• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН Х.НАМУУН: ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ О.ЭНХТУУЛ ЭГЧТЭЙГЭЭ ХАМТ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ТОГЛОНО ГЭДЭГ ТОМ АЗ ЗАВШААН БАЙЛАА

2024-03-31,   2405

   Оюутны ширээнээс “Мөрөөдлийн театр”-т хөл тавьж, урлагийн замд тууштай хөдөлмөрлөн туслах дүрээс гол дүр хүртэл бүтээж байгаа залуу жүжигчин Х.Намуунтай ярилцлаа. Тэрбээр Төрийн соёрхолт жүжигчин Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүрч буй “Тод хувцастай эмэгтэй” жүжгийн Ариунаагийн дүрд тоглож байгаа билээ.

-Сайн  байна уу. Юуны өмнө танай хамт олонд “Тод хувцастай эмэгтэй” жүжгээ үзэгчдэд амжилттай хүргэж байгаад баяр хүргэе. Манай сайтын үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

            -Сайн. Сайн байна уу. Баярлалаа.  “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Х.Намуун байна. 2015 онд Соёл урлагийн их сургуулийг Ж.Лхамхүү багшийн удирдлага дор  жүжигчин мэргэжлээр төгссөн.

-Таны хүүхэд насны дурсамжаар яриагаа эхлэх үү. Бага нас нь  хаана өнгөрөөсөн бэ. Ямар хүүхэд байсан бэ?

          -Бага насаа “Нисэх”-д өнгөрөөсөн. Нэг эгчтэй, айлын бага. Гэхдээ айлын ганц хүүхэд шиг эрх өссөн. Хөлд эрт орсон ч хэлд нэлээд удаж байж орсон гэж гэрийнхэн минь ярьдаг юм. Гэхдээ сайн ярьж өөрийгөө илэрхийлж чадахгүй хэр нь хоёр настай байхдаа сохор хүн болж гэрийнхнийгээ айлгадаг байсан гэдэг. Ер нь адтай, сэргэлэн, бас шооч хүүхэд байсан гэж ээж, аав минь хэлсэн. Юм л бол эцэг эхийгээ чаддаг хүүхэд байсан гэдэг. Харин би халимаг үстэй, нэлээн хөдөлгөөнтэй эршүүд хүүхэд байснаа их санадаг. Гэхдээ хүмүүстэй харилцах харилцаа,өөрийгөө ойлгуулах тал дээр ичимхий байсан. Сониуч байсан болохоор элдэв зүйл туршиж үзэх, оролдох сонирхолтой байсан. Ахлах ангидаа жүжигчин мэргэжлийг сонгох шийдвэр гаргасан учраас ичимхий зангаа хойш орхиод, хүмүүстэй харилцаж сурсан.

            Ингээд СУИС-ийн ТУС-д жүжигчин мэргэжлээр суралцахаар элсэн орсон. Их сургууль гэхээр л СУИС-ийг лекцийн танхимтай олон өрөөтэй, ширээ сандалтай суудаг байх гэж бодож байсан ч төсөөлснөөс өөр байж билээ. СУИС-д сурсан дөрвөн жил бол маш дурсамжтай, их зүйл сурсан жилүүд байсан. Багш нар минь нэг зүйлийг үргэлж хэлдэг. Тэр нь нэгт жүжигчин хүн “Хүн байх ёстой”, хүнийг ойлгох чадвартай байх хэрэгтэй” гэж зааж байлаа. 

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн зүйл юу вэ?

            -Урлагийн хүн болоход аав минь л хамгийн их нөлөөлсөн дөө. Урлагийн хүн биш хэдий ч урлагт хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс. Тийм  учраас бага наснаас минь эхлээд  урлагийг ойлгуулсан. Аав бид хоёр хамт үзсэн жүжиг, дууныхаа талаар ярилцаад суучихдаг, кино их үздэг байлаа. Одоо бодоход тэр бүхэн нөлөөлж урлагт дуртай болсондоо. Анх жүжигчин болохоор шийдээд, гэрийнхэндээ хэлэхэд их гайхаж хүлээж авсан. Тэгээд аав минь “Жүжигчний мэргэжил хатуу хүнд шүү дээ. Миний охин чинь эрх, ааштай байж чадах уу” гэж байсан.  Би шийдчихсэн байсан болохоор “Би чадна аа” гээд л жүжигчин мэргэжлийг сонгосон юм. Дэлгэцийн уран бүтээлээс тайзны уран бүтээл илүү таалагддаг. Учир нь амьд мэдрэмж өгдөг.

-Мөрөөдлийн театрт хэрхэн орсон бэ. Хамт олныхоо талаар ярьж өгөхгүй юү?

           -2017 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Мөрөөдлийн театрын жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Оюутан байхад “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид шинэ тоглолт хийх гэж байгаа гээд СУИС-иас пробод орох хүүхэд авах гэж ирсэн. Тухайн үед манай ангийнхан бүгд шалгаруултанд орсон. Анх тэр тоглолтод бүжиглэх гэж ирсэн хүн чинь жүжгийн бэлтгэлд нь ороод одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж эхлэснээсээ хойш хоёр шоу тоглолт, дөрвөн драмын жүжигт орсон байна. Миний сонгосон хоёр дахь гэр бүл гэж хэлж болно. Бүхэл бүтэн долоон жилийн турш ах, эгч нараасаа их зүйлс сурч, хөгжсөөр байна. Тэд минь надад итгэл хүлээлгэдэг учир итгэлийг нь алдахгүйг хичээдэг.

