• Өнөөдөр 2024-05-03

ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГ: НАМАЙГ ХАМГИЙН ИХ СОРЬСОН БҮТЭЭЛ “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ДУУ. СОД ХҮНИЙ БҮТЭЭЛ СОД Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭ

2024-04-02,   1056

        “ ...Үүлс үүлсээ даган нүүнэ

        Хүн хүндээ дасан тэмүүлнэ...” гээд “Тань руу нүүж явна” киноны дууны дахилт явахад өөрийн эрхгүй сэтгэл даган нүүнэ.

      Түүний дууг мэдээж урьд хэдэнтээ сонсож байсан ч энэ дуу шиг дотор минь нүүдэллэн орсон нь үгүй шиг санагдана. Ингээд бичихээр “Б.Баярцэцэгийн бүх дуу нь угаас хит, дурсамж” гэж хэлэх хүн ч бий байх. Үнэхээр ч хит. “Түүнтэй ярилцана даа” гэж бодож явсан ч гэнэтхэн тааралдаад, яаруухан ч ямартай ч асууна даа гэсэн бүхнээ асуусан нэгэн яриаг уншигч танд хүргэж байна.

     Түүний сэтгэлийн гүн рүү яруухан эгшиглэх хооолойгоор бид “Люмино” хамтлагийн “Хүнийх”, “Шөнө дундын бүжиг” жүжиг, "Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл”киноны дуу, “Тэнгэрт харвасан од”, “Содон аялгуу”, “Туждаа хамт явах сан”, “Чамайгаа мартахгүй”, "Намайг зур" зэрэг олон сайхан дууг сонсдог билээ.

-2023 онд та хоёр ч тоглолтоо фенүүддээ хүргэсэн уран бүтээлийн олз дүүрэн жил байлаа. Үнэхээр уярам сайхан үдэш болсон шүү дээ?

     -Өмнө нь би есдүгээр сард ч юм уу, аравдугаар сард тоглоно гэсэн ямар нэгэн төлөвлөгөө гаргаж байгаагүй. Харин өнгөрсөн есдүгээр сард пянзны нээлт хийе гэж яваад, сүүлдээ тоглолт болсон. Дараа нь харин хүмүүсээс санал ирснээр дахин тоглосон. Анх удаа гурван мянган үзэгч ирж, гурван мянгуулаа инээж, уйлсан үдэш болж өнгөрсөн. Энэ тоо хүмүүсийн хувьд бага байж болох ч надад бол их тоо. Цаашид үүнээс ч илүү тоглолтыг хүргэх урам зориг авсан. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар жижигхэн эвент хийсэн. Ингээд харахаар уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан байна. Угаас би хорь гаруй жил урлагт зүтгэхдээ нэг ч өдөр бүтэн амарч байгаагүй. Байнгын уран бүтээл, дуунууд дээрээ ажиллаж байсан. Энэ хөдөлмөр маань ч магадгүй надад тэр гайхамшигтай үзэгчдийг бий болгосон байх. Одоо би хэнд ямар тоглолт үзэх хэрэгцээ байгааг бодсон. Дараагийн тоглолтоо 2027 онд гэж төлөвлөж байгаа. Тэр бол асар өөр, миний уран бүтээлийн карьерийн туршид байх хамгийн том тоглолт болно гэж одооноос төлөвлөж, төсөөлөөд явж байна. 

            -Хорь гаруй жилийн турш олон тоглолт хийсэн байх. Анхны тоглолтоо хүргэж байсан Б.Баярцэцэг, хамгийн сүүлд зөвхөн таныг сонсохоор зорин очсон тэр олон фэнд нь хүрсэн тоглолт хоёрыг харьцуулахад таны хөдөлмөрийн нийлбэр гарч ирж байгаа болов уу?

       -Тэр үнэнийг ёстой харж, ойлгосон гэж болно. Цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй тоглолт хийсэн хүн л сайн уран бүтээлч гэсэн буруу нэгэн ойлголт манайханд байдаг. Би хэзээ ч Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх тухай бодож байгаагүй. Миний хувьд сүүлийн тоглолтоосоо хойш өөрийгөө "Чи уран бүтээлч болжээ" гэж харж байгаа. Том тоглолт гэдэг тухайн тоглолтын найруулга, застав, Монголд байх тоглолтоос өөр түвшинд гаргах гэсэн хичээл зүтгэлээр илэрнэ үү гэхээс ирж байгаа хүний тоо, тасалбарын үнийн хэмжээ хамаагүй шүү дээ. Миний хувьд их азтай. Урлагт хорь гаруй жил дуулахдаа эхнээсээ л шилдэг уран бүтээлчидтэй ажилласан. Оюутан байхаасаа л Л.Балхжав ахын аялгууг нь хийсэн дуунуудаас дуулж эхэлсэн. Үүнд их талархаж явдаг.

-Эмч, санхүүгийн мэргэжлийг та сонирхож байсан юм билээ. Дуучин болох шийдвэрийг хэзээ гаргаж байв?

          -Алдартай дуучин болно гэж бодож байгаагүй. Харин зүгээр л дуулах дуртай охин байлаа. Багадаа эмч болох гэж хэсэг явсан. Дараа нь санхүүчээр төгссөн. Энэ бүхэн рүү зорьж, тэмүүлж, суралцаж явсан ч дуулахаа орхиогүй. Тэр бол миний чин хүсэл, дуртай зүйл минь шүү дээ. Хүний сэтгэл зүрхэнд орших туйлын зорилго гэж байдаг даа. Тэр бол миний хувьд дуулах. Ээж хэдийгээр бодитоор өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй гэж намайг чамладаг байсан ч би дуулсаар өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд хийсэн тоглолтыг ээж минь уйлж үзсэн гэсэн. Тэгээд анх удаа надад “Миний охин зөв сонголт хийсэн байна” гэж хэлсэн. Энэ үгийг би зүгээр ч нэг сонсоогүй. Ээжийгээ хүлээн зөвшөөртөл дуулахын тулд хичээж, өөртэйгээ ажиллаж, шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр бүхэн минь өнөөдрийн Б.Баярцэцэг шүү дээ.

-Яагаад тэгж хэлснийг нь ээжээсээ та асуусан уу?

        -Асууж амжаагүй л явна.

-Та ямар зан чанартай хүн бэ. Магад дуу шигээ зөөлөн, намуун нэгэн байх?

           -Би өөрийгөө асар тэвчээртэй гэж боддог. Дээрээс нь урлагийн хүн бол дандаа нийгмийн харилцаанд орж явдаг. Тиймээс бусадтай харилцах харилцаа, хүн чанарын хувьд чиг шугамтай явах сан гэж хичээдэг.

-Дуу бүр тань хит болсон ч “Дуулахаа больё” гэж шуудхан шийдээд, ухарч байсан үе бий болов уу?

       -Анх Хятадаас 2008 онд шагнал авч ирэхэд сошиалаар над руу маш их дайрч, шүүмжилсэн. Манайхан чинь Хятад гэхээр их дургүй шүү дээ. Тэгэхэд дуулахгүй хоёр жил болсон. Гэхдээ тэр бол хэсэг цаг хугацааны л зогсолт байсан л даа.

-Харин эсрэгээрээ “Би л дуулж байна, миний дуунууд л эгшиглэж байна” гэж хөөрч байв уу. Үнэхээр 2000 оноос хойш бол маргаангүй хитүүдийн нэг нь та шүү дээ?

            -Надад тэгж бодож, онгирсон үе байхгүй. Сургуульд байхаасаа л хамгийн хамгийн нь байсан. Магад ээж минь хүн өөрийгөө бодитоор үнэлж сурах хэрэгтэй гэдэг зүйлийг надад ойлгуулаагүй бол хөөрөх байсан байж мэдэх юм. Тиймдээ ч би өөртөө огт ханаж байгаагүй. Харин одоо л өөртөө “Би үнэхээр сайн ажилласан байна” гэж хэлээд байгаа.

-Дуу зүгээр ч нэг дуулаад л хит болдоггүйг сонсогчийн хувьд гадарлах юм байна. Их ажиллагаа, үг бүрийг мэдэрч өөртөө нутагшуулах, аялгууг бүрэн гүйцэт ойлгох гээд олон зүйл бий шүү дээ. Таны хамгийн удаан мөртлөө шандас сорьсон бүтээл тань аль нь вэ?

                   -“Тань руу нүүж явна” киноны дуу. Энэ дуун дээр би хоёр жил ажилласан. Их амаргүй байсан. Эхэндээ хөгжмөө сонсоод уйлна. Үнэхээр сод бүтээл гэдэг сод л байдаг юм билээ. Дуучнаас зориг, чансаа, ур чадвар гээд олон зүйл шаардддаг гэдгийг ойлгосон.

