• Өнөөдөр 2024-04-26

Б.ОДМАНДАХ: Амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй

2021-01-14,   2227

 

ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хөгжимчин Б.Одмандахтай ярилцлаа. Тэрбээр 2012 онд “Universe best songs” наадмын шилдэг 25-д шалгарч, 2018 онд “Voice of Mongolia” шоу тэмцээнд гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон авьяаслаг, гал цогтой нэгэн билээ. Харин одоо бусдаас ялгарах содон, хүчирхэг хоолойгоороо рок, опера төрлийн дуу, хөгжмийг амилуулж, сонсогчдын сонорыг мялаах гэнэтийн бэлэг барих хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа гэнэ.

-“Voice of Mongolia” шоу тэмцээнд орсноос тань хойш хүмүүс таныг бүр илүү таньдаг болсон болов уу. Харин Б.Одмандах ажил амьдралдаа хэрхэн ханддаг, ямар зан ааштай хүн бэ?

-Би өөрийгөө шударга гэж боддог. Хэлэх гэсэн бүхнээ хэнд ч хэлж чаддаг. Мөн бусадтай эвтэй, найртай байхыг хичээхээс гадна эхлүүлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг.  Ажил, амьдралдаа өдөр бүр  хариуцлагатай хандаж, өөрийгөө болон бусдыг хүндлэхийг хичээдэг дээ.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?

-Би Дархан-Уул аймагт төрсөн. Дөрвөн настай байхдаа хотод ирсэн. Манай аав, ээж хоёр Өвөрхангай аймгийнх. Би нэг ахтай, айлын бага. Би бүжигчин болно гэж боддог байлаа. 12 настайдаа дуулж эхэлж, түүнээс хойш дуу хөгжимд дурласан. Мэргэжлээ сонгохдоо хэнээс ч заавар, зөвлөгөө авч байгаагүй.

-Та ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хөгжимчин. Монгол Улсын Консерваторид элссэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай ээж урлагт хайртай. Рок хөгжмийн хамтлагтай байсан юм. Би 2009 онд Монгол Улсын Консерваторид гэрийнхэндээ хэлэлгүй шалгалт өгөөд, тэнцэж байлаа. Тэнцсэн гэдгээ мэдээд, гэрийнхэндээ хэлэхэд ихэд гайхаж хүлээж авсан. Тэгээд флейт хөгжимчин мэргэжлээр 2015 онд сургуулиа төгссөн юм. Дараа нь дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж, 2019 онд сургуулиа төгсөн, хос мэргэжилтэй болсон.

-Флейт хөгжим бусад хөгжмөөс юугаараа онцлог вэ. Анх сурч байхад хэцүү байв уу?

-Хөгжимчин хүний гар хүүхдийнх шиг булбарай, туяхан байх ёстой гэж багш нар хэлдэг. Биднийг гурил элдэж, түлээ бэлдэх, гэрийн ажил хийж болохгүй, гар нь хатуурч, уян налархай хөдөлж чадахгүй гэж захидаг байсан. Энэ талаар таньдаг хүмүүстээ хэлэхэд итгэдэггүй байлаа. Тухайн хөгжмийн онцлогоос шалтгаалж хурууны өндөг цэврүүтэх, холгох, ярших зэрэг хөнгөн гэмтдэг. Жишээлбэл, шанзчин хүний шуу хонхойх, хийлчдийн хүзүү яршдаг. Харин манай хөгжим харьцангуй гайгүй. Уруулын тавил хэсэгт хөгжмийн бал болдог. Тийм учраас өөрийгөө хайрлаж, сурч байгаа хөгжмөө сэтгэл зүрхнээсээ нандигнан тоглож сурах хэрэгтэй. Урлагийн хүнд хичээл зүтгэлээс гадна мэдрэмж, авьяас чухал. Алдартай хүмүүсийн зохиолыг өөрөө ойлгож, өөрөөрөө дамжуулж бусдад хүргэх нь бидний үүрэг, бас зорилго. Хөгжмийн зохиолын утга санааг ойлгож мэдэрч, түүнийгээ илэрхийлж сурна гэдэг гайхалтай.

-Флейт хөгжмөөр ямар аялгуу эгшиглүүлбэл хамгийн тохиромжтой байдаг вэ?

-Флейт хөгжим бол лимбэ хөгжмийн нэгэн төрөл. Товчлууртай, тоноглосон боловсронгуй лимбэ гэсэн үг. Хамгийн эртний хөгжмийн зэмсэгт тооцогддог. Баяр жаргал, уйтгар гунигтай бүх төрлийн  аялгууг тоглоход зохидог.

-Та нэгэн ярилцлагадаа “Урлагийн сайхныг өөрөө мэдэрч байж, дараа нь бусдад хүргэдэг” гэсэн байсан. Та хөгжмийг, урлагийг хэрхэн мэдэрдэг вэ?

-Урлагт дуртай, хичээл зүтгэлтэй мөртлөө урлагийг ойлгох мэдрэмжгүй хүн байдаг. Авьяастай мөртөө юу ч хийхгүй зэвэрч дуусдаг хүн ч байна. Хүн бүрт бүх чадвар эн тэнцүү байдаггүй. Тийм учраас өөрт хэрэгтэй бүх чадвараа тэнцүү байлгаж сурах хэрэгтэй. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг үгэнд би итгэдэггүй. Би өөрт байгаа авьяасаа олон цагийн бэлтгэл хийж хөгжүүлдэг.

