• Өнөөдөр 2024-05-09

Т.ЮНДЭН: Хамгийн нандин, үнэ цэнтэй зүйл үнэнч хайр, гэр бүл гэдгийг “Дурлалын ундаа” дууриар харуулна

2024-04-28,   354

   ДБЭТ-ын удирдаач Т.Юндэнтэй ярилцлаа. Тэрбээр энэ амралтын өдрүүдэд тайзнаа тоглож буй Г.Доницеттигийн “Дурлалын ундаа” дуурийн удирдаачаар ажиллаж буй юм. 

-Сайн байна уу. Юуны өмнө Г.Доницеттийн"Дурлалын ундаа" хошин дуурийг та бүхэн энэ өдрүүдэд тавьж байгаад баяр хүргэе. Удирдаачийн хувьд таныг энэ дуурь хэрхэн өсгөж, хөгжүүлсэн бэ гэдгээс яриагаа эхэлье?
 
             -"Дурлалын ундаа"  дуурь Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницетти залуу үедээ бичсэн гэдгээрээ онцлог. Дуурийн төгсгөлд гол дүрийн нэг болох Немориногийн дуулдаг романс бий. Энэ романс нь энэхүү дууриас өмнө бичигдсэн байдаг бөгөөд Г.Доницетти энэ романсдаа зориулж энэ дуурийг бичсэн түүхтэй юм билээ. Манай театрын урын санд түлхүү эмгэнэлт, харууслын дууриуд зонхилж буй. Хөнгөн, хошин, мелодрам дуурь гэвэл В.А.Моцартын "Увидаст лимбэ", Ж.Вердийн "Травиата" гээд байна. Үүн дээр Г.Доницеттигийн "Дурлалын ундаа" хошин дууриар урын санг баяжуулж байгаагаараа онцлог. Миний хувьд ОХУ-д одоогоор суралцаж байна. Энэ зун сургуулиа төгсөнө. Сурч байх хугацаандаа Монголдоо ирээд ДБЭТ-таа Ж.Бизегийн "Кармен" дуурийг удирдсан. Түүнээс өмнө П.И.Чайковскийн “Шелкунчик”, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас”, А.Адалын "Жезаль" дуурийг шинэчилсэн тавилтыг гардан удирдаж байсан. Үндэсний дууриас Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг удирдсан байна. Удирдахад хамгийн хэцүү байсан дуурь бол “Кармен”. Тухайн дуурийн үзэгчдэд өгөх гэж буй санаа нь гүн учир түүнийг хөгжмөөр дамжуулж гаргах хүнд байсан. Харин “Дурлалын ундаа” дууриас олон зүйлийг сурч байна. Шинэ дууриас дуучин, хөгжимчидтэй ажиллахад ямар байдаг, юунд анхаарах ёстойг мэдлээ. Мэргэжлийн багш маань ОХУ-ын Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович гэж хүн бий. “Дурлалын ундаа” дуурийг тавихдаа багшаасаа олон зүйлийг асууж, заалгасан. Тэр зарчмаараа ажиллаж байна.
-Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид жилд хэчнээн шинэ дуурь тавьдаг юм бэ?

         -Театрын удирдлага, бодлогоосоо хамаарна. Өнгөрсөн жил бид Ж.Вердийн “Макбет” дуурийг тавьсан. Энэ жил “Дурлалын ундаа” дууриар шинэ 60 жилээ угтаж байна. Тэгэхээр янз бүр л дээ. Гурван жилдээ нэг удаа шинэ дуурь, хоёр жилдээ нэг шинэ балет зэргээр төлөвлөн явах нь бий.
 
-Нэг дуурь тавихад хэчнээн хугацаанд бэлддэг юм бэ. “Дурлалын ундаа” дуурийн бэлтгэл хэчнээн хугацаанд өрнөсөн бэ?
 
