүлэг зохиолдоо илэрхийлж буй зүйлээ тийм зүйл бодож, сэтгэхээсээ айх үе гарах уу. Уран бүтээлч хүн уран бүтээлээсээ айдаг юм болов уу?
Тэрийг хэлж мэдэхгүй юм. Би лав бичсэн зүйлээсээ айж үзээгүй. Ер нь тийм айхаар олон зүйл бичсэн ч биш дээ.
Таны хувьд утга, уран зохиолыг юутай жишин зүйрлэж, юугаар илэрхийлэх вэ?
Замтай, зам дээр торойх мөртэй зүйрлэж болох юм уу? Эсвэл эм тангаар ч юм уу өвдөлт эдгэрлээр илэрхийлж болж байна. Зарим өвдөлт таатай, зугаатай байдаг даа. Зарим хүнээр хазуулах, чимхүүлэх зарим нэгэнд нь илүүлж, үнсүүлэхээс сайхан санагдах нь байдаг.
Б.БАТЗАЯА: НАМАЙГ ӨВЧНИЙ ТҮҮХЭЭС МИНЬ ИЛҮҮ СЭТГЭЦИЙН АСУУДЛУУД ЗОВООЖ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |