• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН Э.ДЭЛГЭРЦЭЦЭГ: НАЙРУУЛАГЧИД НАМАЙГ ДӨЛГӨӨН, НАМУУХАН ДҮРЭЭР ХАРДАГ Ч БИ ДАЙЧИН ЭМЭГТЭЙН ДҮРД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ

2024-03-09,   2466

    МҮОНРТ-ийн кино, дуу албаны орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд “Хайрын гэрээ” киноны гол дүрийн эмэгтэй Дөлөөгийн дүрд тоглосон юм.

         -“Эго” продакшны “Хайрын гэрээ” кино үзэгчдэд хүрч буй. Таны хувьд гол дүрд нь тоглосон шүү дээ?

        -Миний хувьд СУИС-ийг 2011 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлагад төгссөн. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл МҮОНРТ-ийн кино албанд орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр ажиллаж байна. ”Хайрын гэрээ” миний тоглосон дэлгэцийн бүрэн хэмжээний тав дахь кино. Анх жүжигчин Д.Хосбаяр ах  гол дүрийн бүсгүй болох Дөлөөгийн дүрд тоглох санал тавьсан.

- Дөлөө таны тоглосон өмнөх дүрүүдээс юугаараа онцлог байв?

       -Миний хувь хүнтэй их ойр дүр. Би ихэвчлэн дөлгөөн, намуухан эмэгтэйн дүрд тоглодог. Дөлөө бол дурласан эмэгтэй. Мэдээж өмнө тоглосон кинонуудад маань дурлал гардаг байсан ч  энэ удаа киноны турш хайр дурлал үргэлжилж байснаараа онцлог байлаа.

-“Хайрын гэрээ” гэхээр хайр сэтгэлд гэрээ байгуулж болдог уу гэхчлэн нэрнээсээ эхлээд үзэгчдийн сонирхлыг татаж байгаа шүү дээ?

    -“Хайрын гэрээ” гэхээр нээрээ л онцгой, юм бодогдуулахаар, сонирхолтой нэр л дээ. Магад энэ кинонд тоглоогүй байсан бол үзэгчдийн адил надад ч мөн сонин байх байсан. Яагаад хайранд гэрээ байна гэж, ямар ч болзолгүйгээр, зүрх сэтгэлийн дуудлагаар хайрлаад л явдаг шүү дээ гэдэг ч юм уу. Үүнтэй адил хүн бүр өөрийн өнцгөөс харах байх. Харин киногоо үзээд, нэрээ тайлж ойлгох байх. 

-Тэр чигтээ хайр дурлалын хэсэгтэй кинонд тоглохоор гэр бүлийн хүнтэйгээ анх танилцаж байсан тэр үе рүүгээ очиж, олон сайхан дурсамж хамгийн түрүүнд сэргэсэн болов уу?

              -Тийм ээ. Нөхөртэйгээ анх танилцаж байсан үе, анхны болзоо, анхны гэсэн бүхний догдлол, сэтгэгдэл эргэн сэргэсэн, дурсагдсан зүйл байлгүй яах вэ. Нээрээ бас тэр бүхнийг эргэн сануулсан бүтээл болж чадсан шүү.

-Залуус хайрыг их хөнгөн ойлгож, түүнээсээ болоод багахан бэрхшээлдээ шантарч, салах тохиолдол бишгүй бий шүү дээ. Энэ байдлыг хэрхэн хардаг вэ. Та бүхний хүргэж байгаа “Хайрын гэрээ” кино ч хайрыг нэг өнцгөөс хүргэхээс гадна нөгөө талаар залууст зөв сайхныг уриалж байгаа шүү дээ?       

         -Өнгөцхөн, дөнгөж хараад биедээ татагдах шохоорхох нь бий шүү дээ. Энэ бол эхний зүйл байх. Түүний дараа нөгөө хүнээ таньж, мэдэж сайн болно. Цаашлаад энэ хүнгүйгээр байж чадахгүй юм байна, энэ хүний төлөө бүхнийг хийнэ, хамтдаа бүхнийг туулна гэдэг зориг, сэтгэл төрж байгаа нь хайр болов уу. Тиймээс залуус үүний ялгааг их бодох хэрэгтэй. Эхлэлдээ гэгээн сайхан байх нь мэдээж.

Хамгийн гол нь залуус хойшдоо гарах бэрхшээл, давааг хэрхэн туулах сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон хойно гэр бүл зохиогоод яваасай. Тэгэхгүйгээр юу, юуны духанд хүрэлгүйгээр хөнгөн, хийсвэр битгий хандаасай гэж бодож байна.

-Гэр бүлийн хүн нь мөн уран бүтээлч шүү дээ. Та хоёрын хувьд гэр бүлдээ хэрхэн цаг зарцуулдаг вэ. Ханийгаа ямар уран бүтээлч гэж хардаг вэ?

