• Өнөөдөр 2024-04-28

ЖҮЖИГЧИН Б.БАЯНМӨНХ: СОНГОДОГ ЖҮЖГИЙН ДҮР БҮТЭЭНЭ ГЭДЭГ ХАРИУЦЛАГАТАЙ МӨРТЛӨӨ САЙХАН МЭДРЭМЖ ГЭДГИЙГ "КЛЕОПАТРА" МЭДРҮҮЛЖ ЧАДАЖ БАЙГАА

2024-02-26,   578

              Түүнийг бид “Жангар”, “Мардай”, “Хэлгүй жим”, “Хүний цаана”,” Сөрж болдоггүй тавилан” зэрэг олон сайхан бүтээлийн дүрээр нь мэдэх билээ. Тэр дундаа “Чонын алтан шагай” киноны цагдаагийн ахмад Түмэннасангийн дүрээр андахгүй. Цөөн боловч бүтээсэн дүр бүхэн нь хүний сэтгэлд хоногшин үлдээж чаддаг тэрбээр энэ удаад түүхэн сонгодог жүжгийн гол дүрээр бидэнтэй уулзах нь. Дэлгэцийн бүтээлээс үргэлж хардаг түүнийг “Клеопатра” жүжгийн Ромын жанжин Цезарын бичиг хэргийн даамал Британы дүрд тоглох болсныг мэдээд уран бүтээлчийнх нь хувьд ч том хувиралт, өсөлт болж байгаа болов уу гээд ийн яриа өрнүүллээ. Жүжигчин хүнд өөрт оногдсон дүр бүхэн нь том сорилт, шинийг сурах үүд хаалга байдаг байх. Тэр ч мөн яг тийм нэг баяр, жаргалтайгаар бэлтгэлээ хийж байна лээ.          

-Таныг бид киноны олон сайхан дүрээр нь мэднэ. Харин энэ удаад Монголд анх удаа тоглох гэж буй “Клеопатра” жүжгийн дүрээр тайзнаас харах нь. Үзэгчдэд тун сонирхолтой, хүлээлттэй дүрийн сонголт яах аргагүй та байлаа. Энэ дүрд ажиллах санал хэзээ ирсэн бэ?

            -“Клеопатра” дэлхийн сонгодог бүтээл Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байгаад, миний бие уран бүтээлчдийнх нь багт ажиллаж байгаадаа тун баяртай байна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч А.Чингүн, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын найруулагч жүжигчин Э.Идэрболд бид уран бүтээлийн найзууд. Хоёр найз минь “Монгол” гэж шинэ театр байгуулаад, анхны бүтээлээ дэлхийн сонгодог жүжгээр эхэлж байгаа нь зоригтой, бахархалтай сайхан юм. Тэгээд энэ сайхан бүтээлдээ намайг урьж, оролцуулж байгаад итгэл хүлээлгэж байгаад баярлахын сацуу их том хариуцлага болж байна.

“Клеопатра” жүжиг маань Бернард Шоу “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шекспир  “Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолыг нэгтгэн хийж байгаагаараа онцлог.

-Ромын жанжин Цезарын бичиг хэргийн даамал Британы дүрд тоглож байгаа юм байна. Дүрийн хувьд ажиллахад ямар санагдаж байна вэ?

  -Британ бол бичиг хэргийн хүн. Анх арлын хүн байж байгаад Цезарын ивээлд багтаж, гарынх нь бичээч, туслах хийж яваа хүний дүр. Бичээч гэхээс илүү Ромын жанжин Цезарын баруун гар, туслах нь болоод явж буй хүн. Энэ дүр маань хоёр бүлэгт дамнаж орж байгаагаараа онцлог. Тэгээд дүрийн дэлгэрэнгүйг үзэгчид ирж үзэж, сонирхох байх. Б.Баянмөнх гэж жүжигчнийг хүмүүс киноны дүрээр нь мэдэх бол жүжигт хэрхэн тоглохыг үзэх байх. Уран бүтээлчийн хувьд үзэгчиддээ өгч буй нэг бас нэгэн шалгалт гэж хэлж болох юм.

