“Абсурд зүүдний хот” постмодерн роман, “Иргэншлээс оргох тасалбар” триллер өгүүллэгийн түүвэр, “Хийсвэр үг” триллер өгүүллэг, яруу найргийн түүврээрээ уншигчдын эчнээ танил болсон зохиолч Ө.Үлэмжтөгстэй ярилцлаа. Тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүлчийн амьдралын тухай бичсэн “5W1H” шинэхэн романаа хэвлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд гурамсан роман болж хэвлэгдэх зохиолч Ө.Үлэмжтөгсийн шинэ роман нь эрэн сурвалжлах сэтгүүлчийн тухай бичсэн анхны уран зохиолын ном болж байгаа юм.
-Таныг “5W1H” романыг уншигчийн хувьд абсурд, триллер зохиол уншина гэх хүлээлттэй байлаа. Гэхдээ таны шинэхэн роман төсөөллөөс өөр реалист хэв шинж, утга санаа илэрхийлж байгааг уншаад их гайхширсан шүү. Өмнө нь абсурд, триллер, постпанк хэв маягаар хэд хэдэн ном гаргаж, тэр л шинжээрээ уншигчдын танил болсон байтал дахин реалист гэх шинэ “дүр” гаргаж ирсэн нь сонирхолтой санагдсан. Урьд өмнө бичиж байсан арга, хэлбэрээ өөрчилж, реалист зохиол бичихээр шийдсэн нь өөртөө тавьсан том сорилт болсон болов уу?
-Би телевиз, өдөр тутмын сонин, долоо хоног тутмын сэтгүүл, мэдээллийн сайт гээд 14 жилийн турш сэтгүүлч мэргэжлээр ажилласан. Гэхдээ сэтгүүлчийнхээ хувьд юу хийснээ эргэж харвал, уран бүтээл гэх зүйл үгүй. Өөртөө ч чамлалттай байдаг. Тэгээд ч сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч бүр “Хэдэн даацтай нийтлэл бичиж, эрэн сурвалжлах бүтээл гаргах сан” гэж боддох байх. Ер нь мэргэжлийн өвчин ч байж мэднэ. Харин сэтгүүлч бүрийн хүсдэг тэр зүйлд би олон сэтгүүлчийн адил хүрч чадаагүй. Тийм ч учраас өөрөө өөртөө шинэ эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүр бүтээж тэр дутуугаа нөхөж, хүслээ бага зэрэг биелүүлсэн. Тиймээс сэтгүүл зүйд дутуу мэдрэмж, хүсэл, чамлалттай байсан мэдрэмж маань удахгүй уншигчдын гарт хүрэх “5W1H” романы гол дүрийн 30 гаруй насны эрэн сурвалжлах сэтгүүлчийг гаргасан гэж бодож байна.
-“5W1H” романы гол дүр таны 2017 онд хэвлэгдсэн “Хийсвэр үг” номын “Эх сурвалж” өгүүллэгийн гол дүрийн эрэн сурвалжлах сэтгүүлч болохыг таны бичсэн нийтлэлээс уншсан. Харин өнөө эрэн сурвалжлах сэтгүүлч маань таны шинэ роман дээр маш их зөрчилтэй дүр болсон шиг санагдсан. Зарим зохиолчийн хэлдгээр зохиол бичиж байхад нь бий болгож, бүтээж байгаа дүр нь өөрийг нь хүчилж, бичүүлдэг ч гэх юм билээ. Дутуу мэдрэмж, чамлалтаас төрөн гарсан гэхээр “5W1H” романы гол дүрийн эрэн сурвалжлах сэтгүүлч бий болох гэж таныг их шаналгасан байх даа?