        -“Дурлалын ундаа” дуурийг УДБЭТ-ын тайзнаа тоглох шийдвэр оны өмнө гарсан. Гоцлол дуучид хоёрдугаар сарын эхээс өнөөдрийг хүртэл амралтгүй бэлдсэн. Миний хувьд гуравдугаар сарын 14-нд Монголдоо ирээд, маргаашнаас нь эхлэн бэлтгэлдээ орсон. Шинэ дуурь тавихад хамгийн багадаа дөрвөөс таван сарын хугацаанд бэлддэг. Энэ дуурийн хувьд хугацаа нь тулсан учир богино хугацаанд шаргуу ажилласан.
-Ингэж бэлтгэл хийж байгаа уран бүтээлийн тань үр дүн театрыг зорьж буй үзэгчид байх. Дуурь, балет үзэх хүмүүс энэ цагт харьцангуй нэмэгдсэн болов уу?
 
         -Сонгодог урлаг бол сонгомол урлаг. Хэн сонгож, үзэж байгаад нь зориулагдсан урлаг. Мэдээж улс даяараа сонсох, шимтэн үздэг болоход нэлээд хугацаа орох байх. Өнөөдөр бол театрыг зорьж буй үзэгчид нэмэгдсэн ч танхим бүрэн дүүрэхгүй л байгаа. Харин энэ удаагийн дуурийг дүүрэн ирж үзээсэй гэж хүсэж байна. Учир нь 200 гаруй хүний хөдөлмөр, сэтгэлээр бүтсэн учир үзэгчдийг зорьж, амжиж ирж үзэхийг урьж байна.
 
-Энэ удаад та бүхэн хошин дуурь сонгожээ. Тайзнаа тавьж буй бүтээл ихэвчлэн нийгмээ даган сонгогддог шүү дээ. “Дурлалын ундаа” дуурийг яагаад энэ цаг үед тавьж байна вэ?
 
         -Урлаг бол тухайн нийгмээ шүүмжилдэг нэгэн хэлбэр.  Энэ ч утгаар нийгэмд өнөөдөр хар бараан, стресстэй, ёс зүйгүй байдал их байна. Тэгэхээр бидний дунд гээгдээд буй хүнлэг сэтгэл, тусч сайхан чанар, үнэнч хайр сэтгэлийнхээ төлөө хүн өөрөө тэмцдэг, зүтгэдэг байдлыг сануулах, гол энэ мөн чанараа битгий алдаасай гэдгийг л “Дурлалын ундаа” дууриар харуулахыг зорьсон. Ялангуяа, залуучууд хайр сэтгэлдээ үнэнч бус байгаагаас гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт их байна. Энэ нь хэвийн үзэгдэл мэт болчихсон нь харамсалтай. Тиймээс залууст гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл шүү, хайр дээр амьдралын үнэ цэн тогтдог гэдгийг л ойлгуулахыг хүссэн.
-Хоёр өдөр тоглогдоод дараа нь дахин тоглох уу?
      -Бид энэ дууриа жилдээ тогтмол тоглодог байя гэсэн байр суурьтай байгаа. 
-Таны хувьд фагот хөгжимчин мэргэжлээр төгсөөд, дараа нь удирдаачаар сурсан байдаг. Урлагийн төрлөөс яагаад удирдаач болохыг сонгов?
 
