• Өнөөдөр 2024-04-26

Уран бүтээлчдийн зуршил III: МУУР, КОФЕ, ЗҮҮД, ПИНК ФЛОЙД

2021-01-08,   1222

Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачдын зохиол, бүтээл хэрхэн ундардаг нь үеийн үед тайлагдашгүй, нууц байсаар ирсэн. Бид залуу, ид бүтээж яваа дөрвөн уран бүтээлчийн бүтээх арга барил, бүтээхийн тулд санаатай бөгөөд санамсаргүйгээр хийдэг зуршилтай нь танилцлаа. 

Энэ удаад "Билгүүний харандаа" хаягаар уран бүтээлээ туурвидаг комик артист Б.Билгүүн, Италийн Каррара уран зургийн их сургуулийн магистрантур, зураач Н.Цогт, уран бүтээлч комик зураач Б.Тэлмэн, Монгол уран зургаар уран бүтээлээ туурвидаг зураач Б.Азбаяр нар хэрхэн бүтээлээ туурвидаг зуршлаа бидэнд хуваалцлаа.

Комик артист Б.БИЛГҮҮН: АЯТАЙХАН ДУУ ТАВИАД НАМ СУУЧИХДАГ

Уран бүтээлч хүмүүс тэр бүр анзаарагддаггүй ч өөрсдийгөө байнга чагнадаг хүмүүс байдаг. Би зүүд болон бусад хүний үйлдэл, муурынхаа ааш аяг зэрэг орчноо байнга ажилладаг. Миний хувьд комик артист (комик артист дотроо нийгмийн асуудал руу чиглэсэн стрип зурдаг) болохоор бидэнд юу болохгүй байна, юу болж байна, ямар асуудал мартагдаж байна гэх мэт зүйлсэд илүү мэдрэг байж, зурахдаа залхууралгүй, "өлөн" байхыг хичээдэг дээ. Ихэвчлэн ганцаараа байхад санаа төрөх явц хурдан байдаг. Жишээ нь, би ихэвчлэн ганцаараа тамхи татах дуртай. Тамхи надтай элдэв юм ярилцахгүй ч хань болж, өөртэйгөө ярилцах боломж олгодог. Сайхан дуунууд ч мөн санаа олоход адил үр дүнтэй. Заримдаа кино үзээд сууж байхад "Нээрэн надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан шүү дээ. "Билгүүний харандаа" дээр буулгахдаа ямар үйл явцтай болгож, энэ мэдрэмжийг хэрхэн "үхүүлэхгүй" шилжүүлэх вэ гэсэн бодлоос цааш санаа маань биежиж эхэлдэг дээ. Нэгэнт л санаа нь соёолчихсон бол цааш хэрхэн тордох нь уран бүтээлч бүрийн хувьд өөр өөр байх. Миний хувьд муурнуудаа үнсэж холдуулаад, аяга цай, амттан хажуудаа тавьж, саад болох утас телевизээ унтраагаад аятайхан дуу тавиад, нам суучихдаг. Эхлээд төлөвлөгөө гаргадаг ч явцын дунд өчнөөн өөрчлөгддөг. Дараа нь харахад өөрчилсөн нь ч дээр байдаг даа.

Зураач Н.ЦОГТ: БИЙРНҮҮДЭЭ ТООЛЖ, ЗУРГИЙН ХЭРЭГСЛЭЭ ЦҮНХЛЭЭД, ДУГУЙГАА УНААД ЯВДАГ ДАА

Өглөө бүр босоод заавал экспрессо ууж өдрөө эхлүүлдэг дээ. Гэхдээ хамгийн түрүүнд  дотор эрхтнээ хамгаалах үүднээс аяга ус заавал уудаг. Тэгээд л лаборатори руугаа яваад зургаа зурна даа. Хоёр цаг зураад дахиад завсарлана. Зургийн судалгаанууд нэг харж, жаахан амраад, кофе чанаж ахин нэг аягыг уугаад, хоёр цаг зургаа зурах зарчмаар ажилладаг. Иймэрхүү байдалтай өдөр өнгөрдөг. Энэ лабораторид зураг зурах хэв маяг маань. Байгалийн зураг зурах үед илүү хүч хөдөлмөр шаардагддаг талтай. Өглөө 05:00-06:00 цагт босож, зурахаар төлөвлөсөн газартаа нар мандахад очсон байх ёстой. Зун ч бай, өвөл ч бай өглөөдөө сэрүүхэн болохоор болж өгвөл зузаан хувцаслаад гардаг. Бийрнүүдээ тоолоод, зургийн хэрэгслээ цүнхлээд, дугуйгаа унаад явна даа. Замдаа кофе авч, ихэвчлэн далай эсвэл хажуугийн хотууд руу явж байгалийн зураг зурдаг. Цүнхэлсэн жаахан амттанаа идээд нэг сайхан зургаа зурдаг даа.