-Тэр эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрийг бий болгохын тулд өөрийн дотоод асуудал, зөрчлөө цэгцэлж, байр сууриа олох хэрэгтэй байсан. Өөрөөсөө “Энэ дүр би мөн үү. Чарльз Буковский өөрийнхөө зохиолд өөрийгөө Чинаски гэх дүрээр оруулдаг шиг энэ дүр би юм болов уу. Эсвэл миний альтер эго юм уу” гэж асуугаад, хариулах хэрэгтэй болсон. Гэхдээ миний эцэст нь олсон хариулт “Үгүй”. Хэрэв би зохиолдоо гаргаж байгаа эрэн сурвалжлах сэтгүүлчийг өөрийгөө гэж бодвол би өөрийнхөө тухай, өөрийн үзэл бодлын тухай бичээд зохиолоо тэмдэглэлийн дэвтэр шиг юм болгоод хаячихна шүү дээ. Тиймээс дутуу мэдрэмж, чамлалтаас төрөн гарсан тэр дүрээ өөрөөсөө хол байлгаж, зугтаалгах шаардлагатай болсон юм.
-Басхүү шинэ дүр, шинэ зохиол уншигчдын өмнө дэлгэж байгаагийнхаа хувиар “5W1H” романд өөрийн бичлэгийн хэв маягаа ч багагүй эвдэж, өөрчилсөн шиг санагдсан. Зохиолын төрлөөс эхлээд бичлэгийн хэв маягаа хүртэл өөрчилсөн гээд таныг өөртөө их сорилт тавьдаг хүн болов уу гэж уншигчийн хувиар бодсон. Эсвэл үгүй юү?
-Сэтгүүл зүй бол “5W1H” романы гол суурь шүү дээ. Сэтгүүл зүй үнэн, бодит байхыг шаарддаг. Гэтэл үнэн, бодит байхыг шаарддаг зүйлийг гол сууриа болгоод, түүний тухай бичих гэж байж абсурд, триллер төрлөөр бичнэ гэж үгүй. Хэрэв сэтгүүл зүйг абсурд болгочихвол утгаа алдана. Эсрэгээрээ анх удаа реалист зохиол бичиж байгаа зохиолчийн хувьд өөрийгөө сорьсон нь үнэн. Нөгөөтээгүүр надад үргэлж зөвлөдөг, уран бүтээлийн тухай ярилцаж, санаа, оноогоо хуваалцдаг яруу найрагч Б.Батзаяа найз маань намайг “Чиний абсурд, триллер зохиолуудад нэг их хэний ч олоогүй гоё санаа, үйл явдал, хэв шинж байгаа ч хувь хүний монологи алга. Чи яагаад хүний дотоод сэтгэл, дотоод зөрчилдөөний талаар бичдэггүй юм бэ” гэж шүүмжилдэг. Тиймээс ч найзынхаа үгийг санаж явсных эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрээр нэгдүгээр биеэс өгүүлсэн роман учир монологи гаргасан гэж бодож байгаа.
Манай зарим сэтгүүлч хэдэн зочид буудал “дэлбэлж”, зураг хөргийг нь дэлгээд эсвэл цагдаа, прокурорын хоногийн мэдээг гаргаж тавьснаа эрэн сурвалжилж байна гэж ойлгодог. Гэтэл жинхэнэ эрэн сурвалжлах бүтээл гэдэг сэтгүүлч нь өөрөө нотлох баримтын түвшинд ажиллаад ноцтой, бугласан зүйлийг нийгэмд ил гаргаж тавьсан том мөрдөн байцаалт, тагнуулын гүйцэтгэх ажиллагааны түвшний том зүйл. Тиймээс “5W1H” романаараа эрэн сурвалжлах сэтгүүлчийн амьдралын тухай болон сэтгүүлчийн дотоод зөрчилдөөн, орон нутгийн амьдрал, орон нутгийн иргэдийн доторх зөрчилдөөн, асуудлуудыг гаргахыг оролдсон.
-Хэрэв нууц биш бол “5W1H” романы гол дүрийн эрэн сурвалжлах сэтгүүлчийн бичих тэр даацтай нийтлэл, эрэн сурвалжлах бүтээл нь юу байх тухай зах зухаас дэлгэвэл уншигчдад сонирхолтой байх болов уу?
-“5W1H” орон нутгийн амьдрал, тэр дундаа уул уурхай дагасан сумын амьдралын тухай өгүүлнэ. Манай тогтолцоо, хуулийн орчин энгийн иргэдийн амьдралтай үргэлж зөрчилдөж байдаг. Ялангуяа органик хуулиуд нь хоорондоо уялдсан байх ёстой. Гэтэл хууль хоорондоо зөрчилдөж, тэр зөрчилдөөн нь хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа тухай бичсэн юм.