        -Ухаан орсон цагаасаа УДБЭТ хэмээх ягаан театрт гүйж өслөө. Манай аав МУГЖ Ц.Төвшинтөгс гэж хүн бий. Аавыгаа 1997 онд гавьяат цол авахад би гурван настай байлаа. Зургадугаар ангиа төгсөөд урлагийн сургуульд сурах тухайгаа аавтайгаа ярьсан. Аав маань залуудаа УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байлаа. Тэгээд аавын дотны найз СТА, А.Мөнхбат гэж хүнд шавь ороод, фагот хөгжим сурсан. Хоёр жилийн дараа оны шилдэг хүүхэд болоод, тухайн үед ажиллаж байсан “Цох” хүүхдийн сонинд “Том болоод алдартай удирдаач болно” гэсэн ярилцлага өгсөн байдаг. Хүний хувь тохиол сонин юм билээ, арваннэгдүгээр анги төгсөөд их сургуульд фагот хөгжмөөрөө сурах гээд орохдоо Ардын жүжигчин Ч.Чинбат удирдаачийн шавь болж, хувиараа хичээл авч эхэлсэн. Дөрвөн жил бакалавр, гурван жил магистраар сурч төгссөн. Тэгээд УДБЭТ-таа удирдаачаар ажиллаж эхэлсэн. Театрын уран бүтээлчид маань залуу төгсөгчийг дэмжиж, зааж зөвлөдөг байсан ч миний хувьд цааш илүү сурч мэдэх хүсэлдээ хөтлөгдөн ОХУ-ыг зорьсон. Ийм учраас удирдаач болохыг зорьсон гэх шалтгаан яг байхгүй юм байна, урлагт дуртай минь харин урлагийн гэр бүлд төрж, өссөнөөс үүдэлтэй. Гэхдээ хэзээ ч дуучин болно гэж бодож байгаагүй.
 
-Дуулдаг уу?
 
      -Мэдээж сонирхлоороо дуулна. Ах, эгч, хамаатан садныхаа найр, хуриманд  ая дууны дугараа өргөх нь бий.
 
-Театр, урлагийн байгууллагад залуу уран бүтээлчид ажиллаж, шинийг хийж бүтээх нь зүйтэй байх. Гэхдээ цалин мөнгө бага, эсвэл орон тоо байхгүй, шалгалт өгөөд тэнцэхгүйн үүднээс залуус төдийлөн ажиллах нь хомс байна. ОХУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа залуу уран бүтээлчийн хувьд үүнд  ямар санаа бодолтой байдаг вэ. Та цаашид театртаа ажиллах уу?
 
       -Одоогоор надад ОХУ-ын Улаан-Үдийн театр, Киргистаны театраас санал тавьсан. Гэхдээ би ягаан театрынхаа бүтээгдэхүүн шүү дээ. Удирдаач болох суурийг минь тавьж боломж олгосон театрынхаа хөгжилд мэдлэг, чадвараа зориулах нь зүйн хэрэг. Тиймээс цаашид театртаа ажиллаж, хийж бүтээх зүйл ч их байна.
-Залуу хүний хүсэл тэмүүллээр театрынхаа хөгжлийн төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулан ажиллахад бэрхшээлтэй зүйл бий юү?
 
       -Урлагийн хүний хэцүү зүйл нь гэр бүлдээ зарцуулах цаг бага. Хоёулаа урлагийн хүн бол бүр хүнд байх. Эхнэр минь харин урлагийн хүн биш. Тиймдээ ч намайг сургуульд сурах боломжоор хангаж, дэмжиж, хүүхдүүдээ харж байна. Гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй сурч боловсрохыг зорьж байгаагаа харахад нэг зураачийн хэлсэн үг санаанд орж байна. Зураачаас “Ямар хүнийг урлагийн хүн гэдэг вэ” гэхэд, “Сэтгэл нь баян халаас нь хоосон хүнийг хэлнэ” гэсэн байдаг. Мэдээж санхүүгийн бэрхшээл бол урлагт зүтгэж байгаа хүн бүрд тулгамдаж буй.  Гэхдээ нэг үеэ бодоход өөр болсон. Угтаа урлаг өөрөө мөнгөөр хязгаарлагдаж, хөшүүрэгдэхгүй зүйл шүү дээ. Тэгэхээр ажлаа амжилттай хийгээд, үр хүүхэд маань эрүүл энх байхад бэрхшээл гэж байхгүй.
 
-Удирдаач Т.Юндэн гээд таныг тухайн бүтээлд тайзнаа зарлаад л өнгөрдөг. Түүнээс хамаг цаг хугацаа, хөдөлмөрөө зориулсан гэдгийг үзэгчид төдийлөн мэддэггүй шүү дээ. Энэ байдал гонсгор санагддаг уу. Театрын удирдаач гэж яг ямар ажил үүрэгтэй хүн бэ гэдгийг мэдэхгүй хүн ч бий шүү дээ? 
 
