• Өнөөдөр 2024-05-03

"ШАР ГЭГЭЭ" КИНОНЫ ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР Ү.БАЯРЖАРГАЛ: ЭХ ХҮН ХҮҮХДЭЭ АЛАГ ҮЗДЭГГҮЙТЭЙ АДИЛ БҮТЭЭЛ БҮРДЭЭ ХАЙРТАЙ

2024-04-01,   615

            “Мөнгөн мод 2023” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг "Оранж" энтертайнмент, "Промикс саунд" студи, “Red point” фильмийн хамтын бүтээл болох “ШАР ГЭГЭЭ” уран сайхны кино хүртсэн билээ.  Ингээд бид тус киноны продюсераар ажилласан Ү.Баяржаргалтай шагнал авах үед нь ийн ярилцлаа.

-Сайн байна уу. “Мөнгөн мод 2023” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг “Шар гэгээ”  уран сайхны кино хүртлээ. Танд болон танай хамт олонд баяр хүргэе.

          -Баярлалаа, баяртай байна. Миний хувьд ямар кинонууд өрсөлдөж, нэр дэвшиж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан болохоор гэнэтийн байлаа. Догдлол, сандрал хоёр зэрэг төрж байна. Кино гэдэг хамтын урлаг учраас арын албанд ажиллаж байгаа тогооч, жолооч гээд хүн бүрийн оролцоо киног амилуулахад үүрэг гүйцэтгэсэн. Тийм ч учраас кино багийнхандаа баярлалаа гэж хэлье. “Шар гэгээ” киноны зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуай бичсэн. Түүнийг нь гол дүрийн жүжигчид болох  Н.Ялалт, Э.Батнямбуу, Л.Жижжалам, Т.Энэрэл гээд гайхалтай дөрвөн жүжигчин амилуулж чадсан учраас үзэгчдэд илүү хүрсэн бол уу гэж бодож байна.

-Анх энэ зохиолыг хэрхэн кино болгохоор зорьж байв?

           -Продюсер хүний ажлыг тухайн киноны амжилт буюу тоон үзүүлэлтүүд нь хэмждэг. Бахархалтайгаар хэлэхэд, “Шар гэгээ” кино маань “Оранж” энтертайнментийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзэлттэй уран бүтээлээр шалгарсан. Түүнийгээ дагаад ашиг орлогоороо ч өндөрт тооцогдож байгаа юм. “Red point” фильмийн зураглаач Г.Гүенбаатар, найруулагч Б.Батдэлгэр нар надад санал тавьсанаар зохиолыг нь уншиж үзсэн. Зохиолоо уншиж, тооцоолсон тооцоололдоо хүрсний эцэст, байж болох хамгийн сайн кино гэж үзээд итгэлтэйгээр нэг баг болж ажилласан.

-Та хэчнээн бүтээлийн продюсераар ажиллаж байна вэ?

           -2016 онд “Оранж” энтертайнмент анх үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл продюсераар нь ажиллаж байна. Миний хувьд бие дааж 10 гаруй бүтээл дээр ажилласан. Продюсер хүн гэдэг эх хүнтэй адилхан. Эх хүн хүүхдүүдээ хэзээ ч алаг үздэггүйтэй адил бүтээлээ үр хүүхэд шигээ хайрладаг. Тийм болохооор би бүх кинондоо хайртай. Гэхдээ бүтээлд зарцуулсан цаг хугацаа харилцан адилгүй байдаг. “Оранж” энтертайнментийн хувьд тайз, дэлгэцийн 40 гаруй бүтээл дээр ажилласнаас ихэнх нь комедиан бүтээл эзэлдэг. Харин “Шар гэгээ” киноны хувьд драмм жанрын гэдгээрээ өмнөх бүтээлүүдээс онцлогтой.

-Үзэгчид юу үзэх дуртай, сонирхдог, аль нь илүү анхаарал татдаг талаарх судалгаа хийхээс л эхэлдэг болов уу?

            -Продюсер хүн зах зээлийнхээ судалгааг хийх үүрэгтэй байдаг. Үзэгчдийн үзэхийг хүссэн сонирхолд судалгаа тооцоо хийж, дүн шинжилгээ гаргасны үндсэн дээр уран бүтээл төрдөг. Уран бүтээл бол юмны түрүүнд явж, соён гэгээрүүлэх ёстой байдаг ч бид ард түмэндээ үйлчлэх гэдэг утгаараа хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн, хүртээмжтэй бүтээл бүтээхийг зорьдог. Давхар нэг баяртай мэдээ дуулгахад, биднийг  “Мөнгөн мод” авдаг өдөр “Оранж” энтертайнмент, Nomadia Pictures хамтарсан “START UP” гэх гарааны бизнес эхэлж байгаа залуучуудад зориулсан олон ангит киноны мотор дуугарсан юм. Мөн 2024 онд “Оранж” энтертайнментийн хувьд олон төсөл санаачлаад, хэрэгжүүлээд эхэлсэн.

-Таны хувьд яагаад кино урлагтай холбогдсон юм  бэ?

