• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН С.БАТЗОРИГ: "ЭЭЖ" КИНОНЫ ЦООЖ ШИГ ХҮМҮҮС ЭНЭ НИЙГМЭЭС БАЙХГҮЙ БОЛООСОЙ ГЭЖ ЭНЭ КИНОГ ХИЙСЭН

2024-03-22,   396

       Жүжигчин С.Батзоригтой ярилцлаа. Түүнийг бид "Найз", "Дурлалын магистр", "Алтан судал", "Аз жаргал", "Микроны босс", "Приусны босс", "Хар сувдны нууц" зэрэг киноны гол болон туслах дүрийг чадварлаг бүтээснээр нь мэдэх билээ. Сүүд тэрбээр "Ээж" уран сайхны киноны Цоожийн дүрд тоглосон юм. 

-Сайн байна уу. "Ээж" уран сайхны кинонд та эсрэг гол дүрийг бүтээлээ. Хошин урлагийн тайзнаа тоглосон номер, дэлгэцийн дүрүүд нь эерэг, хөгжилтэй шүү дээ. Таныг эсрэг дүрээр харах үзэгчдэд содон байлаа?
 
             -"Ээж" уран сайхны кино бол дэлхийн найман оронд гарсан бүтээл. Ес дэх орон болон Монголынхоо үзэгчдэд хүргэхээр найзтайгаа хамт албан ёсны эрхийг нь аваад хийсэн бүтээл. Мэдээж аливаа уран бүтээлийг хийхэд санхүү чухал. Тэгээд кино урлагийг дэмжигч VOO кино сан нааштай хандаад, Булган аймгийн Засаг даргын тамгын газар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран бүтээлцэж, өнгөрсөн зун зургийг нь аваад арваннэгдүгээр сарын 11-нд Корпорэйт конвешн центрт нээлтээ хийгээд, "Vоо" кино санд бүх анги нь орсон байгаа. Энэ бол гэр бүлийн далд хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон бүтээл. Орон орон өөрсдийн байдлаар хийж, шилдгээр шалгарч байсан юм билээ. Цоожийн дүр миний хувьд шинэ сорилт байсан.                                                                                                                                        
      Манай кинонд олон сайхан залуу уран бүтээлчид ажиллалаа. Мөн С.Болд-Эрдэнэ, Г.Золбоот, О.Оюун, Ж.Амарзаяа, Д.Цэрэндарьзав гээд уран бүтээлч ах, эгч нар маань тоглолоо. Үзэгчид ам сайтай, олон сайхан эерэг сэтгэгдэлтэй байгаад баяртай байгаа. "Ээж" киноны найруулагчаар нь Д.Тэмүүлэн ажилласан. Миний дүрийн хувьд найруулагч маань их зөвлөж, хэлсэн л дээ. Эсрэг дүр хүнд үлдэхдээ их хурдан, эерэг дүр харин мөлгөр учир жүжигчний ур чадварыг илүүтэй илэрхийлнэ. Гол дүрийн жүжигчин Б.Ариунчимэг маань их сайн тоглосон. Харин намайг үзэн ядсан хүмүүс их байна лээ. /инээв/
 
 
     -Хүчирхийллийн сэдэв, цахим гэмт хэрэг гээд зүйлс нийгэмд өчнөөн яригддаг. Өөрсдөө уран бүтээлчид зохиолоо бичээд хийх боломжтой шүү дээ. Яагаад заавал олон оронд гаргасан тэр киног сонгох болов?
       -Энэ өөрөө эмэгтэй хүн бичсэн, сайн зохиол байсан л даа. Кино гарахын өмнө "Дэлхий нийтэд тулгамдаад байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болно" гэсэн байдаг.  Тухайн орон албан ёсны эрхийг нь аваад өөрсдийнхөө хөрсөн дээр буулгадаг. Тэгээд найруулагч А.Баттүшиг маань зохиол дээр нь ажилласан.
-Энэ киноноос нь хойш эсрэг дүрийн санал ирсэн үү, танд?
 
       -Манай нэг найзаас богино хэмжээний контентэд тоглох санал ирсэн л дээ. Тэгээд цаг зав гараагүй учир орж чадаагүй. Одоогоор өөр санал байхгүй байна. Би өөрөө хошин урлагийн хүн. Сургуулиа дөнгөж төгсөөд л хошин урлагт орж байсан. Кино урлагийн нэг гоё зүйл нь хүн өөрийгөө эвдэж болдог. Цоож бол зохиол дээрээ анхнаасаа зэвүүн гарын дүр байсан. Түүнийг харин өшөө яаж гаргаж бүтээх нь чухал. Эсрэг дүр гэхээр заавал ширүүн дориун хараад, бахирч чарлаад байхдаа биш учир энгийнээр үзүүлэхийг хичээсэн.
 
