• Өнөөдөр 2024-04-28

ЗУРАГЛААЧ Г.ГҮЕНБААТАР: "ЗУРА III" БУЮУ ЦЭВЭРЛЭГЭЭ КИНОНЫ ЗУРГИЙГ АВАХЫН ТУЛД МАШИНД МӨРГҮҮЛЭХ ШАХАЖ, ЖҮЖИГЧИД БУУДАЛЦАЖ БАЙХАД Ч БҮРЭН ПЛАНАА АВАХЫГ ЗОРЬЖ БАЙСАН

2024-03-03,   835

             “Яг, яг наадах чинь шүү ахын дүү” гэж тэр оносон болов уу гэмээр асуултад минь нүд нь гэрэлтээд л, урамтай гэгч нь хариулна. Сэтгүүлч зочноо мэдэрч, аль болох уудлан дэлгэх асуулт тавихыг эрмэлздэг шиг тэр ч мөн кино бүрийнхээ зураг авалтыг план, планаар нь төлөвлөж, аль хэсгийн зургийг хэрхэн авахаа нарийн тооцож, гарцаагүй сайхан агшин, мөч, тохиолыг буулгах гэж хичээдэг байх. Үүгээрээ бидний ажил ижил тул энэ удаагийн зочноо хийж буй ажлынх нь баяр жаргал, хүрэхээр тэмүүлж буй хүсэл мөрөөдөл, хэн үлгэрлэн дагуулж өнөөдөрт хүргэсэн, аль бүтээлийн зургаа эр зориг гарган, шатаж, шаналж авсан тухай асуухыг зорилоо. Нэрийг нь бичихээс урьтаж бүтээлийг нь дурдвал уншигч та хэн гэдгийг нь төвөггүй танина. 

         Тэр бол “Маш нууц-1”, “Байтаг богд”, “37-р Точка”, “Миний ах атаман”, "Буруу өрөг" зэрэг “ФАНТАСТИК” продакшны олон сайхан бүтээлээс гадна “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од”, “Аримун”-ны “Халуун зүрх” зэрэг бүтээлийн ерөнхий зураглаач, оператор, зургийн найруулагчаар нь ажилласан Г.Гүенбаатар. Нэг ёсондоо эдгээр уран бүтээл өнгө, дүрс, зураг авалт сайтай байгаагийн цаана тэр камераа бариад, даруухан инээмсэглээд, сайхан зураг авахын хүсэлдээ шатан зогсдог нэгэн.

               Дээрх кинонуудаас гадна түүний болон “Red Point”-ийн баг хамт олных нь бие даасан бүтээлүүд бол “Шар гэгээ”, “Бүүвэй” юм. Ингээд харахаар Action, драм гээд аль ч төрөлд тэр өөрт байгаа бүх л мэдрэмж, сэтгэлээр ажиллаж ард нь гардгийг, гарцаагүй зэвүүн зургийг үзэгчдэд үзүүлэхийг зорьдогийг  кино бүр нь бидэнд бэлхнээ харуулдаг. Түүнтэй ярилцсаныг хүргэж байна.

-“Фантастик” продакшны “Зура” төсөлд та ерөнхий зураглаач, оператор, зургийн найруулагчаар нь ажиллалаа. Гурав дахь цуврал буюу “Цэвэрлэгээ” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Мэдээж зураг авалтын хувьд өмнөх хоёр ангиасаа давж хийхийг зорьсон байх?

           -Тийм ээ. “Зура” төсөл үндсэндээ “Цэвэрлэгээ” ангиар дуусаж байна. “Фантастик” продакшн болон "Red Point" сутдийн хамт олны хувьд өмнө нь хийсэн киноны зураг авалтаас дараагийн бүтээлээ илүү давуулж, дэвшилттэйгээр хийхийг зорьдог. Мэдээж цуврал бүтээлийн нэг онцлог нь зураг авалтын өсөлт, хийцээрээ ялгарч байх ёстой. Энэ ч үүднээс “Зура II” киноны зургийг авахын тулд хоёр давхраас жүжигчнээ дагаж үсэрч байх жишээтэйгээр эрсдэл гарган авсан. Тийм ч болохоор үзэгчид киноны зураг авалтад ам сайтай байсан болов уу. Эхний хоёр бүтээлээрээ сайн үнэлгээ авсан улс чинь гурав дахиа илүү ахисан зураг авалттайгаар хийхийг хичээж, Монголд хийгдэж байгаагүй хийцлэлийг гаргахыг зорьсон. Тэр чинээгээр эрсдэл ч өндөр байв. Тухайлбал, машины хөөцөлдөөн дотор буудалцаж буй хэсгийн зургийг авахын тулд зураглаачид жүжигчдээ дагаж явах байдлаар зураг авалт үргэлжилсэн.