-“Тод хувцастай эмэгтэй” жүжгийн гурван хүүхэдтэй айлын бага охин Ариунаагийн дүрд тоглож байна. “Мөрөөдлийн театр”-ын тоглолтоос Намууныг харж байсан ч энэ удаа дүр нь яах аргагүй онцлог, голлон тоглож байна шүү дээ. Үүгээрээ өөрт чинь ч том хичээл болж байгаа байх. Нөгөө талаар тухайн дүр таны хувь хүн талаас хэр ойр санагдсан бэ?

            -Тийм ээ. “Тод хувцастай эмэгтэй” жүжгийн Цолмон гэх айлын бага охин Ариунаагийн дүрд тоглож байна. Ариунаа надтай хувь хүнийхээ мөн  зан чанарын хувьд, шийдэмгий байдлаараа төстэй. Мэдээж энэ дүрийг авсан минь том хариуцлага, итгэл. Энэ ч утгаар хичээн ажиллаж байгаа.

-Жүжгийн бэлтгэлд хэдий хугацааг зарцуулсан бэ. Олон жил урлагийн салбарт ажилласан туршлагатай хүмүүстэй хамтрахад ямар байсан бэ?

           -“Тод хувцастай эмэгтэй” жүжгийг хоёр сарын хугацаанд бэлдэж, энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Өнөө цагийн акулуудтай ажиллаж байгаа нь жүжигчин хүний хувьд  аз завшаан гэж хэлж болно. Жүжигчин О.Энхтуул эгчээс их үлгэр дуурайлал авдаг. Тэр ч утгаар нэг тайзнаа ээж, охины дүрд тоглож байгаа минь том завшаан. Мундаг уран бүтээлч ах, эгч нараасаа их зүйлс сурч байгаа учраас би өөрийгөө их азтай хүн гэж боддог.

-Жүжгийн бэлтгэлийн үеэр болж байсан хөгжилтэй, дурсамжтай үеэ хуваалцахгүй юу?

             -Өглөө эрт цуглаад шөнө орой болтлоо бэлдэх, хонож өнжих тохиолдлууд байсан. Хөгжилтэй явдлаа мартталаа бэлдсэн байна.

-Жүжгээ үзэгчдийн өмнө анх удаагаа тавихад ямар мэдрэмж төрсөн бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

         -Нээлтийн өдөр бол маш чухал өдөр учраас сандрал бол нэлээд байсан. Тэр үед жүжигчин О.Энхтуул эгч минь бид нарыг тайвшруулсан. Тийм болохоор өмнөх тоглолтуудаасаа илүү тайван байж үзэгчдийнхээ өмнө тоглож чадсан. Үзэгчдийн сэтгэгдэл өндөр харагдсан. Хүмүүсийн хүлээж авч байгаа эмоци, мэдрэмжийг хараад маш их баяртай байна. “Тод хувцастай эмэгтэй” бол эх хүн ямар агуу байдаг талаар ойлгуулж өгсөн уран бүтээл. Жүжгийг маань үзсэн хэн бүхэн шууд ээж рүү гээ залгах байх.

-Мөрөөдлийн театрын отгон нь гэж хэлж болох байх, Ах эгч нар нь юу гэж зөвлөдөг вэ?

      -Долоон жил болсон ч хамгийн бага нь хэвээрээ байгаа. Тийм болохоор ах, эгч нар минь эрхлүүлэх үедээ эрхлүүлнэ. Буруу зүйл хийсэн үед минь зэмлэнэ. Тэглээ гээд хүндээр тусгаж авдаггүй. Харин би юун дээр алдсан бэ гэдгээ бодоод засах гэж хичээдэг. Зөвхөн энэ газар ажиллаж байгаа гээд өөрийгөө блоклоод  энд үлдэх албагүй. Тиймээс өөрийгөө хөгжүүл, эрэл хайгуул хий, шинэ юм турш гэж их зөвлөдөг.

-Цаашдын зорилго, мөрөөдлөө хуваалцаж болох уу?

       -Тайзны уран бүтээлд хайртай учраас үүнийгээ орхихгүй. Цаашлаад дэлхийн хэмжээний тайзан дээр гарч жүжиглэхийг хүсдэг. Тэр тусмаа Английн театрт жүжиг үзэхээс гадна жүжиглэхийг мөрөөддөг.

-Ярилцсанд баярлалаа.

            -Баярлалаа.

Б.ХОНГОРЗУЛ


ЖҮЖИГЧИН Х.НАМУУН: ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ О.ЭНХТУУЛ ЭГЧТЭЙГЭЭ ХАМТ НЭГ ТАЙЗАН ДЭЭР ТОГЛОНО ГЭДЭГ ТОМ АЗ ЗАВШААН БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-17 11:14:19
    Сайшаалт Ерөөлт : ..Энэ урлагийнхан гэж бие биенээсээ худлаа УРАВСАН юмнууд байх юмаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-12 10:35:49
    Уртаа: Энэ их хөөрхөн охин эгдүүтэй хархаар л эгдүү хүрээд байдын. Ирээдүйд илүү эхийг хийж бүтээгээрй. Амьдарлын зам нь дардан байг. Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-12 09:32:11
    Тэгшээ: Дүүдээ амжилт ерөөе.Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байсан тэр цагыг эгч нь санаж байна...Өнөөдөр хүсэлээ биелүүлж ,өөрийн зан, чанараа түмэндээ түгээж байгаад баяртай байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188