Одоо Шүгэл үлээгчийн тухай хууль гэж яригдаж байгаа. Шүгэл үлээгч гээд яриад байгаа боловч өнөө шүгэл үлээгчээ хэрхэн хамгаалах тухай хууль, эрх зүйн орчин үгүй шүү дээ. Эрэн сурвалжлах материал дэлгэлээ гэхэд тухайн сэтгүүлч өөрөө асуудалд орно. Тэгэхээр өнөө сэтгүүлч мөрдөн байцаагчийн хэмжээний баримт, материал цуглуулж байж асуудлыг дэлгэснээсээ болж асуудалд орохгүй үлдэнэ. Үнэн хэрэгтээ бол сэтгүүлчийн үүднээс мөрдөн байцаагчийн хэмжээний баримт цуглуулна гэдэг маш хэцүү. Нөгөөтээгүүр хэн нэгэн сэтгүүлч ямарваа нэгэн зүйлийг хардаж бичиж ч болно. Гэтэл эрэн сурвалжлах нийтлэл байтугай хардаж бичсэнээсээ болоод Зөрчлийн тухай хуулиар торгуулж, зарим нь бүр яллагдаж байна. Тиймээс шүгэл үлээснээрээ яллагдаж, дааж давшгүй торгуульд унаж байгаа тэр хуулийн цоорхойг гаргахыг хүссэн юм. Өөрөөр, сэтгүүлч Ө.Үлэмжтөгс үндэсний сэтгүүл зүй, дөрөв дэх засаглал ямар байгаасай гэж хүсдэг тухайгаа илэрхийлэхийг хүссэн. “5W1H” романыг уншсан хүнд зарим хэсэг нь нийтлэл, сурвалжилга шиг зарим нь аян замын тэмдэглэл, анализ тойм шиг санагдаж магад. Үнэн хэрэгтээ би “5W1H” романыг цэвэр уран зохиолынх байлгах гэж зориогүй. Сэтгүүл зүй тухай, эрэн сурвалжлах сэтгүүлчийн тухай роман учраас сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягуудыг ч оруулахыг зорьсон.
-Та хотод төрж, өссөн гэдэг. Ер нь ч таны уран бүтээл, зохиолуудаас хотын, урбан хэв маяг илт харагддаг. Харин өөрийгөө сорьж, туршиж, орон нутгийн амьдралыг бичсэн шинэхэн роман дээрээ хэр “хөдөөний хүн” болж чадсан бэ?
-Огт хөдөөний хүн болоогүй шүү дээ. Би бол хөдөөг хөндлөнгөөс харж байгаа хотын хүний “дүр”. Орон нутгийн хүмүүс, тэдний амьдрал, амьдралын хэмнэл хотын хүмүүсээс өөр. Харин түүнийг ойлгож байж гол дүрийн эрэн сурвалжлах сэтгүүлч маань нийтлэлээ бичнэ. Хэрэв ойлгохгүйгээр шууд бичвэл мань эрэн сурвалжлах сэтгүүлчийн нийтлэл усан нийтлэл болно шүү дээ (инээв).
-Дээр “5W1H” роман, гол дүрийн эрэн сурвалжлах сэтгүүлч таны сэтгүүлчийнхээ хувьд дутуу үлдсэн мэдрэмж, чамлалтаас гарсан тухай дурдсан. Харин бичиж дууссаны дараа ямар мэдрэмж төрсөн бэ. Дутуу үлдсэн мэдрэмжээ нөхөж чадсан уу?
-Тодорхой хэмжээнд чадсан гэж бодож байгаа. Уншигчид юу гэж дүгнэхийг мэдэхгүй юм. Гэхдээ надад хангалттай. “Эх сурвалж” өгүүллэгээс эхэлсэн тэр эрэн сурвалжлах сэтгүүлчийн түүх “5W1H” романаар дуусахгүй. Миний дараа дараагийн уран бүтээл, өгүүллэг, зохиолуудад ч “амьд” байх болно гэдгийг хэлэх байна. Тиймээс би сэтгүүл зүйн тухай юу гэж боддогоо бүрэн дүүрэн харуулаагүй гэсэн үг.
