• Өнөөдөр 2024-05-03

Х.ХАШХҮҮ: “МӨНГӨН МОД” БОЛ ГАНЦ МИНИЙХ БИШ, “ТЭНГЭРИЙН ХУТАГТ” БҮЖГЭН ЖҮЖГИЙН ШАГНАЛ

2024-03-30,   767

               “Бүжгийг нэг өгүүлбэрээр хэлбэл гялалзаад өнгөрөх залуу насны урлаг. Харин нэг үгээр хэлбэл гал” гэж Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү хэлсэн юм. Хүсэж мөрөөдөж, “жигүүрлэн нисдэг” энэ урлагтаа ч тэр “Алтан ураг” бүжгэн жүжгийн Тэмүүжингээс эхлэн олон сайхан дүрийг бүтээж,  гялалзаж чадсан. Гэхдээ бэртлийн улмаас арай залуудаа бүжиг дэглээч гэх төрөлд асан дүрэлзэж, олон сайхан бүжигчдийн галтай хүслийг бадрааж яваа нэгэн. Тэр бол Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээрээ “Мөнгөн мод-2023” наадмын шилдэг бүжиг дэглээч шагналыг хүртсэн түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө “Мөнгөн мод 2023” наадмын шилдэг бүжиг дэглээч шагнал хүртсэн танд баяр хүргэе. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг, “Тамгагүй төр” жүжгийн бүжгийг дэглэн ажилласан. Энэ бүх ажлын тань үр дүн гарч байна уу гэж харж байна?

             -Баярлалаа. “Мөнгөн мод 2022” наадамд бүжиг дэглээч номинацид “Тамгагүй төр” жүжгээр нэр дэвшиж байсан. Энэ жилийн наадамд “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр нэр дэвшээд шагналын эзэн болсондоо баяртай байна. Шагнал урамшуулал гэдэг хүний амьдралд гол дурсамж үлдээдэг зүйл шүү дээ. Миний хувьд өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан жил байлаа. Ажилласан уран бүтээлээсээ дурдвал “Тамгагүй төр” жүжгийн бүжгийг дэглэж, Лондонд 42 мянган үзэгчдэд хүргэсэн түүхэн үйл явдал болж өнгөрсөн. Түүнээс гадна Улаанбаатар театр болон Ю.Гэрэлбаатар найруулагч надад санал тавьснаар “Дэлхийн мод” хүүхдийн жүжгийг  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Бөмбөрцөг театр”-т тавилаа. Их ноён хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулж, гэгээнтэн хүний намтар, уран бүтээлээр нь бүжгэн жүжгийг Дорноговь аймагт зохион байгуулсан. Тэртээ 1800-аад онд хутагт Д.Данзанравжаа гуай театрын түүхийг дорно дахинд бий болгож байсан гэдэг утгаараа энэ гайхалтай хүний бүжгэн жүжгийг бүтээсэндээ баяртай байгаа. Энэ бүжгэн жүжиг нь Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид, Монгол улсын консерваторын бүжиг, циркийн оюутнууд, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, Дорноговь аймгийн 30 гаруй авьяаслаг бяцхан сурагч, “Саран хөхөө” театр болон арын албанд ажилласан 200 гаруй ажилчид гээд олон хүний хүч хөдөлмөр шаардсан бүтээл болсон. “Тэнгэрийн хутагт” жүжгийг сонирхож байгаа хүмүүст дөрөвдүгээр сарын 2-3-ний өдрүүдэд “Corporate hotel and convention center”-д болохыг мөн дуулгамаар байна. Мөн бидний хийсэн томоохон нэг ажил бол Монгол бүжгийн мастер класс буюу тайзны хэлбэрийн тоглолт. Г.Долгорсүрэн гуайн үлгэр дуурайллаар Монголын бүх бүжигчид хүмүүжсэн. Энэ гайхалтай хүний 100 жилд зориулж Монгол улсын консерваторын бүжиг, циркийн мэргэжлийн сургуультай хамтарч, ирээдүйн хойч үедээ өвлөн уламжлуулж явах зорилгоор тоглолтоо хүргэсэн.