           -Мэдээж тэгэлгүй яах вэ. Бид хоёр СУИС-ийн нэг анги. Хоёулаа уран бүтээлч байхын давуу тал нь цаг наргүй ажил, мэргэжлийнхээ зовлон, жаргалыг ойлгоно. Харин хоёулаа урлагийн ажилтай байхаар гэр бүлдээ зарцуулах цаг зав бага байдаг. Гэхдээ бидний хувьд ажил ихэнхдээ зөрдөг.Тийм болохоор бүх зүйлээ 50 хувь хувааж аваад, нэг нь ажилтай үе нөгөө нь ар гэрээ бат даагаад явдаг. Нөхөр минь уран бүтээлчийнхээ хувьд их ур чадвартай, тухайн бүтээл, дүрдээ хандаж байгаа үүрэг, хариуцлагын хувьд ч их сайн уран бүтээлч.

 -Таны хувьд МҮОНРТ-д дуу оруулагчаар ажиллахын хажуугаар кинонд тоглож байна уу. Танд ирж байгаа уран бүтээлийн саналд хэрхэн ханддаг вэ. Тодорхой шалгуур тавих уу?

              -Кинонд дуу ч оруулаад, дүрдээ ч ажиллаад хослуулаад явахыг хичээдэг. 2012 онд анх Үндэсний телевизийн кинонд тоглоод л түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Киноны саналын хувьд мэдээж харна. Миний хувьд илүү хурдан олны танил болохыг боддоггүй.Цөөн боловч эргээд харахад чанартай уран бүтээлд тоглохыг хичээдэг. Тиймээс ч зохиолыг нь уншиж үзнэ, кино багаа хардаг.

-КИНОНД ДУУ ОРУУЛНА ГЭДЭГ ТУХАЙН ДҮРДЭЭ АМЬДАРЧ, ОРШИЖ БАЙЖ ХИЙХ ЗҮЙЛ-

-Анх нээрээ МҮОНРТ-ийн бүтээл “Өдөр өдрийн нар” олон ангит киноны дөрвөн эмч эмэгтэйн нэг Биндэрьяагийн дүрд тоглосон шүү дээ. Хэрсүү, биеэ даасан, ухаалаг эмэгтэйн дүр байсан?

         -Сургуулиа төгссөн жилээ МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” киноны Биндэрьяа эмчийн дүрд ажиллаж байсан. Харин бүр анхны кино гэвэл 2007 онд “Хүрэлдэй их хааны илч” түүхэн инээдмийн уран сайхны киноны Чимгээ охины дүрд тоглосон. Мөн араас нь прокурорын 90 жилийн ойд зориулсан “Давхар цагаан шугам” арван ангит киноны хяналтын прокурор Цэлмэг дүрд ажилласан. Тэр дүрдээ мөн их хайртай. Гэхдээ хүмүүс намайг аядуу зөөлөн төрхөөр минь хараад тийм дүр оноодог байх. Угтаа би нэг тийм мөрдөгч юм уу, зодоонтой кинонд хөдөлгөөнтэй, дайчин эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг.

-Сүүлд тоглосон бүтээлээс тань онцолж “Зүрхэн зүг” киноны дүрийг асуумаар байна. Таны хувьд өөр орчин ахуй, дүр байсан байх аа?

            -“Зүрхэн зүг” киноны Цэцэглэн бүсгүйн дүрд тоглосон. Энэ кино маань бидэнд дутагдаад байгаа хүн чанарын тухай, нэгнээ хайрлах хайрын тухай өгүүлдэг. Ямар ч хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадвал хайр ундардаг. Мэдээж өмнө нь тоглож байгаагүй дүр учир өөр мэдрэмж төрсөн.

-Нэг үеэ бодоход театрууд олноор үйл ажиллагаа явуулж, тайзны бүтээл ч их тавьж байна. Уран бүтээлчийн битүүхэн тайзны бүтээлд тоглох хүсэл бий биз дээ?

   -Мэдээж жүжигчнээр төгссөн хүн бүрийн хүсэл тайз. Надад тийм боломж гарвал дуртай хүлээж авна.  Жүжиг үзэх дуртайг ч хэлэх үү, үзэхээр л “Ямар гоё юм бэ” гээд битүүхэн тоглосон гэсэн хүсэл асаж, уран бүтээлчдээр бахархах сэтгэл төрдөг.

-Кинонд дуу оруулах сайхан мэдрэмж байдаг байх. Дуу оруулсан гадны болон монгол киноноос онцолж дурдвал ямар бүтээлүүд байна вэ?      