Миний хувьд сэтгүүлчийн ажил мэргэжил амьдрал ахуйгаа авч явах, хоол хүнсээ залгуулах, лизингээ төлөх ажлын багаж хэрэгсэл байсан. Сэтгүүлчээр ажиллах хугацаанд бичсэн нийтлэл, хийсэн нэвтрүүлэг, баримтат киногоо уран бүтээл гэж хардаггүй. Тэр миний ажил. Харин уран зохиол бол миний эго, сүнсийг тэжээх зүйл, жинхэнэ уран бүтээл. Тэгэхээр сэтгүүлчийн ажил хийж байгаа Үлэмжтөгс, зохиол бичиж суугаа Үлэмжтөгс хоёр өөр хүн. Нэгнээсээ өөр үзэл бодолтой хүмүүс. Тиймээс “5W1H” роман миний дотоод зөрчлөөс урган гарсан жимс.
-Таны хэлснээр 10 гаруй жил ажиллаж байгаа сэтгүүлч Ө.Үлэмжтөгс, тав дахь номоо гаргаж байгаа зохиолч Ө.Үлэмжтөгс хоёр хувь хүнийг тань хэрхэн тодорхойлох бол?
-Одоо би 35-тай. “Абсурд зүүдний хот” романаа 22 насандаа бичсэнээс хойш 13 жил юу ч хийгээгүй. Үнэндээ бол лүүзер байсан. Надад гаргасан амжилт байхгүй, хүний өмнө зоригтой харуулах зүйл ч үгүй. Үүнийг хүмүүс 30 насны гутрал гэх нь бий. Тийм ч байж мэднэ. “Бүх зүйл утга учраа алдсан эсвэл олсон мэт санагдаад “35 хүрч байж юу ч хийсэнгүй” гэж өөртөө ахин дахин сануулах... Сэтгүүлч хүн нийгэмд танигдах амбицтай байдаг. Ер нь бол сэтгүүлч гэдэг амбицтай мэргэжил шүү дээ. Гэхдээ би 15 жил сэтгүүлчээр ажиллаж байж нийгэмд сенсаци дэгдээж, дэлбэлсэн зүйл үгүй. Дотор минь амбиц байсан. Гэвч түүнийгээ юм болгож чадаагүй” гэсэн зүйл бодож би долоон жилийг өнгөрөөсөн. Өөрөө өөрийгөө тийм хонгил руу түлхчихээд өөрийгөө зэмлэж, хэмлэж байсан хэрэг л дээ. Гэхдээ дотор хурч байсан тэр бүх зүйлээ “5W1H” романаараа гаргаж, өөрийгөө сулласан байж мэднэ. Одоо миний сэтгэл хамаагүй тайван байна. Намайг дарчихсан байсан зүйл гэнэт үгүй болчих юм шиг л амгалан сайхан амьсгал авч байна.
-Долоон жилийн тэр “харанхуй хонгил”-оосоо гарч, ингэж их уужирч, тайвширсан хүн одоо юунаас хамгийн их айж байна вэ?
-Өмнө нь “Би хүмүүст таалагдах гэж бичээгүй, таалагдах албагүй. Харин өөрийгөө тунхаглаж байна” гэж их солиорч байж. Одоо бол бичсэн зүйл маань хүнд хэрхэн хүрэх бол гэхээс л айж байна (инээв). “5W1H” роман хэдийнэ миний мэдлээс гарсан. Редактор засаад, хэвлэлийн газар хэвлээд өгнө. Харин хариуг нь, үр дүнг нь уншигчид гаргана. Өөрийгөө “Их гоё зүйл бодоод олчихлоо” гээд сууж байтал гурамсан роман болж гарах ёстой роман маань эхний дэвтрээсээ “гологдчихвол” баларна шүү дээ. Тэгээд л айж байна (инээв).
Ө.ҮЛЭМЖТӨГС: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧ, ОРОН НУТГИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ РОМАНААРАА ӨГҮҮЛСЭН Ч БИ “ХОТЫН РАМПО” ХЭВЭЭРЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |