• Өнөөдөр 2024-04-15

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН БҮЖГИЙН БАГШ А.АЛТАНЦЭЦЭГ: БҮЖИГ БОЛ МИНИЙ АМЬДРАЛ

2024-04-03,   593

       Дөрөвдүгээр ангийн жаахан охин анх удаа хот хэмээх олон хөлийн газар хөл тавьж, Хөгжим бүжгийн коллежед суралцахаар иржээ. Тэр хийл, морин хуур, төгөлдөр хуур, дуулаачийн ангийн алинд ч ороогүй. Түүний сонголт бүжиг байлаа. Хөдөлгөөний сайханд дурлаж, бүжгийн урлагийн ертөнцөд хархан бага наснаасаа сэтгэл зүрхээ уясаар өдгөө Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажиллаж буй эрхэм бол А.Алтанцэцэг.

             Алтай багшийг урлагийнхан, тэр дундаа Хонгор нутгийнхан андахгүй. Өдгөө Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх л урлагийн байгууллагад ажиллаж буй чадварлаг бүжигчдийн эгнээнд түүний шавь нар бий. Бүжгийн урлагт яах аргагүй Хонгор нутгаас соёлын үрийг тарьж буй нь тэр юм. Харин тэр өдгөө шавь нартайгаа хамтран Улаанбаатарт анхны бие даасан томоохон тоглолтоо хүргэхээр завгүй гүйнэ. Хорь гаруй жил урлагт зүтгэсэн тайлангаа үзэгчдийн өмнө “Их хүндэтгэл, их үргэлжлэл” нэртэйгээр тавихаар зэхэж байна. Оны өмнө Баянхонгор аймагтаа энэхүү тоглолтоо хүргэсэн байна.
 
 
        А.Алтанцэцэг багш “Би СУИС-ийг төгсөөд, 1997 оноос хойш өдгөө хүртэл Баянхонгор аймгийн театр тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд олон шавь нар бэлтгэсэн. Шавь нар минь миний мэргэжлийг өвлөн багш болж, шавь нартай ч болсон байна. Багшийн бахархал бол шавь нар нь. Миний бэлтгэсэн хүүхдүүдээс Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн сүлд чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхдийн ордон, Жанжин клуб гээд газруудад ажиллаж байна. Ази төдийгүй дэлхийд нэр алдраа мэргэжлээрээ дуурсгаж яваа бүжгийн багш, бүжигчид ч бий” гэнэ.
               -Баянхонгор аймгийнхан бол бүжигчин ард түмэн-
 
      "Манай аймагт хавар, намрын баяр гэж хоёр том бүжгийн баяр болдог. Энэ баярт оролцох гэж хүүхдүүд их хүлээдэг. Хавар болдог бүжгийн тэмцээнийг миний бие А.Алтанцэцэг багшаасаа нэрийнх нь эрхийг авч явуулдаг бол намар манай аймгийн Төв Халхын нэрт бүжиг дэглээч Б.Дэлэгдорж гуайн монгол бүжгийн уралдааныг намарт нь зохион байгуулдаг. Эндээс олон ч авьяастнууд төрдөг. Урлаг урлагийн дотроос бүжгийн урлаг хамгийн цогц бүтээл. Энэ урлагаар хүмүүжиж, бүтээгдэн ирсэн хүүхдүүд оюуны чадамж өндөртэй, аливаад хариуцлага, гүйцэтгэлтэй хүн болдог" гэнэ.
 
Аймагтаа тэр бүжиг хэмээх соёлын үрийг энэ хоёр том уралдаанаар өртөөлөн тарьж, урлагт дуртай, хайртай уран бүтээлчдийг анхлан олж нээж, их урлаг руу, их хот руу илгээж, өнөөдөр тив, дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлчдийг ч төрөлх нутгаасаа л төрүүлэн гаргасан байна. Ингэхдээ хүүхдүүддээ ардын бүжгээ өвлүүлэн зааж, түүний гайхамшгийг мэдрүүлэхээс гадна орчин цагт түгэн дэлгэрч буй урсгалуудыг ч хослуулан заадгаараа онцлог байна. Эндээс шавь нар нь өөрсдийн сонирхсон төрлөөрөө амжилт үзүүлж яваа аж.
             
-БҮЖИГ БОЛ АМЬДРАЛ-
 
       Өдгөө 26 жил бүжгийн урлагт тасралтгүй зүтгэж олон мянган шавь нартай болж, өнөөдөр ч хичээлээ орж, сурсан мэдсэнээ зааж яваа А.Алтанцэцэг багш "Миний амьдрал бол бүжиг" гэнэ. Бүх л талаараа цогц энэ урлагт би тууштай үнэнч зүтгэсээр ирсэн. Үнэхээр ч дуртай, хайртай мэргэжил минь. Анх сургуулиа төгсөөд театрт томилогдон ирсэн цагаасаа би хариуцлагатай ажиллахыг зорьсон" гэсэн юм. Хорь гаруйхан настай хонгор зүстэй охинд хот хүрээнд ажиллах бодол бишгүй л төрсөн болов уу. Гэхдээ аав, ээж, ахан дүүсийнхээ суудаг нутагтаа бүжгийн урлагт олон авьяастныг төрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэх хувь заяа түүнийх байж.
 
       Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театраар ороод гарсан хэнтэй ч турьхан биетэй, гялалзсан гэрэлт энэ эмэгтэй толгой дохин мэндэлдэг болов уу.
 
      Тэгээд ийм нэг авьяастан эх орондоо бүжигчдийг бэлтгэж, сонирхон ирсэн хэн бүхнийг урлагт дурлуулан суугааг бахддаг биз ээ. Үнэхээр ч их хүндэтгэл, их үргэлжлэл юм. Тэр нутаг ус, аав, ээж, элэг зүрхэнд эгшин эгшиглэгч бүхнийг бүжигтээ шингээн бүжиглэдэг эх нутгийнхаа эзэн болсон уран бүтээлч.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН БҮЖГИЙН БАГШ А.АЛТАНЦЭЦЭГ: БҮЖИГ БОЛ МИНИЙ АМЬДРАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188