       -Кинонд дуу оруулах үнэхээр сайхан. Өдөр бүр өөр, өөр мэдрэмж авна. Кинонд дуу оруулна гэдэг тухайн дүрдээ амьдрах, оршиж байж хийх зүйл. Миний хувьд түүхэн киноны дүрд тоглохыг мөрөөдөж байгаад “Говийн домог” киноны Замилингийн дүрд ам барьсан. Ялгаагүй л жүжиглэж, амилуулж байгаа учир түүгээрээ түүхэн кинонд тоглох мөрөөдлөө өчүүхэн ч болов биелүүлсэн болов уу гэж боддог. Үзэсгэлэнтэй гоё эмэгтэй, өндөр настан гээд нас насны хүний дүрд дуу оруулна. Хамгийн гоё нь хүүхдийн дүрд дуу оруулах. Мөн дуу оруулахад тухайн дүрээ мэдрэх хамгийн чухал байдаг. Заримдаа дүрдээ орж шаналах, гуниглах, нулимс гарах, бодолд авах үе гарна. Бүр болохгүй бол дууны найруулагч зогсоогоод тайвшрах орон зай өгнө. Гэхдээ аль болох сэтгэл хөдлөлөө дарж, барьж, ажлаа явуулах хэрэгтэй. Учир нь, кино бол олон хүний хамтын хөдөлмөр шүү дээ. Дуу оруулсан гадны бүтээлээс гэвэл  “Хөөрхөн хүүхэн”, “Тэнгэрээс дээш гурван метр”, “Бурхан багш” зэрэг олон бий. Харин ам барьсан гэвэл “2000” киноны охин, “Говийн домог” киноны Замилан, “Итгэл” киноны гол дүрийн эмэгтэй, “Хадмын хайр” гээд олон бүтээл бий. Дуу оруулахаас гадна ам барих гэдэг мөн сайхан.

- Багаасаа төлөв даруу хүүхэд байв уу. Яагаад уран бүтээлч болохыг зорьсон бэ?

     -Ерөнхийдөө төлөв даруу. Яг нэг ойр дотны хүмүүсийнхээ хувьд сахилгагүй байх. Багаасаа их сахилгагүй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Ямар сайндаа гэрийнхэн маань “Дэлчгэр Дээгий” гэдэг байсан. Бүжиглэх их дуртай. Урлагийн хүн болох гэж зорьсон минь өвөө, эмээгээс эхлэлтэй. Цэргийн ансамбльд өвөө баян хөгжим тоглодог, хоор дуучин, эмээ уртын дуучин байлаа. Өвөө, эмээгээ дагаад тоглолтын ард өссөн болохоор ч тэр үү урлагт дуртай, тэгж байхдаа ансамблийн бүжигчдийг дагаж бүжиглэж эхэлсэн. Дараа нь арван найзтайгаа бүжгийн хамтлаг байгуулж, бүжиглэж, аравдугаар ангидаа “Өнгөт инээд” продакшны ард бүжиглэдэг болсон. Тэгээд л тайзны араас жүжигчдийг хараад, “Хэрэв жүжигчин болвол бүжиг, дуу бүгдийг хийж болох юм байна” гэж бодоод,  жүжигчин больё гэж шийдсэн.

-Зан чанарын хувьд аав, ээжийнхээ хэнтэй нь адил вэ?

      -Ээжтэйгээ адилхан. Гэхдээ ээж минь бүх зүйлд дөртэй, гарын дүйтэй хүн. Би бол ээжийнхээ хаана ч гүйцэхгүй байх аа.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?

   -Дэлгэцийн бүтээлд идэвхтэй ажиллах бодолтой байна. Учир нь, кинонд ороогүй арав гаруй жил болсон шүү дээ. Тиймээс олон сайхан бүтээлд орохыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

       -Баярлалаа.


ЖҮЖИГЧИН Э.ДЭЛГЭРЦЭЦЭГ: НАЙРУУЛАГЧИД НАМАЙГ ДӨЛГӨӨН, НАМУУХАН ДҮРЭЭР ХАРДАГ Ч БИ ДАЙЧИН ЭМЭГТЭЙН ДҮРД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 08:18:27
    зочин: Нүдэнд дулаахан маш хөөрхөн бүсгүй. Прокурорын дүр нь их гоё шүү, амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-11 21:40:20
    Зол: Авьяаслаг хөөрхөн бүсгүй байнаа амжилтын дээдийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-11 16:03:37
    зочин: Хөөрхөн авьяаслаг охин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-11 10:53:52
    Жаргал: Гайхалтай сайхан жүжигчин шүү. Дайчин, дөлгөөхөн дүр төрхийг харуулж чаддаг. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-05 10:13:48
    б: нэг иймэрхүү ярилцлага хэдэн төгрөг байдаг юм бол. Одоо жүжигчин, дуучин, од нтр гэсэн юмнуудаас залхаж байна шдээ. Эгэл завгүй өдөр шөнөгүй ажиллаж байгаа эхнэрээ ингэж ярилцганд оруулмаар санагдлаа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188