              -Зүгээр шүү дээ. Хүн бүрд мэдэгдэж, яригдах нь гол биш. Бидний үндсэн чиг зорилго бол уран бүтээлчдээ нэгдүүлэх, нэг зорилго руу харуулах. Нарийн ярих юм бол уран бүтээлчдээ мэдлэг мэдээллээр нь хангах, дүрээ зөв амилуулах боломж мэдээллийг олгох үүрэгтэй. Энэ үүрэгт ажлаа сайн хийхэд л болох шүү дээ. Түүнээс хүмүүст өөрийгөө мэдэгдүүлэх амбиц байдаггүй. Тийм зүйл боддог ч үгүй.

-Тэгвэл удирдаачийн юу нь таныг татдаг вэ?
 
          -Хүмүүстэй ажиллах процесс нь гоё. Уран бүтээлчдийнхээ шаардлагад нийцэхийн тулд өөрийгөө хөгжүүлэх явц өөрөө амттай.
 
-Нөгөө талаар таны шаардлагад уран бүтээлч нийцэхгүй, ажиллагаа илүү шаардах нь бий л байх. УДБЭТ-т тэнцэн ажиллаж буй уран бүтээлчдийн чадварыг удирдаачийн хувьд юу гэж харж явдаг бол?
 
      -Бидэнд хөдөлмөр хэрэгтэй гэж боддог. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр байхын дээр бас дахин хөдөлмөр байх ёстой санагддаг. Үүнийг мах, цусаараа тултал мэдэрсэн уран бүтээлчид дэлхийд амжилттай дуулж буй. Хэнээр ч шаардуулахгүйгээр өөрийнхөө төлөө тэмцэж, хөгжүүлж, өөрөө өөртэйгээ арав дахин ажиллаж, зүтгэдэг нь л амжилтын оргилд гарч байна. Урлагт золиос хэрэгтэй гэдэг үнэн. Амжилттай яваа уран бүтээлчдээс зарим нь өнөөдөр үр хүүхэдгүй ч явж байгаа шүү дээ. Гэхдээ ингэж хичээж буй хүн л дэлхийн оргил дээр зогсож буй.
 
-ДБЭТ-т хэдэн удирдаач ажиллаж байна вэ?
 
       -Дөрвөн удирдаач ажиллаж байна. Ерөнхий удирдаачаар Солонгос Улсад сургуульд төгсөөд ирж буй Ц. Тэлмүүн-Очир ажиллаж байна. Тэгээд СТА, удирдаач Ц.Гансүх, Т.Гэрэлцэцэг, миний бие ажиллаж байна.

            
    Дуурь бүжгийн эрдмийн театр гэх айлд ийм нэг сэтгэл, зүтгэл тэмүүлэл дүүрэн залуу удирдаач ажиллаж байдаг юм байна гэдгийг "Дурлалын ундаа" дуурийг тоглож буй энэ өдрүүдэд үзэгч та бидний яриаг уншаад мэдэж буй болов уу. Магад бүр мэддэг, удирдсан бүх балет, дуурийг нь шимтэн үзэгч ч энэ яриаг уншиж буй ч мэдэх юм. Юутай ч залуу удирдаачийн бүтээлтэй ДБЭТ-ыг зорьж уран бүтээлээр нь танилцаарай. Энэ удаа тэр "Дурлалын ундаа" дуурийг удирдаж байна.


Т.ЮНДЭН: Хамгийн нандин, үнэ цэнтэй зүйл үнэнч хайр, гэр бүл гэдгийг “Дурлалын ундаа” дууриар харуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-28 20:58:38
    зочин: дүүдээ амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-27 19:28:35
    Dd: Amjilt husie biletee avchirsan ochno doo
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188