Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дармын Батбаярын “Хайрыг хайрла" гэж ард түмний сэтгэлд дархлагдан үлдсэн агуу зохиолыг 40 жилийн дараа шинэтгэн бичих ховорхон завшаан түүнд тохиосон юм. Тэр бол Хүүхэд залуучуудын театрын утга зохиолын ажилтан Н.Уранзаяа. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд телевизийн салбарт арав гаруй жил ажиллаад өдгөө Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байгаа гэнэ. Одоогоор тус театрын тайзнаа тоглогдож буй "Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжиг, "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгийн зохиолуудад ажиллаад буй юм. Түүнтэй ярилцлаа.
.jpeg)
-“Хайрыг хайрла” жүжгийн зохиолыг шинэтгэн бичих саналыг танд анх хэн тавив. Энэхүү зохиол дээр ажиллахад ямар санагдсан бэ?
-Анх ажилд ороход театрын нээлтээр хоёр жүжиг тавигдах тухай ярьж байлаа. Нэг нь зохиолч Н.Сүхдоржийн “Арслан Хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, нөгөө нь монголчуудын хамгийн сайн мэддэг, ард түмний хайртай хүндэт зохиолч Дармын Батбаяр гуайн “Хайрыг хайрла” жүжгийг залуучууддаа зориулан хүргэхээр хэдийнэ шийдэгдсэн байсан. Тэгээд зохиолын ажлууд эхэллээ. "Хайрын хайрла" бол 40 жилийн өмнө үзэгчдийг шуугиулж, тэдний хайр талархалд нийцэж, сэтгэл зүрхэнд үлдэж байсан том бүтээл. Тиймдээ ч олон жилийн дараа орчин цагийн залууст хүргэх ажил бидний өмнө ирсэн. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагч найруулагчаар нь ажиллаж, Хүүхэд залуучуудын театрын захирал, МУГЖ Н.Ариунболд ах продюсераар нь ажилласан. Бооёо ах анх энэ зохиолыг шинэтгэн бичих саналыг тавьж, "За ахын дүү чамд итгэж байна. Энэхүү зохиол дээр яаж, хэрхэн ажиллахаа найруулагчтайгаа яриарай" гэсэн. Найруулагчийн зүгээс ч эхний ээлжид зохиолд хэрхэн ажиллах санаа бүтцээ гаргаж ирэх даалгаврыг өгсөн. Ингээд туслах найруулагч бид хоёр тус бүр санаагаа барьж очоод танилцуулахад, "Санааг нь батлая, чи чадах юм байна" гэсэн итгэл урам өгсөн. Ингээд л зориглон орж, зохиолоо хэдэнтээ уншиж, дүр бүрийнх нь оронд өөрийгөө тавьж бичсэн.
.jpeg)
-Зохиолыг өөрчлөх вий, эвдчих вий дээ гэсэн эмээлт, нөгөө талаар энэ том бүтээлд ажиллаж буй догдлол хоёр жүжгийн зохиолыг шинэтгэн бичих явцад танд зэрэгцэн оршиж байсан болов уу ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Том уран бүтээлд гар хүрнэ гэдэг миний хувьд сандрал, догдлол, айдас, бахархал цөм зэрэгцсэн өдрүүд байлаа. Энэ үед жүжгийн найруулагч, продюсер хоёр маань л хамгийн их том түшиг болж, зааж зөвлөсөн. Тэдний зүгээс надад “Чи энэ бүтээлийг залуу хүнийхээ хувьд өөрийнхөөрөө төсөөлөөд үз дээ, залуучууд яаж нэгийгээ хайрладаг, тэдний дундах хайрын ээдрээ юунаас үүсдэг юм гэдгийг шигтгээн шингээж, зохиолын амин сүнсийг эвдэхгүйгээр, энэ бүтээлийг танихын аргагүй болохгүйгээр өөрчлөх ёстой" гэсэн гол даалгаварыг өгч байсан. Тэгээд л хичээж ажилласан. Жүжиг нээх хүртэл Дармын Батбаяр гуайн гэргий, үр хүүхэд, шавь нар нь ирж үзтэл миний хувьд том даваа, айдас байлаа. Найруулагчид ч ялгаагүй эмээлт байсан юм билээ. Хамгийн том даваа бол жүжгийн уран сайхны зөвлөлийн үзлэг байсан. Энэ үеэр Д.Батбаяр гуайн охин Индра эгчийг урьсан. Жүжиг эхлээд дуусах хүртэл сандрал, догдлол зэрэгцэж байсан. Тэгээд жүжиг ч дуусаж, Индра эгч "Аавын минь бүтээлийг 40 жилийн дараа залууст хүргэх боломжийг олгосонд баярлалаа" гэж хэлсэн. Энэ бол бидний хувьд том шагнал байсан. Учир нь энэ олон сар биднээс гарсан хүч, хичээл зүтгэлийг охиных нь тэр үг дүгнэсэн гэж бодож байгаа. Харин миний хувьд энэ гайхалтай зохиол бүтээлээр амьдарсан, энэ зохиолыг төрөхөөс нь эхлээд мэдэж байсан, амьдралынхаа турш хайрласан зохиолыг нь эвдэж, өөрчилсөн байх вий, энэ зохиолчдоо хүндэтгэлгүй хандсан байх вий дээ гэсэн айдас намайг жүжгийг төрөн төртөл нөмөрч явсан. Харин Индра эгчийн талархлын үг тэр бүх айдсыг минь алга болгох шиг санагдсан.
(1).jpeg)
-Жүжгийн төгсгөлд зохиол дээрээ Амаржаргал шатнаас унаад дуусдаг шүү дээ. Жүжигт харин тэргэн дээр суугаад, ой санамжаа алдаад өндрөөс унаж байгаагаар оруулж өгсөн байна лээ. Энэ санаа таных байв уу, эсвэл найруулагчийн шийдэл байсан уу. Солонгос киноны хэсэг шиг болсон гэх шүүмжлэл ч гарч байгаа шүү дээ?
-Зохиол анх бичигдсэн үеэсээ олон сарын турш засагдаад л явсан. Эхэндээ бол төгсгөл нь үндсэн зохиолчийн санаагаар явж байсан. Харин найруулагчийн хувьд зохиолыг харж буй нэг өнцөг нь одоогийн үед өндрөөс унах шалтгаан бол хувь хүний өөрийнх нь зөрчилтэй холбоотойгоор гэнэн байж болохгүй байх аа. Мөн хүн нас барахдаа их хайрлагдаж, дараа нь харамсал төрүүлээд явбал жүжгийн ухаарлын хэсэг гарах юм байна гэсэн санаануудыг ярьж, бид хамтран зөвшилцөж жүжгийн хэсгүүд өөрчлөгдсөн нь бий. Жүжгийн төгсгөлийг үзэгчид бидний үздэг кино драмын хэсэгтэй холбож ойлгоод байж мэдэх юм. Гэхдээ найруулагч болон уран бүтээлчдийн зүгээс "Хүн дурсамжгүй амьдарна гэдэг төгсгөлтэй яг ижил. Амаржаргалын хувьд ой санамжаа алдаад, юу ч мэдэхгүй бүх зүйл өдөр болгон шинээр эхэлнэ гэдэг ерөөсөө л төгсгөл. Хүний амьдралын төгсгөл бол мартагдах. Нас бараад мартагдах, дурсамжгүй амьдарна гэдэг өөр юм байна. Хэнийг хайрлаж байсан, хэнтэй амьдарч байсан, юуны төлөө энэ амьдралд ирсэн гэдгээ дурсахгүйгээр мартаж амьдарна гэдэг аймшигтай" гэдэг санааг л илэрхийлэхийг зорьсон.