-Та сайхан дуулсан шүү дээ?

           -Дээр хэлсэнчлэн удаан ажилласны л үр дүн болов уу.

  -Гэрээсээ та ганцаараа урлагийн мэргэжил сонгосон уу?

       -Элэнц өвөө маань дуучин хүн байсан. Тэр дундаа Богд хааны ордонд дуучин байсан түүхтэй. Өвөө, эмээгийн минь талын улс туульч, зохиолч гээд уран бүтээлчид бий. Дуулж байгаагаас харин одоо би л байна.

-Таны дуу хүмүүсийн сэтгэл зүрхэнд “очоод” байгаагийн учир юу юм бэ?

         -Дуугаа би эзэнтэй, амьтай дуулахыг хичээдэг. Хүмүүс дуунуудыг маань эзэнтэй гэж харддаг. Үнэндээ би өөрөө амь оруулж, эзэнтэй байлгаж чаддаг. Нэг ёсондоо аав, ээж, хайр гээд бүгдийг нь өөр дээрээ тусгаж аваад, төсөөлж дуулахад цаанаа амьтай, эзэнтэй мэт сонсогддог байх. Үүгээрээ л үзэгчдэд илүүтэй хүрдэг болов уу.

             -Анхны бүтээл тань “Өлгийн дууны бүүвэй” байх аа. Түүнээс хойш тэгээд “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” гээд киноны дуугаар тэсрэлт хийсэн шүү дээ?

     -Тийм ээ, “Өлгийн дууны бүүвэй”. Яагаад ч юм уянгын дуунууд маань хүмүүст хүрдэг. “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” дуунаас өмнө хамтлагуудтай дуулсан. Сонсогчдоос сэтгэгдэл ирнэ л дээ. “Би чиний дууг сонсоод архинаас гарсан”, “Таны “Тэнгэрт харвасан од” дуу тань миний амьдралыг аварсан” гэх зэргээр сэтгэгдэл ирнэ. Нээрээ би “Тэнгэрт харвасан од” дуугаа 2003 онд дуулаад л сайжруулна гээд хадгалж байсан юм. Гэтэл “FM”-ээр явсаар байгаад хит болсон байна лээ. Тоглолт дээр хөгжимгүй дуулсан чинь хүмүүс дагаж дуулсан. Тэгээд “Би чинь ийм хиттэй байсан юм уу” гэж гайхсан шүү.

-Хайрын дуунуудаа дуулахад та хорь гаруйхан л настай байсан байх?

         -Тийм ээ. Хайрын тухай мэддэг л болсон байсан үе.

-20,30,40 нас гээд дуулахад өөр мэдрэгддэг үү?

           -Өөр байдаг. Хоолойны темпер огт өөр сонсогддог. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын ухаанаараа дуулна гэдгийг би одоо л ойлгож байгаа шүү дээ. 2000 оноос өмнөх Б.Баярцэцэгийг сонсвол нэг өөр сонсогдоно.

-2027 онд томоохон тоглолтоор тэсрэх бэлтгэлдээ орсон юм байна. Дуулахаас гадна өөрийгөө ямар төрлөөр нээхээр зорьж байгаа вэ?

        -Мэдээж брэндийнхээ ажлыг эхлүүлсэн. Түүнээс гадна би кино болон номын улаан хорхойтон. Тиймдээ ч багаа бүрдүүлж, дэлгэцийн нэг гоё бүтээл рүү орох төлөвлөгөөтэй байна.

       

Түүнтэй ярилцахад надад "Содон аялгуу" дуу нь хамгийн их санагдаж байв. Өөрийгөө, өөрийнхөөрөө дуу хоолойг энэ бүтээлээрээ хэлсэн шиг санагддаг. Дуунд, 

...Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс

Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй

Өр зүрхнээс минь содон аялгуу

Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ...гэх үгсээр эгшиглэдэг. Гарцаагүй содон хоолойтой уянгалаг эмэгтэй тэр мөн билээ.


ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГ: НАМАЙГ ХАМГИЙН ИХ СОРЬСОН БҮТЭЭЛ “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ДУУ. СОД ХҮНИЙ БҮТЭЭЛ СОД Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-04 09:52:41
    Түшиг: Дуу дуулагдаагүй бдаг бгаа шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 12:24:21
    Жамсран: Хангалын аянд хэн хэзээ ямар үг бичээд энэ дуулчихваа?!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188