-Гэр бүлийн хүн нь мөн уран бүтээлч шүү дээ. "Ээж" кинонд нийгмийн ажилтан эмэгтэйн дүрд тоглосон байна лээ. Охин нь бүр ч рольд тоглолоо шүү дээ?
 
       -Охин минь багаасаа л тоглолт болж байхад тайзны ард, кино натурт гээд дагаад явдаг байсан. Тэгээд л нэг мэдэх нь ээ урлагт дуртай болдог юм байна. Дөрвөн сарын хугацаанд зураг авахад өөр хүүхэд тоглуулсан бол аав, ээжээс нь хол, хичээл сургууль завсардаад хэцүү. Тэр талаасаа бол охин минь тоглохоор амар байлаа. Гэхдээ үертэй гол, цэл хүйтэн усан бассейн гээд хүнд зураг авалтад ч их орлоо. Сүүлдээ муу охиноо өрөвдөж л байлаа. Гэхдээ өөрөө дуртай болохоор торохгүй даваад гарсанд баярлаж байгаа. Олон ч хүн охинд минь урам хайрласан.
 
-"Ээж" киноноос хойш ямар уран бүтээлийн сонин сайхантай байна вэ?
 
      -Дараагийн уран бүтээл Ш.Гүрбазарын зохиол "Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ” жүжгийг "Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболд ахаас эрхийг нь аваад дахин тайзнаа тоглох гэж байна. 2002 оны хавар энэ жүжгийг анх тавигдсанаас хойш 22 жилийн дараа тайзнаа дахин тоглох гэж буй юм. Жүжигчин Х.Цасчихэртэй хамтран тавихаар ярьж байна. Найруулагчаар нь СУИС-ийн багш, найруулагч ажиллана. Миний хувьд продюсерийнхээ үүргийг гүйцэтгэж, мөн оролцон тоглоно. 
 
-Хэчнээн уран бүтээлийн продюсераар ажилласан байна вэ?
      -"Ээж" киноноос өмнө бол гурван ч бүтээл байна. "Орилоон" I, II аймшгийн кино, "Сүнстэй байшин" контент гээд бий, бий.
-Сургуулиа төгсөөд хэчнээн жил болчихсон байна вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ, анх хэрхэн урлагийн хүн болохоор зорьж байв?

       -Сургуулиа төгсөөд хэдийнэ 20 жил болжээ. СУИС-ийг С.Сугар багшийн удирдлагад төгссөн. Манай ангиас жүжигчин Т.Бархүү, Д.Галбаяр, Т.Хулан гээд олон уран бүтээлч мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Анх сургуулиа төгсөөд хошин урлагт ороод, МУГЖ С.Лхагвасүрэн ахынхаа "Эрхэм элч" продакшнд орж байлаа. Би гурван хүүхэдтэй айлын бага нь. Арван жилээ төгсөөд, Дорнод аймгийнхаа театрт ажиллаж байлаа. Тэгээд нэг удаа зүүн бүсийн жүжгийн уралдаанд туслах дүрд тоглож байх үед МУГЖ Б.Тунгалаг эгч "Чи жүжигчнээр сураарай" гэж хэлж байсан. Тэгээд СУИС-д очиж шалгуулаад хамгийн анх Ардын жүжигчин Д.Лхамхүү багшийнхаа удирдлагад сураад, хоёрдугаар курсээсээ С.Сугар багшийнхаа ангид ирээд, тэр гайхалтай эрхэм хүний удирдлагад сургуулиа төгссөн дөө. Багаасаа л урлагт дуртай, сонирхолтой, тавдугаар ангиасаа хойш аравдугаар анги төгстөлөө сургуулийн алиалагч байлаа. 

    -Урлагт дуртай байх үедээ ямар уран бүтээлчдийг үздэг байв. Хошин урлагийн уран бүтээлчид ид гарч ирж байсан байх?
 
   -Аравдугаар анги төгсөхөд хошин урлагийн ах, эгч нар ид гоё тоглож байлаа. Амбий, Бооёо, Хүрэлээ гээд мундагчууд бол бидний жүжигчин болох хүслийг үнэхээр асаан бадрааж, хөглөж байсан. Амбий ах манай Дорнодынх учир их ойр. Тэгээд театрт ирж тоглохоороо "Хурдан араас ирээрэй" гэнэ. Тэгээд л "Ийм гоё жүжигчин болох юм сан" гэж мөрөөдөөд, сургуулиа төгсөөд дараа нь ёстой дунд орж тоглоод, их зүйл ч сурсан даа. Нэг удаа хошин урлагийн Б.Батзаяа ах хэдэн уран бүтээлчидтэй манай Дорнод аймагт ирээд тоглоход нь мөнгөгүй байхгүй, эхнэрээс нь гуйж байгаад үзэж байлаа. Хэзээ хойно дараа нь хамт тоглож байхдаа дурсамж болгон яриад, инээлдэж байсан.
   