          -Би СУИС-ийн Радио телевизийн сургуулийг төгссөн. Тэр ч утгаараа кино урлагийн салбарт ажиллах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Хуучин манай компани “Гоо даль” гоо зүйн сэтгүүл гаргадаг байсан. Тэгээд  зах зээлийн зарчмаар цаасан хэвлэл шахагдаж, видео контент руу орж эхэлснээр одоогийн энтертайнментийг байгуулсан юм. Уран бүтээлч хүн хүсэл эрмэлзэлтэй, ажилдаа дуртай байх нь чухал. Тиймээс дуртай юмаа хийгээд амжиргаагаа залгуулаад амьдарч байгаа болохоор өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог. Кино урлагийн салбарт, тэр тусмаа эмэгтэй хүн арын албанд ажиллана гэдэг хэцүү. Тиймдээ ч урлагийн салбарт гарын арван хуруунд багтах эмэгтэйчүүд удирдах албанд ажиллаж байгаа байх. Тэдний нэг болоод ажиллаж байгаагийн хувьд өндөр хариуцлага хүлээдэг. Продюсер тухайн төслийг А-Я хүртэл буюу анх санаачилснаасаа үзэгчдэд хүргэх эцсийн шат хүртэл ажилладаг болохоор төсөлд гарч байгаа бэрхшээл асуудлыг тэр дор нь шийдээд явдаг.

-Хамтын бүтээл учир та бүхнээс сонгосон уран бүтээлчиддээ мөн хариуцлагатай байх, цагаа барих шаардлагыг тавьдаг болов уу?

            -Уран бүтээлч хүн ёс зүйн хувьд хариуцлага хандлага чухал байдаг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч мянга авьяастай байлаа гээд хандлага муу бол хамтран ажиллахад хэцүү. Кино баг бол нэг гэр бүл гэсэн үг. Энэ дунд нэг л хортой ургамал байхад тухайн уур амьсгалд асар их нөлөөлнө. Тэр тусмаа киноны чанарт тодорхой хэмжээнд тусна. Тиймээс бид уран бүтээлчдийн хандлага харилцаа, ёс суртахуун, авьяас чадвар гээд бүх талд нь үнэлгээ хийж, сонгосноор хамтран ажилладаг.

-Продюсераар нь ажилласан бүтээл дотроос нь их цаг хугацаа зарцуулсан, ур чадварыг тань илүүтэй сорьсон кино аль нь байв?

         -Телевизийн олон ангит кино урт хугацаанд зураг авалт хийгддэг том төсөл байдаг. Тэр ч утгаараа “Оранж” энтертайнментийн хэрэгжүүлсэн “Нийслэл хүүхэн” олон ангит кино гурван жил үргэлжилсэн том төсөл байсан. Цар тахлын үеэр хүмүүс хөл хорионд орчихсон үед зуны дэлгэр сайхныг үзэгчдэд үзүүлснээрээ телевизийн хамгийн өндөр үзүүлэлттэй бүтээл болж шалгарсан.

-Кино бүтээл нь үзэгчдэд хүрэх мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

          -Үзэгчдэд кино хүрэхээс өмнө бид мэдээж өдөр бүр шахам үздэг болохоор өөрсдөө киногоо үзэхэд ямар нэгэн хариу үйлдэл, эмоци байдаггүй. Харин үзэгчдийн сэтгэл хөдлөл, хариу үйлдлүүдийг харах мөч хамгийн хэцүү үе байдаг. Гэхдээ сандрал, догдлолтой нандин мөчүүдийн нэг яах аргагүй мөн л дөө. Үзэгчдийг баярлаж, гуниглахад нь дагаж сэтгэл хөдөлнө. Харин шүүмжийг авах гээхийн ухаанаар авна. Мэдээж шүүмжлэл байж уран бүтээлчид илүү чанартай бүтээл хийнэ. Эдгээрээс хамгийн бэрх нь киногоо үзэгчдэд хүргэх шат дамжлага юм л даа. Үзэгчдэд ямар санагдаж байгаа бол гэдгийг мэднэ гэдэг хамгийн хүнд түгшүүртэй буюу түгээлтийн үе шат байдаг.

-Уран бүтээлчдийн өмнө тулгардаг нэг асуудал бол оюуны өмчийн хулгай байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

          -Би оюуны өмчийн асуудалд хэд хэдэн удаа дуугарч байсан. Манай улсад хуулбарлах буюу оюуны өмчийн гэмт хэргийг  Зөрчлийн тухай хуулиар зохицуулан ажилладаг. Зөрчлийн тухай хуулиар оюуны өмчийг хулгайлсан гэмт хэрэгтнийг 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөдөг. Нэг уран бүтээл хийхэд ард нь олон хүний нойр хоолгүй ажилласан хүч хөдөлмөр явж байдаг.  Гэтэл хэн нэгний санаандгүй болон санаатай үйлдлээс болж эдгээр хүмүүсийн хүч хөдөлмөр талаар болж байгаа юм. Зарим хүмүүс оюуны өмчийн ойлголт дутуугаас болж санаандгүй сошиал орчинд түгээж байгаа бол нөгөө тал нь албан ёсны хаягнаас нь чанартай байдлаар үзэх зүйлийг маш чанаргүй хууль бус аргаар ашиг олох гэж цахим орчинд санаатай түгээдэг. Тиймээс үзэгчиддээ хэлэхэд, та бүхэн минь хэдхэн мянган төгрөгийн зөрүүнээс болж чанаргүй, хууль бус хулгайг битгий өөгшүүлээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

           -Баярлалаа

Б.ХОНГОРЗУЛ


"ШАР ГЭГЭЭ" КИНОНЫ ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР Ү.БАЯРЖАРГАЛ: ЭХ ХҮН ХҮҮХДЭЭ АЛАГ ҮЗДЭГГҮЙТЭЙ АДИЛ БҮТЭЭЛ БҮРДЭЭ ХАЙРТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188