• Өнөөдөр 2024-04-28

П.ИДЭРЖАВХЛАН: “ИЖИЙН ЭНТЭЙ ЭГЧ” ДУУ НАМАЙГ АРД ТҮМЭНД ТАНИУЛЖ ӨГСӨН

2024-03-03,   455

       СТА, дуучин П.Идэржавхлан, Н.Ундрал, "Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав нар хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулж “Бүсгүй” хэмээх vip тоглолтоо хийх гэж байна. Бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа СТА, дуучин П.Идэржавхланг урьж,  ярилцлаа.

        Тэрбээр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж, арван жилийн сургуулиа төгссөн. П.Идэржавхлан хүүхэд байхын аймаг, сумандаа зохион байгуулагдсан урлагийн наадамд оролцсон л бол зоолттой нэг шагнал авдаг чамгүй авьяаслаг байжээ. Түүнийг арван жилээ төгсөх жил ээж нь өөр мэргэжил сонгох талаар зөвлөхөд тэр “Ээж ээ, хүү нь од болно оо” гээд дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ. Үүний дараа СУИС-д элсэж, нэгэн тоглолтын үеэр МУУГЗ Ш.Гүрбазартай танилцаж байжээ. Ш.Гүрбазар түүний дуулахыг сонсоод “Хөөрхөн дуулдаг хүү байна, ахаасаа ирж нэг шүлэг аваарай” гэснээр “Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар" зэрэг дуунууд “төрж” байсан түүхтэй гэнэ. Эдгээр дуунууд түүнийг ард түмэнд таниулж өгсөн гэхэд хилсдэхгүй ээ.

-“ИЖИЙН ЭНТЭЙ ЭГЧ” ДУУ НАМАЙГ АРД ТҮМЭНД ТАНИУЛЖ ӨГСӨН-

-Сайн байна уу, та. Тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй хэр нь сайхан өдрүүд өнгөрч байгаа байх. Манай уншигчдад тоглолтынхоо талаарх товч мэдээлэл өгөөд, ярилцлагаа эхлэх үү?

                -Эргэлт.мн сайтыг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Мартын 8-ны өдөр хоёр найзтайгаа хамтран “Бүсгүй” хэмээх тоглолтоо хийхээр зэхэж байна даа. Тоглолтын бэлтгэл ажил эд дундаа ороод, бид гурав тал талдаа завгүй гүйж, оройдоо бэлтгэлээ хийж байгаа.  Тоглолтод “Увертюра” хамтлаг, гитарчин Э.Эрболд зэрэг уран бүтээлч оролцоно. Мөн хөтлөгчөөр “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай найз минь ажиллаж байгаа. Бусад зүйлийг тоглолтын үеэр мэдэх биз ээ.

-Таны багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан гэж сонссон. Гэр бүлд нь мэргэжлийн дуучин байв уу?

          -Хүүхэд байхдаа төмөр пүршин орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлж, дуулдаг байлаа.  Ер нь би дуучнаас өөр мэргэжилтэй болох талаар бодож ч байгаагүй дээ. Би чинь Өвөрхангай аймгийн хүүхэд шүү дээ. Манай сургуульд хоёр Мөнхөө гэж дуу хөгжмийн багш нар байдаг байлаа. Багш нар маань намайг аймаг, суманд болж байгаа бүхий л тэмцээнд бэлддэг. Би ч урмыг нь хугалдаггүй байсан. Тэгээд арван жилээ төгсөх жилээ манай аймагт СУИС-ийн багш нар ирж шалгалт авч, тэнцсэн дээ.

-Анхны уран бүтээлээ цацахад мөрөөдөл биелсэн мэт санагдаж байсан байх даа?

     -Хоёрдугаар курстээ буюу 2005 онд МУСГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим, Н.Пүрэвийн шүлэг “Ижий шүтээн” гээд дууг ээждээ зориулж дуулж байлаа. Дараа нь МУСГЗ Б.Бямбабаяр зохиосон “Ижийдээ яарсан сэтгэл” дууг бичүүлсэн. Энэ хоёр дуу маань клип нь хийгдэж, төдийлөн олонд хүрээгүй байсан. Үүний дараа нэгэн тоглолтын үеэр МУУГЗ Ш.Гүрбазартай танилцсан юм.Тэгээд Гүрээ ах “Хөөрхөн дуулдаг хүү байна, ахаасаа ирж нэг шүлэг аваарай” гэснээр “Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар" зэрэг дуунууд “төрж” байсан түүхтэй. Энэ хоёр дуу минь хит болж, миний урлагийн зам их сайхан эхэлж байсан даа. Би ер нь өөрийгөө их азтай уран бүтээлч гэж боддог.