 -Хошин урлагт ороод хамгийн анх ямар дүрд тоглож байв. Таныг яагаад "Ишчүү" гэж нэрлэх болсон бэ?
       
               -СУИС-ийн оюутан байхаас л өгсөн нэр. Нэгдүгээр курсийн шалгалтандаа инээдмийн этюд үзүүлэх гээд бөх болоод "Ишчүү, ишчүү" гээд уначихдаг юм. Тэгэхэд дээд курсийнхэн маань үзэж байгаад, "Иш чүү хаана байна, Иш чүү нааш ир дээ" гэж дуудсаар байгаад нэг мэдэхэд ийм нэртэй болсон. Тухайн үед утас дэлгэрээгүй байсан үе учир хөдөөнөөс захидал ирнэ. Тэгсэн надад С.Батзоригт гээд хаягласан захиа ирсан чинь хэн ч нэрийг минь мэдэхгүй байсаар бараг сар болсон байсан.
 
  -Одоо хошин урлагийн тайзаа санаж байгаа байх. Уран бүтээлчид хошин урлагийн номероо тоглохоо болиод нэлээд удаж, энэ гуравдугаар сард Х-ТҮЦ  "Show time" тоглолтоо нээлээ. Олон хүний дурсамж сэргээд сайхан байх шиг байна. Та үзэв үү?

               -Арай үзэж амжаагүй байна. "Х-ТҮЦ" продакшны энэ тоглолт үнэхээр гоё болсон байх аа. Тоглох болсныг нь дуулаад л "Ямар гоё юм бэ" гэж бодсон. Хошин урлагийн уран бүтээлчдийг алиалагч нар гээд элдэв янзаар хэсэг хэллээ шүү дээ. Тэгээд цар тахал гээд зогсоод, одоо харин ингээд эргээд гараад ирж байгаа нь надад бүх зүйл эдгэсэн юм шиг гоё санагдаж, сэтгэл сэргээж байна. Сошиалаас үзсэн үзэгчид ч үгүйлэн санасан байгаа нь мэдрэгдэж байна лээ. Тайзаа мэдээж саналгүй яах вэ. Үзэгчидтэй шууд уулздаг учир амьд, хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг. 

    -Ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Уран бүтээлчийнх нь хувьд ямар уран бүтээлч гэж хардаг вэ?
 
           -Эхнэртэйгээ би 2011 онд "Улаан эрэг" киноны үеэр танилцаж байсан. Эхнэр маань сургуулиа төгсөөд нэг их удаагүй байсан л даа. Эхнэрээрээ их бахархана. Манай хүн бол цэвэр драмын хүн шүү дээ, дотогшоогоо тоглосон дүрд бол чадварлаг. "Ээж" кинонд зургийн даргаар ажиллалаа. Арын албыг бол яс хариуцна. Хоёулаа уран бүтээлч байхад давуу тал олон бий. Бага маань сая хоёр нас хүрлээ. Мөн л бид хоёрыг киноны зурагт дагаж яваад, хэн завтай, нааш ир гэсэн дээр нь очоод сурчихсан. Охиноо харин кинонд тоглоод халшрах юм болов уу гэсэн харин ч дуртай байна. Ангийнхаа урлагийн үйл ажиллагаанд хамгийн түрүүнд оролцоод, идэвхтэй байна.
 
      -"Ээж" кино үзэгчдэд амжилттай хүрсэн нь олон ангит кино хийвэл болох юм байна гэсэн урмыг өгсөн болов уу. Цаашид ямар бүтээлийн зорилго байна вэ?
    -Нийгэмд хөндөгдөх ёстой үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэл гэх зэрэг асуудлыг чиглэж кино хийх бодол байна. Уран бүтээлч бид яах аргагүй бүтээлээрээ дамжуулан дуугарч байх ёстой шүү дээ. Юутай ч эхний ээлжид жүжгийн ажилдаа орсон байна. Араас нь мэдээж уран бүтээлч хүний хувьд бодсон, санасан зүйл бий.                            
-20 жилийн хугацаанд та олон ч дүрд ажиллалаа. Одоо харин ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?
 
     -Түүхэн кинонд гоё дүр бүтээхийг хүсэж байна. Гэхдээ эртний гэхээс илүү ойрхны нэг тийм гоё түүхэн кинонд. Тэгээд жүжигчин ямар ч дүрд тоглож, хувирч байдгаараа сайхан мэргэжил шүү дээ.
 
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
          -Баярлалаа.
 

ЖҮЖИГЧИН С.БАТЗОРИГ: "ЭЭЖ" КИНОНЫ ЦООЖ ШИГ ХҮМҮҮС ЭНЭ НИЙГМЭЭС БАЙХГҮЙ БОЛООСОЙ ГЭЖ ЭНЭ КИНОГ ХИЙСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188