-БҮЖИГ ДЭГЛЭЭЧ ХҮНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БОЛ БҮЖГЭН ЖҮЖИГ-

-“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг дэглэх саналыг хэрхэн тавьж байв. Нэг талаараа ховор завшаан мөртлөө өндөр хариуцлага болов уу?

           -Би Дорноговь аймгийн хүн юм. Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байгаад ОХУ-д Театр урлагийн академид бүжиг, дэглэгчийн мэргэжлээр сурсан. Бүжиг дэглээч хүний хүсэл мөрөөдөл бол бүжгэн жүжиг байдаг. Бүжгэн жүжгийг бүтээн туурвих гэдэг нь тэр хүнийг шалгаж, ур чадварын сорьж байдаг болохоор “Тэнгэрийн хутагт”  бүтээлээр өөрийгөө сорьж, харуулах боломж олдсон. Энэ боломжийг олгосон “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн гүйцэтгэх продюсер  Х.Ганбаатар найздаа баярлаж байна.  “Бүтээл хийе” гээд зориод ирэхэд нь, “Үгүй” гэж хэлж чадахгүй юм билээ. Тэгээд өөрийн эрхгүй татагдаад орсон.  Би өөрөө Дорноговь аймгийнх болохоор говийн догшин хутагтынхаа сүнсийг өргөн дээдэлж, бүтээлийг нь гаргах ёстой юм байна гэдэг үүднээс өөрийн эрхгүй татагдан, саналыг нь хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд л хоёр долоо хоногийн хугацаанд бүжгэн жүжгээ туурвиж билээ. “Тэнгэрийн хутагт” жүжгийн бүтээлд хамт байсан найз нөхөд, гэр бүлийнхэн болон хүч хөдөлмөрөө шингээн ажилласан бүх хүнд баярлалаа.

-Үзэгчдэд аливааг бүжгээр ойлгуулна гэдэг чинь их тэсвэр тэвчээр, ур чадвар шаарддаг байх. Хэзээнээс та бүжгийн урлагтай амьдралаа холбосон бэ?

          -Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга” гэдэг бүжгийн хамтлагт анх бүжиглэж эхэлсэн. Бүжгийн урлагийн гоё сайхныг мэдрээд, Хөгжим бүжгийн коллежид бүжгийн жүжигчин мэргэжлээр сурч төгслөө. Бүжгийн урлаг бол нэг орчихвол гарч чаддаггүй урлаг юм л даа. Хүний биеийн хөдөлгөөний гайхамшгийг харуулж, хүнийг татах увдистай урлаг гэж би хувьдаа боддог юм. Би өөрийнхөө ирээдүйг харсан юм болов уу гэж хааяа боддог. Яагаад гэвэл бүжигчин хүний карьер богинохон ч бүжиг дэглээч буюу бүжигчдийг урлах эрдэмд татагдан орж суралцсаны үр дүнд өнөөдрийн би энд зогсож байна.

-Бүжгийн эрдмийг зааж сургасан багшийнхаа тухай ярьж болох уу. Танд юу гэж захиж, сургадаг вэ?

           -Мэдээж багшийгаа ярихгүй байхын аргагүй. “Багш дор мөргөмүй” ч гэж сайхан үг байдаг. Надад олон багш бий. Тэр дундаас бүжгийн урлагт татан оруулж, дурлуулсан хүн бол “Говийн уянга” хамтлагийн Х.Энхтүвшин , Г.Очгэрэл багш нар маань. Мөн 2005 онд А.Хосбаяр, Н.Оюун гээд эрдэмтэн сайхан багш нар маань намайг мэргэжлийн бүжигчин болгон төгсгөж байлаа. Дараа нь Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар гэх хүнийг андахгүй байх. ОХУ руу бүжиг дэглээчээр сурах гээд явах үед С.Сүхбаатар багш минь “Дорнын их хүүд өрнийн их мэдлэг хүсье” гээд ташуур өгж явуулж билээ. Үг өрөө их хүчтэй зүйл шүү дээ. Би өөрөө дурлаж явсан мэргэжил ч энэ олон эрдэмтэн багш нарын маань ач гавьяа их байгаа. Тиймээс багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ямар ч уран бүтээл дээр ажилласан байнга ард минь бат зогсож, намайг чиглүүлж байдаг гэр бүлийн гишүүн, хайрт гэргийдээ баярлалаа. Хайртай шүү.

-Урлагийн хүн болгонд бүтээлийн онгод гэж байдаг шүү дээ. Үүнтэй адил танд бүжиг дэглэх санаа сэдэл хэрхэн төрдөг вэ?

        -Би бүжиглэх дуртай. Алдартай бүжиг дэглээч багш нарынхаа бүжгийг бүжиглэж, бүжгээр нь онгирч явсан үе бий. Тийм болохоор тайзан дээр бүжиглэж байгаа уран бүтээлчдийнхээ мэдрэмжийг би өөрөө мэдэрдэг. Миний дэглэсэн бүжгээр уран бүтээлчид болон бүжигчид маань өөртөө урам зоригийг аваасай гэж хүсдэг. Онгод гэхээсээ илүү хөг аялгуу маш чухал. Бид нар хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл хийж, хөгжмийн эрэл хайгуул хийдэг. Хөгжмийн зохиолчоор өөрийнхөө санаанд орсон хөгжим аялгууг гаргуулж, өөрийн биеэр гүйцэтгэж явна гэдэг чинь маш хэцүү зүйл байдаг. Онгод бол миний хувьд нэгт хөгжим, хоёрт өөрийн хүсэл эрмэлзэл. Энэ хоёр нэгдсэний үндсэн дээр Х.Хашхүүгийн бүтээл төрдөг юм шиг санагддаг.  

-Хөгжмийн зохиолчдын хөг аялгууг илүүтэй мэдэрч, тэдний хөгжмөөрөө дамжуулан хүргэх гэсэн санаа бодлыг бүжигчид л илүүтэй мэдэрч, эрдэг юм шиг санагддаг. Тэдний гайхамшигт авьяас билгийг бахдөх сэтгэл бишгүй төрдөг болов уу?

              -Монгол хүний авьяас хэзээ ч дундаршгүй. Тэр ч утгаараа “Асрын өндөр”, “Тэнгэрийн хутагт” жүжгүүдийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ах маань олон бүтээл туурвиснаар “Мөнгөн мод 2023” наадмын шагналын эзэн боллоо. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав гэх агуу хүмүүсийн бүтээл дээр  би бүжиглэж, хөглөгдсөн болохоор уран бүтээлүүдийг нь сонсох дуртай. Хөг аялгуунд нь хөглөгддөг болохоор хөгжмийн зохиолчдыг хүндлэхгүй байхын аргагүй. Тэд бол долоон нотыг дэлхий дахинд цуурайтуулж чаддаг гайхалтай хүмүүс шүү дээ.  Хамтран ажиллахад урамтай, сайхан байдаг Ш.Өлзийбаяр ахдаа баяр хүргэе. Анх бид хоёр тайзны бүжиг хийж байсан бол одоо бүжгэн жүжиг хийчихээд байна. Дараагийн бүтээлүүд яригдаж байгаа болохоор тухайн үед нь та бүхэндээ хэлэх болно.

-ӨВӨӨ МИНЬ АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ХХ ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ Ц.СЭВЖИД БАГШИЙН “УУРГАТАЙ АДУУЧИН” БҮЖГИЙГ БҮЖИГЛЭЖ БАЙСАН ГЭДЭГ-

-Бүжиг гэдэг бол дур сонирхол байхаас илүү авьяас чадвартай байж урагшлах урлаг шүү дээ. Таны удамд болон гэр бүлд нь бүжиглэдэг хүн бий юү?