-Тайзнаа бүтээж буй анхны томоохон дүр нь байх. Кино бол угаас бужигнаж, том баг бүрэлдэхүүнтэйгээр бүтдэг зүйл шүү дээ. Сонгодог жүжиг түүнээс ч дутахааргүй, бүр их ч бэлтгэл сургуулилт, олон хүний хүч хөдөлмөр орж байгаа болов уу?

     -Сургуулиа төгссөнөөс хойш кинонд гол болон туслах дүрд ажиллаж байгаад арав гаруй жилийн дараа анх удаа томоохон тайзны бүтээлд тоглож байна. Өмнө нь хүүхдийн жүжигт болж тоглож байсан. Дэлхийн сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэхээр бэлдэж буй учир хувцас хэрэглэлээс эхлээд олон хүний хөдөлмөр орсон нүсэр ажил болж байна. Мөн орчин үеийн технологийг ашиглаж байгаагаараа их өөр, шинэлэг болох нь. Хамгийн гол нь тухайн үеийн түүхэн цаг хугацааг үзэгчдэд мэдрүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байна.

-Жүжгийн сонголтын тухайд, яагаад энэ цаг үед тавьж байгаа талаар найруулагч нь та бүхэнд жүжгээ тавьж, дүрээ хувиарлахдаа ярьсан болов уу. Ямар учраас “Клеопатра” –г тайзнаа тавих болсон бол?

   -Энэ талаар найруулагч илүү хариулах байх. Гэхдээ Египетийн хатан хаан  “Клеопатра” хатныг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Энэ ч үүднээс  тэр гайхалтай эмэгтэйн түүхэн замнал, туулсан бүхнийг харуулахыг зорьж байгаа. Нэг талаараа эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийн тухай хөндөн харуулж, төлөөлүүлэн тольдож байгаагаараа онцлог учир энэ нийгэмд тодорхой мессежийг өгөх байх.

-Жүжгийн талаарх мэдээллийг энэ хүргээд, цааш дэлгэцийн уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүлье. Дэлхийн сонгодог жүжиг Монголд тавигдаж байгаа энэ том боломжийг хүмүүс алдахгүй очиж үзэх байх. Та сүүлийн үед ямар кино уран бүтээлд ажиллаж байна вэ?

   -Одоогоор продакшныхаа ажлыг хойш нь тавиад, жүжигтээ анхаарал хандуулан ажиллаж байна. Жүжиг нээлтээ хийгээд эхлэхээр дэлгэцийн бүтээлээ хийхээр төлөвлөсөн байна. Миний хувьд дүүтэйгээ хамтран өөрийн кино продакшнаа байгуулан, эхний бүтээлээ хүргэсэн. Кино сангуудаар гарч буй. Харин одоо жүжгийнхээ бэлтгэл сургуулилтын цаг заваар дараагийн бүтээлийнхээ судалгааны ажлаа хийгээд явж байна.

-Сургуулиа төгссөнөөс хойш кинонд төвлөрч, тууштай ажилласан нь танд туршлага болж, нөгөө талаар олон сайхан дүрд өөрийгөө сорих боломж олгосон болов уу. Үзэгчид ч таны дүрүүдэд их хайртай байдаг?

   -Тийм ээ. Баярлалаа. Энэ мэргэжлийг нэгэнтээ эзэмшиж яваагийнх нь үзэгч түмэндээ хайрлагдах хамгийн сайхан. Миний хувьд  Кино урлагийн дээд сургуулийг 2009 онд Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлагад төгссөн. Оюутан байх хугацаандаа багш маань театрын хүн учир драмын театрт ихэнх цаг хугацаагаа өнгөрүүлсэн. Театрын уран бүтээлч ах, эгч нарынхаа ард нь хувцас хэрэгсэлд туслаж, театрт тавигдаж байсан олон гайхалтай жүжгийн олны хэсэгт орж явсан минь энэ мэргэжлээр суралцан, уран бүтээлч болохоор зорьж яваа оюутны хувьд том хичээл, олон зүйл сурах боломж байлаа. Сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээлээ хийгээд арав гаруй жил болсон байна.

