• Өнөөдөр 2024-04-28

Ч.БАДАМХАНД: ФРАНЦЫН ХААНЫ ОРДНЫ ТАЙЗАН ДЭЭР “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” ДУУГ ДУУЛАХ МӨЧ ХАМГИЙН БАХАРХАЛТАЙ БАЙСАН

2024-03-02,   1143

        Монголын үндэсний урлагийн их театрын уртын дуучин, "Capital band" хамтлагийн гишүүн Ч.Бадамхантай ярилцлаа. Тэрбээр "Биелээрэй" болон "Номер 1" киноны "Төсөөлөмгүй" дууг дуулж, сонсогчдодоо хүргэсэн билээ. Ч.Бадамханд өнгөрсөн жил Бүгд Найрамдах Франц Улсад болсон "Монголын сайхан орон" тоглолтод оролцож, тус улсын хааны ордонд "Уяхан замбуу тивийн наран" дууг дуулсан уран бүтээлч юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дуучин болно гэж багаасаа боддог байв уу. Уртын дуучин болохоор шийдсэн үе нь хэзээ вэ? 

          -Багаасаа л дуулдаг хүүхэд байлаа. Хөдөө мал аж ахуйтай ойрхон өссөн болохоор ардын дуу дуулах дуртай. Өвөө, эмээгийндээ очиж, мал маллаж байхдаа дуучин болчихсон ярилцлага өгч байна гээд өөртэйгөө яриад явдаг хүүхэд байсан. Тухайн үеийн “Дуулахуй”, “Яргуй” зэрэг урлагийн тэмцээн эстрад дуу дуулж, оролцоно. СУИС-д шалгалт өгөх үед аавынхаа зөвлөсний дагуу уртын дуу сурч, шалгалт өгч, тэнцсэн. Сонсголоороо морин хуурын нэг ая тоглож сураад, шалгалт өгөхдөө тоглож байлаа. Бүүр жаахан байхад минь сумын дэлгүүрийн эгч нар дуудаж дуулуулаад, чихэр өгөөд гаргадаг байсан гэж аав, ээж минь их ярьдаг юм. Тэгэхээр багаасаа л дуучин болох нь тодорхой байж.

-“Эзэгтэйн туслах” нэвтрүүлгийн дуу “Биелээрэй” уран бүтээл нь сонсогчдын дуртай дуу болсон байна. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу? 

           -“Биелээрэй” дуу бэлэн болчихсон дүрс бичлэгийн ажил дутуу байсан юм. Дууг маань жүжигчин Г.Ундармаа эгч сонсоод нэвтрүүлгийнхээ дуу болгохыг хүссэн. Уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан санал шүү дээ. “Эзэгтэйн туслах” нэвтрүүлэг хандалт өндөртэй, хүмүүс үзэх ддуртай учраас дууг минь сайнаар хүлээн авч байна гэж бодож байгаа. 

-Ингэж хүмүүст хүрч, хит болно гэж бодсон уу? 

          -Электро хөгжим болон ардын дууны шуранхай оруулаагүй бол ингэж хүмүүст сайн хүрэхгүй ч байсан байж мэднэ. Өөрийн гэсэн онцлогийг оруулж дуулсан нь илүү хүмүүст хүрэх шалтгаан болсонд баяртай байгаа. Эмэгтэйчүүддээ зориулсан дуу хийх юм сан гэсэн зорилгыг минь биелүүлсэн уран бүтээл байлаа.

-“The voice of Mongolia” шоунд оролцож байсан талаараа яривал? 

             -2019 оны “The voice of Mongolia” шоунд оролцсон. Бодож явсан зорилгодоо хүрсэн үйл явдал байсан. Ямар ч дуучин хүн хөрвөх чадвартай байх ёстой. Тус шоу бол дэлхийн хэмжээний тайз, тус тайзан дээр уртын дуугаараа дуулсандаа баяртай байгаа. Ардын дууг ч өөрөөр дуулж болдог гэдгийг харуулахыг зорьсон.Бүх шүүгчид эргэж харсан, тун амжилттай эхний шатаа давсан ч Франц явах ёстой болсон учраас шоугаа орхисон. Олон улсын шилдэг циркчидийн хамтран үзүүлбэр үзүүлэх шоуны нэг хэсэг болсон. Гурван сар орчим хугацаанд циркийн тоглолтыг үндэснийхээ уртын дуугаар нээсэн дээ.

-Франц Улсад зохиогдсон "Монголын сайхан орон" тоглолтод оролцсон шүү дээ. Хааны ордны тайзан дээр эх орноо төлөөлөн ардынхаа дууг дуулах ямар санагдсан бэ?

          -Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Версалийн ордны Хааны дуурийн театрт "Монголын сайхан орон" тоглолт хийсэн. Тус тоглолтод Морин хуурын чуулгантай "Уяхан замбуу тивийн наран" дууг дуулж, хүргэсэн. Монголын уран бүтээлчид анх удаа тоглолт хийж байгаа тэр түүхэн мөчид хамт байж, өөрийн дуу хоолойг өргөсөндөө баяртай байгаа. Хамгийн бахархалтай мөч минь. Олон жилийн түүхтэй ордны тайзан дээр ардынхаа дууг дуулах үнэхээр нэр төрийн хэрэг байсан. 

-"Capital band" хамтлагийн дуучин шүү дээ. Хамтлагтаа анх хэрхэн нэгдсэн бэ?