-Киногоо өнгө, дүрсийн хувьд сайхан бүтээхийн тулд кино зургийн багийнхан эрсдэл гаргаж байгаа ч нөгөө талаар үнэхээр эвгүйдэж, эрсэдвэл яах вэ. Магад үүнийг үл ажран зоригтойгоор зургаа авдаг нь мэргэжилдээ дуртайнх нь болов уу?

           -Кино бүр хийх арга барилаасаа шалтгаалаад өөр л дөө. Наад захын жишээ гэхэд өвлийн идэр есийн хүйтнээр 24 цаг гадаа зураг авна гэдэг чанга шүү дээ. Драм төрлийн кино бол нэг өөр. Гэтэл “Зура”-гийн хувьд Action кино учир зураглаачаас хэд дахин ур чадвар, сэтгэл, мэдрэмж шаарддаг. Зургийн үеэр бүрэн дүүрэн планаа авахын тулд гал, ус руу орох ч тохиолдол бий. Ялангуяа, “Зура  III” дээр өмнөх бүтээлүүдээс илүү эрсдэлтэй зураг авалт хийгдсэн. Машин явж байхад зураглаач өөрийгөө бэхлүүлээд зургаа авна. Дэлбэрэлт, буудалцаантай хэсэгт ч зураглаач хажууд нь байж, жүжигчдийнхээ дунд нь орж зургаа авахаас өөр аргагүй. Бид мэдээж эхлээд хаана, ямар өнцгөөс зургаа авахаа зураглан төлөвлөдөг. Гэхдээ заримдаа төлөвлөсөн газартаа очоод зураг авахад бодит ахуй нь баригдмал, давчуугаас үүдэн хүссэн зургаа авч чадахгүй тохиолдол гарна. Тухайлбал, “Зура I” кинонд жүжигчин Можух, Тамираа ах хоёр байшингийн дээвэр дээр хоорондоо уулздаг хэсэг байдаг юм. Тэр хэсгийн зургийг дээвэр дээр кран угсраад авах байсан ч орон зай нь жижиг байсны улмаас кранаа байшингаасаа илүү гаргаад зураг авах жишээтэй. Нэг ёсондоо пландаа, зураг авалтдаа шунасан хэрэг л дээ. Мэдээж энэ эрсдлийг би өөрөө л үүрнэ. Монголын нөхцөлд ийм үед амь насны даатгал гэх зүйл байхгүй. Мөн “Зура II” дээр машин онхолддог хэсгийг авч байхдаа нэг мэдэхэд л машиндаа тулаад оччихсон, харайхад нь хажууд нь байж, золтой л өртөөгүй. Энэ яг үнэндээ зүгээр солиотой амьтны л хийх үйлдэл байхгүй юу. Гэсэн ч миний хувьд энэ цаг хугацаа дахиж хэзээ ч олдохгүй учир авна гэснээ л авахыг зорьдог. 

Үсрээд л машинд мөргүүлнэ байх. Гэхдээ бүтээл сайн байх ёстой шүү дээ.

-Ажил мэргэжлийнхээ гүнд нь орж ийн хийдэг учраас кино багийнхан нь танд бат итгэлтэй байдаг болов уу. Таны хувьд ч  баг хамт олон, найруулагчийнхаа санаанд хүртэл хийхийг зорьдог байх?

            -Мэдээж тэгэлгүй яах вэ. Найруулагч Б.Тамир ах бид хоёр олон ч бүтээлд хамтарч ажиллаж байгаа. Багаасаа хамт тоглож өссөн үэл ах маань шүү дээ. Би камер бариад, Б.Тамир ах найруулагч нь болоод  дүү нараа жүжиглүүлээд тоглодог байлаа. Тэр үеэс л кино хийх бидний хүсэл мөрөөдөл байсан учир нэгнээ их сайн ойлгодог. Нэгнийхээ юу хийх гэж байгааг харцнаас нь хараад мэддэг. Миний хувьд зарим хэсгийг ингэсгээд хийе, ингээд авья гэж аргацаасан байдлаар ажилдаа ханддаггүй. Учир нь, олон хүн хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байгаа шүү дээ. Хүн бүр хариуцлагатай байж, чанартайгаар бүтээлээ хийхийг зорьдог учир бидний уран бүтээлийг үзэгчид хүлээн үздэг байх.