              -Манай өвөө өмнө нь  Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн “Уургатай адуучин” бүжгийг бүжиглээд явж байсан талаараа оюутан байхад их ярьдаг байсан. Тийм болохоор ч тэр үү өвөөгийн минь хөдөлгөөний ур, авьяас нь надад байгаа юм болов уу. Бусдаар бол бүжгийн авьяастай хүн байхгүй. Гэхдээ аав минь морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг урлагийн авьяастай хүн байсан. Мөн ээж, ах хоёр маань гитар тоглодог байсан юм. Би ганцаараа  хөдөлгөөний урлаг, бүжиг гээд явсан.

-Анх ямар бүжгээр тайзнаа гарч байв?

            -Хүүхэд насандаа Ардын хувьсгалын 80 жилийн ойн баярт Дорноговь аймгаас 100 гаруй хүүхэдтэй хамт ирээд Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтэд оролцож байсан. Харин мэргэжлийн бүжигчин болоод Үндэсний урлагийн их театр буюу тухайн үеийн Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгад “Угсаатан” бүжгийн шонхор шувууг дүрслэн гарч, бүжигчний замналаа эхлүүлсэн. ОХУ-д сурч байхдаа 2011 онд “Нүүдэлчдийн аялгуу” уран бүтээлд говь нутгаа харуулсан дэглэлт хийж бүжиг дэглэгчийн замналаа эхэлсэн. Өнөөдрийн өндөрлөг дээрээс харахад би бүжгэн жүжиг хийчихсэн байна. Нөгөө талаараа илүү ихийг хийх урам зориг төрж байна.

-Бүжиг, бүжиг дэглээчийн мэргэжлийг та юутай зүйрлэх вэ?

          -Бүжгийн урлаг бол залуу насны мэргэжил байдаг. Залуу насандаа энэ төрлөөр гялалзаж чадахгүй харамсалтай шүү дээ. Бид бэлтгэлийн заал болон тайзнаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Бүжгийг би од харвахтай л ижил болов уу гэж боддог. Яг түүнтэй адил тайзан дээр гялалзаж, бүтээх, бүтээхгүй ч үе байна. Нуулгүй хэлэхэд,  өнөөдөр бүжиглэх нас минь хэдийнэ өнгөрч байна шүү дээ. Ингээд бодоход өөрийнхөө амьдралыг харвасан од гэж хэлнэ. Бүжигчин хүнийхээ хувьд өчнөөн сайхан гол болон туслах дүрийг бүтээсэн. Тэгээд цаашлаад мэдээж шат ахиад бүжиг дэглээч болсон болохоор харамсах зүйл байхгүй.  Бүжгийн урлагийг нэг үгээр гал гэж хэлмээр байна.

-Цаашдын уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.

Б.ХОНГОРЗУЛ


Х.ХАШХҮҮ: “МӨНГӨН МОД” БОЛ ГАНЦ МИНИЙХ БИШ, “ТЭНГЭРИЙН ХУТАГТ” БҮЖГЭН ЖҮЖГИЙН ШАГНАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-31 11:42:38
    Би: Сайхан даруухан авьяаслаг залууд амжилт хүсье. Тэнгэрийн хутагт гайхалтай бүтээл байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-31 08:33:48
    Зочин: Утга санааг нь ойлго. Бүжигчин хүний тайзан дээр байх цаг хугацааг хэлж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 10:41:46
    У.Шекспир: Шал онгироо хог вэ..харавсан од блаа ч гх шг..бүжигэн жүжиг хиичлээ ч гх шг..жоохн даруухан бвал яасын..Их эрдэмтэн хүн даруу. Их мөрөн дөлгөөн бдаг бга шү..
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188