-Мөнхөө, Яргуй гээд хоёр дүр шинээр оруулж өгсөн нь зохиолыг их баялаг болгосон байна лээ?
-Мөнхөөгийн дүрдээ их хайртай. Учир нь хүний хайрын хэл янз бүр. Хайраа олох гээд тэмтчин яваа, жинхэнэ хайрын аз жаргалыг мэдрээгүй яваа дүр бол Мөнхөө. Магадгүй тэр аз жаргалтай дүр эсгээд явдаг ганцаардмал хүн байж болох юм. Түүнийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө ойлгож харна байх. Хамгийн гол нь Мөнхөө шиг харахад эрх чөлөөтэй, дураараа амьдраад байгаа боловч мөн чанартаа хайр дутагдаж яваа хүмүүс өнөөдрийн нийгэмд ч олон шүү дээ. Тулгаагийн "Чи гэртээ очоод халуун цайгүй, хоолгүй, чамайг хайрлах хүн байхгүй байна гэдэг чинь тийм их аз жаргал юм уу" гэх үгээр Мөнхөөгийн дотоод сэтгэлийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр Мөнхөө юм боддоггүй биш боддог, найзууд дунд байдаг нэг дүр. Харин Яргуйгийн дүр багагүй шүүмжлэл авсан байх. Ер нь бол жүжигт гарч байгаа Амаржаргал, Тулгаа, Пагдгар эр гурвын гэр бүл, Мөнхөөгийн ганцаардмал байдал нийгэмд байх айл бүрийн төлөөлөл. Эв эеэ олох гэж хичээж байгаа Амаржаргалын гэр бүл гэхэд нэгэндээ хэчнээн их хайртай ч болдоггүй нэг асуудалтай,харин хайртай хэр нь хайраа хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй Пагдгар эр, Яргуй хоёрын гэр бүл. Гэхдээ нэгнийхээ сул талыг нөхөж амьдардаг. Харин Тулгаа, Бурмаа хоёрын гэр бүлийг Дармын Батбаяр зохиолч анхнаасаа гоё зурж бичсэн. Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, олон хүүхэдтэй учир биенээ хардах, нэгэнтэйгээ муудах завдал гардаггүйг тэдний гэр бүлээр төлөөлөн харуулсан. Тэгэхээр энэ олон гэр бүлийн ялгааг таниулах үүднээс Мөнхөө, Яргуй, Пагдгар эрийн дүрийг өөрчилж бичих үүдэл санаа гарсан юм. Нэмээд гар утас, сошиал орчин бол бидний амьдралын гол тулгуур зүйл болсныг мөн уяж өгсөн.
.jpeg)
-Жүжгийн төгсгөлд Туул
“Ертөнц, байгальд тохиолдох түмэн учрал дотроос
Ерөөл тавилангаар учирсан хүний хань нь хосгүй еэ” гэсэн дууны үгийг хэлдэг. Энэ үгийг яагаад сонгож оруулсан бол?
-Үүнийг найруулагч илүү мэдэж байгаа байх. Харин жүжгийн хэсэгт хэлэгдэж байгаа бусад шүлэг, Туулын дүрийг тодотгож байгаа мөртүүдийг тухайн үеийн орчинд нь тааруулаад бичсэн.
-Үзэгчдийн зүгээс ирж байгаа сэтгэгдэл та бүхний ажлын гол үр дүн болов уу. Ухаарал аваад гарч яваа, магад жүжиг үзээд амьдралд нь өөрчлөлт орсон гэдэг ч юм уу тийм зүйлээ хуваалцсан бодит жишээ бий болов уу?
-Үзэгчдийн зарим нь бидэнтэй уулзана л даа. Тэгээд ухаарал авсан байгааг нь харах сайхан байдаг. Жүжгээрээ бид хүмүүс нэгэндээ хэлэх үгээ боддог байгаасай, цэгнээсэй гэх мессеж, хайр бол хариу нэхдэггүй өглөг гэдгийг хэлэхийг зорьсон. Энэ бүхнийг маань мэдэрч, ойлгож, сайхнаар хүлээн авч байгаад баяртай байгаа.