-Сэтгэл зүрхээ зориулж зураглаачаар нь ажилласан киноныхоо ард гарах мэдрэмж хамгийн сайхан болов уу?

           -Кино театрт үзэж байгаа хүмүүс Гүенбаатарын харсан өнцөг, мэдрэмжээр үзэж, уйлж, шагшин магтаж байна гээд бод доо. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж. Бүтээл бүрээ тархи, зүрхээ уудлан хийдэг. Киноны зургийг зүгээр нэг улаан кноп дараад авчихдаггүй. Бодно, төлөвлөнө. Харин бодож санаснаараа бүх зүйлээ хийчихээд үзэгчдийн хүртээл болгох тэр мөчийг юутай ч зүйрлэмгүй.

     -Нөгөө талаар сэтгэлдээ хүртэл зургийг нь авч чадсангүй дээ гэх бүтээл ч бий болов уу? 

         -Цаг хугацаандаа баригдаад авч чадахгүй, "Ингэж авах байсан юм" гэж дотроо харамсаад үлдээж байсан зураг олон бий. Бид чинь цаг нартай уралдаж зургаа авна. "37-р Точка" кинонд залуус улаан утаа гаргадаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийг авах үед харанхуй болох гээд байдаг, тийм дүрс надад ямар ч ашиггүй, дараа нь өнгөт дүрсээ тавихаар өнгө нь зөрөх гээд болдоггүй. Гэтэл найруулагч энэ олон хүнийг цуглуулаад авахгүй бол болохгүй гээд маргаж байсан тохиолдол бий. Тэгээд аль болох зохицуулаад л авна даа. 

        -"Фантастик" продакшны бүтээлүүдийг энэ хүргээд, Red Point” студийн хамт олных нь бүтээлүүд болох "Шар гэгээ", "Бүүвэй" киног ярихгүй өнгөрч болохгүй байх. Ихэнхдээ Action киноны зураглаачаар ажиллаж байсан таны монгол ахуй соёлыг харуулсан зурагтай анхны бүтээл байв уу. Харин "Бүүвэй" киноны хувьд олон объект солихгүйгээр нэг обьектод нэг жүжигчин ажиллах тул үзэгчдэд сонирхолтой байдлаар хүргэхийг бодсон байх?

              -Тийм ээ. Миний хувьд "Шар гэгээ" болон "Бүүвэй" кинонд ерөнхий зураглаачаас гадна продюсераар ажиллаа. Манай "Red Point” студийн хамт олны санаачилж, бие дааж хийсэн бүтээлүүд л дээ. Найруулагч Б.Тамир ах бид хоёр багаасаа О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёрыг дагаж олон сайхан хуучны кинонд туслахаар ажиллаж, ард нь юмыг нь зөөгөөд явж байлаа. Тэр үед уран бүтээлчид сайхан бүтээл олон хийж байлаа шүү дээ. Тэр дундаа "Зүрхэнд шивнэсэн үг" бол гайхалтай бүтээл. Түүн шиг л монгол ахуй соёл, хүний сэтгэлийн өнгө аясыг агуулсан бүтээл хийх мөрөөдөл битүүхэндээ тээж явсан минь "Шар гэгээ" кинонд биелэлээ олсон. Харин "Бүүвэй" киноны хувьд ёстой шинэ сорилт байлаа. Анх удаа нэг объектод үргэлжилсэн зураг авалт хийгдсэн. Ингэж хийсэн хоёр бүтээл маань үзэгчдийн хүртээл болж чадсанд баяртай байгаа. "Шар гэгээ" кино гадны кино наадмуудад оролцож, Франц Улсын “Nice International film festival”-д шалгарсан сайхан мэдээг эхнээсээ дуулгаад байна.

-Танд болон баг хамт олонд нь баяр хүргэе.

         -Баярлалаа.

        -Бид мэдээж сайхан зураг авалттай кино үзэх дуртай. Гэхдээ доторх өгүүлэмж ч юм уу нарийн зүйлийг төдийлөн анзаардаггүй санагддаг. "Шар гэгээ" болон бусад бүтээлд нь зориуд  өгүүлэмжтэйгээр авсан зураг бий юү?