            -2021 оноос хойш ах нартайгаа нэг хамтлаг болж, уран бүтээл хийгээд явж байна. Хүмүүс манай хамтлагийг "Шаргын говийн ялаа" дуугаар нь илүү мэддэг. Хамтлагт маань сонирхол, хоббигоороо нэгдсэн ах нар маань байдаг. Хэдий бүгд өөр салбарт ажилладаг ч тэднийг дуу хөгжим нэгтгэгдсэн. Их ажлынхаа хажуугаар үргэлж шинэ уран бүтээл хийхийг зорьдог хүмүүс. Түүнээс нь дундаршгүй их эрч хүч авдаг даа, хамтлагийнхаа гишүүдээс олон зүйл сурч байгаа. Дөрөвдүгээр сард сонсогчдодоо зориулж, жижиг тоглолт хийх талаар ярилцаж байгаа. Хараахан батлагдаагүй л байна. 

-"New nomad records"-той хамтран ганцаарчилсан уран бүтээлүүдээ хийж байгаа юу. Продакшныхаа талаар ярихгүй юу?

           -"New nomad records"-ын уран бүтээлчээр ажиллаж байгаа. Дуучин О.Энх-Эрдэнэ болон The Baatar маань мөн харьяалагдан уран бүтээлээ хийдэг. Продюсероор нь Quiza буюу Б.Батцэнгэл ах маань ажиллаж, дуучдынхаа дууны үгийг өөрөө бичдэг. Харин хөгжмийн продюсероор нь A-Sound хамтлагийн басс Д.Мөнхболд ах ажилладаг. Олон хит дууг зохиосон хүн бий. Уран бүтээлчдийн ард тус уран бүтээлийг төгс болгож хүмүүст хүргэх нэг том баг хамт олон ажиллаж байдаг. 

-Хамтлаг, театрын ажлын хажуугаар өөрийнхөө хувийн уран бүтээлийг гаргаж байна гэхээр тун завгүй ажилдаг байхдаа. Ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

              -Арванхоёрдугаар сараас хойш тун завгүй ажиллаа. Хоёр ганцаарчилсан уран бүтээлээ гаргахын дашрамд "Наран тогоруу" шууд тоглолтоо NTV телевизтэй хамтран хийсэн. Анх ажлынхаа төлөвлөгөөг харахаар "Яах энэ бүхний ард гарах вэ" гэж бодогддог. Гэхдээ нэг мэдэхэд л ард нь гарчихсан, одоо юу хийх үү гээд сууж байдаг. Залуу, чадаж байгаа энэ үе дээр хийж байгаа энэ олон ажлын минь ард надад итгэдэг, намайг дэмждэг баг, хамт олон байдаг. "Номер 1" киноны "Төсөөлөмгүй" гэх дуу маань намайг арай өөрөөр харуулсан уран бүтээл юм шиг санагдаж байгаа.

-Анхны уран бүтээлээ сонсогчдодоо хүргэж байсан үеийнхээ мэдрэмжийг дурсвал?

         - Миний хамгийн анх цахим сүлжээнд тавьж, сонсогчдод хүргэсэн дуу "Шаргын говийн ялаа" байсан. Хүмүүс сонсох дуртай ч намайг дуулсан гэж төдийлөн мэддэггүй. Би ч хүмүүст миний дуу гэж хэлж чаддаггүй, ичээд байдаг юм. Анхны уран бүтээлээ гаргах мэдрэмж сайхан байсан. Гэхдээ уран бүтээл гаргана гэдэг амжилтын төлөө хийдэг зүйл биш шүү дээ. Тууштай, уран бүтээлээ хийж байгаа цагт үр шим нь хэзээ нэгэн өдөр ирнэ гэж боддог. Ардын урлагаа орчин цагийн хөгжмийн чиг хандлагатай хослуулсан уран бүтээл хийхийг хүсдэг дээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

        -"New nomad records" продакшны хийсэн том төсөл нь монгол кантри байсан. Дуулалт, хувцаслалт, хөгжим гээд бүх зүйл нь шинэлэг сайхан зүйл байсан. Продакшнтайгаа хамтарч шинэ урсгалыг гаргаж ирсэн эмэгтэй уран бүтээлч болохыг хүсэж байгаа.

Г.МАРАЛ


Ч.БАДАМХАНД: ФРАНЦЫН ХААНЫ ОРДНЫ ТАЙЗАН ДЭЭР “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” ДУУГ ДУУЛАХ МӨЧ ХАМГИЙН БАХАРХАЛТАЙ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-02 20:53:04
    Зочин: Дууг нь хайж олоод сонслоо, үнэхээр бахдам сайхан дуулжээ, уяхан замбуутивийн наран, уяхан хонгор салхи, за тэгээд ардын богинын дуунуудыг үнэхээр сайхан дуулсан байна. Норовбанзад гуайд дөхүүлсэн байна лээ шүү, амжилт хүсэе, нас ахих тусам улам хүчирхэг дуулах болно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-01 16:38:29
    Zochin: Chuka ah mini tenderness harj baigaa. Amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-28 21:23:59
    Zochin: Yasan mundag yum bee, oor olon goe duug ni sonsohson
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-28 14:29:59
    Зочин: Тэгш сайхан авьяастай төгөлдөр гоо дүү минь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188