-“Хайрыг хайрла” зохиол Дармын Батбаяр зохиолчийн бусдад өгөх хайр сэтгэлийн тухай санаа бол жүжгийн зохиол болгохдоо таны хэлэх гэсэн гол санаа, таны хайр сэтгэлийн тухай ойлголт яг юу юм бэ. Магад үзэгчид товойлгон ойлгож амжаагүй байж мэдэх юм?
-Зохиолд Гэрэлээгийн дүр тод гардаггүй шүү дээ. Харин жүжигт Гэрэлээ илүүтэй гарч, Амаржаргалд хандан “Хайр гэдэг бол биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зөвшөөрөл” гэдэг дээ. Би хайрыг яг Гэрэлээ шиг ойлгодог. Хүн хайртай хүнээ олсон цагаасаа хүн тухайн хүнийхээ сул талыг харахаа больдог. Илүү сайн сайхан чанарт нь татагдаад явдаг. Энэ санаа маань Гэрэлээгийн дүрээр илүү илэрч байгаа. Түүнээс гадна "Хайрыг хайрла", "Арслан хүлэгт баатар" жүжгийн зохиол дээр ажиллахад манай нөхөр их чиглүүлж өгсөн. Нөхөр маань академийн авардсын шилдэг кино зохиолтой, бидний сайн мэдэхээр "Аав" киноны зохиолыг бичсэн М.Энхдалай гэж кино зохиолч, найруулагч хүн бий. Олон сайхан уран бүтээлтэй даруу хөдөлмөрч уран бүтээлч байдаг. Энэ ч утгаараа илүү мэргэжлээр нь суралцаж, ажилладаг туршлагатай учир дээрх хоёр жүжгийн зохиолыг шинэтгэн бичихэд том түлхэц болсон.
-"Арслант хүлэг баатар", "Хайрыг хайрла" жүжгийн ард амжилттай гарлаа. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоо бид өсвөр насныханд зориулсан жүжгийг тавихаар бэлдэж байна. Учир нь бидний анзаарсан нэг зүйл бол хүүхдийн жүжиг гэхээр бага насныханд зориулсан, драмын гэхээр гол төлөв 18 наснаас дээш насныхан үздэг. Ингээд харахаар өсвөр насныхан их орхигддог юм байна. Энэ ч үүднээс Хүүхэд залуучуудын театрын нэг бодлого бол хүүхэд нэг бүрд уран бүтээлээ хүргэхийг зорьдог. Тиймээс бид өсвөр үе болон төгсөх ангийн сурагчиддаа зориулаад "18 дахь хаврын хайр" нэртэй шинэ уран бүтээлээ хүргэхээр уран бүтээлчид маань жүжгийн бэлтгэлдээ ороод явж байна. Миний хувьд бичсэн анхны жүжгийн зохиол маань болж байна. Энэ уран бүтээлийг хүүхдүүдэд толилуулах гол санаачлагыг Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргасан. Жүжигт нэг ангийнхны үйл явдлыг харуулсан, мөн бидний хоорондын харилцаа, сошиалаар дамжуулж хүнд ямар хүнд зүйл учруулж болдгийг, амьд харилцаа байхгүй болсноор хүний сэтгэл хэрхэн хувирч байгааг, багш мэргэжлийн үнэ цэн гээд олон санааг багтааж харуулахыг зорьсон.