Хүүхэд байхдаа төмөр пүршин орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлж, дуулдаг байлаа

-“Ижий энтэй эгч” тоглолтоо хийгээд нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. Дараагийн бие даасан тоглолт, цомгийн тов гарсан уу?

                -Ирэх намартаа багтаад ханьтайгаа хамт тоглолтоо хийх бодолтой байгаа. Бид хоёрын хамтарсан “Чи бидэн хоёр”, “Нандин эрдэнэ”, “Хайр байдаг” зэрэг дуунуудыг дуулсан. Удахгүй шинэ дуу гаргах төлөвлөгөөтэй байна даа.

-Эхнэртэйгээ хэзээнээс хамтарч дуулах болов, тухайн үеийн эргээд дурсвал?

                - 2018 онд  тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавихын тулд анхны хамтарсан дуу болох “Чи бидэн хоёр” дуугаа гаргаж байсан. Тайзан дээр хамт дуулж байгаад, эргэж харахад нь бөгжөө өгч байсан юм. Эмэгтэй хүн бүр цагаан даашинз өмсөөд, хуримын ордны шатаар алхахыг мөрөөддөг шүү дээ. Эхнэртээ гэнэтийн бэлэг барих гэж гаргасан уран бүтээл минь ард түмэнд тэгж хүрнэ гэж бодоогүй.              

  Тэрнээс хойш хүмүүс хуримдаа урьж, “Чи бидэн хоёр” дууг их дуулуулдаг болсон доо. Тэгээд л ар араас нь дуу гаргаж эхэлсэн дээ.

-Танай гэр бүл хөгжилтэй бичлэгүүдээ цахим хуудастаа байршуулдаг шүү дээ. Энэ талаар ярих уу?

-Сүүлд Ооноо бэртээд, ганцаараа алхаж чадахгүй гэртээ байсан юм. Би гадуур гарахдаа “Намайг иртэл босохгүй байж байгаарай” гээд гарлаа. Тэгсэн намайг байхгүй хойгуур нүүр буддаг найзыгаа дуудаад “цус алдсан” юм шиг будалт хийлгээд, шалан дээр ухаангүй юм шиг хэвтэж намайг пранкдсан даа. Үнэхээр л “цус” шиг харагдаад, ямар их айсан гэж санана. Манай хүн ер нь их сахилгагүй. Бид хоёр амьдралынхаа хөгжилтэй, жаргалтай мөчүүдээ цахим хуудастаа хадгалах дуртай. Хөгшин болсон хойноо хараад, инээгээд сууж байвал сайхан шүү дээ. Бид хоёр амьдралаа холбоод, 18 жил болсон байна. Хүний насаар бол насанд хүрсэн гэсэн үг.  2006 онд “жаахан” хоёр хүүхэд бараг л хасахаас “Хамтдаа бүтээнэ, болгоно” гээд амьдралаа эхлүүлж байлаа.  Намайг шантрах гуниглах үед үргэлж түшиж, “Юундаа урвайдаг юм, миний хань чадна аа” гээд сэтгэлээр өргөөд ирдэг. Охидоо харах бүртээ “Ямар мундаг юм бэ, эмэгтэй хүн” гэж боддог. Ер нь ханьдаа баярлах зүйл дэндүү олон байдаг даа.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?

            -Хүний амьдралд тэр тусмаа залуу хосууд маргалдах, тэвчээр тасрах, шантрах зүйл олон гарч ирнэ. Тэр болгонд нугарахгүй л байвал элэг бүтэн сайхан амьдарна шүү дээ. Зарим залуус “Болохгүй бол салъя, больё” гэх хандлага гаргаж байгаа харагддаг. Амьдрал зохионо, үр хүүхэдтэй болно гэдэг асар том хариуцлага шүү гэдгийг дүү нартаа хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

                -Баярлалаа.


П.ИДЭРЖАВХЛАН: “ИЖИЙН ЭНТЭЙ ЭГЧ” ДУУ НАМАЙГ АРД ТҮМЭНД ТАНИУЛЖ ӨГСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188