 

- “Чонын алтан шагай” киноны цагдаагийн ахмад Түмэннасангийн дүрийг онцолж асуумаар байна. Таныг тодотгодог сайхан дүрийнх нь нэг шүү дээ?

         -Түмэннасангийн дүр бол надад оюун болон ур чадвар, туршлагын хөрөнгө оруулалт хийсэн дүр. Дээрээс нь найруулагчийн багт нь ажилласан болохоор их зүйл сурсан. Ерөнхий найруулагч давхар ажилтай болоход би кино группээ авч байсан нь ч бий. Одоогоор дөрвөн ч цагдаагийн дүр бүтээсэн байна. Тэр дундаа Түмэннасан ахмадын дүрдээ их хайртай.

Жүжигчин бол хүн судлал гэж багш минь хэлдэг. Цаг ямагт л суралцаж явдаг. Одоо ч мөн сонгодог жүжгийн дүрд ажиллаад, суралцаад явж байна. Цагдаа, эмч гэдэг ч юм уу ямар нэгэн дүрд тоглоход тухайн хүнээ судлах хэрэг гарна. Тэгэхээр яах аргагүй хүн судлалын мэргэжил. Энэ ч үүднээс Түмэннасангийн дүрд нэлээд судалж ажилласан. 

-Цагдаа гэхээр ихэнх хүн буруу муугаар ойлгох гээд байдаг тал бий. Харин таны дүр хүн чанартай, шударга, эхлүүлсэн хэрэг сэжүүрийнхээ араас тууштай явдаг ахмад байсан. Үүгээрээ үзэгчдийн сэтгэлд ойр буусан байх?

  Тийм шүү. "Чонын алтан шагай" киног гарах үед олон ангит монгол кино төдийлөн ховор байсан байх. Тэр ч утгаар сонирхолтой, дүрүүд нь ч үзэгчдэд их хүрсэн бүтээл болсон. До.Цэнджав гуайн зохиолоор бүтсэн кино шүү дээ. Зохиол дээрээ л Түмэннасан ахмад тийм хүн байсан. Түүнийг л үзэгчдэд тухайн мөн чанараар нь үзэгчдэд ойртуулж тоглох нь жүжигчний гол ажил л даа. Жүжигчин гэдэг нэг талаараа киноны хэлэх гэсэн санааг дүрээрээ дамжуулан хүргэдэг гүүр гэж хэлж болох юм.

 -Яагаад урлагийн жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ. Гэр бүлд нь таниас өөр урлагт яваа хүн бий юү?

   -Би айлын бага нь. Манай гэр бүлд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй л дээ. Тэгээд л багаасаа урлагийн хүн болохыг зорьж байсан. Нэг ёсондоо удамдаа урлагийн хүн гэх мөрийг үлдээе, анхны шанг нь татая гэсэн хүсэл төрсөн. Түүнээс гадна жүжигчин, найруулагч талдаа багаасаа сонирхолтой байлаа. Тэгээд л алтан үеийнхнийхээ кино, жүжгийг шимтэн үздэг, түүх болон уран зохиолын ном их уншдаг хүүхэд байлаа. Тэр сонирхол минь энэ мэргэжлийг сонгоход их нөлөөлсөн байх.

  -Тэгвэл гэр бүлийнхэн нь хамгийн их бахархан үздэг байх нь ?

    -Мэдээж тэгэлгүй яах вэ. Урлагийн хүнд найдвартай ар тал, дэмжиж урам хайрладаг гэр бүл хамгийн чухал. Сонирхлоо дагаж урлагийн салбарт хөл тавьсны хэргээ гаргаж, хичээж, мэргэжилдээ эзэн болж явахыг эрхэмлэдэг. Үргэлж дэмжиж, ард минь бат байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа.