-Театрт орохоос өмнө та ямар зохиол бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Би сэтгүүлч мэргэжилтэй. Телевизэд арав гаруй жил ажилласан. Тэгээд өгүүллэг, яруу найраг, туужаас бүтсэн гурван номтой. Намайг гол чиглүүлж яваа зүйл бол миний гурван ном. Түүнээс гадна редактораар нь ажилласан бүтээлүүд бий. Хөрөг нэвтрүүлэг хийх мөн дуртай. Тэгээд хөрөг нэвтрүүлгээ хийгээд, номоо бичээд явж байхдаа Улсын Хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболд ахтай уулзахад анх театрт ажиллах саналыг тавьж байсан. Театрт ороод хамгийн анх хүүхдийн баяраар тоглогдох бэсрэг жүжгийн зохиолын гол санааг нь арилгахгүйгээр бичих даалгаварыг авч байлаа. Бичээд үзүүлтэл, "Танаад, эвтэйхэн цэгцтэй болсон байна" гэж дэмжиж урам хайрласнаар дараагийн бүтээлүүдэд орох итгэл төрсөн.
-Багаасаа зохиол бүтээл бичих дуртай байсан уу?
-Багадаа зурагтаар гарахыг хүсдэг байлаа. Тэгээд яг есдүгээр ангид орсон жилээ шүлэг бичмээр юм шиг санагдаад байдаг байсан. Тухайн үед зохион бичлэг, эсээ их бичдэг. Тэгээд л манай монгол хэлний багш надад их сайн, "Манай Уранзаяа монгол хэлний багш болох байх даа" гэж хэлдэг байсан. Нэг дэвтэр дүүргээд л нэг ном гарчихлаа гэж өөрөө өөртөө баясдаг хүүхэд байлаа. Тэгээд арваннэгдүгээр анги төгсөхдөө бүр зургаан дэвтэртэй болчихсон байсан. Тэндээс л миний шүлэг найрагт дурлах үе эхэлсэн болов уу гэж боддог. Аав нэг удаа бүр "Шүлэг найраг бичдэг хүн чинь тусдаа онгодтой хүн байдаг. Үгүй ядаж удам дамждаг. Манай удамд юм бичдэг хүн байгаагүй, тэгэхээр миний охин дэмий зүйлд цаг үрэх хэрэг байна уу" гэж хэлж байсан. Тэгэхэд нь би "Үгүй ээ, миний дотор үг байгаад байдаг. Түүнийгээ цаасан дээр бичих надад гоё байдаг" гэж хэлж байсан юм. Хамгийн анх 2016 онд "1001 дэх болзоо" анхны шүлгийн түүврээ зориглон гаргаж байсан. Шүлэг найрагт хамгийн их дурлуулсан хүн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай. Анх надад "Ижийтэйгээ байхад" ном нь бэлгэнд ирж, тэр номыг уншаад байхаар цаанаасаа нэг тийм ээжийн хайранд байгаа нь мэдрэгдээд, бидний амьдралл зүгээр л яригддаг энгийн үгсийг холбоод биччихээр яаж ийм гоё утга гараад байгаа юм бэ гэж дурласнаар зохиолч болох эхлэл болсон. Зохиолч гэж хэлэхээр бас жаахан хэцүү шүү дээ. Өчнөөн том зохиол бүтээлтэй хүмүүс бий. Гэхдээ сая Монголын Зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойгоор гишүүн нь болсноор үүнээс цааш өөрийгөө зохиолч гэж зарлуулахаас эмээхээ бага зэрэг болиод байна. Гэхдээ л бас эмээлт бий.
-Цаашид та юунд зорьж байна вэ?
-Цаашид том зорилго бий. Нэгэнт энэ том театрын утга зохиолын ажилтнаар ажиллаж байгаа юм чинь цаашаа бас мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй юм байна, илүү салбартаа гүн орж суралцах ёстойгоо мэдэрч байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Н.УРАНЗАЯА: ДАРМЫН БАТБАЯР ЗОХИОЛЧИЙН "ХАЙРЫГ ХАЙРЛА" ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫГ ШИНЭТГЭН БИЧИХ САНАЛ ИРЭХЭД ТОМ ЗОХИОЛЧИЙН АГУУ БҮТЭЭЛИЙГ ЭВДЧИХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭЖ, ДҮР БҮРИЙНХ НЬ ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ БИЧСЭН |
|