Комик зураач Б.ТЭЛМЭН: МИНИЙ ХУВЬД ЗҮҮД БОЛ ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ ЗҮЙЛ

Нэг найз маань оны эхэнд надад шинэ жилийн бэлэг болгож царайлаг гэж жигтэйхэн, цагаан чулуу шиг үзэмжтэй дэвтэр бэлэглэж байсан юм. Нэг удаа тэр дэвтэр дээр үнэ цэнтэй, нандин зүйлээ л бичих ёстой мэт санагдахад өөрийн эрхгүй зүүдээ тэмдэглэх ёстой гэдгийг ойлгосон. Миний хувьд зүүд бол хамгийн гайхамшигтай зүйл. Учир нь зүүдэндээ л бодит амьдралд байх боломжгүй, үзэсгэлэнтэй зүйлсийг олж хардаг болохоор дуртай. Заримдаа ийм үзэсгэлэнтэй зүйлсийг бичиж авч, тэмдэглэхгүйгээр мартана гэдэг дэндүү хайран болохоор бичиж тэмдэглэдэг дээ. Одоогоор бүтэн нэг жилийн хугацаанд их биш ч гэлээ 30 гаруй хуудсанд зүүдээ тэмдэглэж авчээ. Мэдээж хэрэг ийм үзэсгэлэнтэй мэдрэмж уран бүтээл туурвихад маш том нөлөөтэй. Одоогоор тогтож уран бүтээл хийхгүй байгаа ч цаг нь ирмэгц эдгээр зүүд хэргээ гаргана гэдэгт итгэж байна. Миний ажигласнаар шөнийн нойроо бүтэн авч, тархи ачаалаагүй, хөнгөн байх үед л хамгийн тод, гоё зүүднүүд зүүдэлдэг юм шиг санагдсан. Сэрмэгцээ нүдээ аниад, юу ч бодохгүй зүүдээ ажиглах нь мартахгүй байхад тусалдаг шүү. Мөн надад өөр нэгэн урам өгдөг зүйл бол байгальд аялах. Ялангуяа ой модон дунд миний бие ямар ч зовуурьгүй, санаа зовох бүх зүйлээс бүр мөсөн холдчихсон байдаг. Тэнд модод, ургамал, шавж, амьтдаас ялгагдахаа больж, байгалийн нэг хэсэг нь болсон мэт санагддаг даа. Мэдээж энэ бүхнийг мэдрэх чухал ч ойлгох бүр ч илүү чухал. Тиймээс маш их унших хэрэгтэй. Юуны тухай мэдэхийг хүсэж байна, түүнийхээ тухай мэдээ, мэдээлэл, ном гэх мэт зүйлсийг унших хэрэгтэй санагдсан. Уншиж байх үед заримдаа сансар огторгуйгаас аянга бууж байгаа мэт яг голыг нь олоод хэлчихсэн өгүүлбэрүүд таардаг шүү. Энэ үед маш их серотонин ялгарч аз жаргалын хэлтэрхийнээс хальтхан амсдаг даа.

Зураач Б.АЗБАЯР: БИ БҮТЭЭЛЭЭ ЭХЛЭХ БОЛГОНДОО ПИНК ФЛОЙД СОНСДОГ

Уран бүтээлийг миний мэргэжил, хийх ёстой зүйл гэхээсээ илүү үзэл бодол, дотоод мэдрэмжээ гаргаж, түүнийгээ урлагийн философи хэлэмж, техник арга, ажиллагааг харуулах талбар гэж хардаг даа. Тиймдээ ч мэдрэмжээ хурцлахын тулд хөгжим хэрэг болдог. Миний хувьд хэний ч халдаахыг хүсдэггүй орчин бол хөгжим юм. Тэр тусмаа "Pink Floyd-Division Bill" цомгийг бүтээл эхлэх болгондоо сонсдог доо. Магадгүй энэ цомгоос мотивац авч байгаа нь тэр байх. Тийм хэдий ч бүтээл эхлэх бүрдээ сонсохоор өгүүлшгүй сайхан мэдрэмж авч чаддаг шүү.

Шөнийн цагт нь бодож, өдрийн цагт бүтээдэг хүн би биш л дээ. Уран бүтээлийн тал дээр орчлонд цаг гэж байдаггүй юм шиг аашлах нь олонтой. Хэзээ ядарна, тэр үедээ л ихэвчлэн амарч таардаг. Би хувьдаа амьдрал, уран бүтээл хоёрыг салгаж ойлгодог. Тиймдээ ч уран бүтээлийн бус цагаараа гэр бүлтэйгээ амарч, хамт цагийг өнгөрүүлдэг.

Урландаа ирээд, бүтээлээ "барьж авахад" тухтай байдал, кофе, хөгжим, агаар надад хамгийн чухал. Замбараагүй байх нь надад тийм ч хамаатай биш. Бүтээлээ хийхдээ бүхнийг өөрт ойр, амраар байрлуулчихдаг учир тэр замбараагүй байдал гэнэт алдагдвал буцаад бүтээлдээ төвлөрөхөд илүү тээр болдог талтай. Эмх цэгцтэй байсан ч бүгд эсрэгээрээ замбараагүй болчихсон мэт мэдрэмж төрчихдөг. Бүтээлээ дуусгаад л их цэвэрлэгээ хийдэг дээ.

 

 

 


Уран бүтээлчдийн зуршил III: МУУР, КОФЕ, ЗҮҮД, ПИНК ФЛОЙД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-08 18:33:35
    Баярлалаа, Эргэлт.мн: Иймэрхүү мэдээллээр дутагддаг даа, Нандигнан уншиж байна аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-08 14:55:33
    Zochin: awww ymr goyo content vee~
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-08 13:56:26
    Temechin: Bayarlalaa. :)
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188