-Ангиараа, үеэрээ урлагт их амжилттай явж байгаа уран бүтээлчид бишгүй бий. Ангиас нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ямар уран бүтээлчид байна вэ?

  -Манай ангиас телевизийн найруулагч болсон хүмүүс бий. Яг жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа нь би байна. 

-Өөрийн продакшныг байгуулаад, бүтээлээ хүргээд эхэлж байгаа юм байна. Ямар онцлогтой бүтээлийг үзэгчдэд хүргэхийг зорьдог вэ?

     -Миний хувьд жүжигчнээс илүү найруулагч талдаа илүү сонирхолтой. Хойшдоо ч найруулагчаар түлхүү ажиллана гэж төлөвлөж байгаа. Уран бүтээлч хүн бол уран бүтээлээрээ дамжуулж өөрийн санаа бодлоо илэрхийлдэг. Мундаг сайхан найруулагчдын бүтээл санаа сэдвээрээ ялгарч харагддаг шүү дээ. Миний хувьд түүх талдаа их сонирхолтой. Тиймээс ч түүхэн чанартай уран бүтээлийг хийх сэн гэж мөрөөддөг. Тэгэхээр үзэгчид Б.Баянмөнхийн найруулсан түүхэн бүтээлүүдийг удахгүй үзэх байх. Хамгийн гол нь түүхэд би их сонирхолтой болохоор залуус, үзэгчдийг түүхээ судалж, мэддэг байгаасай гэж хүсдэг. Тиймээс яриад явахаас илүү уран бүтээл болгож харуулахыг хүсэж байна. Өдрөөс өдөрт хөгжиж байгаа энэ нийгэмд уран бүтээлч бид муу зүйл хийх эрх байхгүй. Тиймээс техникийн хөгжлөөс хоцрохгүйгээр сайн бүтээл хийхийг л эрмэлздэг.

-Тайзны бүтээлдээ мөн цаашид оролцоод явах уу?

     -Мэдээж тэгэлгүй яах вэ. Цаг заваа зохицуулаад ороод явна. Жүжигчин мэргэжлийг сонгосных тайз, дэлгэцийн алинд ч  өөрийгөө сорьж ажиллана. “Монгол театр”-ыг үүсгэн байгуулсан уран бүтээлч найзууд маань хойшдоо ч олон бүтээлийг төлөвлөж байгаа. Тэр бүхэнд нь сэтгэл зүрхээрээ оролцоод явна.

             Найруулагч А.Чингүн түүнийг дэлхийн сонгодог жүжгийн хамгийн чухал дүрд оноосон нь бидэнд яах аргагүй сонирхолтой, үзэхэд ч таатай сонголт гэмээр. Юутай ч түүнийг жүжигт тоглож байгаа сэтгэгдлийг, бусад уран бүтээлийн сонин сайхантай нь ийн хүргэлээ. Харин дүрээ хэрхэн гаргахыг тун удахгүй нээх “Клеопатра” жүжгээс үзэх байх. Мөн найруулагч бүр хийхийг мөрөөддөг ч тэр бүр хийнэ гэж зоригтой хэлдэггүй түүхэн кино руу орж, өөрийн гэсэн өнгө аястай бүтээл хүргэнэ гэдгээ ч дуулгалаа. Түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


ЖҮЖИГЧИН Б.БАЯНМӨНХ: СОНГОДОГ ЖҮЖГИЙН ДҮР БҮТЭЭНЭ ГЭДЭГ ХАРИУЦЛАГАТАЙ МӨРТЛӨӨ САЙХАН МЭДРЭМЖ ГЭДГИЙГ "КЛЕОПАТРА" МЭДРҮҮЛЖ ЧАДАЖ БАЙГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:18:39
    shvten bushregch: nundagdaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188