Зөвхөн өөрийн сонирхлоор дуу хийвэл таалах хүн ховор байж магадгүй

-Өнгөрсөн онд уран бүтээлийн олз омогтой байв уу. Энэ жил ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн онд “Бүсгүй заяа” хэмээх шинэ дуутай болсон. Гэхдээ байгууллагынхаа арга хэмжээ, ажлын шугамаар дуулдаг. Цахим сувагт оруулаагүй. Үүнээс гадна ажлын шаардлагаар үйл ажиллагаанд оролцон хөгжимдөж, дуулдаг. Шинэ жилийн өмнөхөн ажлынхаа хоёр найзтай шинэ жилийн дуу коверлосон. Хувийн уран бүтээл гаргах хүсэл их байна. Одоогоор өөрийгөө олоогүй, бусдыг байлдан дагуулах, өөрийн  гэсэн орон зайг бий болгож чадаагүй байна. Миний юу хийх гэж байгааг ойлгодог, дэмжиж тусалдаг хүн хэрэгтэй байгаа.

-Хувийн уран бүтээл туурвихад өөрийн сонирхлоос гадна залуусын чиг хандлагыг мэдэрдэг байх хэрэгтэй. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би рок, опера гэх мэт хатуу, хүнд дуу хөгжимд дуртай. Зөвхөн өөрийн сонирхлоор дуу хийвэл таалах хүн ховор байж магадгүй. Би олон нийтэд таалагдах албагүй гэх байр суурьтай  хүмүүс байдаг. Би цаг үетэйгээ нийцэж, бусдад таалагдахыг хүсэж байна. Залуус хөнгөн жанрын дуу хөгжимд дуртай болсон байна. Тэдний хийсэн дууг одоогоор сайн ойлгоогүй байгаа. Миний сонсдог, хийж бүтээхийг хүсдэг төрлөөс өөр учраас ойлгохгүй байж магадгүй. Үг гэхэд хэцүү дуу гаргадаг болсон байна билээ.  Гэхдээ хувь уран бүтээлч, сонсогчдын сонирхол байх. Надад хөнгөн жанрын дуу хөгжим зохихгүй. Надад хүний зүрх сэтгэлд хүрдэг төрлийн дуу хөгжим зохино.

-Таны аав жолооч, ээж нь урлагт хайртай рок хөгжмийн хамтлагтай байсан гэсэн. Та аав, ээжээсээ ямар зан чанарыг нь өвлөсөн гэж боддог вэ?

-Би ээжийгээ илүү дуурайсан. Үг, үйлдэл бүр нь ижилхэн гэж хүмүүс хэлдэг. Би аав, ээж хоёртойгоо хоёулантай нь адилхан. Багаасаа аавын охин байсан. Аав хаашаа явна, тийшээ хамт явдаг байлаа. Миний аав онгоцноос бусдыг нь барьж үзлээ гэж ярьдаг. Одоо Улаанбаатар таксины жолооч. Ээж маань хичээнгүй, хөдөлмөрч эмэгтэй. Зуны амралтаараа хөдөө явж, гэр бүлээрээ аялж байхдаа уул, усны нэр, түүх соёл, өөрийнхөө хонож өнжиж, цайлж байсан дурсамжаа бидэнд ярьж өгнө. Өвөөгийндөө зуны амралтаа өнгөрүүлдэг байлаа. Өвөө, эмээ маань түүх, уламжлалт ёс заншлын талаар ярьж өгдөг байсан.

-“Universe best songs”, “Voice of Mongolia” шоу тэмцээнд орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-16 настай байхдаа “Universe best songs” тэмцээнд орж байсан. Тухайн үед хүмүүсийн өмнө дуулж үзье гэсэн бодолтой орж байсан юм. Гэтэл шигшээ 25-д шалгарч байлаа. Тухайн үед дууны сонголт, хувцаслалтаа өөрөө хийдэг байсан. Одоо харахаар их ичдэг. Түүнээс хойш сургуулийн англи дууны тэмцээнд гурван жил дараалан түрүүлээд, 2017 онд  “Voice of Mongolia” шоунд гуравдугаар шат хүртэл явсан.

 

-Та урлагийн мэргэжил эзэмшиж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

-Маш тууштай байх хэрэгтэй шүү. Хөгжимчин хүн дуулж, зурж, бүжиглэж сурах хэрэгтэй. Урлагийн салбарт орсон бол ганцхан төрлөөр хязгаарлагдаж болохгүй. Урлагийг олон талаас нь мэдэрч, ойлгодог байгаасай гэж хүсдэг. “Хос морьтой хүн хол явна” гэдэг шиг урлагийн хос морьтой болоосой гэж хүсдэг.

-Та дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?

-Хөгжмийн ангид байхад багш нар дуулж байгаа мэт хөгжимд гэдэг байсан. Харин дуулаачийн ангид ороход  хөгжимдөж байгаа мэт дуул гэдэг байсан. Урлагийн хүнд олон цагийн бэлтгэл хэрэгтэй. Би өөрийгөө дуу хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй. Аяга угааж байхдаа хүртэл дуу аялдаг хүн шүү дээ.

 


Б.ОДМАНДАХ: Амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188