      -Тийм ээ. Миний хувьд зургаараа санаагаа илэрхийлэхийг зорьдог. Тухайлбал, "Шар гэгээ" кинонд алхаж яваа уран бүтээлчдийн цаана ганц мод харуулж байх жишээтэй. Ер нь тодорхой өгүүлэмжтэй кино бий, бий. "Халуун зүрх" киноны төгсгөлд  жүжигчин Б.Тамираа ах, А.Ганчимэг хоёр суугаад, эмэгтэй нь амьсгал хурааж байхад цаана нь хүмүүс найрлаж, баярлаж байгаа хэсэг гардаг. Үүгээрээ би хүний ертөнцийн баяр, гуниг ээлжилж байдаг гэсэн санааг гаргахыг зорьсон. Энэ мэтээр бодож, тунгааж, өгүүлж зургаа авдаг.

      -Таныг анх урлагийн хүн болох, тэр дундаа зураглаачийн авьяастай гэдгийг нь хэн олж харж чиглүүлж өгсөн байдаг вэ?

           -О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёр их дэмжсэн. Анх О.Бат-Өлзий ах зураглаачийн чиглэлээр явбал зүгээр юм байна гэдгийг хэлж байсан. Би уг нь МУИС-ийн хуулийн ангид сурах гэж байсан юм. Харин миний хүндэлж явдаг уран бүтээлч СУИС-ийн Радио телевизийн сургуульд багшилдаг, "Мандухай цэцэн хатан" киноны ерөнхий зураглаачаар ажилласан Л.Шаравдорж багш маань байлаа. Тиймдээ ч явж очоод шалгалт өгсөн чинь тэнцчихдэг юм байна. Ингээд хуульч, зураглаач хоёрын нэгийг сонгох болж, өөрийн дуртай зүйлээ дагасан даа. Дараа нь Л.Шаравдорж багшдаа гарын шавь нь болохоор гурван удаа хадаг, сүү барь очсон. Эхлээд багш маань авдаггүй байлаа. Харин гурав дахид нь намайг тоон авч билээ.Тэр агуу хүний шавь гэдгээрээ их бахархдаг. Олон ч зүйл сурсан. Багшийн минь зураглаачаар ажилласан кино олон. "Анхны алхам", "Нар хиртсэн жил", "Бушхүүгийн үлгэр", "Ацаг шүдний зөрөө", "Мөнх тэнгэрийн хүчин дор" гээд цөм л багшийн минь мэдрэмжээр буусан бүтээл.

   -Одоо харин та залууст зааж зөвлөж байна уу?

            -Зураглаач болох хүсэл сонирхолтой гээд оюутан залуус, арван жилийн хүүхдүүд ч холбогддог. Ганц хоёр сургуулиас багшаар ажиллах санал ирж байсан. Миний хувьд залуу хүн учир багшлах арай болоогүй. Харин хийх уран бүтээл их байна. Илүү туршлага хуримтлуулж, олон зүйл сурч мэдээд хүүхдүүдэд багшлахгүй бол болохгүй шүү дээ. Харин киноны үеэр сурч мэдэхийг хүссэн хүүхдүүдэд нээлттэй дагуулж зааж өгдөг. Кино зураглаач болно гэдэг авьяасаас илүү сэтгэл, мэдрэмж их шаардана. 

-40 гаруй киноны зургийг авсан гэлээ. Ажиллаж үзээгүй төрөл ч байхгүй юм байна. Харин дараагийн хүсэл юу байна вэ?

   -Мэдээж дахиад олон бүтээлд оролцох байх. "Фантастик" продакшнтайгаа хамтран хүннү гүрний түүхийг харуулсан том төсөл рүү орох гэж байна. Ингээд кинондоо ажиллаад явна. Харин бодож байгаад ганц гоё баримтат кино хийх хүсэл бий. Гадны кино наадамд оролцуулахаар зорьж хийнэ гэж бодож байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


ЗУРАГЛААЧ Г.ГҮЕНБААТАР: "ЗУРА III" БУЮУ ЦЭВЭРЛЭГЭЭ КИНОНЫ ЗУРГИЙГ АВАХЫН ТУЛД МАШИНД МӨРГҮҮЛЭХ ШАХАЖ, ЖҮЖИГЧИД БУУДАЛЦАЖ БАЙХАД Ч БҮРЭН ПЛАНАА АВАХЫГ ЗОРЬЖ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188